Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 1181

 

Хэргийн индекс: 135/2016/00500/И

Дархан-Уул аймаг дахь Сумд ундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, Майхант *** тоотод оршин суух Б*** овгийн Н*** Д*** /регистрийн дугаар ***/
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум 11 дүгээр баг 6 дугаар хороолол *** тоотод оршин суух А** овгийн А*** Э***/регистрийн дугаар ***/,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум 7 дугаар баг Алтангадас *** тоотод оршин суух Ө*** овгийн Н*** О*** /регистрийн дугаар ***/, 
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум 16 дугаар баг 1 дүгээр хороолол *** тоотод оршин суух Т*** овгийн М*** Ж*** /регистрийн дугаар ***/
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум 16 дугаар баг 1 дүгээр хороолол ***  тоотод оршин суух Д*** овгийн Ж*** Г*** /регистрийн дугаар****/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум 13 дугаар баг *** хотхон *** коллеж  /регистрийн дугаар ***/ нарт холбогдох,

“Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг нөхөн бичүүлэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Э***, Н.О***, М.Ж***, Ж.Г***, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч И.А***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цог, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Д***, А.Э***, Н.О***, М.Ж***, Ж.Г*** нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Л.О***, Н.Д***, А.Э***, Н.О***, М.Ж***, Ж.Г*** бид тус сургуулийн цайны газарт тасралтгүй 7-9 жил ажилласан үндсэн ажилчид юм. Бид ахлах тогооч 2, бэлтгэгч 2, угаагч 2 гэсэн орон тоотойгоор ажиллаж ажлын байрандаа хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжийн зөрчил нэг ч удаа алдаа дутагдал гаргаж байгаагүй. Харин ч сургууль, түүний салбар нэгж сум, аймаг, улсын чанартай уралдаан тэмцээнд удаа дараа орж хөдөлмөрийн аварга, захирлын нэрэмжит шагнал болон бусад шагнал урамшуулал авч, сургуулийн багш ажилчид нийт 100 гаруй хүн, тус сургуулийн дотуур байрны /эцэг, эх, асран хамгаалагчаасаа хол байгаа 350-д/ оюунтан сурагчдад эцэг, эхийнх нь оронд эцэг, эх болж үүрийн 0600 цагаас үдшийн 2200 цаг хүртэл тасралтгүй 2 ээлжээр ажиллаж халуун хоол цайгаар үйлчилж ирсэн, тус сургуулийн захиргаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж үндсэн ажилтнаар ажиллаж байсан ажилчид мөн.
Гэтэл тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Т.О*** нь хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.11, 40.5, 42.1-р заалтууд, хөдөлмөрийн яамын сайд Г.Б***ы 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм бүтэц, орон тоог, шинэчлэл батлах тухай” А/** тушаалыг үндэслэсэн гэх шалтгаанаар биднийг 2016.03.01-ний өдөр Т.О*** нь 2016.02.22-ны өдөр гаргасан ** дугаар тоот тушаалаар ажлаас халлаа. Бид Т.О***ын гаргасан тушаал нь өөрөө хууль дүрэм зөрчсөн тушаал шийдвэр байна гэж үзэн эсэргүүцэж хууль шүүхийн байгууллагад хандаж байна. Ер нь мэргэжлийн боловсролын сургалтын төвүүд болон манай сургуулийн жирийн ажилчид жижүүр, слесарь, тогооч, үйлчлэгч гэх мэтийн ажилчид улс төрийн 2 том намын тоглоом болж жирийн ажилчид ажлаас халагдаж байгаад их харамсаж байна. Үүний нэг тод жишээ нь хөдөлмөрийн яамны сайдаар С.Ч*** гэж хүн ирж 2015.06.29-ний өдөр “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм, бүтэц, орон тоог батлах” тухай А/*** тоот тушаал гаргаж тус сургуулийн тогоочийн орон тоог 2 орон тоотой байхаар баталсан явдал юм. Энэ тушаал шийдвэрийг үндэслэн Т.О*** нь тус сургуулийн цайны газрыг түрээсээр ажиллуулахаар болж 2015.09.07-ны өдөр биднийг ажлаас халах 91 тоот мэдэгдэл өгч байсан юм. Бид хөдөлмөрийн яамны сайдын уг тушаал шийдвэр нь амьдралд нийцээгүй тушаал шийдвэр байна гэж үзэн сургуулийн үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Гаднаабазарт өргөдөл гомдол гарган сургуулийн захиргаатай ярилцсаны эцэст яам тамгын газарт албан бичиг хүргүүлж, өөрсдийн төлөөллөө яам тамгын газарт явуулж тус сургуулийн тогооч нарыг ажлын байранд нь үлдээж өгөх талаар хөөцөлдөж явах хугацаанд хөдөлмөрийн яамны сайд дахин солигдож тус яамны сайдаар Г.Б*** гэж хүн ирж “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм бүтэц, орон тоог, шинэчлэл батлах тухай” 2016.02.06-ны өдөр А/** тоот тушаал гаргаж, урьд яамны сайд асан С.Ч***ийн 2015.06.29-ны өдрийн А/*** тоот тушаалыг хүчингүй болгож мөн тус сургуулийн бүтэц, орон тоог шинэчлэн баталж, уг тушаалын хавсралтандаа тус сургуулийн цайны газарт 4 тогоочийн орон тоотой ажиллахаар баталж цалин хөлсийг төсөвт суулгаж өгсөн байдаг. Гэтэл Т.О*** нь яамны сайдын тушаал шийдвэрийг үл харгалзан тус сургуулийн цайны газрыг түрээсэлж, биднийг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан явдал нь хууль зөрчиж байна. Т.О***ын ажлаас чөлөөлөх тухай тушаалд заасан дээрхи хуулийн заалтууд болох хөдөлмөрийн яамны сайдын тушаалыг үндэслэсэн нь бидний ажлаас халах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Үүнд: 
Т.О*** нь хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.11-т заалтыг үндэслэсэн байна.
Уг 40.11 дэх заалт нь аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, эсвэл ажилтны тоог цөөрүүлсэн гэж заасан байна.
Тэгвэл энд ямарч аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар, нэгж татан буугдаж, орон тоо хасагдсан зүйл байхгүй, харин хөдөлмөрийн яамны сайдын 2016.02.04-ний өдөр баталсан тушаал тус сургуулийн цайны газар тогоочийн 4 орон тоотой байхаар ирүүлсэн тушаал хүчин төгөлдөр байсаар байтал уг заалтыг үндэслэл болгосон нь биднийг ажлаас халах үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-р заалтыг үндэслэсэн байна.
-    40.5-р заалт нь ажил олгогч энэ хуулийн  40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж  татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэж заасан байна.
-    Т.О*** нь хуулийн дагуу бидэнд 1 сарын өмнө ажлаас халах тухай мэдэгдэж, ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй мөн ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдээгүй, бид ямар үндэслэлээр ажлаас халж байгаа юм бэ, ажлаас халах тухай мэдэгдсэн мэдэгдлээ авья гэж ороход та нарын ажлын байр бэлэн байгаа тул та нарт мэдэгдэл өгөхгүй, тиймээс та нар шүүхэд ханд гэж хэлсэн зэргээс харахад уг заалт нь бидний ажлаас халах үндэслэл болохгүй гэж үзэж байна. 
1.    Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-т заалт нь: Ажил олгогч нь энэ хуулийн  37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасан байна. 
-    42.1-д заасан 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3 хуулийн заалтуудын аль нь ч биднийг ажлаас халахад хамаарахгүй байгаа тул энэ заалтыг үндэслэл өөрөө хуулиа зөрчиж байгаа учир биднийг ажлаас халах үндэслэл болохгүй.
-    Хуулийг 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд гэнэт халагдсаны тэтгэмж олгоно гэж заасан байна. Т.О*** нь хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д заасан ажилтан ажлаас халагдсаны тэтгэмжийг ажлаас халагдсан өдөрт нь олгоно гэсэн заалтыг зөрчиж биднийг ажлаас халаад 14 хоног болж байхад ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж олгогдоогүй байгаа тул 42.1-т дэх заалт нь биднийг ажлаас халах үндэслэл болохгүй.
2.    Хөдөлмөрийн сайдын 2016.02.04-ны өдрийн “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” А/** тушаалыг үндэслэсэн байна.
3.    Хөдөлмөрийн сайд Г.Б*** нь 2016.02.04-ны өдрийн А/** тоот тушаал гаргаж “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрмийн 1 дүгээр, бүтэц орон тоог 2 дугаар хавсралтаар тус тус баталж ирүүлэхдээ тус сургуулийн цайны газар нь тогоочийн 4 орон тоотой байхаар зааж ирүүлсэн тушаал нь одоо ч хүчин төгөлдөр байгаа учир энэ тушаалыг үндэслэсэн” нь биднийг ажлаас халах үндэслэл болохгүй
4.    Уг тушаалын 2 дугаар хавсралтаар ирүүлсэн тус сургуулийн бүтэц орон тоон дээр тогооч 2 орон тоотой байхаар зааж цалингийн шатлалын ТҮ-2 дугаар, туслах тогооч 2 орон тоотой ТҮ-1 дүгээрээр цалинжуулахаар зааж бидний цалин хөлсийг төсөвт суулгаж өгсөн байгаа тул энэ тушаалыг үндэслэсэн нь хууль зөрчиж байна.
Иймд бид Т.О***ыг хууль зөрчин биднийг ажлаас үндэслэлгүй халсан гэж Дархан-Уул аймгийн хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд 2016.03.07-ны өдөр өргөдөл гаргасан боловч тус салбар хороо нь 2016.03.11-ний өдөр бидэнтэй уулзаж та нарын энэ асуудлыг бид шийдэж чадахгүй юм байна. Та нар дараагийн шатны шүүхэд ханд гэдэг хариу өгсөн. Бид та нар шийдэж чадахгүй байгаа бол албан ёсоор бичгээр хариу өг гэж шаардахад бид бичгээр хариу өгөх боломжгүй тул өгөхгүй гэж хэлсэн юм. Тийм учраас бид хууль шүүхийн байгууллагад хандаж байна” гэжээ.

Хариуцагч ***ийн коллеж нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Тус коллеж нь тогоочийн 2, туслах 2, угаагч 2 нийт 6 хүний орон тоотойгоор цайны газрын үйл ажиллагааг хэвийн явуулж байсан юм. Гэтэл 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хөдөлмөрийн сайдын А/*** тоот тушаал гарч цайны газрын орон тоог 2 тогоочтой ажиллуулахаар төсөв, орон тоо батлагдаж ирсэн ба байгууллага орон тоо, төсөвтөө захирагдан зайлшгүй цомхотгол хийх шаардлага гарч ажлаас гарах мэдэгдэл өгч байсан юм. Энэ талаар мөн яаманд бичгээр, хүмүүсээ хэрхэн зохицуулж, ажиллуулах орон тоог нэмэгдүүлэх талаар болон хүмүүс ажлаас орон тооны цомхотголоор халагдаж байгаа тухай, орон тоог хэрхэн зохицуулах тухай хүсэлт явуулсан боловч энэ тухай тодорхой хариу шийдвэр ирүүлээгүй байгууллага түүгээрээ зохицуулж ажилла гэсэн зөвлөмж өгсөн. Ингээд ажлын шаардлагын дагуу орон тооны цомхотголоор хөдөлмөрийн хуульд нийцүүлэн тогооч нарыг цомхотголд оруулан ажлаас халах мэдэгдэл өгсөн мөн зайлашгүй тендэр шалгаруулах шаардлага гарч тендэрт ХААА/2015-ДПК 02 дугаар бүхий “***”ХХК шалгарч дотуур байрны цайны газрыг түрээслэх гэрээ байгуулж ажиллах Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1-68 тоот зөвлөмжийг хүлээн авсан. Энэ үед 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн сайдын А/*** тоот тушаал гарч цайны газарт 2 тогооч, 2 туслах тогоочийн орон тоо батлагдаж ирсэн бөгөөд үүнээс өмнө цомхотголоор халагдсан тогооч нар өөрсдөө сайн дурын үндсэн дээр ажлаас халагдах өргөдлөө гаргаж байгууллагатай харилцан ярилцаж тохиролцсны үндсэн дээр гэнэт халагдсаны тэтгэмжээ авахаар болсон нь үнэн юм. Мөн байгууллагын зүгээс дээрхи тендер зарласан компанитай ажлаас халагдсан тогооч нарыг хамтарч ажиллах талаар зөвлөсөн боловч өөрсдөө ажлын ачаалал их, цаашид ажиллах боломж нөхцөлгүй гээд ажиллаагүй болно. Ажлаас цомхотголоор халагдсан хүмүүсийн тэтгэмжийн мөнгө 9 сая гаруй төгрөгийг олгохоор Яаманд хүсэлт удаа дараа явуулсан боловч төсөвт суугаагүй гэдгээр одоо болтол дээрхи тэтгэмжийн мөнгө олгогдоогүй нь үнэн юм. Нэгэнт хөдөлмөрийн сайдын тушаал гарч орон тоо цомхотгогдож тендер зарлагдсан үйл ажиллагаа ном журмын дагуу явагдаж байх явцад шинэ сайдын тушаал гарч тогоочийн орон тоог 4 болгон баталсан боловч үйл ажиллагаа, үйл явдал аль хэдийн өрнөөд явагдаж байгаа тул байгууллагын зүгээс энэ асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ, төсөв, цалинжуулах ямар нэг боломж нөхцөл байхгүй юм. Манай байгууллага нь шууд босоо удирдлагатай, орон тоо, цалин ямар журмаар яаж ажиллах хэм хэмжээг хөдөлмөрийн яамнаас шууд удирдан зохион байгуулж чиглүүлдэг ба дээрхи ажлаас халагдсан хүмүүсийг бид холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаандаа тааруулж халсан нь үндэстэй гэж үзэж байна. Зохих орон тооны цомхотголын дагуу өөрсдөө сайн дурын үндсэн дээр хүсэл зоригийнхоо дагуу өргөдлөө өгч ажлаас халагдсан мөртлөө одоо яагаад нэхэмжлэл гаргаад байгаа талаар ойлгомжгүй байна. Иймд асуудлыг хууль журмын дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө гэдэгт гүнээ итгэж байна” гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Д***, А.Э***, Н.О***, М.Ж***, Ж.Г*** нар нь хариуцагч ***ийн коллежид холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба шүүх хуралдааны дээр нэхэмжлэгч А.Э***нь ажилгүй байсан хугацааны цалин 4,440,000 төгрөгийг, нэхэмжлэгч Н.О*** нь ажилгүй байсан хугацааны цалин 4,380,000 төгрөг, М.Ж*** ажилгүй байсан хугацааны цалин 3,800,000 төгрөг, нэхэмжлэгч Ж.Г*** нь ажилгүй байсан хугацааны цалин 3,800,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан болно.
Хэрэгт авагдсан баримтаар 
Дархан-Уул аймаг дахь “*** коллежийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ** дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42.1 заалт, Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм, бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/** тоот тушаалыг үндэслэн Сургуулийн бүтэц, орон тоо өөрчлөгдөж байгаатай холбогдуулан тогооч Л.О***, Н.Д***, туслах тогооч А.Э***, Н.О***, угаагч Ж.Г***, М.Ж*** нарын хөдөлмөрийн гэрээг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цуцлахаар...” шийдвэрлэсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж болно”, 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн  40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж  татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ”, 42 дугаар зүйлийн 42.1-д “ Ажил олгогч нь энэ хуулийн  37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно”  гэж заасан ба Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/** дугаартай “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм, бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” тушаалд “*** коллежийн бүтэц орон тоог  тогооч 2, тогоочийн туслах ажилтан 2 байхаар баталсан байна. /хх-/
***ийн коллежийн цайны газарт тогооч 2, туслах тогооч /тогоочийн туслах ажилтан/ 2, угаагч 2 нийт 6 хүний орон тоотой ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/*** дугаартай “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм, бүтэц, орон тоог батлах тухай” тушаалаар тус коллежийн орон тоог  тогооч 1, Гал тогооны туслах ажилтан 1 болгон цөөрүүлж, Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/** дугаартай тушаалаар тус коллежийн бүтэц орон тоог  тогооч 2, тогоочийн туслах ажилтан 2 нийт 4 хүний орон тоог баталсан байна. /хх-/
Тус политехникийн коллежид тогоочоор Н.Д***, туслах тогоочоор А.Э***, Н.О***, угаагчаар М.Ж***, Ж.Г*** нар тус тус ажиллаж байсан байна.
Нэхэмжлэгч нар нь “*** коллежийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ** дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гардаж авсан гэсэн тайлбарыг гаргадаг ба хариуцагч тал энэ талаар маргадаггүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “...Сургуулийн цайн газар их ачаалалтай ажилладаг. Манай байгууллагын цайны газарт ажиллах ажилтны орон тоог Хөдөлмөрийн сайдын тушаалаар цөөрүүлж баталсан. Батлагдсан цөөн орон тоотой ажиллах эсэхийг нэхэмжлэгч нараас асуухад цөөн орон тоогоор ажиллах боломжгүй гэж ажлаас гарах өргөдөл бичиж өгсөн. Үүний дагуу дээрх хүмүүсийг ажлаас халсан. Цөөн орон тоогоор ажиллах боломжгүй гэсэн учраас тус сургуулийн цайны газрыг түрээслүүлж ажиллуулахаар тендер зарлаж, тендерт *** ХХК шалгарч одоо манай сургуулийн цайны газрыг ажиллуулж байгаа. Буцааж эдгээр хүмүүсийг ажилд нь авах боломжгүй...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тайлбарласан болно.
Хариуцагч тал ажилтны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцласан гэж тайлбарлаж байх боловч тус коллежийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ** дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцласан байна. 
Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/** дугаартай “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм, бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” тушаалд “*** коллежийн бүтэц орон тоог  тогооч 2, тогоочийн туслах ажилтан 2 байхаар баталсан байхад тус коллежийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар тогооч Н.Д***, тогоочийн туслах  А.Э***, Н.О*** нарыг хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. 
Хэдийгээр Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/** дугаартай тушаалаар М.Ж***, Ж.Г*** нарын эрхэлж байсан 2 угаагчийн орон тоо хасагдсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, энэхүү үүргээ биелүүлсэн талаар хариуцагч талаас нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Н.Д***, А.Э***, Н.О***, М.Ж***, Ж.Г*** нарыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч талаас тэдний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нь зүйтэй байна. 
    Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … олговор олгох … хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж заасны дагуу олгогдох боловч ажилгүй байсан хугацаа буюу 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс  2016 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлс нэхэмжлэгч А.Э***нь 4,440,000 төгрөгийг, нэхэмжлэгч Н.О*** нь 4,380,000 төгрөг, М.Ж*** 3,800,000 төгрөг, нэхэмжлэгч Ж.Г*** нь 3,800,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх тул нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна. 
    Нэхэмжлэгч Н.Д*** нь шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул түүний хүсэлтийг хангаж, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
    Нэхэмжлэгч Н.Д***гийн ажилгүй байсан хугацааны цалинг Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцож, 4,486,230 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:
     
 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Д***г ***ийн коллежийн тогоочийн ажилд Н.Д***г, туслах тогоочийн ажилд А.Э***, Н.О***, угаагчийн ажилд Ж.Г***, М.Ж*** нарыг эгүүлэн тогтоосугай.

 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан  хариуцагч ***ийн коллежоос 4,486,230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Д***д, 4,440,000 төгрөгийг гаргуулан А.Э***, 4,380,000 төгрөгийг гаргуулан Н.О***д, 3,800,000 төгрөгийг гаргуулан М.Ж***д, 3,800,000 төгрөгийг гаргуулан Ж.Г*** нарт тус тус олгосугай.

 3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан 2016 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс 2016 оны 09 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ***ийн коллежид даалгасугай.
 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ***ийн коллежийн улсын тэмдэгтийн хураамжид нийт 102,883  /32,683+70,200/  төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай. 
 
 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
 

 

     
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА