Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 582

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Б- хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл,

шүүгдэгч Э.А-, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Э-гийн А-од холбогдох эрүүгийн 1810009970752 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Э.А- нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо ... тоотод суух Н.О-ы монгол гэрийн хаалгыг эвдэж нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 39 инчийн “BSB” маркийн зурагт, “NIKE” брэндийн пүүз, удирдлага зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 414.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2018 оны 04 дүгээр сарын 11-17-ны хооронд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо ...тоотод оршин суух Г.О-ын амбаарыг түлхүүрээр нь онгойлгон нэвтэрч, Л.Б-ын үлдээсэн “Daewoo” маркийн тээврийн хэрэгслийн салгаж тавьсан байсан нум 2 ширхэг, стачер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 2.150.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 2.564.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 1810009970752 дугаартай хавтаст хэргээс:

 

Нэг: Хохирогч Н.О- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо ... тоот гэртээ хоноогүй, хотын төвд хоносон. Манай хүү О.Ө- гэрээсээ өглөө 07:00 цагийн үед гарсан байсан. Тэгтэл өдөр 14:00 цагийн үед Цагдаагийн газраас над руу яриад “гэрт чинь хулгай орсон байна” гэхээр нь гэртээ очиход гэрийн үүдэнд байрлах модон амбаарын дээд ирмэгийг эвдэж дотогш орж, гэрийн хаалгыг мөн адил эвдэж, гэрийн хойморт байсан 39 инчийн “BSB” брэндийн ЛЕД маркийн зурагт, мөн хүүгийн “Nike” брэндийн ногоон хос пүүз, зурагтны удирдлага, MNBC кабелийн удирдлага зэрэг зүйлс хулгайд алдагдсан байсан. Манай хөрш айлын Н.Ө- хулгай хийсэн хүнийг саатуулахад зурагтыг газар орхиод явсан байсан. Тэгээд цагдаа нар хулгай хийсэн хүнийг барьж хулгайд алдагдсан ногоон өнгийн “Nike” брэндийн пүүз болон 2 ширхэг удирдлага зэргийг тухайн өдөр надад хүлээлгэн өгсөн. ...Би 39 инчийн “BSB” брэндийн “ЛЕД” маркийн зурагтаа 600.000 төгрөгөөр, ногоон өнгийн “Nike” брэндийн пүүз 170.000 төгрөгөөр, зурагтны удирдлага 25.000 төгрөгөөр, MNBC кабелийн удирдлага 7.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. ...Би эд зүйлээ бүрэн хүлээж авсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 19-20-р хуудас/,

 

Гэрч Н.Ө- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 01 цаг 30 минутын үед хөрш айлын хашааг хүн давах шиг болохоор нь гараад хартал хар өмд цамцтай, саравчтай малгайтай 35-40 орчим насны шаравтар царайтай туранхай 170 орчим см өндөртэй эрэгтэй хүн /А-/ цагаан өнгийн тортой зүйл барьсан, хажуудаа зурагт өргөөд барьчихсан явж байсан. Би тухайн залууд /А-/ хандаж “хулгай хийхээ боль, яагаад хулгай хийгээд байгаа юм” гэж хэлэхэд “би хулгай хийгээгүй” гээд маргалдаад байсан. Би “цагдаа дуудлаа” гээд утсаа гаргаж ирэхэд тэрээр намайг боож барьж явсан зурагтаа газар хаяад, тортой зүйлээ бариад зугтаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 22-р хуудас/,

 

Гэрч Г.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Хан-Уул дүүргийн 9-р хороо Буян-Ухаа 15-551 тоотод оршин суудаг бөгөөд манай гудамжны 15-549 тоотод хулгай орсон талаар хөршөөсөө сонссон. Хулгай хийсэн залуу /А-/ нь манай хөрш Н.Ө-тай гудамжинд таараад зурагтаа газар хаячихаад зугтаасан байсан. Ө-аас содон шинж тэмдэг, царайг нь асуухад “5 хоногийн өмнө манай хашаанд надтай таарсан залуутай төстэй байсан. Тухайн залуугийн үс нь долгионтой, дунд зэргийн нуруутай шар залуу байсан. Тэр залуу намайг хараад зугатаасан. Би түүнийг барьж авах гэж оролдсон боловч чадаагүй” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 25–р хуудас/,

 

Гэрч О.Ө- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өглөө 07:00 цагийн үед ээжийн гэрт хоночихоод өөрийн гэртээ очиж усанд ороод байж байтал 13:30 минутын үед ээж над руу залгаад “гэрт хулгай орсон байна, очиж бай” гэж хэлэхээр нь гэрт нь очиход цагдаа нар ирсэн, гэрийн хаалга цоожтой орох боломжгүй байсан. Хулгайч нь манай гэрийн амбаарын барилгын хавтанг хуу татаж, гэрийн хаалга эвдэж орсон байсан. Гэрийн хойморт байсан 39 инчийн “BSB” брэндийн “ЛЕД” маркийн зурагт, мөн гэрийн баруун талд байрлах гутлын тавиур дээр байсан “Nike” брэндийн ногоон пүүз зэрэг эд зүйл алга болсон байсан. Өөр эд зүйл алдагдаагүй. Тухайн хүнээс пүүз болон зурагтаа буцаан авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 28–р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №05/350 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 9-р хороо ... тоотод хулгайд эд зүйлс алдагдсан гэх, хэргийн газрын үзлэгээр а/д Ц.Отгонбаярын илрүүлж бэхжүүлсэн №1 “Ундааны савны гадаргуунаас” гэж дугаарлан, тодорхойлон бичсэн тунгалаг наалдамхай тууз дахь 1 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин №2 дугаарласан наалдамхай тууз дахь 1 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцэх №1 “Ундааны савны гадаргуунаас” гэж дугаарлан тодорхойлон бичсэн тунгалаг наалдамхай тууз дахь 1 ширхэг гарын мөр нь сэжигтэн Э-гийн А-ын баруун гарын дунд хурууны хээтэй ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тохирч байна.

3. Шинжилгээнд тэнцсэн 1 ширхэг гарын мөр нь “Адис-Папилон” системийн санд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна. Сэжигтэн Э-гийн А-ын гарын хээний дардсыг дахин хайлтанд явуулж үзэхэд өөр ямар нэгэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна. /хх-ийн 1-р хавтас 35-38-р хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: 39 инчийн “BSB” брэндийн ЛЕД маркийн зурагт 360.000 төгрөг, зурагтны удирдлага 1.800 төгрөг, МНБС кабелийн удирдлага 4.200 төгрөг, пүүз 48.000 төгрөг, нийт 414.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 1-р хавтас 32-33-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 7-12-р хуудас/,

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 13-15-р хуудас/,

Хоёр: Хохирогч Л.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр намайг Өмнөговь аймгийн “Цагаан хад” гэх газар явж байхад миний утсанд мессэж ирсэн. Тухайн газар сүлжээгүй байдаг юм. Г.О- над руу залгаад “хашаанд чиний тавьсан эд зүйл алга болсон байна, цагдаа нар ирж үзээд явсан” гэж хэлсэн. Удалгүй О- дахин холбогдоод “амбаарт тавьсан Daewoo маркийн автомашины 1 ширхэг нум, стачер 1 ширхэг, амбаарын гадна хашаан дотор байсан Daewoo маркийн нум зэрэг зүйлс тус тус алга болсон” гэж хэлсэн. Дараа нь цагдаагаас над руу залгаад “хотод хэзээ ирэх вэ” гэхээр нь “би ачаанд явдаг тул удаж очих байх” гэж хэлсэн. Г.О- эмнэлэгт хэвтэж байгаад гэртээ ирэхэд амбаарын түлхүүр үүдэнд хэвтэж байхаар нь амбаараа шалгахад миний эд зүйл алдагдсан болохыг мэдсэн гэсэн. Тэгээд цагдаад дуудлага өгөхөд тухайн үед гэрээр нь орж гарсан хүнийг Э-гийн А- гэж сэрдсэн гэсэн. Би 2017 оны 10 дугаар сард “Daewoo” маркийн автомашины 2 ширхэг нум, стачер зэргийг Г.О-ын хашаанд тавьсан байсан. Миний эд зүйлсийг нийт 2.150.000 төгрөгөөр үнэлсэн байсныг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 116-р хуудас/,

 

Гэрч Г.О- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Б- манай хашаанд хайрга буулгачихаад “Хова” маркийн ачааны автомашинаа хашаанд задлаад сэлбэгэнд худалдсан. Тэрээр надад хэлэхдээ “стачер болон нум ком хоёроо хүнд зарахаар ярьсан байгаа тул танай амбаарт үлдээчихье” гээд оруулж тавиад явсан. Амбаарын хаалгыг онгойлгож үзэхэд найз Б-ын үлдээсэн 300.000 төгрөгний үнэтэй стачер, 800.000 төгрөгний үнэтэй нум зэрэг эд зүйл алдагдсан байсан. Би хамаатны дүү Э.А-ыг сэжиглэж байна. Учир нь манай гэрт орж ирсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 117-р хуудас/,

 

Гэрч Д.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Манай цэгт 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байх он сарыг нь сайн санахгүй байна. Цагаан өнгийн автомашинтай, 30-35 орчим насны хоёр эрэгтэй /А-, Ш-/ ирээд нум тушаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 119-120-р хуудас/,

 

Гэрч П.А- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би эхнэрийн хамт хувиараа хүний хашаанд хоёрдогч түүхий эд авдаг юм. Энэ ажлыг 4-5 жил хийж байна. Би 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр эхнэрийн хамт ажил дээрээ байж байхад цагаан өнгийн ачааны машинтай марк, дугаарыг нь мэдэхгүй 2 залуу /А-, Ш-/ ирээд машины ком нум өгсөн. Уг нум нь 70 гаран кг болоод 18.000 төгрөгөөр өгчихөөд явсан. Би машины нум өгсөн хүнээс “асуудалгүй юм байгаа биз дээ” гэж асуухад “өөрийнхөө юмыг өгч байна” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 121-р хуудас/,

 

Гэрч Ө.Ш- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 4 дүгээр сарын 10-ны үеэр санагдаж байна. Би Жавхаа гэх айлд орой 19 цагийн үед гэрт нь сууж байсан юм. Тэгтэл гаднаас А- орж ирээд хамт 1 шил архи хувааж ууж дуусчихаад А- “усны тэргээ өгчих” гэхээр нь би Жавхаагийн гэрээс А-ын хамт гараад усны тэргээ аваад бид хоёр А-ын зүүн талын хашаа руу орсон. Гэрийн баруун талд байсан төмрийн сэгнүүд дундаас машины ком нум байхаар нь А- бид хоёр усны тэргэн дээрээ тавиад саарал өнгийн Япон пөмбөгөр машиныг хөлслөөд хоёрдогч түүхий эд авах цэгт хүргүүлсэн. Тэнд машины нумыг хиллэж өгөхөд 170 гаран кг болсон ба нийт 40.000 гаран төгрөг болсон. Тэр мөнгөөр нь А-ын хамт Жавхаагийн гэрт 1 шил архи хувааж уусан. Зүүн талын хашаанаас нь өөр эд зүйл аваагүй. Нум тушаасан өдрөөс хэд хоногийн дараа А- шуудайтай төмөр мэт зүйлүүд Жавхаагийн хашаанд оруулж нуугаад хэд хонуулчихаад аваад явсан байсан. Би хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. А- тушаасан нумыг “миний өөрийнх юм” гэж ярьж байсан. Би тухайн өдөр л Э.А-той танилцсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 122-123-р хуудас/,

 

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 100-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 108-112-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Нум 2 ширхэг тус бүр 900.000 төгрөг, стачер 350.000 төгрөг, нийт 2.150.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 1-р хавтас 130-131-р хуудас/,

