Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 1105

 

 

 

 

 

 

 

 2019          10             31                                          2019/ДШМ/1105                                           

 

 

Э.Аод холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Гүнсэл,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2019/ШЦТ/582 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Аын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1810009970752 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Э.Ад, 1977 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо,  Бурхантын 17-329 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ШЖ77092511/;

 

Хан-Уул дүүргийн шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 92 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 25.000 төгрөгөөр торгох ялаар,

 

Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 301 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 01 жил 6 сарын хорих ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 262 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 01 жил 10 сар 20 хоногийн хорих ялаар,

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 343 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,

 

Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

 

Баянгол дүүргийн шүүхийн  2008 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 24 хоногийг нэгж нэгтгэн, нийт 3 жил 4 сар 24 хоногийн хорих ялаар,

 

Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 272 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хорих ялаар,

 

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын15-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 783А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ял, 261 дүгээр  зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын заримыг нэмж нэгтгэн нийт  биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хорих ялаар тогтоож, 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр суллагдсан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн;

 

Э.А нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 15-549 тоотод оршин суух Н.Оюуны монгол гэрийн хаалгыг эвдэж нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 39 инчийн “BSB” маркийн зурагт, “NIKE3 брендийн пүүз, удирдлага зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 414.000 төгрөгийн хохирол,

 

2018 оны 4 дүгээр сарын 11-17-ны хооронд Хан-Уул  дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 17-328б тоотод оршин суух Г.Отгонтуулын амбаарыг түлхүүрээр нь онгойлгон нэвтэрч, Л.Бат-Очирын үлдээсэн “Daewoo” маркийн тээврийн хэрэгслийн салгаж тавьсан байсан нум 2 ширхэг, стачер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.150.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Э.Аыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.Аыг 2 /хоёр/  жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 9 сар 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 6 жил 9 сар 2 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.Аод оногдуулсан 6 жил 9 сар 2 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Аын цагдан хоригдсон нийт 261 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Э.А нь  бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Эгиймаа овогтой А би Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 582 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Өмнөх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 9 сар 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн,  нийт 6 жил 9 сар 2 хоногийн хугацаагаар шийтгүүлсэн. Надад 2 шийтгэх тогтоолоор ял оногдуулж байгаад гомдолтой байна. Үүнээс болж миний эрх зүйн байдал дордож байна. Ө.Шагдарсүрэн гэдэг хүнтэй хамт хулгайн гэмт хэрэг хийсэн боловч зөвхөн гэрчийн байдлаар оруулж байгаад гомдолтой байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирол төлбөрөө сайн дураараа барагдуулсан зэргийг харгалзан үзэж, хорих ялаас минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор Б.Гүнсэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Ариуболд нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 168 дугаартай  шийтгэх тогтоолоор  6 жил хорих ял шийтгүүлсэн. Тухайн хэргийг   нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж байсан. Үүнд, прокурор дүгнэлт бичээд дээд шүүх рүү явуулж байсан. Дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 217 дугаартай тогтоолоор Э.Аод холбогдох хэргүүдийг   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн шийтгэх боломжтой гэж үзэж, Дээд шүүхээс тогтоол гарсан. Үүний дагуу Э.Ариуболдод холбогдох хоёр үйлдэлтэй  өмнөх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн. Энэ дагуу хэрэг хоёр шийтгэх тогтоолоор нэгтгэн шийдэгдсэн.  Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 582 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

1. Э.А нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаа 15-549 тоотод оршин суух Н.Оюуны монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч, 39 инчийн “BSB” маркийн зурагт, “NIKE” брендийн пүүз, удирдлага зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 414.000 төгрөгийн хохирол,

 

2. 2018 оны 4 дүгээр сарын 11-17-ны хооронд Хан-Уул  дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 17-328б тоотод оршин суух Г.Отгонтуулын амбаарыг түлхүүрээр нь онгойлгон нэвтэрч, Л.Бат-Очирын үлдээсэн “Daewoo” маркийн тээврийн хэрэгслийн салгаж тавьсан байсан нум 2 ширхэг, стачер зэргийг хулгайлж, 2.150.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Н.Оюуны “Би 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 15-549 тоот гэртээ хоноогүй, хотын төвд хоносон. Манай хүү О.Өлзийсайхан гэрээсээ өглөө 07:00 цагийн үед гарсан байсан. Тэгтэл өдөр 14:00 цагийн үед Цагдаагийн газраас над руу яриад “гэрт чинь хулгай орсон байна” гэхээр нь гэртээ очиход гэрийн үүдэнд байрлах модон амбаарын дээд ирмэгийг эвдэн дотогш орж, гэрийн хаалгыг мөн адил эвдэж, гэрийн хойморт байсан 39 инчийн “ВSВ” брэндийн ЛЕД маркийн зурагт, мөн хүүгийн “NIKE” брэндийн ногоон хос пүүз, зурагтны удирдлага, МNВС кабелийн удирдлага зэрэг зүйлс хулгайд алдагдсан байсан. ...”/1хх 19-20/,

 

            хохирогч Л.Бат-Очирын “2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр намайг Өмнөговь аймгийн “Цагаан хад” гэх газар явж байхад миний утсанд мессэж ирсэн. Тухайн газар сүлжээгүй байдаг юм. Г.Отгонтуул над руу залгаад “хашаанд чиний тавьсан эд зүйл алга болсон байна, цагдаа нар ирж үзээд явсан” гэж хэлсэн. Удалгүй Отгонтуул дахин холбогдоод “амбаарт тавьсан “Daewoo” маркийн автомашины 1 ширхэг нум, стачер 1 ширхэг, амбаарын гадна хашаан дотор байсан “Daewoo” маркийн нум зэрэг зүйлс тус тус алга болсон” гэж хэлсэн. Дараа нь цагдаагаас над руу залгаад “хотод хэзээ ирэх вэ” гэхээр нь “би ачаанд явдаг тул удаж очих байх” гэж хэлсэн. Г.Отгонтуул эмнэлэгт хэвтэж байгаад гэртээ ирэхэд амбаарын түлхүүр үүдэнд хэвтэж байхаар нь амбаараа шалгахад миний эд зүйл алдагдсан болохыг мэдсэн гэсэн. Тэгээд цагдаад дуудлага өгөхөд тухайн үед гэрээр нь орж гарсан хүнийг Э.Ад гэж сэрдсэн гэсэн. Би 2017 оны 10 дугаар сард “Daewoo” маркийн автомашины 2 ширхэг нум, стачер зэргийг Г.Отгонтуулын хашаанд тавьсан байсан. Миний эд зүйлсийг нийт 2.150.000 төгрөгөөр үнэлсэн байсныг хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх 116/,

 

гэрч Н.Өлзийбаярын “...2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 01 цаг 30 минутын үед хөрш айлын хашааг хүн давах шиг болохоор нь гараад хартал хар өмд цамцтай, саравчтай малгайтай, 35-40 орчим насны шаравтар царайтай туранхай 170 орчим см өндөртэй эрэгтэй хүн /А/ цагаан өнгийн тортой зүйл барьсан, хажуудаа зурагт өргөөд барьчихсан явж байсан. Би тухайн залууд /А/ хандаж “хулгай хийхээ боль, яагаад хулгай хийгээд байгаа юм” гэж хэлэхэд “би хулгай хийгээгүй” гээд маргалдаад байсан. Би “цагдаа дуудлаа” гээд утсаа гаргаж ирэхэд тэрээр намайг боож барьж явсан зурагтаа газар хаяад, тортой зүйлээ бариад зугтаасан” /1хх 22/,

 

гэрч Г.Батхишигийн “Хулгай хийсэн залуу /А/ нь манай хөрш Н.Өлзийбаяртай гудамжинд таараад зурагтаа газар хаячихаад зугтаасан байсан. Өлзийбаяраас тухайн залуугийн үс нь долгионтой, дунд зэргийн нуруутай шар залуу байсан. Тэр залуу намайг хараад зугтаасан. Би түүнийг барьж авах гэж оролдсон боловч чадаагүй” гэж хэлсэн” /1хх 25/,

 

гэрч О.Өлзийсайханы “Гэрт нь очиход цагдаа нар ирсэн, гэрийн хаалга цоожтой орох боломжгүй байсан. Хулгайч нь манай гэрийн амбаарын барилгын хавтанг хуу татаж, гэрийн хаалга эвдэж орсон байсан. Гэрийн хойморт байсан 39 инчийн “ВSВ” брэндийн “ЛЕД” маркийн зурагт, мөн гэрийн баруун талд байрлах гутлын тавиур дээр байсан “NIKE” брэндийн ногоон пүүз зэрэг эд зүйл алга болсон байсан. Э.Аоос пүүз болон зурагтаа буцаан авсан. ...” /1хх 28/,

 

гэрч Г.Отгонтуулын “Бат-Очир манай хашаанд хайрга буулгачихаад “Хова” маркийн ачааны автомашинаа хашаанд задлаад сэлбэгэнд худалдсан. Тэрээр надад хэлэхдээ “стачер болон нум ком хоёроо хүнд зарахаар ярьсан байгаа тул танай амбаарт үлдээчихье” гээд оруулж тавиад явсан. Амбаарын хаалгыг онгойлгож үзэхэд найз Бат-Очирын үлдээсэн 300.000 төгрөгийн үнэтэй стачер, 800.000 төгрөгний үнэтэй нум зэрэг эд зүйл алдагдсан байсан. Би хамаатны дүү Э.Аыг сэжиглэж байна. Учир нь манай гэрт орж ирсэн байсан. ...” /1хх 117/,

 

гэрч Д.Буянжаргалын “Цагаан өнгийн автомашинтай, 30-35 орчим насны хоёр эрэгтэй /А, Шагдарсүрэн/ ирээд нум тушаасан. ...”/1хх 119-120/,

 

