Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2017/01343

 

“Т И Т”ХХК-ний

Нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/00714 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1414 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Т И Т”ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Х Т Х”ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт болон дараа төлөхөөр авсан мөнгө нийт 180 062 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мижидсүрэн, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манай “Т И Т” ХХК нь “Ховд аймгийн Ховд хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах зөвлөх үйлчилгээ”-ний ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хамтран гүйцэтгэхээр 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 13/30 дугаартай “Түншлэлийн гэрээ”-г “Х Т Х”компанитай байгуулан, гэрээнд заасан ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн боловч манай компанид төлөх ёстой гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр, барьцаа төлбөрийг “Х Т Х”ХХК нь шилжүүлэхгүй байсан бөгөөд манай компани ч олон удаа шаардахад, тус компани нь “улсын төсвөөс авах санхүүжилтийг авч чадаагүй байна” гэсэн хариуг удаа дараа өгч, бид ч энэ байдлыг нь ойлгон хүлээж байсан.Гэтэл “Х Т Х”ХХК нь гүйцэтгэсэн ажлынхаа үлдэгдэл санхүүжилтийг улсын төсвөөс бүгдийг нь авчихсан болохыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Барилга, Хот байгуулалтын яамнаас манай компанид ирүүлсэн албан тоотоос мэдсэн болно. Гэрээний 1 дүгээр хавсралтаар нийт ажил, зардлын хэмжээг, 2 дугаар хавсралтаар талуудын хийх ажлыг хуваарилсан. Ажлыг 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд хийх байсан. Нэхэмжлэгч архитектур, орон зайн төлөвлөлтийн зургийн ажлын 50 хувь, нийгэм эдийн засгийн төлөвлөлтийн зургийн 15 хувь, автозамын сүлжээний зургийг 100 хувь, ногоон байгуулалтын төлөвлөлтийн зургийг 100 хувь хийхээр тохиролцсон, үүнд 237.187.000 төгрөг оногдох ёстой. Энэ нь нийт зургийн ажлын 37 хувь болж байгаа. Нэхэмжлэгч талын мэргэжилтнүүд 2014 оны 04 дүгээр сарын 09 гэхэд ажлаа бүрэн хийж хүлээлгэн өгсөн. Хөлснөөс 120.374.100 төгрөгийг өгсөн. 116.813.400 төгрөгийг өгөөгүй. Мөн анх ажлын гүйцэтгэлийн баталгааны төлбөр 63.250.000 төгрөгийг нэхэмжлэгчийг эхлээд төлчих, дараа нь өгнө гэсэн боловч бас өгөөгүй. Мөнгийг төлнө гэдгийг хариуцагч 2014 оны 9 дүгээр сараас 2016 он хүртэл хэлж байсан, ажил дутуу хийсэн, болоогүй гэж ер хэлж байгаагүй, гүйцэтгэлийн ажлын санхүүжилт ирээгүй л гэдэг байсан. Одоо нэхэмжлэгчийн логог ашигласан явж байгаа, ажил муу байгаад өөрсдөө хийсэн бол тэр логог ашиглахгүй байсан. Ажлыг яам хүлээн авсан. Нэхэмжлэгч Барилга хот байгуулалтын яаманд хандсан. Нийт ажлын үнэ 1.2 тэрбум төгрөгийг хариуцагчид өгсөн гэсэн бичиг ирсэн. Иймд “Түншлэлийн гэрээ”-ний дагуу манай компанийн гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр, мөн гэрээнд заасан барьцаа төлбөр зэрэг нийт 180.062.900 төгрөгийг “Х Т Х”ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуягийн засгийн газраас тусгайлан хурал зөвлөгөөн зохион байгуулж аймаг орон нутгийг хөгжүүлэхэд дэлхийн тэргүүний хөгжилтэй улс орнуудын хот төлөвлөлт, хот байгуулалтын бодлого төлөвлөлт, хэрэгжүүлэх арга замыг судлаж ерөнхий төлөвлөгөө боловсруулахаар өгсөн үүргийн дагуу бид ““Т И Т”ХХК”-тай түншлэлийн гэрээ байгуулж Ховд аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан. Ажил үйлчилгээ гүйцэтгэх үе шатны дагуу мэргэжлийн байгууллагуудад танилцуулах, батлуулах, засварлах шатандаа ажил явагдаж байна. “Т И Т” ХХК нь түншлэлийн гэрээний дагуу өөрсдийн гүйцэтгэсэн ажлын чанар стандартыг хариуцна, ажил гүйцэтгүүлэхээр захиалагчаас гаргаж өгсөн техникийн даалгаврын шаардлага хангасан ажлыг хүлээлгэж өгнө, талууд гэрээт ажлыг хуваарилалтын дагуу гүйцэтгэсэн ажлаа холбогдох байгууллагуудад хамгаална зэрэг гэрээний гол заалтуудыг зөрчсөн, гэрээт ажлыг гүйцэтгэх явцад цаг хугацааны алдагдалд орон нэмэлт зардал санхүүжилт гарсан болно. Мөн хамтран ажил үйлчилгээ гүйцэтгэх түншлэлийн гэрээг нэгтгэж дүгнээгүй, 2 мэргэжилтэн нь хийсэн ажлаа хүлээлгэн өгсөн юм. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх чадваргүй хүмүүс байсан. Зураг нь монголын стандарт норм дүрмийн шаардлагыг хангаагүй, экспертизээр баталгаажаагүй. Ажлыг засан сайжруулж хийсэн. Ажлаа хянаж хамгаалах, орон нутагт хүлээлгэж өгөх, сургалт зохион байгуулах зэрэг ажил хийгдээгүй. Иймд бид өөрийн баг хамт олноор ажлыг шинэчлэн хийж мэргэжлийн байгууллагуудаар хянуулсан бөгөөд ажил үйлчилгээ өнөөдөр эцсийн төвшиндөө дуусаагүй байна. Хэрэв энэ асуудлыг ингэж шийдвэрлээгүй бол өнөөдөр төр засгийн өмнө хоёр тал хариуцлага хүлээх байсан. Гэрээгээр санхүүжилтийг захирал Робертод нь өгөх ёстой, тэр нь ажлаасаа гарсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь үндэслэлгүй гэжээ.