Хяналтын шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 217 дугаартай тогтоол /хх-ийн 2-р хавтас 9-12-р хуудас/,

 

Шүүгдэгч Э.А- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өглөө гэрээсээ найз Санаа гэх эмэгтэйгийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо “Хайрхан” дэлгүүрийн урд байрлах гэрт нь хоносон. 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өглөө найз Санаагийн гэрээс явахын өмнө 0.33 граммын савлагаатай “Хараа” архи хувааж уучихаад Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо 15 дугаар гудамжинд байдаг найз Пагамынд очихоор явсан. Замдаа 15 дугаар гудамжны 549 тоот айлын хашааны завсраар харахад гэр нь цоожтой байхаар нь хашааны явган хүн орох зориулалттай хаалганы гадна талд байрлах замган түгжээг онгойлгоод орсон. Тухайн айл нь үүдэн хэсэгтээ барилгын алаг хавтангаар хийсэн амбаартай байсан. Хаалга нь цоожтой байхаар нь амбаарын дээд хэсгийг татаж барилгын хавтанг хуулж ороход гэрийн хаалга давхар цоожтой байхаар нь тухайн хаалгыг гараараа татахад онгойсон. Гэрт нь ороод хойморт байрлах 39 инчийн “BSB” брэндийн ЛЕД маркийн зурагтыг аваад, орон дээр байсан цэнхэр өнгийн бүтээлгийг дэлгээд зурагтаа боогоод гарахдаа 2 ширхэг удирдлага, мөн “Nike” брэндийн ногоон пүүзийг цагаан өнгийн торонд хийсэн. Тэгээд хашааны хаалгаар гарч байхдаа хөрш айлын залуу /Ө-/ гэнэт гарч ирээд “зурагтаа тавиач, цагдаа дуудлаа” гэхээр нь гудамжинд зурагтаа газар тавьчихаад, тортой пүүзээ бариад гүйгээд нарийн гудамжаар ороод яваад өгсөн. Тэгээд Санаагийн гэрт очоод унтаж байгаад орой 17-18 цагийн үед гэрээс нь гараад гудамжинд явж байгаад цагдаад баригдаад пүүз болон 2 ширхэг удирдлагыг хүлээлгэж өгсөн.

2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр билүү 14-ний өдөр үеэр санагдаж байна. Би гэртээ орой 20 цагийн үед байж байтал хөрш айлын Шаагаа /Ш-/ над руу залгаад “юу хийж байна залуу, гэрээсээ гараад ир, ганц нэг шил архи хувааж ууя” гэж хэлсэн. Би хашааных нь гадаа очтол тэрээр “нэг хашаанаас төмөр ачаадхая” гэж хэлээд манай гэрийн зүүн талын хашаанд ороод эвдэрхий машины нум ачих гэхээр нь би “наад машины эд ангийн эзэн нь Баттөгс /Баажий/ гэх залуу байгаа. Цагаан хаданд машин барьж байгаа. Хамаагүй авч болох юм уу” гэхэд “Болно, бид хоёр хоорондоо асуудалтай байгаа, аваад тушаачихад зүгээр” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр газар байсан ачааны машины нумыг машины ард ачаад Хоёрдогч түүхий эд авах цэгт оройн 20 цагийн орчимд тушаасан. Тэр нумыг тушаахад харанхуй болчихсон байсан. Машины гэрэлд төмрийг хиллэхэд ойролцоогоор 30.000 төгрөг болсон. Мөнгөөр нь би Шаагаатай /Ш-/ нэг шил архи хуваагаад уусан. Тэр өдөр би салаад явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. ...Ш- бид хоёрыг төмөр хулгай хийсэн талаар Жавхаа мэдээгүй, Жавхаа гэртээ согтуу үлдсэн. Ш- бид хоёр ямар мөнгөөр архи авснаа Жавхаад огт хэлээгүй. ...Өмнө нь таслагдсан хэрэгтэйгээ нэгтгэж шалгуулмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 30, 184, 208-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 43–р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 6, 161-р хуудас/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 262 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 53-55-р хуудас/, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 343 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 55-56-р хуудас/, Хан-Уул дүүргийн шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 92 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 57-р хуудас/, Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 301 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 58-р хуудас/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 272 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 60-61-р хуудас/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 62-64-р хуудас/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 65-66-р хуудас/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 67-69-р хуудас/, Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 70-71-р хуудас/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 783 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 72-75-р хуудас/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 604 дугаартай магадлал /хх-ийн 1-р хавтас 76-80-р хуудас/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 82-90-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалсан болно.

 

Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Э.А- нь:

1.  2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаа 15-р гудамжны 549 тоотод оршин суух хохирогч Н.О-ы монгол гэрийн хаалгыг эвдэж нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 39 инчийн “BSB” брэндийн зурагт, “Nike” брэндийн пүүз, 2 ширхэг удирдлага зэрэг эд зүйлийг хулгайлж, 414.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Н.О-ы ...14:00 цагийн үед Цагдаагийн газраас над руу яриад “гэрт чинь хулгай орсон байна” гэхээр нь гэртээ очиход гэрийн үүдэнд байрлах модон амбаарын дээд ирмэгийг эвдэж дотогш орж, гэрийн хаалгыг мөн адил эвдэж, гэрийн хойморт байсан 39 инчийн “BSB” брэндийн зурагт, мөн хүүгийн “Nike” брэндийн ногоон хос пүүз, зурагтны удирдлага, MNBC кабелийн удирдлага зэрэг зүйлс хулгайд алдагдсан байсан. Манай хөрш айлын хүн Н.Ө- хулгай хийсэн хүнийг саатуулахад зурагтыг газар орхиод явсан байсан. ...Би эд зүйлээ бүрэн хүлээж авсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 19-20-р хуудас/,

 

Гэрч Н.Ө-ын ...2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 01 цаг 30 минутын үед хөрш айлын хашааг хүн давах шиг болохоор нь гараад хартал хар өмд цамцтай, саравчтай малгайтай 35-40 орчим насны шаравтар царайтай туранхай 170 орчим см өндөртэй эрэгтэй хүн /А-/ цагаан өнгийн тортой зүйл барьсан, хажуудаа зурагт өргөөд барьчихсан явж байсан. Би тухайн залууд /А-/ хандаж “хулгай хийхээ боль, яагаад хулгай хийгээд байгаа юм” гэж хэлэхэд “би хулгай хийгээгүй” гээд маргалдаад байсан. Би “цагдаа дуудлаа” гээд утсаа гаргаж ирэхэд тэрээр намайг боож барьж явсан зурагтаа газар хаяад, тортой зүйлээ бариад зугтаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 22-р хуудас/,

 

Гэрч Г.Б-ийн ...Манай гудамжны 15-549 тоотод хулгай орсон талаар хөршөөсөө сонссон. Хулгай хийсэн залуу /А-/ нь манай хөрш Н.Ө-тай гудамжинд таараад зурагтаа газар хаячихаад зугтаасан байсан. ...Ө- хэлэхдээ “тухайн залуугийн үс нь долгионтой, дунд зэргийн нуруутай шар залуу байсан. Тэр залуу намайг хараад зугатаасан. Би түүнийг барьж авах гэж оролдсон боловч чадаагүй” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 25-р хуудас/,

 

Гэрч О.Ө-ы ...Хулгайч нь манай гэрийн амбаарын барилгын хавтанг хуу татаж, гэрийн хаалга эвдэж ороод гэрийн хойморт байсан 39 инчийн “BSB” брэндийн “ЛЕД” маркийн зурагт, мөн гэрийн баруун талд байрлах гутлын тавиур дээр байсан “Nike” брэндийн ногоон пүүз зэрэг эд зүйл алга болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 28–р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №05/350 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 9-р хороо ... тоотод хулгайд эд зүйлс алдагдсан гэх, хэргийн газрын үзлэгээр а/д Ц.Отгонбаярын илрүүлж бэхжүүлсэн №1 “Ундааны савны гадаргуунаас” гэж дугаарлан, тодорхойлон бичсэн тунгалаг наалдамхай тууз дахь 1 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин №2 дугаарласан наалдамхай тууз дахь 1 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцэх №1 “Ундааны савны гадаргуунаас” гэж дугаарлан тодорхойлон бичсэн тунгалаг наалдамхай тууз дахь 1 ширхэг гарын мөр нь сэжигтэн Э-гийн А-ын баруун гарын дунд хурууны хээтэй ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тохирч байна.

3. Шинжилгээнд тэнцсэн 1 ширхэг гарын мөр нь “Адис-Папилон” системийн санд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна. Сэжигтэн Э-гийн А-ын гарын хээний дардсыг дахин хайлтанд явуулж үзэхэд өөр ямар нэгэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна. /хх-ийн 1-р хавтас 35-38-р хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: 39 инчийн “BSB” брэндийн ЛЕД маркийн зурагт 360.000 төгрөг, зурагтны удирдлага 1.800 төгрөг, МНБС кабелийн удирдлага 4.200 төгрөг, пүүз 48.000 төгрөг, нийт 414.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 1-р хавтас 32-33-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 7-12-р хуудас/,

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 13-15-р хуудас/,

 

2. 2018 оны 4 дүгээр сарын 11-17-ны хооронд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 17-р гудамжны 328б тоотод оршин суух Г.О-ын амбаарыг түлхүүрээр нь онгойлгон нэвтэрч, хохирогч Л.Б-ын “Daewoo” маркийн тээврийн хэрэгслийн салгаж тавьсан нум 2 ширхэг, стачер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Л.Б-ын ...Г.О- над руу залгаад “хашаанд чиний үлдээсэн 2 ширхэг нум, 1 ширхэг стачер зэрэг эд зүйл алга болсон байна. Цагдаа нар ирж үзээд явсан” гэж хэлсэн. ...Г.О-ыг гэртээ ирэхэд амбаарын түлхүүр үүдэнд хэвтэж байхаар нь амбаараа шалгахад миний эд зүйл алдагдсан болохыг мэдсэн гэсэн. ...Би 2017 оны 10 дугаар сард “Daewoo” маркийн автомашины 2 ширхэг нум, стачер зэргийг Г.О-ын хашаанд тавьсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 116-р хуудас/,

 

Гэрч Г.О-ын ...Б- надад хэлэхдээ “стачер болон нум ком хоёроо хүнд зарахаар ярьсан байгаа. Танай амбаарт үлдээчихье” гээд оруулж тавиад явсан. Амбаарын хаалгыг онгойлгож үзэхэд найз Б-ын үлдээсэн 300.000 төгрөгний үнэтэй стачер, 800.000 төгрөгний үнэтэй нум зэрэг эд зүйл алдагдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 117-р хуудас/,

 

Гэрч Д.Б-ын ...Манай цэгт цагаан өнгийн автомашинтай, 30-35 орчим насны хоёр эрэгтэй /А-, Ш-/ ирээд нум тушаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 119-120-р хуудас/,

Гэрч П.А-ийн ...Би 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр эхнэрийн хамт ажил дээрээ байж байхад марк, дугаарыг нь мэдэхгүй цагаан өнгийн ачааны машинтай 2 залуу /А-, Ш-/ ирээд машины ком нум өгсөн. Уг нум нь 70 гаран кг болоод 18.000 төгрөгөөр өгчихөөд явсан. Би машины нум өгсөн хүнээс “асуудалгүй юм байгаа биз дээ” гэж асуухад “өөрийнхөө юмыг өгч байна” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 121-р хуудас/,

 

