Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2017/00714

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 04 өдөр

      Дугаар 182/ШШ2017/00714

       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

Нэхэмжлэгч: “ТИТ” ХХК

Хариуцагч: “ХТХ" ХХК

 

гэрээний үүрэгт болон дараа төлөхөөр авсан мөнгө нийт 180.062.900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манай “ТИТ” ХХК нь “Ховд аймгийн Ховд хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах зөвлөх үйлчилгээ”-ий ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хамтран гүйцэтгэхээр 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 13/30 дугаартай “Түншлэлийн гэрээ”-г Хот төлөвлөлтийн хүрээлэн компанитай байгуулан, гэрээнд заасан ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн боловч манай компанид төлөх ёстой гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр, барьцаа төлбөрийг “ХТХ" ХХК нь шилжүүлэхгүй байсан бөгөөд манай компани ч олон удаа шаардахад, тус компани нь “улсын төсвөөс авах санхүүжилтийг авч чадаагүй байна” гэсэн хариуг удаа дараа өгч, бид ч энэ байдлыг нь ойлгон хүлээж байсан.Гэтэл “ХТХ" ХХК нь гүйцэтгэсэн ажлынхаа үлдэгдэл санхүүжилтийг улсын төсвөөс бүгдийг нь авчихсан болохыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Барилга, Хот байгуулалтын яамнаас манай компанид ирүүлсэн албан тоотоос мэдсэн болно.

Гэрээний 1 дүгээр хавсралтаар нийт ажил, зардлын хэмжээг, 2 дугаар хавсралтаар талуудын хийх ажлыг хуваарилсан. Ажлыг 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд хийх байсан. Нэхэмжлэгч архитектур, орон зайн төлөвлөлтийн зургийн ажлын 50 хувь, нийгэм эдийн засгийн төлөвлөлтийн зургийн 15 хувь, автозамын сүлжээний зургийг 100 хувь, ногоон байгуулалтын төлөвлөлтийн зургийг 100 хувь хийхээр тохиролцсон, үүнд 237.187.000 төгрөг оногдох ёстой. Энэ нь нийт зургийн ажлын 37 хувь болж байгаа.

Нэхэмжлэгч талын мэргэжилтнүүд 2014 оны 04 дүгээр сарын 09 гэхэд ажлаа бүрэн хийж хүлээлгэн өгсөн. Хөлснөөс 120.374.100 төгрөгийг өгсөн. 116.813.400 төгрөгийг өгөөгүй.

Мөн анх ажлын гүйцэтгэлийн баталгааны төлбөр 63.250.000 төгрөгийг нэхэмжлэгчийг эхлээд төлчих, дараа нь өгнө гэсэн боловч бас өгөөгүй.

Мөнгийг төлнө гэдгийг хариуцагч 2014 оны 9 дүгээр сараас 2016 он хүртэл хэлж байсан, ажил дутуу хийсэн, болоогүй гэж ер хэлж байгаагүй, гүйцэтгэлийн ажлын санхүүжилт ирээгүй л гэдэг байсан. Одоо нэхэмжлэгчийн логог ашигласан явж байгаа, ажил муу байгаад өөрсдөө хийсэн бол тэр логог ашиглахгүй байсан. Ажлыг яам хүлээн авсан. Нэхэмжлэгч Барилга хот байгуулалтын яаманд хандсан. Нийт ажлын үнэ 1.2 тэрбум төгрөгийг хариуцагчид өгсөн гэсэн бичиг ирсэн.

Иймд “Түншлэлийн гэрээ”-ний дагуу манай компанийн гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр, мөн гэрээнд заасан барьцаа төлбөр зэрэг нийт 180.062.900 төгрөгийг “ХТХ" ХХК-аас гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Монгол улсын ерөнхий сайд Н.А-ийн засгийн газраас тусгайлан хурал зөвлөгөөн зохион байгуулж аймаг орон нутгийг хөгжүүлэхэд дэлхийн тэргүүний хөгжилтэй улс орнуудын хот төлөвлөлт, хот байгуулалтын бодлого төлөвлөлт, хэрэгжүүлэх арга замыг судлаж ерөнхий төлөвлөгөө боловсруулахаар өгсөн үүргийн дагуу бид “ТИТ” ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулж Ховд аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан. Ажил үйлчилгээ гүйцэтгэх үе шатны дагуу мэргэжлийн байгууллагуудад танилцуулах, батлуулах, засварлах шатандаа ажил явагдаж байна.

“ТИТ” ХХК нь түншлэлийн гэрээний дагуу өөрсдийн гүйцэтгэсэн ажлын чанар стандартыг хариуцна, ажил гүйцэтгүүлэхээр захиалагчаас гаргаж өгсөн техникийн даалгаврын шаардлага хангасан ажлыг хүлээлгэж өгнө, талууд гэрээт ажлыг хуваарилалтын дагуу гүйцэтгэсэн ажлаа холбогдох байгууллагуудад хамгаална зэрэг гэрээний гол заалтуудыг зөрчсөн, гэрээт ажлыг гүйцэтгэх явцад цаг хугацааны алдагдалд орон нэмэлт зардал санхүүжилт гарсан болно. Мөн хамтран ажил үйлчилгээ гүйцэтгэх түншлэлийн гэрээг нэгтгэж дүгнээгүй, 2 мэргэжилтэн нь хийсэн ажлаа хүлээлгэн өгсөн юм. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх чадваргүй хүмүүс байсан. Зураг нь монголын стандарт норм дүрмийн шаардлагыг хангаагүй, экспертизээр баталгаажаагүй. Ажлыг засан сайжруулж хийсэн. Ажлаа хянаж хамгаалах, орон нутагт хүлээлгэж өгөх, сургалт зохион байгуулах зэрэг ажил хийгдээгүй.

Иймд бид өөрийн баг хамт олноор ажлыг шинэчлэн хийж мэргэжлийн байгууллагуудаар хянуулсан бөгөөд ажил үйлчилгээ өнөөдөр эцсийн төвшиндөө дуусаагүй байна. Хэрэв энэ асуудлыг ингэж шийдвэрлээгүй бол өнөөдөр төр засгийн өмнө хоёр тал хариуцлага хүлээх байсан. Гэрээгээр санхүүжилтийг захирал Р-д нь өгөх ёстой, тэр нь ажлаасаа гарсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь үндэслэлгүй гэв.

Гэрч Ч.Л-оос шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “ТИТ” ХХК Италийн хөрөнгө оруулалттай. Би орчуулгыг хариуцдаг. Алдартай Барреки лабари студийн зөвлөх Бельги улсын иргэн ирж уулзаж байсан. Тэндээс 2 архитектор, монгол архитектор Б нар ажиллаж, ажлаа дуусган хүлээлгэн өгсөн. Логогоо тавьж өгч байсан. Ажилд монгол компани, гадаад компани оролцох ёстой байсан гэв.

Шүүх нэхэмжлэл, түншлэлийн гүйцэтгэх гэрээ, нэхэмжлэгч хариуцагч нар харилцсан албан бичиг, ажил хүлээлцсэн акт, мөнгө төлсөн баримт,  Барилга, хот байгуулалтын яамнаас “ТИТ” ХХК, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст хүргүүлсэн албан бичиг, компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч гэрээний үлдэгдэл төлбөр болон дараа төлөхөөр авсан мөнгө нийт 180.062.900 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

Хариуцагч нэхэмжлэгч гэрээний дагуу ажлаа бүрэн хийж хүлээлгэн өгөөгүй, нэмэлт зардал гарсан, ажил дуусаагүй гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.

Хариуцагч “ХТХ" ХХК, нэхэмжлэгч “ТИТ” ХХК-иуд нь “Ховд аймгийн Ховд хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах зөвлөх үйлчилгээ”-ний ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хамтран гүйцэтгэхээр 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 13/30 дугаартай “Түншлэлийн гэрээ”-г байгуулсан байна. Энэ ажлын захиалагч нь Засгийн газар, Ховд аймаг байсан бөгөөд ажлыг 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд хийхээр тогтоожээ. Ажлын нийт өртөг 1.265.000.000 төгрөг ба талууд ажлыг хуваарилан авсан нь гэрээний хавсралтанд тусгагджээ.

Ажлын зургийн төсвийн дүн 632.500.000 төгрөг ба энэ ажлаас нэхэмжлэгч архитектур, орон зайн төлөвлөлтийн зургийн ажлын 50 хувь, нийгэм эдийн засгийн төлөвлөлтийн зургийн 15 хувь, автозамын сүлжээний зургийг 100 хувь, ногоон байгуулалтын төлөвлөлтийн зургийг 100 хувь хийхээр тохиролцсон, үүнд 237.187.000 төгрөгийг авахаар тохиролцжээ. Нэхэмжлэгчийн ажил нийт зургийн ажлын 37 хувь болж байгаа.

Нэхэмжлэгч талын архитекторууд 2014 оны 04 дүгээр сарын 09 гэхэд зургийн ажлаа дуусган хүлээлгэн өгсөн нь хүлээлгэн өгсөн акт, гэрч Ч.Л-ийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Гэрээнд ерөнхий гүйцэтгэгч гэж тэмдэглэгдсэнээс үзэхэд “ХТХ" ХХК гол ажлыг гүйцэтгэх байсан ба “ТИТ” ХХК-д ажлын хөлснөөс120.374.100 төгрөгийг өгсөн тухай мөнгөний баримт, талуудын тайлбар байх бөгөөд ажлын хөлснөөс 116.813.400 төгрөг төлөгдөөгүй үлджээ.

“ХТХ" ХХК ажлыг дуусгасан тухай, санхүүжилтээ аваагүй, авахаараа  “ТИТ” ХХК-ийн мөнгийг өгөх тухай 2015 оны 03 дугаар сарын 2015/048, 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2015/160 албан бичгүүдээрээ мэдэгдэж байсан байна. Мөн дээрх ажил дууссаныг Барилга, хот байгуулалтын яамнаас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст хүргүүлсэн 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 3/1712 тоот албан бичиг нотолж байх бөгөөд  “ХТХ" ХХК  дээрх ажлын санхүүжилтийг бүрэн авсан болох нь талуудын тайлбар, Барилга, хот байгуулалтын яамнаас “ТИТ” ХХК-д ирүүлсэн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 03/3210 тоот албан бичгээс харагдаж байна.

Хариуцагч ажил дуусаагүй, гэрээг дүгнээгүй гэж буй нь дээрх байдлуудаар үгүйсгэгдэж байна. Хариуцагч нэхэмжлэгчийг ажил дутуу хийсэн гэх боловч энэ талаар нотлоогүй. Гэрээний 4-ийн 1-т гэрээтэй холбоотой бүх мэдэгдлийг албан захидал, имэйлээр үйлдэж, холбогдох хаягийн дагуу талуудад хүргэнэ гэж заасан байх бөгөөд ийм байдлаар мэдэгдэж харьцаж байсан зүйл үгүй байна.

            Гэрээний гүйцэтгэлийн баталгаанд хариуцагч нэхэмжлэгчээр 63.250.000 төгрөг төлүүлсэн байх бөгөөд түүнийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй болох нь гэрээний 7-гийн 3-т заагджээ.

            Хариуцагчийн санхүүжилтийг БР-гийн нэхэмжлэхийг үндэслэн олгох ёстой гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй, компанийн ажлын талаар хэн нэг хувь этгээдтэй биш, компанийг төлөөлөх эрх бүхий этгээдтэй харьцах нь зүйтэй юм. 

Иймд хариуцагчаас нэхэмжлэгчийн ажлын хөлсний үлдэгдэл 116.813.400 төгрөг, гүйцэтгэлийн баталгаанд төлсөн 63.250.000 төгрөг, нийт 180.062.900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч хариуцагч нарын хоорондын гэрээ удирдлагын бүтэц болон ашиг алдагдал хуваарилах журам тогтоох, талууд хураамж төлөх зэрэг хамтран ажиллах гэрээний шинжийг агуулаагүй, мөн түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч туслан гүйцэтгэгч ажиллуулсан гэрээ бас биш байна. Тэд хоёул байж хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах зөвлөх үйлчилгээ”-ний ажлын гэрээ байгуулагдах ёстойг, мөн гүйцэтгэсэн ажил дээр нэхэмжлэгч “ТИТ” ХХК-ийн лого дарагдсан зэргийг талууд тайлбарласан болно. Иймд шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 гэж тодорхойлсон болно.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Монгол улсын Иргэний хуулийн 186 дугаар 186.1-ийг баримтлан “ХТХ" ХХК-иас 180.062.900 төгрөгийг гаргуулж “ТИТ” ХХК-д олгосугай.

2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.058.264 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 1.058.264 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      С. БУД