Гэрч Ч.Лхагвадоржоос шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Т И Т” ХХК Италийн хөрөнгө оруулалттай. Би орчуулгыг хариуцдаг. Алдартай Барреки лабари студийн зөвлөх Бельги улсын иргэн ирж уулзаж байсан. Тэндээс 2 архитектор, монгол архитектор Батмөрөн нар ажиллаж, ажлаа дуусган хүлээлгэн өгсөн. Логогоо тавьж өгч байсан. Ажилд монгол компани, гадаад компани оролцох ёстой байсан гэв.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/00714 дугаар шийдвэрээр Монгол улсын Иргэний хуулийн 186 дугаар 186.1-ийг баримтлан “Х Т Х”ХХК-иас 180.062.900 төгрөгийг гаргуулж “Т И Т” ХХК-д олгож, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.058.264 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 1.058.264 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1414 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/00714 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан ...” гэснийг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хуулийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1 058 270 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Бат-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Манай компаний “Ховд аймгийн төв Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах зөвлөх үйлчилгээ”-ний ажлыг хамтран гүйцэтгэхээр “Т И Т” ХХК-тай 2013.12.07-ны өдрийн 13/30 дугаартай түншлэлийн гэрээ байгуулсан юм. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.06.19-ны 1414 тоот шийдвэрийг тодорхой асуудалд бодит дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэгч талын эрх ашгийг хэт барьсан шийдвэр гаргасан тул гомдол гаргаж байна. Үүнд:

1. Захирлуудын байгуулсан үндсэн гэрээ дүгнэгдээгүй болон гэрээний 1.2, 1.4. 6.1, 6.5 дэх гол заалтуудыг биелүүлээгүйг аль ч шатны шүүх авч хэлэлцсэнгүй.

2. Ажил хүлээлгэж өгсөн гэх материал нь гэрээгээр хүлээсэн ажлын 37%-ийн 14% байгаа буюу үлдэгдэл ажлыг манай компани бусдаар гүйцэтгүүлж ажлын санхүүжилт авсныг манай байгууллагын нарийн бичгийн даргад гүйцэтгэгч мэргэжилтний хагас дутуу хийсэн ажлыг хүлээлгэн өгснийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн мэтээр санхүүжилт нэхэмжилснийг

3. Манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлж дүгнэсэн тохиодолд гүйцэтгэсэн ажлын санхүүжилтыг олгоно гэсэн ерөнхий ойлголтыг мушгин гуйвуулж гүйцэтгээгүй ажлын санхүүжилтыг нэхэмжилснийг

Иймд: 1. Дэндүү тодорхой байгууллагын удирдлагууд түншлэлийн гэрээгээ дүгнэх асуудлыг шийдэх

2. Гэрээний дагуу ноогдох 37 %-ийн хийгдсэн хагас дутуу ажлын 14%-ийн санхүүжилтыг нэхэмжлэгчдэд олгох боломж байгааг тодорхойлох /гэрээний хавсралт/

3. Нэхэмжлэлийн маргаантай асуудлыг гэрээний дагуу хийсэн ажлыг дүгнэж гүйцэтгэлийг тодорхойлох мэргэжлийи байгууллагын хөндлөнгийн дүгнэлт гаргуулж шийдвэрлэдэг журам дүрмийг хуульчлан баримталж анхан шатны болон давж заалдах шатны шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан ба давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэн шийдвэрт, өөрчлөлт оруулсан нь хуулийн үндэслэлтэй болжээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчид мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн байна.

Нэхэмжлэгч “Т И Т” ХХК нь хариуцагч “Х Т Х”ХХКомпаниас ажлын хөлсний дутуу 116 813 400 төгрөг, ажлын гүйцэтгэлийн баталгаанд урьдчилан өгсөн 63 250 000 төгрөг нийт 180 062 900 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, “...ажлын үр дүнг бүрэн хүлээлгэж өгөөгүй...” гэсэн үндэслэлээр маргажээ.

Зохигчдын хооронд 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан “Түншлэлийн гэрээ”-г ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн байна.

Гэрээний дагуу зохигчид нь Ховд хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, ажлын зургийн 37 хувийг “Т И Т” ХХКомпани, үлдэх ажлыг “Х Т Х”ХХКомпани хийх, гэрээний 7 дугаар зүйлийн 2-д зааснаар хариуцагч нь захиалагчаас санхүүжилтийг авч, нэхэмжлэгчид тохирсон хөлсийг төлөх үүргийг харилцан хүлээжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнө үүрэг хүлээсэн ба өөр этгээд буюу захиалагчийн өмнө үүрэг хүлээгээгүй байна. Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1.-д зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болдог. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно. “Т И Т” ХХКомпани нь ажлын 37 хувь буюу гэрээнд заасан ажлыг 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 3 сар хүртэл хугацаанд хийж гүйцэтгэн, “Х Т Х”ХХКомпанид хүлээлгэн өгөх үүрэгтэй байна.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, үр дүнг 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн нь тогтоогдсон, ажлын хөлс шаардсан албан бичгийн хариуд хариуцагч “Х Т Х”ХХКомпани нь ажлын хөлсийг төлөх талаар болон улсаас санхүүжилтийг аваагүй байгаа учраас хөлсийг төлөөгүй агуулгатай албан бичгийг 2015 оны 03 дугаар сарын 10, 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрүүдэд нэхэмжлэгчид хүргүүлж байжээ. Мөн Ховд аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажпын гүйцэтгэгчээр хариуцагч компани ажиллаж, гэрээт ажлыг 100 хувь гүйцэтгэн хүлээлгэн өгсөн, захиалагч санхүүжилтийг бүрэн өгсөн талаар Барилга, хот байгуулалтын яамны 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 3/1712 тоот, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 03/3210 дугаар албан бичигт тус тус  тусгагдсан ба эдгээр баримтад тулгуурлан хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан зохицуулалтад нийцсэн байна.

            Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...гэрээ дүгнэгдээгүй болохыг шүүх анхаараагүй, хүлээлцсэн ажил нь гэрээний дагуу хийх ажлын 14 хувь нь байсан, нэхэмжлэгч ажлаа дутуу гүйцэтгэсэн, манай албан бичгийн агуулгыг зөв тайлбарлаагүй...” тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан боловч ажил гүйцэтгэгчийн ажлын үр дүн, чанарын талаар баримт, нотолгоо гаргаж өгөөгүй, хариуцагчийн татгалзал, гомдол үндэслэл муутай байна.

2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн актад нэхэмжлэгч болон хариуцагч талаас зохих этгээд гарын үсгээ зурж, хуулийн этгээдийн тамгаа дарсан, уг актад “ерөнхий төлөвлөгөө /АО/-4ш, зам тээврийн сүлжээ-4ш, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж-4ш, самбар-11ш, ерөнхий төлөвлөгөө боть /А3/-2ш тус тус хүлээлгэн өгсөн, эдгээр материалуудаас гадна 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “Т И Т” ХХКомпанийн хот төлөвлөлтийн туршлагын талаар компанийн болон төслийн ахлагчийн танилцуулга, ..мэргэжилтнүүдийн CV, хийсэн ажлын жагсаалт, хийсэн ажлуудын товч танилцуулга, Монгол улсын хот байгуулалтын бодлого,төлөвлөлтийн талаар сэтгэгдэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад арга зүйн зөвөлгөө, зөвлөмж харьцуулсан дүгнэлт санал, хийсэн ажлуудыг нэгтгэн ХЕТ-ийн танилцуулга бэлдэх ажлыг хүлээлгэн өгнө...” гэж тусгагдснаас үзэхэд үлдэх ажил нь гол ажил бус дагалдах шинжтэй байх ба уг ажлыг хүлээлгэн өгөхийг хариуцагчаас шаардаж байгаагүй, зөвхөн ажлын хөлс төлөх талаар хариу өгч байснаас үзэхэд нэхэмжлэгч ажлаа бүрэн гүйцэтгээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй гэж үзэв.

            Хариуцагч нь Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажил гүйцэтгэх гэрээний талаар нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээр “хэргийг түдгэлзүүлэх” тухай хүсэлтийг гаргасан байх ба хяналтын шатны шүүхэд хянагдаж буй хэргийг “түдгэлзүүлэх” эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хяналтын шатны шүүхэд олгоогүй тул хүсэлтийг шийдвэрлээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1414 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 058 264 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР                                   

ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА