Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 31

 

 

 

 

 

 

 

 

Б.М, Т.Т, Г.У нарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

     Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.БатЧ даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Прокурор: А.Д,

            Хохирогч: Ч.Б,

            Шүүгдэгч: Г.У, Б.М, Т.Т,

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ж.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Н.Адъяа, шүүгч Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.М, Т.Т, Г.У нарт холбогдох, эрүүгийн 201610000391 дугаартай, 2 хавтас, 296 хуудас эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч, шүүгдэгч Т.Т, Б.М, Г.У нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: М ,

 

Шүүгдэгч: Т ,

 

Шүүгдэгч: У нарт холбогдуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.  

 

Шүүгдэгч Б.М, Т.Т, Г.У нар нь шунахайн сэдэлтээр, бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Бы эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, түүний 150 юанийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.М, Т.Т, Г.У нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сар хорих, шүүгдэгч Т.Тд эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сар хорих, Г.Ут эд хөрөнгө хураахгүйгээр 3  жил 5 сар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.М, Т.Т, Г.У нарт оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

 Шүүгдэгч Б.М, Т.Т, Г.У нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Г.Уын эзэмшлийн 5000 000 төгрөгийн үнэ бүхий 99-34 ДГО улсын дугаартай хүрэн өнгийн Ниссан ноте маркийн автомашиныг хурааж улсын орлого болгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М, Т.Т, Г.У нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ... ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Ч давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх Б.М,Т.Т, Г.У нарыг шунахайн сэдэлтээр бүлэглэн, ...иргэн Ч.Бы эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж Б.М нь хохирогчийг машинаас татаж буулган, Г.У нь тэвэрч авч газар унаган дарж, Т.Т халаасыг нь ухаж түүний 150 юанийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь ....тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хэргийн жинэхэнэ байдалтай тохирсонгүй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн хувьд зүйлчлэлийг хүлээн зөвшөөрдөггүй. Мөн анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгч нарын үйлдсэн гэх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдалд тохироогүй хүндэдлээ гэж үзэж байна. Б.М, Т.Т, Г.У нар нь Ч.Бы 150 юанийг дээрэмдэх санаа зорилго анхнаасаа агуулаагүй байдаг. Б.М, Г.У нарыг болон Быг 2016.12.22-ны өдрийн 04-06 цагийн хооронд байцааж тайлбар авсан байдаг ба тэр мэдүүлэг тайлбар нь сэжигтнээр өгсөн мэдүүлэгтэй нь тохирч байдаг. Гэтэл тухайн цаг үед хохирогч болон гэрчүүд сэжигтнүүд бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэдгээ мэдүүлдэг. Эдгээр хүмүүс бүгдээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсээр байхад цагдаагийн байгууллага согтуурлыг шалгаж үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхийг тодруулаагүй байж мэдүүлэг тайлбар авсан нь байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Б.М, Г.У нарын сэжигтнээр өгсөн мэдүүлгүүд яг адилхан байдаг ба үүнийгээ цагдаагийн ажилтнууд дарамталсан болохоор бид 2 хүлээлгэнд сууж байхдаа үгээ нэгтгээд өгсөн гэж мэдүүлдэг. Дээрэмдэх гэмт хэргийн объектив талын гол шинж болох амь бие, эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсноор илэрдэг. Гэтэл ямар нэгэн хүч хэрэглэсэн довтолгоон хийгээгүй болох нь хохирогч Ч.Бы...намайг цохиж зодсон асуудал байхгүй шууд л машинаас буу гэж ширүүхэн хэлж буулгаад түлхсэн...би өөрөө ч газар унаад нүүр амаа дараад хэвтчихсэн юм...ах нь эрүүл байсан.../хх-27-28/ гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Харин хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан гэдэг нь хохирогчийн хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудсанд авагдсан мэдүүлэг, яллагдагч нарын ...хохирогч ах өвөртөө тал шил архитай явсан…гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Б.М, Г.У нар нь Ч.Бы 150 юанийг Т.Т авсныг мэдээгүй гэдгээ мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн олон шөнө нойргүй явсны улмаас машинд ороод түр зуур унтсан байдаг, тэгэхээр түрийвчтэй мөнгөө хаанаа хийсэн хэрхэн авч явснаа мэдэж байсан гэхэд эргэлзээтэй. Т.Т нь хохирогч машинд сууж явахдаа түрийвчээ бариад явж байсан би машинаас татаж буулгахад нь булааж аваад машин тойроод буухдаа түрийвчийг шидчихээд зугтаасан гэдэг. Өмгөөлөгчийн хувьд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг судлаад бусдыг дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байна, харин Т.Төртүвшин нь булаах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж үзэж байгаа. Т.Тийн хохирогчид учруулсан хохирлын хэмжээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд заасан хохирлын хэмжээнд хүрдэггүй. Мөн Г.У, М нарыг бүлэглэн үйлдсэн гэж үзэхгүй байгаа учраас эрүүгийн хариуцлагаас чөлөөлж улсын орлого болгосон Г.Уын эзэмшлийн 99-34ДГО улсын дугаартай автомашиныг Ут буцаан олгож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Т.Т давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...анхан шатны шүүхээс намайг шунахайн сэдэлтээр бүлэглэж иргэн Ч.Бы эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж 150 юаныг дээрэмдсэн гэж 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг Ч.Бы 150 юаныг авсаныг М, У 2 мэдээгүй хохирогч согтуу байсан болохоор яг ямар үйл явдал болсныг мэдэхгүй мөрдөн байцаалтанд  худал мэдүүлэг өгсөн байна гэж би бодож байна. Би газар унагаж халаасыг нь ухаж аваагүй. Машиныг нь тойроод гүйж байхдаа мөнгийг нь авчихаад түрүүвчийг нь шидчихсэн. Замын гэрэл дагаад алхаад явж байсан чинь М ах ирээд суу гэж хэлээд Мандах дэлгүүрт очоод юаниа солиулчихаад Мд 12000 төгрөг өгөөд, Ут 2000 төгрөг өгсөн. Ийм л зүйл болсон. Бид нар заналхийлж мөнгийг аваагүй. Амь насанд нь халдсан зүйл байхгүй учраас би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

 

Шүүгдэгч Г.У давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... шүүхээс намайг иргэн М, Т нартай бүлэглэн иргэн Ч.Бы эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр биед нь аюултайгаар хүч хэрэглэн 150 юаныг дээрэмдсэн гэж 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэж мөн миний өөрийн эзэмшлийн 99-34 ДГО улсын дугаартай ниссан хоте маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгох шийдвэр гарсанд гомдолтой байна. 2017 оны 12 дугаар сарын 21-ний оройн 22 цагийн орчим би вокзалын зогсоол дээр зогсож байхад М, Т хоёр танихгүй хүнтэй ирээд явах уу гэж асуусан, явна гээд гурвуулаа суусан. Нилээн явж байгаад Маас мөнгөтэй юу гэж асуусан чинь байхгүй гэхээр нь би зам чөлөөлж зогсоод буулгасан. Гэтэл М, Т хоёртой цуг явж байхад согтуу ах буухгүй байхаар нь би арын хаалгыг онгойлгож татаад буулгасан. Тэгээд хөдлөхөд М замд чинь бууя гээд буцаад суусан. Хөдлөөд явж байхад Т гэх залуу зам дээр гүйж явсан. М Тийг явъя гэхээр нь би зогсоод авсан. Тийг хүнээс 150 юань авсаныг би мэдээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож миний эзэмшлийн 99-34 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг буцааж олгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.М давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс намайг шунахайн сэдэлтээр бүлэглэн иргэн Бы эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн 150 юаныг дээрэмдсэн гэж 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ хэрэгт өөрийгөө оролцоогүй гэж бодож байгаа. Тухайн үед би Айраг сум руу явах гэж вокзал дээр очсон. Тэгтэл нэг ах юань солих газар байна уу гэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд Ттэй таараад юань солиулах газар мэдэх үү гэсэн чинь мэднэ гэж хэлсэн. Хохирогч ахыг дагуулаад Уын машинд суусан. У таксины мөнгө байна уу гэхээр нь би байхгүй гэж хэлсэн. Тэгтэл бууцгаа гээд замын хажууд зогссон. Хохирогч буухгүй байхаар нь У татаад буулгасанв Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна, хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

 

Прокурор А.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Хэдийгээр Т мөнгийг дээрэмдээгүй, булааж авсан гэж ярьж байгаа боловч шүүгдэгч нарын мэдүүлэг, сэжигтнээр өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогддог. Машинтай явж байгаад нэг нь машинаас буулгасан нөгөө хоёр нь түрүүвчийг авсан гэж мэдүүлдэг. Мөн хохирогч юу гэдэг вэ гэхээр гурвуулаа машинаас буулгасан би маш их айсан. Энэ мөнгийг ав гэж хэлсэн. Тэгээд миний мөнгийг авсан гэж хэлдэг. Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн гүйцэтгэсэн байна гэж үзэж байгаа. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр хүч хэрэглэсэн болох нь тогтоогддог. Шүүгдэгч нар ч гэсэн мөрдөн байцаалтын шатанд хүч хэрэглэсэн талаараа мэдүүлсэн байдаг. Анхнаасаа тогтвортой ярьж байгаад хамгийн сүүлд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ энэ бүх зүйлээ үгүйсгэж ярьдаг. Нэгэнт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар сэжигтнээр яллагдагчийн өгсөн мэдүүлэг нь нотлогдож байх юм бол нотлох баримтын хүрээнд үнэлж болно гэж заасан учраас хэрэгт авагдсан хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Улсын Дээд шүүхийн 13 дугаар тогтоолоор булаах болон дээрэмдэх гэмт хэргийн талаар маш тодорхой тайлбарласан байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар тээврийн хэрэгслийг хурааж байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байна. Дээрмийн гэмт хэрэг үйлдэхдээ эдгээр 3 шүүгдэгч нь тээврийн хэрэгслийг ашигласан нь тодорхой байдаг. Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг харахад хэргийн сэдэлт нь маш тодорхой байдаг. Өөрөөр хэлбэл У өмнөх өдөр нь архи уучихсан. Мөнгөгүй болохоороо мах заръя гээд вокзал дээр очсон байдаг. Хамгийн боломжит хувилбар нь тэр байсан. Мах зарах гэж очоод мах авах хүн байхгүй, М юань заръя гэсэн хүнтэй таарсан. Ингээд Ттэй таараад хохирогчийг авч явж юаныг авсан гэдэг нь хэрэгт авагдсан материалаас хангалттай нотлогдож байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хохирогч Ч.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би мөнгөө булаалгасан нь үнэн. Би эхэндээ их гомдож байсан. Тухайн үед би архи уучихсан байсан, намайг зодож цохиогүйд нь баярлаж байна. Миний биед халдаагүй. Залуу хүүхдүүдэд ял нь хүнддэж байна гэж үзэж байна. Одоо надад гомдол саналгүй. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.М, Т.Т, Г.У нарыг шунайхан сэдэлтээр бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Бы 150 юаныг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны 2017/ШЦТ/54 тоот шийтгэх  тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

 

Хэргийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудын дагуу хянан хэлэлцвэл шүүгдэгч нар нь хохирогч Ч.Бы юанийг сольж өгнө гэж дагуулж явах замдаа түүний  амь биед нь аюултайгаар хүч хэрэглэсэн болон хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон нь хавтаст хэргийн материалаар тогтоогддоггүй ба хохирогч Ч.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “... эдгээр залуус намайг цохиж зодож, айлган сүрдүүлсэн үйлдэл хийгээгүй,  замд зогсохоор нь  би өөрөө түрүүвчээ эдгээр залууст өгсөн,  би тухайн үед цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа тэр үеийн уураараа  таныг дээрэмдсэн үү гэж цагдаагийн ажилтан мэдүүлэг авахаар нь тийм ээ, дээрэмдсэн гэж мэдүүлсэн” гэх мэдүүлэг зэрэгт үндэслэж шүүгдэгч нарыг хохирогч Ч.Бы 150 юаныг бүлэглэж булаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхээр байна.

 

Шүүгдэгч Г.У, Б.М нарын хувьд энэ гэмт хэрэгт оролцоогүй гэж мэтгэлцэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгч нарын тайлбараар болон сэжигтнээр өгсөн мэдүүлгүүдээр шүүгдэгч нар нь гэмт хэрэгт урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч хэрэгт үйлдлээрээ нэгдэж бүлэглэж оролцсон нь тогтоогдож байх тул шүүгдэгч нарын болон тэдгээрийн өмгөөлөгчөөс гаргасан энэ хүсэлтийг хангах боломжгүй байна.

 

Шүүгдэгч нар нь дээрх хэргийг үйлдэхдээ шүүгдэгч Г.Уын эзэмшлийн 99-34 ДГО улсын дугаартай Ниссан ноте маркийн автомашиныг ашигласан болох нь тогтоогдож байгаа ба анхан шатны шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар тээврийн хэрэгслийг хурааж, улсын  орлого болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаарх шүүгдэгч, өмгөөлөгч нарын гомдол үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т зааснаар хүндэвтэр төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүнд хамаарч байгаа ба шүүгдэгч нар нь хохирогчид учирсан гэм хорын хохирлыг анхан шатны шүүхийн шатанд нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэж байгаа байдал, шүүгдэгч нар бүгд анх удаа шүүхээр шийтгүүлж байгаа байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж давж шатны шүүхээс үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.4, 317 дугаар зүйлийн 317.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2017/ШЦТ/54 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад  “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-д зааснаар шүүгдэгч Г.У, Т.Т, Б.М нарт Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэж нэмж,

 

1 дүгээр заалтыг 2 гэж дугаарлан, заалтын  “ ... дээрэмдэх ... “  гэснийг “булаах” гэж, 

 

2 дугаар заалтыг 3 гэж дугаарлан, заалтыг    “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар шүүгдэгч Т.Тд 3 жил 6 сарын, шүүгдэгч Г.У, Б.М нарт тус бүр 3 жилийн хорих ялуудыг тус тус оногдуулсугай” гэж,

3 дугаар заалтыг 4 гэж дугаарлан, заалтаас “ Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Т.Тд оногдуулсан 3 жил 6 сарын, шүүгдэгч Г.У, Б.М нарт тус бүрт оногдуулсан 3 жилийн хорих ялуудыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж,

 

            4, 5  дугаар заалтуудыг  5, 6 гэж дугаарлан,  заалтуудыг хэвээр үлдээж,

 

            6 дугаар заалтыг 7 гэж дугаарлан, заалтыг хүчингүй болгож, заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Т.Тд оногдуулсан 3 жил 6 сарын, шүүгдэгч Г.У, Б.М нарт тус бүрт оногдуулсан 3 жилийн хорих ялуудыг тус тус тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.” гэж нэмж, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Чийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүгдэгч Т.Т, Б.М, Г.У нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У, Б.М, Т.Т нарыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

                                                         

3. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч түүний өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧ

                                     ШҮҮГЧИД                                  О.ОДНЯМАА

                                                                                        А.САЙНТӨГС