Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 185

 

Н.Д- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00500/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Аммарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1181 дугаар шийдвэртэй, 

           Нэхэмжлэгч Н.Д-, А.Э-, Н.О-, М.Ж-, Ж.Г- нарын  нэхэмжлэлтэй,

           Хариуцагч “Дархан Өргөө” политехник коллежид холбогдох 

          “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” иргэний хэргийг

           Хариуцагчийн өмгөөлөгч А.Намсрай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Саранцэцэг нарын давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгч Н.Д-, А.Э-, Н.О-, М.Ж-, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч И.Атарбямба, хариуцагчийн өмгөөлөгч А.Намсрай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Д-, А.Э-, Н.О-, М.Ж-, Ж.Г- нар шүүхэд гаргасан  нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Отгончулуун, Н.Д-, А.Э-, Н.О-, М.Ж-, Ж.Г- бид тус сургуулийн цайны газарт тасралтгүй 7-9 жил ажилласан үндсэн ажилчид юм. Бид ахлах тогооч 2, бэлтгэгч 2, угаагч 2 гэсэн орон тоотойгоор ажиллаж ажлын байрандаа Хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжийн зөрчил нэг ч удаа алдаа дутагдал гаргаж байгаагүй. Харин ч сургууль, түүний салбар нэгж сум, аймаг, улсын чанартай уралдаан тэмцээнд удаа дараа орж хөдөлмөрийн аварга, захирлын нэрэмжит шагнал болон бусад шагнал урамшуулал авч, сургуулийн багш ажилчид нийт 100 гаруй хүн, тус сургуулийн дотуур байрны оюутан сурагчдад эцэг, эхийнх нь оронд эцэг, эх болж үүрийн 0600 цагаас үдшийн 2200 цаг хүртэл тасралтгүй 2 ээлжээр ажиллаж халуун хоол цайгаар үйлчилж ирсэн, тус сургуулийн захиргаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж үндсэн ажилтнаар ажиллаж байсан ажилчид мөн.

Гэтэл тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Отгонбат Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.11, 40.5, 42.1-р заалтууд, хөдөлмөрийн яамын сайд Г.Баярсайханы 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн  Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм бүтэц, орон тоог, шинэчлэл батлах тухай А/30 тушаалыг үндэслэсэн гэх шалтгаанаар биднийг 2016.03.01-ний өдөр  2016.02.22-ны өдөр гаргасан 24 дугаар тоот тушаалаар ажлаас халлаа. Бид Т.Отгонбатын гаргасан тушаал нь өөрөө хууль дүрэм зөрчсөн тушаал шийдвэр байна гэж үзэн эсэргүүцэж хууль шүүхийн байгууллагад хандаж байна. Ер нь мэргэжлийн боловсролын сургалтын төвүүд болон манай сургуулийн жирийн ажилчид жижүүр, слесарь, тогооч, үйлчлэгч гэх мэтийн ажилчид улс төрийн 2 том намын тоглоом болж жирийн ажилчид ажлаас халагдаж байгаад их харамсаж байна. Үүний нэг тод жишээ нь хөдөлмөрийн яамны сайдаар С.Чинзориг гэж хүн ирж 2015.06.29-ний өдөр Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм, бүтэц, орон тоог батлах тухай А/126 тоот тушаал гаргаж тус сургуулийн тогоочийн орон тоог 2 орон тоотой байхаар баталсан явдал юм.

Энэ тушаал шийдвэрийг үндэслэн Т.Отгонбат тус сургуулийн цайны газрыг түрээсээр ажиллуулахаар болж 2015.09.07-ны өдөр биднийг ажлаас халах 91 тоот мэдэгдэл өгч байсан. Бид хөдөлмөрийн яамны сайдын уг тушаал шийдвэр нь амьдралд нийцээгүй тушаал шийдвэр байна гэж үзэн сургуулийн үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Гаднаабазарт өргөдөл гомдол гарган сургуулийн захиргаатай ярилцсаны эцэст яам тамгын газарт албан бичиг хүргүүлж, өөрсдийн төлөөллөө яам тамгын газарт явуулж тус сургуулийн тогооч нарыг ажлын байранд нь үлдээж өгөх талаар хөөцөлдөж явах хугацаанд хөдөлмөрийн яамны сайд дахин солигдож тус яамны сайдаар Г.Баярсайхан гэж хүн ирж  Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм бүтэц, орон тоог, шинэчлэл батлах тухай 2016.02.06-ны өдөр А/30 тоот тушаал гаргаж, урьд яамны сайд асан С.Чинзоригийн 2015.06.29-ны өдрийн А/126 тоот тушаалыг хүчингүй болгож мөн тус сургуулийн бүтэц, орон тоог шинэчлэн баталж, уг тушаалын хавсралтандаа тус сургуулийн цайны газарт 4 тогоочийн орон тоотой ажиллахаар баталж цалин хөлсийг төсөвт суулгаж өгсөн байдаг. Гэтэл Т.Отгонбат  яамны сайдын тушаал шийдвэрийг үл харгалзан тус сургуулийн цайны газрыг түрээсэлж, биднийг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан явдал нь хууль зөрчиж байна. Т.Отгонбатын ажлаас чөлөөлөх тухай тушаалд заасан дээрх хуулийн заалтууд болох хөдөлмөрийн яамны сайдын тушаалыг үндэслэсэн нь бидний ажлаас халах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Үүнд: Т.Отгонбат нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.11-т заалтыг үндэслэсэн байна. Уг 40.11 дэх заалт нь аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, эсвэл ажилтны тоог цөөрүүлсэн гэж заасан байна. Тэгвэл энд ямарч аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар, нэгж татан буугдаж, орон тоо хасагдсан зүйл байхгүй, харин Хөдөлмөрийн яамны сайдын 2016.02.04-ний өдөр баталсан тушаал тус сургуулийн цайны газар тогоочийн 4 орон тоотой байхаар ирүүлсэн тушаал хүчин төгөлдөр байсаар байтал уг заалтыг үндэслэл болгосон нь биднийг ажлаас халах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-р заалт нь ажил олгогч энэ хуулийн  40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж  татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэж заасан байна. Т.Отгонбат нь хуулийн дагуу бидэнд 1 сарын өмнө ажлаас халах тухай мэдэгдэж, ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй мөн ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдээгүй, бид ямар үндэслэлээр ажлаас халж байгаа юм бэ, ажлаас халах тухай мэдэгдсэн мэдэгдлээ авья гэж ороход та нарын ажлын байр бэлэн байгаа тул та нарт мэдэгдэл өгөхгүй, тиймээс та нар шүүхэд ханд гэж хэлсэн зэргээс харахад уг заалт нь бидний ажлаас халах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-т заалт нь: Ажил олгогч нь энэ хуулийн  37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасан байна. 42.1-д заасан 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3 хуулийн заалтуудын аль нь ч биднийг ажлаас халахад хамаарахгүй байгаа тул энэ заалтын үндэслэл өөрөө хуулиа зөрчиж байгаа учир биднийг ажлаас халах үндэслэл болохгүй. Хуулийн  37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд гэнэт халагдсаны тэтгэмж олгоно гэж заасан байна. Т.Отгонбат нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан ажилтан ажлаас халагдсаны тэтгэмжийг ажлаас халагдсан өдөрт нь олгоно гэсэн заалтыг зөрчиж биднийг ажлаас халаад 14 хоног болж байхад ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж олгогдоогүй байгаа тул 42.1-д дэх заалт нь биднийг ажлаас халах үндэслэл болохгүй. Хөдөлмөрийн сайдын 2016.02.04-ны өдрийн Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай А/30 тушаалыг үндэслэсэн байна. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нь 2016.02.04-ний өдрийн А/30 тоот тушаал гаргаж Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрмийн 1 дүгээр, бүтэц орон тоог 2 дугаар хавсралтаар тус тус баталж ирүүлэхдээ тус сургуулийн цайны газар нь тогоочийн 4 орон тоотой байхаар зааж ирүүлсэн тушаал нь одоо ч хүчин төгөлдөр байгаа учир энэ тушаалыг үндэслэсэн нь биднийг ажлаас халах үндэслэл болохгүй. Уг тушаалын 2 дугаар хавсралтаар ирүүлсэн тус сургуулийн бүтэц орон тоон дээр тогооч 2 орон тоотой байхаар зааж цалингийн шатлалын ТҮ-2 дугаар, туслах тогооч 2 орон тоотой ТҮ-1-ээр цалинжуулахаар зааж бидний цалин хөлсийг төсөвт суулгаж өгсөн байгаа тул энэ тушаалыг үндэслэсэн нь хууль зөрчиж байна.

Иймд бид Т.Отгонбатыг хууль зөрчин биднийг ажлаас үндэслэлгүй халсан гэж Дархан-Уул аймгийн хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд 2016.03.07-ны өдөр өргөдөл гаргасан боловч тус салбар хороо нь 2016.03.11-ний өдөр бидэнтэй уулзаж та нарын энэ асуудлыг бид шийдэж чадахгүй юм байна. Та нар дараагийн шатны шүүхэд ханд гэдэг хариу өгсөн. Бид та нар шийдэж чадахгүй байгаа бол албан ёсоор бичгээр хариу өг гэж шаардахад бид бичгээр хариу өгөх боломжгүй тул өгөхгүй гэж хэлсэн юм. Тийм учраас бид хууль шүүхийн байгууллагад хандаж байна гэжээ.

Хариуцагч “Дархан Өргөө” политехникийн коллеж  шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус коллеж нь тогоочийн 2, туслах 2, угаагч 2 нийт 6 хүний орон тоотойгоор цайны газрын үйл ажиллагааг хэвийн явуулж байсан. Гэтэл 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хөдөлмөрийн сайдын А/126 тоот тушаал гарч цайны газрын орон тоог 2 тогоочтой ажиллуулахаар төсөв, орон тоо батлагдаж ирсэн ба байгууллага орон тоо, төсөвтөө захирагдан зайлшгүй цомхтгол хийх шаардлага гарч ажлаас гарах мэдэгдэл өгч байсан юм. Энэ талаар мөн яаманд бичгээр, хүмүүсээ хэрхэн зохицуулж, ажиллуулах орон тоог нэмэгдүүлэх талаар болон хүмүүс ажлаас орон тооны цомхтголоор халагдаж байгаа тухай, орон тоог хэрхэн зохицуулах тухай хүсэлт явуулсан боловч энэ тухай тодорхой хариу шийдвэр ирүүлээгүй байгууллага түүгээрээ зохицуулж ажилла гэсэн зөвлөмж өгсөн. Ингээд ажлын шаардлагын дагуу орон тооны цомхтголоор Хөдөлмөрийн хуульд нийцүүлэн тогооч нарыг цомхотголд оруулан ажлаас халах мэдэгдэл өгсөн мөн зайлшгүй тендер шалгаруулах шаардлага гарч тендерт ХААА/2015-ДПК 02 дугаар бүхий “Орчин бадрах” ХХК шалгарч дотуур байрны цайны газрыг түрээслэх гэрээ байгуулж ажиллах Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1-68 тоот зөвлөмжийг хүлээн авсан. Энэ үед 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн сайдын А/16 тоот тушаал гарч цайны газарт 2 тогооч, 2 туслах тогоочийн орон тоо батлагдаж ирсэн бөгөөд үүнээс өмнө цомхтголоор халагдсан тогооч нар өөрсдөө сайн дурын үндсэн дээр ажлаас халагдах өргөдлөө гаргаж байгууллагатай харилцан ярилцаж тохиролцсны үндсэн дээр гэнэт халагдсаны тэтгэмжээ авахаар болсон нь үнэн юм. Мөн байгууллагын зүгээс дээрх тендер зарласан компанитай ажлаас халагдсан тогооч нарыг хамтарч ажиллах талаар зөвлөсөн боловч өөрсдөө ажлын ачаалал их, цаашид ажиллах боломж нөхцөлгүй гээд ажиллаагүй болно. Ажлаас цомхотголоор халагдсан хүмүүсийн тэтгэмжийн мөнгө 9 сая гаруй төгрөгийг олгохоор Яаманд хүсэлт удаа дараа явуулсан боловч төсөвт суугаагүй гэдгээр одоо болтол дээрх тэтгэмжийн мөнгө олгогдоогүй нь үнэн юм. Нэгэнт Хөдөлмөрийн сайдын тушаал гарч орон тоо цомхотгогдож тендер зарлагдсан үйл ажиллагаа журмын дагуу явагдаж байх явцад шинэ сайдын тушаал гарч тогоочийн орон тоог 4 болгон баталсан боловч үйл ажиллагаа, үйл явдал аль хэдийн өрнөөд явагдаж байгаа тул байгууллагын зүгээс энэ асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ, төсөв, цалинжуулах ямар нэг боломж нөхцөл байхгүй юм. Манай байгууллага нь шууд босоо удирдлагатай, орон тоо, цалин ямар журмаар яаж ажиллах хэм хэмжээг Хөдөлмөрийн яамнаас шууд удирдан зохион байгуулж чиглүүлдэг ба дээрх ажлаас халагдсан хүмүүсийг бид холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаандаа тааруулж халсан нь үндэстэй гэж үзэж байна. Зохих орон тооны цомхтголын дагуу өөрсдөө сайн дурын үндсэн дээр хүсэл зоригийнхоо дагуу өргөдлөө өгч ажлаас халагдсан мөртлөө одоо яагаад нэхэмжлэл гаргаад байгаа талаар ойлгомжгүй байна. Иймд асуудлыг хууль журмын дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө гэдэгт гүнээ итгэж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1181 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар “Дархан-Өргөө” политехникийн коллежийн тогоочийн ажилд Н.Д-г, туслах тогоочийн ажилд А.Э-, Н.О-, угаагчийн ажилд Ж.Г-, М.Ж- нарыг эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “Дархан-Өргөө” политехникийн коллежоос 4,486,230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Дунгармаад, 4,440,000 төгрөгийг гаргуулан А.Э-, 4,380,000 төгрөгийг гаргуулан Н.О-д, 3,800,000 төгрөгийг гаргуулан М.Ж-д, 3,800,000 төгрөгийг гаргуулан Ж.Г- нарт тус тус олгож,

 Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “Дархан-Өргөө” политехникийн коллежид даалгаж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Дархан-Өргөө” политехникийн коллежийн улсын тэмдэгтийн хураамжид нийт 332,681 /262,481+70,200/ төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Намсрай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Саранцэцэг нар давж заалдсан гомдолдоо:

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг тушаал гаргаж “Дархан-Өргөө” политехник коллежийн цайны газрын орон тоог 6 ажилтантай байсныг цөөрүүлж 2 орон тоотой болгох шийдвэр гаргасан. Уг тушаалыг сургуулийн зүгээс үндэслэл муутай байна гэдэг талаар удаа дараа санал, хүсэлт тавьж хөөцөлдөж байсан. Хөдөлмөрийн сайдын тушаал гарсан ч, ажил олгогч ажилтнуудыг ажлаа хийж бай гээд халах тушаал гаргаагүй байсан. Энэ үеэр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан А/16 тоот тушаал гаргаж цайны газрын ажилтан нарын орон тоог 2 хүнээр нэмж 4 орон тоотой болгосон. Бид ч хуучин ажилтан нартаа энэ тухай хэлж одоо 4 орон тоогоор ажиллах боломжтой боллоо гэсэн. Гэтэл нэхэмжлэгч нар нь 4 орон тоогоор ажиллах боломжгүй, хуучин 6 орон тоогоороо л ажиллана тэгэхгүй бол бид ажиллахгүй гэдэг хариуг өгсөн. Улмаар нэхэмжлэгч нар нь 2016.02.18-нд бүтцийн өөрчлөлтийн улмаас орон тооны цомхотголд 2016.03.01-нээс орж байгаа тул гэнэт халагдсаны тэтгэмжийн мөнгөө авна гэж бүгд өргөдөл гаргаж өгсөн. Нөхцөл байдал ийм болсон үед сургуулийн 300 гаруй оюутан, суралцагчдын эрх ашгийн үүднээс дээрх өргөдлийг өгснөөс хойш 4 хоногийн дараа тушаал гаргаж яамны сайдын тушаалыг үндэслэн Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажлаас нь чөлөөлсөн тушаалыг 2016.02.22-нд гаргасан  болно. Тушаалд зааснаас Хөдөлмөрийн хуулийн 42 дугаар  зүйлийн 42.1-д зааснаар ээлжийн амралтын цалин, нэхэмжлэгч бүрт 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгосон.Энэ үед арга буюу оюутан сурагчдынхаа эрх ашгийг хохироохгүй гэж сургуулийн захиргаа шийдвэрлэж, Хөдөлмөрийн яам, Аймгийн захиргаатай зөвшилцөн эрх бүхий байгууллагаар тендер зарлуулж хууль журмын дагуу сонгон шалгаруулалт явуулсан.

Энэ ажилд манай сургуулийн захиргаа оролцоогүй гэдгийг дурдах нь зөв байх. Ингээд тендерт ялсан багийг аймгийн засаг дарга батламжилж, тэд ажлаа өнөөдрийг хүртэл чиг үүргийн дагуу сайн хийж байгаа болно. Ингэснээс улсын төсөв болон сургуулийн санхүүд хүндрэл учруулахгүй өөрсдөө аж ахуйн тооцоон дээр ажиллаж өнөөгийн төр засгаас тавьж буй шаардлагад нийцсэн дэвшилтэт хэлбэрээр ажиллаж байгааг төрийн шүүх лав буруутгахгүй байх. Тэрнээс ажлаа ямар ч байсан хийнэ, халагдахгүй гээд байгаа хүмүүсийг ямар ч үндэслэлгүй халж оронд нь танил тал, хамаатан саднаа аваагүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Сум дундын шүүхээс энэ хэргийг шийдвэрлэхдээ гаргасан 1181 тоот шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах болсон 3 үндэслэлийг авч үзье.

Хариуцагч тал ажилтны санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан гэж тайлбарлаж байгаа боловч тус коллежийн захирлын 2016.02.22-ны өдрийн 24 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан  гэжээ. Уг нь хэргийн оролцогчид амаараа юуг яаж тайлбарлах нь шүүхэд чухал биш, харин хөдөлмөрийн харилцааг зохицуулж эрх зүйн үр дагавар бий болгож байгаа тушаал юу гэж гарсан нь чухал баймаар. Тэгвэл яамны сайдын тушаалыг үндэслээд ажилтандаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасныг баримтлан ажлаас халах болсон шалтгаанаа заасан мэдэгдэх хуудас нэхэмжлэгч нарт гардуулсан.

Хууль болон тушаалд заасан, мөн ажилтан нарын гаргасан өргөдлийн дагуу тэдэнд Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д зааснаар 5 хүн тус бүрт гэнэт халагдсаны тэтгэмж олгосоныг нэхэмжлэгч нар үгүйсгэхгүй.  Иймд тушаал Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д гэж гаргасан учраас энд хүний толгой эргээд байх зүйлгүй, тушаал өөрөө хууль ёсны юм. Хэрэв тушаал нь ажилтны санаачлагаар гэвэл тэдэнд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2.1-д зааснаар тэтгэмж олгохгүй, хэрэв олгосон бол хууль бус үйлдэл болох юм. Хөдөлмөрийн сайдын 2016.02.04-ний өдрийн А/30 дугаартай тушаалд 2 тогооч, 2 тогоочийн туслах 4 орон тоотой баталсан байхад тус коллежийн захирлын 2016.02.22-ны тушаалаар тогооч, тогоочийн туслах А.Э-, Н.О- нарыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ. Гэтэл эдгээр нэхэмжлэгч нар нь ажлаас чөлөөлөх тушаал гарахаас 4 хоногийн өмнө бид 4 орон тоон дээр ажиллахгүй гэнэт халагдсаны мөнгөө авна, бүтцийн өөрчлөлтийн улмаас орон тооны цомхотголоор халагдаж байгаагаа хүлээн зөвшөөрсөн 5 нэхэмжлэгчийн өргөдөл хавтаст хэрэгт байгаа. 4 орон тоотой болгох сайдын тушаал ирсэн даруйд хуучин ажилчиддаа 4 орон тоогоор ажиллаач гэж санал тавьсан боловч тэд саналыг хүлээж авахаас татгалзсаныг хэлэх нь зүйтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэжээ. Ажлаас хууль бусаар халагдсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан 5 этгээдүүд: шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн яамны сайдын тушаал шийдвэрийг үндэслэн Т.Отгонбат нь тус сургуулийн цайны газрыг түрээсээр ажиллуулахаар болж 2015.09.07-ны өдөр № 97 тоот мэдэгдэл өгч биднийг ажлаас халахаа мэдэгдсэн юм гэж бичсэн байгаа. Гэтэл шүүх нэхэмжлэгчид өөрсдөө ажлаас халах мэдэгдэх хуудас авснаа он, сар, өдөр дугаартай нь хүлээн зөвшөөрөөд байхад мэдэгдэх хуудас өгөх үүргээ яагаад биелүүлээгүй гээд байгаа юм бэ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэр гаргах  болсон дээрх 3 үндэслэл нь бодит байдалтай нийцэхгүй, шүүхийн шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмаа хангаагүй гаргасан гэж үзэх үндэслэл байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож Сум дундын шүүхийн 1181 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь үндэслэлтэй байна.

             Ажил олгогч  “Дархан-Өргөө  политехник коллеж нь  тус сургуультай  хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж  байсан тогооч Л.Отгончулуун, Н.Д-, туслах тогооч А.Э-, Н.О-, угаагч Ж.Г-, М.Ж- нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн заалтын агуулга болон журмыг  зөрчсөн байна.

            Ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн  гэрээг цуцлах  үндэслэлээ хариуцагч тал орон тоо бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэнтэй холбоотой гэж тайлбарлаж энэ талаар харьяалах дээд газрын шийдвэрийг шүүхэд баримтаар ирүүлжээ. Хэргийн  48-49 хуудсанд авагдсан  Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/30 дугаар тушаалаар тус сургуулийн бүтэц орон тоог шинэчлэн баталж ирүүлснийг судалвал  тогоочийн  2, тогоочийн туслахын  2 орон тоо  байхаар тогтоожээ.

            Ажил олгогч  орон тоонд нийцүүлэн ажилтны тоог цөөрүүлэхдээ орон тоо нь хэвээр хадгалагдан үлдээгүй ажилтнуудын хувьд тогоочийн туслах ажилтан гэдэгт ажил байдлын тодорхойлолтын хувьд хэнийг хэлэхийг үндэслэлтэйгээр тогтоож, ажиллагсдын ажилласан жил болон  мэргэжил ур чадвар, Хөдөлмөрийн тухай хуульд заасан бусад нөхцөл байдлуудыг  харгалзан  тус байгууллагад мөрдөгдөх дүрэм журамд нийцүүлэн хэлэлцэж шийдвэрлэх учиртай  хэрэгт энэ байдал тогтоогдоогүй, орон тоо нь хэвээр хадгалагдан үлдсэн тогооч нарыг хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас нь халж шийдвэрлэсэн байна.  Ажил олгогчийн дээрх шийдвэр нь иргэний Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрх болон зөвхөн Хөдөлмөрийн хуульд нийцүүлэн ажилтныг ажлаас халах эрхийг хөндсөн хууль бус эрхийн акт юм. Иймд энэ талаар гаргасан ажилтнуудын  гомдол үндэслэлтэй байна.

            Хариуцагч анхан шатны шүүх хуралдаанд болон давж заалдах гомдолдоо ажилтнуудын хүсэлтээр тэдний гаргасан бичгийн хүсэлтийн дагуу хөдөлмөрийн гэрээ цуцалсан гэсэн тайлбар нь хэргийн бодит  байдалтай нийцээгүй байна.

            Ажилтан өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт нь тодорхой үндэслэл шалтгаан бүхий түүний сайн дурын хүсэл зоригийн илэрхийлэл байх юм. Хүсэлтээ ажилтан  ажил олгогч болон хэн нэгний нөлөө, дарамт  шахалтгүйгээр үйлдсэн байхыг  ойлгоно.

Бүтцийн өөрчлөлттэй холбоотой ажлаас чөлөөлөгдөх болсонтой холбогдуулан ажлаас халагдсаны тэтгэмж олгож өгөх талаар ажилтнуудын бичгээр гаргасан хүсэлтийг ажлаас чөлөөлөгдөх  сайн дурын хүсэлт гэж ойлгох, ажлаас халагдсаны тэтгэмж авсан байдлыг хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн баримт гэж үзэх боломжгүй  байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй ажил олгогчийн эрх зүйн актыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин орлоготой тэнцэх олговрыг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагч төсвийн байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгддөг тул гомдол гаргахдаа төлсөн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1.Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1181 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.  

             2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар гаргаж буцаан олгосугай. 

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.АМАРСАНАА             

                            ШҮҮГЧИД                                             С.ЭНХЖАРГАЛ

                                                                                          О.НАРАНГЭРЭЛ