Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2019/0552/З |
Дугаар | 221/МА2020/0235 |
Огноо | 2020-04-02 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2020/0235
2020 оны 04 сарын 02 өдөр Дугаар 221/МА2020/0235 Улаанбаатар хот
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, Г.О, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г, хариуцагч Эрчим хүчний яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 112 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам, Эрчим хүчний яаманд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 112 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.4, 4.2.5, 4.2.8, 56 дугаар зүйлийн 56.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 52 дугаар зүйлийн 52.1.5, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.5, 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Сангийн сайдад холбогдуулан гаргасан Сангийн сайдын “Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ” байгуулахаас татгалзсан 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “хариу хүргүүлэх тухай” 6-1/911 тоот албан бичиг, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/5945 тоот “хариу хүргүүлэх тухай” албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч “А” ХХК-тай “Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ”-г байгуулахыг даалгаж, Эрчим хүчний яаманд холбогдуулан гаргасан Эрчим хүчний яамны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн в/2976 “Гэрээ цуцлах тухай” шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Эрчим хүчний яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч “А” ХХК-ийг 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гүйцэтгэгчээр шалгаруулан ***-***/**** тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна. Харин гэрээг цуцлах мэдэгдлийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн в/2976 тоотоор мэдэгдсэн. Үүнийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан ч гаргаагүй. Мөн Сангийн яамнаас ирүүлсэн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 9/1029 тоот албан бичгийн хүрээнд тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн шинээр зохион байгуулах тухай 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн а/2151 тоот албан бичгийг “А” ХХК-д хүргүүлсэн.
Гэвч нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасны дагуу 30 хоногийн дотор гомдол гаргах байсан хэдий ч хугацаандаа гаргаагүй. Хуанли тооллоор 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр в/2976 тоот албан бичигт гомдол гаргах хугацаа нэгэнт дууссан. Мөн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн а/2151 тоот албан бичигт гаргах гомдол нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тус тус дууссан тул Захиргааны ерөнхий хуулийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах.
Энэхүү маргаан нь хэдийгээр нэг талаас төр, нөгөө талаас хувийн хэвшил хооронд маргаж байгаа хэдий ч талуудын эрх, үүргийг гэрээгээр зохицуулсан. Өөрөөр хэлбэл, гэрээний эрх зүйн маргаан юм. Гэрээгээр учирсан хохирол буюу гэм хорын асуудал яригддаг. Уг асуудлаар нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Харин шүүхийн 128/ШШ2020/0112 тоот шийдвэр нь гэрээ байгуулахыг даалгасан нь нэг төрлийг харилцааг 2 талд хянан хэлэлцсэн гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 13.1, 54.1.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах.
Гэрээ хүчин төгөлдөр болох ба дуусгавар болох хугацаа гэсэн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр хугацаа нь дараах нөхцөлийг бүрэн хангаж дууссан өдрөөр тодорхойлогдоно” гэж заагаад 3.1 дэх хэсгийг “С” заалтад “Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ хүчин төгөлдөр болсноор” гэрээ хүчин төгөлдөр болох тодорхой нөхцөлийг зааж өгсөн байна.
Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-ийн “б” заалтад заасан “Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ хүчин төгөлдөр болсноор” гэсэн нөхцөл хангагдаагүй байхад “А” ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан ***-***/**** тоот гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй байна. Нэгэнт хүчин төгөлдөр бус тул гэрээгээр хүлээсэн үүрэг хангагдахгүй юм. Мөн захиалагчаас техникийн хяналтын гэрээ байгуулах зөвлөмж олгоогүй байхад Эрчим хүчний хөгжлийн төвтэй “Техникийн хяналтын” гэрээ байгуулан, мөн ажил эхлүүлэх зөвшөөрөл олгоогүй байхад ажлыг дур мэдэн эхлүүлсэн зэрэг нэхэмжлэгчийн өөрсдийн буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой тул 128/ШШ2020/0112 шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “1. ... Эрчим хүчний яам “А” ХХК хооронд 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан ***-***/**** гэрээний 3 дугаар зүйлд “Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр” гэсэн үндсэн нөхцөлийг заасан байх ба дараах 2 нөхцөлийг бүрэн хангаж дууссан өдрөөр тодорхойлно гэсэн байна. Үүнд:
Талууд гэрээнд гарын үсэг зурсан боловч үндсэн нөхцөлийн б) заалт буюу төсөл хэрэгжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ хүчин төгөлдөр болоогүй, байгуулагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл, энэхүү төсөл хэрэгжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ байгуулагдаагүй тохиолдолд талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр болохгүй бөгөөд гүйцэтгэгч буюу “А” ХХК нь хүчин төгөлдөр гэрээгүйгээр ажил эхлэх эрх зүйн үндэслэлгүй юм. Гэтэл “А” ХХК гэрээ хүчин төгөлдөр болоогүй байхад дур мэдэн ажил хийж гүйцэтгэсэн нь хууль бус юм. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8 дахь заалтад заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим” нэхэмжлэгчид хамаарах боломжгүй байна. Гэтэл шүүхээс дээрх гэрээний б) хэсэгт заасан нөхцөл биелэгдээгүй байдалд дүн шинжилгээ хийгээгүй.
Мөн түүнчлэн, “хүчин төгөлдөр болоогүй” гэрээг цуцлах асуудал яригдахгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийг үндэслэх эрх зүйн үндэслэлгүй байна.
Шүүхээс “нийтийн эрх ашгийн үүднээс” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.5 дахь хэсэгт хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж болохгүй гэснийг зөрчсөн. Учир нь нийтийн эрх ашгийн үүднээс гэсэн асуудал хуралдааны үед яригдаагүй бөгөөд мөн хэрэгт авагдсан Засгийн газрын тогтоол болон бусад нотлох баримтад байхгүй болно. Гэтэл шүүгч субъектив байдлаар дүгнэлт хийж “нийтийн эрх ашгийн үүднээс шийдвэрлэсэн байна” гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.
2. ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлд зааснаар захиалагч буюу Эрчим хүчний яам нь 46.1.4-д “худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах”, 46.1.5-д “бараа, ажил, үйлчилгээг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр батлагдсаны дараа худалдан авах ажиллагааг эхлүүлэх” гэж тус тус заасны дагуу тендер сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж гүйцэтгэгчийг шалгаруулсан байдаг. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт “Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн.
Иймд Сангийн яам нь Захиргааны ерөнхий хуулийн “хуульд үндэслэх”, “шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчмын хүрээнд холбогдох албан бичгийг хүргүүлсэн.
3. ... Төсвийн тухай хуулийн дагуу дараа жилийн төсвийн хуулийн төслийг холбогдох төсвийн захирагчдаас ирүүлсэн саналыг Сангийн яамнаас нэгтгэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн төслийг Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьдаг. УИХ-аас төсвийг баталснаар дараа жилд зохион байгуулах худалдан авах ажиллагаа, түүний төсөв “нийтэд ил болж”, эх үүсвэр нь тодорхой болсон бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаанд нийт аж ахуйн нэгжүүд оролцох тэгш боломж бий болж “өрсөлдөх тэгш боломж”-оор хангагддаг билээ. Мөн нэгэнт тухайн тендер шалгаруулалтад шалгарсан аж ахуйн нэгж нь захиалагчтай байгуулсан гэрээний “нөхцөл, шаардлага”-ыг баримталж бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэхэд “хариуцлагатай байх” үүрэг хүлээнэ.
Гэтэл нийтэд ил болоогүй, эх үүсвэр нь тодорхой бус ажлыг захиалагч зарлаж бусад аж ахуйн нэгжүүдийг тухайн шалгаруулалтад оролцож, өрсөлдөх тэгш боломжоор хангаагүй, мөн гүйцэтгэгч нь гэрээний нөхцөлийг зөрчиж, гэрээ хүчин төгөлдөр болоогүй байхад дур мэдэн ажил гүйцэтгэж “хариуцлагагүй” байдал гарган хуулийг зөрчсөн.
Иймд Сангийн яам нь Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, 5.1.5-д хариуцлагатай байх, 6.4.1-д төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах зарчмыг баримтлан татвар төлөгчдийн мөнгийг хуульд заасан үндэслэл, зориулалтын дагуу, үр ашигтай зарцуулах чиг үүргийг баримтлан ажилласан. Мөн Сангийн яамнаас Эрчим хүчний яаманд шинээр тендер зохион байгуулахыг захиалагчид даалгасан хэрэг биш бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4, 46.1.5 болон Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлэх, түүнд нийцүүлэх талаар хүргүүлсэн хариу албан бичиг юм.
Өөрөөр хэлбэл, Сангийн яамны албан бичиг нь хуулийг зөрчихгүй байх, холбогдох үйл ажиллагааг хуульд заасан шаардлагад нийцүүлэх тухай бөгөөд энэ нь шүүхийн үндэслэх хэсэгт дүгнэсэнчлэн Сангийн яамнаас худалдан авах ажиллагааг хянах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүргээ хэрэгжүүлж буйн нэг хэлбэр юм. Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх болон Тогтоох хэсэгт үндэслэсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.2 дахь заалтад зааснаар Сангийн яам хуулиар олгосон эрхийн хүрээнд захиалагч байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу албан бичгээр тодорхой асуудлын хүрээнд худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийг хэрэглэхтэй холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг.
Түүнчлэн утсан холбоогоор тухай бүр худалдан авах ажиллагааны талуудад тендер шалгаруулалттай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажилладаг. Харин 52.1.5 дахь заалтад заасан захиалагч худалдан авах ажиллагаанд зохих журмыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьж, шинжилгээ, үнэлгээ хийх эрхийн хүрээнд хуулийн 48, 49 дүгээр зүйлд заасны дагуу Сангийн яам төсвийн ерөнхийлөн захирагчдын худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайланг хүлээн авч Сангийн сайдын 2017 оны 363 дугаар тушаалаар баталсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам”-аар захиалагч байгууллагын худалдан авах ажиллагааны жилийн тайланг нэгтгэн, энэ журамд заасан үнэлгээний аргачлалын дагуу үнэлгээ өгч Засгийн газарт эхний улиралд багтаан танилцуулдаг болно.
Иймд хуулийн 52 дугаар зүйлд заасан Сангийн яамны бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үйл ажиллагаа нь тухайн захиалагчаас зохион байгуулж байгаа тендер шалгаруулалттай холбоогүй юм. Мөн хуулийн 47 дугаар зүйлд зааснаар захиалагч нь үнэлгээний хороо байгуулан тендер зохион байгуулж үнэлгээний хороо нь холбогдох дүгнэлт гаргаж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх ба хуулийн 47.2.2 дахь заалтын дагуу энэхүү шийдвэрийг өөрчлөх, түүнд нөлөөлөхийг хориглодог. Харин захиалагч буюу Эрчим хүчний яам нь хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалтын дагуу үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах үүрэгтэй юм.
4. “А” ХХК-ийн нэхэмжлэлээр Эрчим хүчний яаманд холбогдуулан иргэний хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэж байгаа ба нэхэмжлэгчээс шүүх хуралдааны үед гаргасан тайлбарт “бид Эрчим хүчний яамнаас Иргэний хуулийн “үндэслэлгүй хөрөнгөжих” гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байгаа" гэсэн. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь Эрчим хүчний яам болон “А” ХХК-ийн хооронд гэрээнээс үүдэлтэй шаардах эрх үүсээгүй, гэрээ хүчин төгөлдөр болоогүйг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.
5. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “Сангийн сайдын “Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ” байгуулахаас татгалзсан 2019 оны 6-1/911 тоот албан бичиг, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/5945 тоот “хариу хүргүүлэх тухай” албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоож” гэсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд 7 заалтаар захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлийг заасан боловч шүүхийн шийдвэрт 47 дугаар зүйлийн аль заалтаар “захиргааны акт”-ыг хүчингүй болгосон хуулийн үндэслэлээ заагаагүй байна.
Түүнчлэн, Сангийн яамнаас хүргүүлсэн дээрх 2 албан бичиг нь дараах үндэслэлээр “захиргааны акт”-д хамаарахгүй байна.
1) Сангийн сайдын 2019 оны 6-1/911 тоот албан бичиг нь төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ” байгуулахаас татгалзсан албан бичиг бус харин “Хариу хүргүүлэх тухай” бөгөөд энэхүү албан бичигт: а) Эрчим хүчний яам болон “А” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн “Ь” хэсэгт заасныг үндэслэн Эрчим хүчний яам гэрээг хүчингүй болгосон болохыг мэдэгдсэнээс үзвэл гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ тухай, б) Сангийн яамнаас Эрчим хүчний яаманд чиглэл өгөх хууль, эрх зүйн үндэслэлгүй тухай в) Тухайн жилийн төсөвт туссан төсөл арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах тухай асуудлыг Эрчим хүчний яаманд хүргүүлсэн.
2) Сангийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/5945 тоот албан бичигт Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 180 дугаар тогтоолд тухайн төслүүдийн эх үүсвэрийг буцаан төлөх асуудлыг тогтоолд тусгаагүй тул Сангийн яамнаас чиглэл өгөх боломжгүй тухай Эрчим хүчний яаманд хариу хүргүүлсэн.
Дээрх 2 албан бичиг нь хоёулаа Эрчим хүчний яаманд буюу дотогшоо чиглэсэн, иргэн, хуулийн этгээдэд эрх зүйн үр дагавар бий болгоогүй байна. Учир нь Сангийн яамнаас Эрчим хүчний яаманд тухайн хуулийн этгээдтэй гэрээ байгуулах буюу байгуулахгүй байх ямар нэгэн чиглэл өгөөгүй харин ч албан бичигт Сангийн яам нь чиглэл өгөх хууль, эрх зүйн үндэслэл тухай дурдсан байдаг.
Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.36 дахь заалтад тодорхойлсноор “төсвийн ерөнхийлөн захирагч” гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээд юм. Эрчим хүчний сайд нь Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8 дахь заалтын дагуу төсвийн ерөнхийлөн захирагч мөн бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийн дагуу тухайн бараа, ажил, үйлчилгээний хувьд захиалагч юм. Захиалагч буюу Эрчим хүчний яам нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1,2-т үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах, 46.1.4- т худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах үүрэгтэй. Гэтэл Эрчим хүчний яам нь тухайн жилийн төсөвт эх үүсвэр нь тусгагдаагүй ажлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тендер шалгаруулалт зохион байгуулж хуулийг зөрчсөн байна. Энэ нь Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт “Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно” гэж заасан нөхцөлийг бий болгосон.
6. Эрчим хүчний яамнаас Нэхэмжлэгч “А” ХХК-д “Гэрээ цуцлах тухай” албан бичиг буюу нэхэмжлэгчид шууд эрх зүйн үр дагавар бий болгосон захиргааны актыг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн в/2976 тоот албан бичгийг хүргүүлсэн байна. Гэтэл нэхэмжлэгчид энэхүү захиргааны актыг мэдэгдсэнээс хойш Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд 30 хоногийн дотор гомдол гаргаагүй, гомдол гаргах хугацаа дуусгавар болсон байтал шүүхээс энэхүү үйл баримтад дүгнэлт хийгээгүй.
7. Эрчим хүчний яам болон Нэхэмжлэгч “А” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг шүүхээс захиргааны гэрээ гэж үзэн Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийг үндэслэсэн нь үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно гэж заасан. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь нийтийн эрх зүйн харилцааг үүсгээгүй буюу тендер шалгаруулалтын үр дүнд Иргэний эрх зүйн зохицуулалтын хүрээнд хамаарах гэрээ байгуулж тодорхой ажил гүйцэтгэх “гэрээ байгуулагдсан” байна. Мөн энэхүү гэрээний 2.1 дэх заалтад “Иргэний хууль”-ийг үндэслэсэн байдаг. Иймд уг “гэрээ” нь захиргааны гэрээнд хамаарахгүй байтал шүүхээс Захиргааны ерөнхий хуулийг баримталсан нь үндэслэлгүй байна. Мөн шүүхээс гэрээ байгуулахыг даалгах нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэснийг зөрчиж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтын дагуу нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Нэхэмжлэгчээс Монгол Улсын Эрчим хүчний яам, Сангийн яаманд тус тус холбогдуулан “Монгол Улсын Эрчим хүчний яамны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн в/2976 дугаар “Гэрээ цуцлах тухай” шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Сангийн яамны “Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ байгуулахаас татгалзсан “2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хариу хүргүүлэх тухай 6-1/911 тоот албан бичиг, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6-/5945 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэгч “А” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
1. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:
Нэхэмжлэгчээс хариуцагч Сангийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг[1] Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 9254 дүгээр захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон, уг тогтоол хүчин төгөлдөр байна.
Нөгөө талаар, нэхэмжлэгч хуулийн этгээд нь хариуцагч Эрчим хүчний яамтай 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ***-***/**** дугаар гэрээ байгуулснаас хойш тус гэрээний гүйцэтгэлд зарцуулсан (зарцуулж буй) хөрөнгийг эргэн төлөх, төслийг хэрэгжүүлэх асуудлаар хариуцагч Сангийн яам, Эрчим хүчний яаманд удаа дараа хандаж, шийдвэрлэгдээгүй улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
2. Маргааны үйл баримтын тухайд:
Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 180 дугаар тогтоолоор Эрчим хүч, зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталсан байх бөгөөд уг жагсаалтын 5 дугаарт “Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Алтай сум хүртэл 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төслийг түлхүүр гардуулах гэрээгээр өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг сонгож, 2017 оны эхний хагас жилд багтаан гэрээ байгуулан ажлыг нь эхлүүлэх арга хэмжээ авахыг хариуцагч нарт даалгажээ.
Мөн Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор дээрх тогтоолоор батлагдсан жагсаалтын 5 дахь заалтыг “Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Үенч сум хүртэл 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих, Үенч дэд станцыг өргөтгөх төсөл” гэж өөрчилсөн байна.
Засгийн газрын 180, 71 дүгээр тогтоолуудын дагуу 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Түлхүүр гардуулах гэрээгээр өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэй “Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Үенч сум хүртэл 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих, Үенч дэд станцыг өргөтгөх” ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх захиалагч (хариуцагч Эрчим хүчний яам), гүйцэтгэгч (нэхэмжлэгч “А” ХХК)-ийн хооронд ***-***/**** дугаар гэрээг байгуулсан байна.
Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 180 дугаар тогтоолд “Хавсралтад заасан төслийг түлхүүр гардуулах гэрээгээр өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг сонгож, 2017 оны эхний хагас жилд багтаан гэрээ байгуулан ажлыг нь эхлүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд, Эрчим хүчний сайд нарт” даалгасан байна. Үүний дагуу хариуцагч Эрчим хүчний яамнаас маргаж буй төслийг хэрэгжүүлэх гүйцэтгэгчээр нэхэмжлэгч хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан.
Гэтэл хариуцагч Сангийн яамнаас Засгийн газрын дээрх тогтоолд заасан төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авалгүйгээр “Засгийн газрын тогтоолд ... хөрөнгө оруулалтыг буцаан төлөх асуудлыг тусгаагүй” гэсэн үндэслэлээр татгалзсан нь нэхэмжлэгч хуулийн этгээдээс өөрөөс нь хамааралгүй түүнд их хэмжээний хохирол учруулах шийдвэр болжээ. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд Засгийн газрын шийдвэрийн дагуу, Эрчим хүчний яамны сонгон шалгаруулалтаар төсөл хэрэгжүүлэх эрх авч ажлаа эхлүүлсэн байсан тул зөвшөөрөлгүй ажил эхлүүлсэн гэж үзэх боломжгүй учир дээрх хохирол учруулж болзошгүй шийдвэрийг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй байна.
Учир нь Сангийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 6-1/911 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн Ховд, Алтай болон Ховд, Үенч гэсэн хоёр ялгаатай төсөл, арга хэмжээ байхгүй бөгөөд Засгийн газрын 2016 оны 180 дугаар тогтоолоор баталсан “Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Алтай сум хүртэлх 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төслийг Засгийн газрын 2017 оны 71 дүгээр тогтоолоор “Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Үенч сум хүртэл 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих, Үенч дэд станцыг өргөтгөх төсөл” гэж өөрчилсөн төсөл, арга хэмжээ хэрэгжихээр байна. Тиймээс хариуцагч Сангийн яамны татгалзлын нэг үндэслэл болсон “Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Алтай сум хүртэлх болон Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Үенч сум хүртэлх төсөл, арга хэмжээний нэр, байршил өөр, дээрх хоёр ялгаатай төсөл, арга хэмжээ” гэх үндэслэл бодитой биш байна.
3. Хуулийн зохицуулалтын тухайд:
Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно” гэж заасан.
Засгийн газрын 2016 оны 180 дугаар тогтоолын дагуу “Түлхүүр гардуулах гэрээгээр өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэй Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Үенч сум хүртэлх 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих, Үенч дэд станцын өргөтгөлийн ажил”-ыг гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгөх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ЭХА-2017/01 тендерийг гүйцэтгэхээр нэхэмжлэгч “А” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан” тухай Эрчим хүчний яамны 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 6/1996 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдэж, гэрээ байгуулсан байна.
Түүнчлэн, Засгийн газрын 2016 оны 180 дугаар тогтоолд “... төслийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгээр” хэрэгжүүлэхээр заасан байхад хариуцагч Сангийн яамнаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4-д “худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах”, 46.1.5-д “... бараа, ажил, үйлчилгээг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр батлагдсаны дараа худалдан авах ажиллагааг эхлүүлэх” гэж заасныг үндэслэл болгон “Эрчим хүчний яам тухайн оны төсөвт тусгагдаагүй буюу эх үүсвэр нь батлагдаагүй байхад тендер шалгаруулалт зохион байгуулж гүйцэтгэгчийг шалгаруулсан” гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь нэг талдаа, дээрх гэрээнд “Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Үенч сум хүртэл 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих, Үенч дэд станцыг өргөтгөх” ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг нийт 21,183,552,047 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр Эрчим хүчний яам нь төслийн ажил, түүний үнэ өртгийн дүнг тодорхой зааж, тохиролцсон.
Нөгөө талаас, энэхүү төслийг Засгийн газрын тогтоолоор эхлээд төсөл хэрэгжүүлэгчийн “өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгээр” гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байгаа тул “эх үүсвэр батлагдсаны дараа худалдан авах ажиллагааг эхлүүлэх” зохицуулалтын дагуу татгалзсан нь үндэслэлгүй болжээ. Тодруулбал, Засгийн газрын шийдвэрээр концессын зарчмаар төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргаж, Эрчим хүчний яам нь сонгон шалгаруулалт хийж эрх олгон ажил эхлүүлсний дараа Сангийн яам нь төсөл хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн төслийн санхүүжилтийг худалдан авах ажиллагааны зарчмаар санхүүжүүлэх ёстой хэмээн огт өөр үндэслэлээр татгалзсан байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Засгийн газрын шийдвэрийн дагуу дээрх төслийг хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад оролцож, шалгарсан бөгөөд уг төслийн санхүүжилт нь Засгийн газрын 2016 оны 180 дугаар тогтоолд заасны дагуу эхлээд өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэй тул Төсвийн тухай хуульд заасан санхүүжилт авах шаардлагыг энэ байдлаар хангасан, энэ тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4, 46.1.5-д санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр батлагдсаны дараа худалдан авах ажиллагааг эхлүүлэх зохицуулалт хамаарахгүй.
Энэ тохиолдолд төсвөөс санхүүжилт олгох нөхцөл нь өөрөө уг төслийг хэрэгжүүлэх этгээдийг сонгохдоо эхлээд өөрийн хөрөнгөөр төслийг санхүүжүүлэн хэрэгжүүлэх нөхцөл байсан байна. Тиймээс Засгийн газрын яамдын өөр хоорондын үйл ажиллагааг буруутгасан тайлбар, харилцан уялдаа, залгамж чанаргүй шийдвэр нь шүүхээс төсөл хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн төсөл хэрэгжүүлэх эрх авсныг, ажил гүйцэтгэснийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
4. Гэрээ хүчин төгөлдөр эсэх тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно” гэж, мөн зүйлийн 52.2.3-д “дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд” захиргааны гэрээг хэрэглэж болохоор тус тус заасан.
Нэхэмжлэгч “А” ХХК болон хариуцагч Эрчим хүчний яам хооронд 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан ***-***/**** дугаар гэрээний 8-д “Энэхүү гэрээнд санхүүжилтийн зардал, санхүүжүүлэх хэлбэрийг тусгаагүй бөгөөд эдгээр асуудлыг тусгайлан тохиролцож, тусдаа гэрээ байгуулна” гэж, харин 3 дугаар зүйлийн (гэрээ хүчин төгөлдөр болох ба дуусгавар болгох хугацааг зохицуулсан) 3.1-д гэрээ хүчин төгөлдөр болох өдөр хугацаа нь а) захиалагч, гүйцэтгэгч хоёр энэхүү гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, b) “Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ” хүчин төгөлдөр болсноор зэрэг нөхцөл бүрэн хангагдсанаар тодорхойлогдохоор, 3.2-т “Хэрэв 3.1-д заасан нөхцөлүүд гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш нэг сарын дотор гүйцэтгэгчид үл хамаарах шалтгаанаараа биелэгдэхгүй бол талууд гэрээний үнэ болон дуусгавар болгох хугацаа, гэрээний холбогдох нөхцөлүүдэд зохих тохируулгыг харилцан тохиролцож хийж болно” гэж тус тус заажээ.
Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн гүйцэтгэж буй төслийн санхүүжилтийн зардал, санхүүжүүлэх хэлбэр нь уг гэрээгээр зохицуулагдаагүй тусдаа асуудал байх бөгөөд санхүүжилттэй холбоотой уг асуудлыг зохицуулах ёстой “Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ” байгуулагдаагүй нь түлхүүр гардуулах гэрээгээр өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэй 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан ***-***/**** дугаар бүхий захиргааны гэрээг хүчингүй гэж үзэх үндэслэл болохооргүй байна.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлд захиргааны гэрээнд өөрчлөлт оруулах, цуцлах тусгай тохиолдлыг заасан бөгөөд уг зүйлийн 56.3-д “Захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл арилгах үүднээс захиргааны гэрээг дангаар цуцалж болно” гэжээ. Өөрөөр хэлбэл, захиргааны гэрээг нэг тал буюу захиргааны байгууллага дангаар цуцалж болох “нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл арилгах” үндэслэл бүрдээгүй байхад тусдаа зохицуулагдах төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ байгуулагдаагүй гэсэн үндэслэлээр гэрээг цуцалсан нь дээрх байдлаар хуульд нийцээгүй байна.
Эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 112 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г, хариуцагч Эрчим хүчний яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
[1] Хэргийн 2 дугаар хавтас, 12-р тал.