гэрч П.Алтангэрэлийн “Би 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр эхнэрийн хамт ажил дээрээ байж байхад цагаан өнгийн ачааны машинтай марк, дугаарыг нь мэдэхгүй 2 залуу /А, Шагдарсүрэн/ ирээд машины ком нум өгсөн. Би машины нум өгсөн хүнээс “асуудалгүй юм байгаа биз дээ” гэж асуухад “өөрийнхөө юмыг өгч байна” гэж хэлсэн. ...” /1хх 121/,

 

гэрч Ө.Шагдарсүрэнгийн “А “усны тэргээ өгчих” гэхээр нь би Жавхаагийн гэрээс Аын хамт зүүн талын хашаа руу орсон. Гэрийн баруун талд машины ком нум байхаар нь А бид хоёр усны тэргэн дээрээ тавиад хоёрдогч түүхий эд авах цэгт хүргүүлсэн. Тэнд машины нумыг хиллэж өгөөд мөнгөөр нь Аын хамт 1 шил архи хувааж уусан. Зүүн талын хашаанаас нь өөр эд зүйл аваагүй. Би хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. А тушаасан нумыг “миний өөрийнх юм” гэж ярьж байсан. ...” /1хх 121/,

шүүгдэгч Э.Аын яллагдагчаар өгсөн: “...2018 оны  4 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа гудамжинд 11 цагийн орчим согтуу явж байхдаа тухайн гудамжинд байх нэг Монгол гэрийн хаалгыг хөшиж онгойлгоод дотор нь байсан 39 инчийн зурагт, пүүз, удирдлага зэргийг хулгайлж авч гараад гудамжинд явж байхдаа цагдаа нарт баригдсан. Мөн 2018 оны 4 дүгээр сард яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Зүс таних Ө.Шагдагсүрэн, Жавхаа нартай Жавхаагийн гэрт архи ууж байгаад Жавхаагийн гэрээс гараад Шагдарсүрэнтэй хамт холын хамаатан Отгонтуулын хашаанаас төмрийн хог түрдэг тэргэн дээр ачаад Нисэхийн эцэст байх хоёрдогч түүхий эд авах цэг дээр очиж 40.000 орчим төгрөгөөр тушаасан. Би тухайн үед согтуу байсан учраас дахин архи уумаар санагдаад холын хамаатан Отгонтуулын хашаанаас төмөр авсан. ...” /2хх 208/ гэх мэдүүлгүүд,

 

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 108-112/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “Нум 2 ширхэг тус бүр 900.000 төгрөг, стачер 350.000 төгрөг, нийт 2.150.000 төгрөгөөр үнэлсэн” /1хх 130-131/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “39 инчийн “ВSВ” брэндийн ЛЕД маркийн зурагт 360.000 төгрөг, зурагтны удирдлага 1.800 төгрөг, MNBC кабелийн удирдлага 4.200 төгрөг, пүүз 48.000 төгрөг, нийт 414.000 төгрөгөөр үнэлсэн” /1хх 32-33/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 7-12/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 13-15/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 05/350 дугаартай:

  1. “2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо,  Буянт- Ухаа 15-549 тоотод хулгайд эд зүйлс алдагдсан гэх хэргийн газрын үзлэгээр а/д Ц.Отгонбаярын илрүүлж бэхжүүлсэн №1 “Ундааны савны гадаргуунаас” гэж дугаарлан, тодорхойлон бичсэн тунгалаг наалдамхай тууз дахь 1 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд тэнцэх №1 “Ундааны савны гадаргуунаас” гэж дугаарлан тодорхойлон бичсэн тунгалаг наалдамхай тууз дахь 1 ширхэг гарын мөр нь сэжигтэн Эгиймаагийн Аын баруун гарын дунд хурууны хээтэй ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тохирч байна.” гэх шинжээчийн дүгнэлт /1хх 35-36/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, Э.А нь хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.Аыг 2 /хоёр/  жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 9 сар 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 6 жил 9 сар 2 хоногийн хорих ялаар тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.А “... Надад 2 шийтгэх тогтоолыг нэгтгэж ял оногдуулж байгаад гомдолтой байна. Үүнээс болж миний эрх зүйн байдал дордож байна. Ө.Шагдарсүрэн гэдэг хүнтэй хамт хулгайн гэмт хэрэг хийсэн боловч зөвхөн гэрчийн байдлаар оруулж байгаад гомдолтой. ...” гэсэн агуулга бүхий  давж заалдах гомдол гаргажээ.

 

Хяналтын шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 217 дугаартай тогтоолд шүүгдэгч Э.Аын сүүлд илэрсэн гэх үйлдлүүдэд гэм буруутайд тооцож ял оногдуулсан тохиолдолд ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар...” шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзжээ.

 

Анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, Э.Аод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар “хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” журмыг баримтлан  өмнөх шийтгэх тогтоолоор  оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 9 сар 2 хоногийн хорих ялыг тухайн шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6 жил 9 сар 2 хоногоор тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хэрэгт буй баримтаас үзэхэд  Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шийтгэх тогтоолоор Ө.Шагдарсүрэнг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан /1хх 164/ байх боловч 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 3 дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Иймд шүүгдэгч Э.Аын дээр дурдсан үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2019/ШЦТ/582 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