Гэрч Ө.Ш-гийн ...А- гаднаас орж ирээд хамт 1 шил архи хувааж ууж дуусгачихаад тэрээр “усны тэргээ өгчих” гэхээр нь би Жавхаагийн гэрээс гараад усны тэргээ аваад А-той хамт зүүн талын хашаа руу орсон. Гэрийн баруун талд байсан төмрийн сэгнүүд дундаас машины ком нум байхаар нь А- бид хоёр усны тэргэн дээрээ тавиад саарал өнгийн Япон пөмбөгөр машин хөлслөөд хоёрдогч түүхий эд авах цэгт хүргүүлсэн. Тэнд машины нумыг  өгөхөд 170 гаран кг нийт 40.000 гаран төгрөг болсон. Тэр мөнгөөр нь А-ын хамт Жавхаагийн гэрт 1 шил архи хувааж уусан. Зүүн талын хашаанаас нь өөр эд зүйл аваагүй. ...Би хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. А- тушаасан нумыг “миний юм” гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 122-123-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 108-112-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Нум 2 ширхэг тус бүр 900.000 төгрөг, стачер 350.000 төгрөг, нийт 2.150.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 1-р хавтас 130-131-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

“Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг ба уг гэмт хэргийг “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зохицуулсан.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцсэн, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар: шүүгдэгч Э.А- нь 2019 оны 4 сарын сарын 11-нээс 18-ны өдрийн хооронд хохирогч Н.О-, Л.Б- нарын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлийг нь хулгайлж, нийт 2.564.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.А-ын хохирогч нарын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл  хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн гэмт хэргийн шинжтэй тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.А- болон түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас:

1. Хохирогч Н.О-ы эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 414.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан хэрэгт авагдсан /хх-ийн 1-р хавтас 32-33-р хуудас/ ба шүүгдэгч Э.А-оос 39 инчийн “BSB” маркийн зурагт, удирдлага 2 ширхэг, “Nike” брэндийн ногоон өнгийн хос пүүз зэргийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн /хх-ийн 1-р хавтас 13-15-р хуудас/ ба хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн /хх-ийн 1-р хавтас 20-р хуудас/ байна.

2. Хохирогч Л.Б-ын эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 2.150.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан хэрэгт авагдсан /хх-ийн 1-р хавтас 130-131-р хуудас/ ба хохирогч Л.Б- нь “Э.А-оос нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлтийг /хх-ийн 1-р хавтас 209-р хуудас/ прокурорын шатанд гаргасан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.А-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 04 жил 09 сар 02 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн Э.А-ын биечлэн эдлэх ялыг 06 жил 09 сар 02 хоногийн хорих ялаар тогтоох дүгнэлт гаргасан ба,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй. Хохирогч нарт хохирол төлөгдсөн, хохирогч нар нь гомдол саналгүй гэсэн байгаа. Мөн Э.А- нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 06 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Өмнөх шийтгэх тогтоол гарахаас өмнөх 2 үйлдлийг нэгтгэж шийдсэн бол миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал нь дээрдэх байсан. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх...” зохицуулалт нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал”-ыг харгалзан шийдвэрлэх учиртай. Шүүгдэгч Э.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хохирогч нарт эд зүйлийг биет байдлаар буцаан өгч төлөх төлбөргүй хэдий ч  учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн гэж үзэхгүй, тэрээр урьд удаа дараа “хулгайлах” гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

         Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Э.А- нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 06 /зургаа/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр /хх-ийн 1-р хавтас 82-90-р хуудас/ шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж мөн зүйлийн 4 дэх хэсэгт “нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна” гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Э.А-од энэ тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар оногдуулсан 06 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 04 жил 09 сар 02 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.А-од 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 1-р хавтас 178-179-р хуудас/ гарсан боловч тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар ангид өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаа эдэлж байгаад 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Ялын тооцоо”-г хийж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлэн хорьсон байна.

Шүүгдэгч Э.А-ын энэ хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс /хх-ийн 1-р хавтас 192-р хуудас/ шүүх хэргийг хэлэлцсэн энэ өдрийн  байдлаар нийт 261 хоног цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.А- нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Э-гийн А-ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.А-ыг 02/ хоёр/  жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар оногдуулсан 06 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 04 жил 09 сар 02 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 06 жил 09 сар 02 хоногийн хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.А-од оногдуулсан 06 жил 09 сар 02 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.А-ын цагдан хоригдсон нийт 261 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Э.А- нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.А-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР