Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 186

 

Б.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/0952/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Энхжаргал, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1097 дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч Боржигон овогтой Б-ы Д-гийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч Боржигон овогтой И-ын Д-д холбогдох

         “Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай” иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Д-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг, хариуцагч И.Д-, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

          Нэхэмжлэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Миний хүү Бяхаржалбуу овогтой Чинбат нь 2004 оноос эхлэн сэтгэц мэдрэлийн өвчин тусаж өөрийгөө хянах, хийж буй үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгохгүй, бусдын асаргаанд байдаг хүн. Түүний нэр дээр Дархан сумын 15-р баг, Мангирт 3-р хэсэг, 22 тоот 100 м2 талбайтай брак байр бүхий хашаа байдаг ба 000130976 дугаартай, Ү-2003006118, газрын Ү-2003002233 улсын бүртгэлтэй байдаг. Хүү Б.Чинбатын эхнэр И.Д- нь ээж, ах, дүү нарт нь мэдэгдэлгүйгээр Б.Чинбатын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг банкинд барьцаалж зээлийн гэрээ байгуулсан байна. Б.Чинбат нь өвчтэй, өөрийн хийж буй үйлдлийнхээ учир холбогдлыг мэдэхгүйгээс И.Д-ыг дагаж банк орж, гарын үсэг зурсан байна. Иймд эрх зүйн чадамжгүй хүнтэй хийсэн Хас банкны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ.

          Хариуцагч И.Д- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би нөхөр Б.Чинбаттай 1996 онд нэг гэрт орсон. Тэр үед эрүүл саруул байсан. 2000 оноос нойргүйдэж, өвдөж эхэлсэн. Эмнэлгээр маш их явсан. Хавар, намар өвчин нь хөдөлдөг, улирлын чанартай сэтгэцийн өвчтэй нь үнэн юм. Би Хас банкны байнгын харилцагч. Бид хоёр Дархан сумын 15-р баг, Мангирт 3-р хэсэг, 22 тоот 108 м2 талбайтай брак байрыг өрхийн хэрэглээнд Хас банкинд 20 сая төгрөгийн барьцаанд тавьсан нь үнэн. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь манай нөхөр Б.Чинбатын нэр дээр байдаг нь үнэн. Би дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нөхөр Б.Чинбатын ээж, ах, дүү нарт нь хэлэхгүйгээр банкны барьцаанд тавьсан нь үнэн. Манай хадам ээжийн бичиж өгсөн нэхэмжлэлд дурдсан зүйлүүд үнэн. Хүлээн эөвшөөрч байна. Гэхдээ би ганцаараа энэ мөнгийг төлөхгүй, гэр бүлээрээ л төлнө. Бид Хас банкны зээлийг төлөх нь үнэн. Банк зээлээ төлөөгүй үндэслэлээр барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гарсан. Үл хөдлөх эд хөрөнгө банкны өмчлөлд шилжсэн. Тухайн үед Б.Чинбат өвчтэй байсан тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг зөвшөөрч байна гэжээ.

Гуравдагч этгээд Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Амгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Д-гийн И.Д-д холбогдуулан гаргасан гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага нь Хас банкны эрх ашгийг хөндсөн Хас банкны нэхэмжлэлтэй И.Д-, Б.Чинбат нарт холбогдох зээлийн төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 742 дугаартай шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн. 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр албадан биелүүлэх захирамж гарсан. Бид төлбөрөө төлөх хугацаа олгож 2 сар хүлээсэн. Тэгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Дуудлага худалдаа явагдахад зарагдаагүй тул хуулийн дагуу Хас банкны өмчлөлд шилжсэн. Үүнийг төлбөр төлөгч тал зөвшөөрсөн. Б.Чинбат өвчтэй байсан талаар одоо мэдэж байна. Эдгээр хүмүүс нэг дор амьдардаг. Бид банкыг хохиролгүй болгож хөрөнгөө ав гэдэг юм. Одоо банкны өмчлөлд хөрөнгө шилжээд 8 сар болж байна. И.Д-, Б.Чинбат нар нь манай банкнаас 8 удаа дээрх хөрөнгийг барьцаалж зээл авч байсан манай байнгын харилцагч мөн. Сүүлд 2014 онд авсан зээлээ төлж чадаагүй нь үнэн гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1097 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.1.6-д зааснаар Б.Д-гийн нэхэмжлэлтэй хариуцагч И.Д-, гуравдагч этгээд Хас банкинд холбогдох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Д- түүний өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг нар давж заалдах гомдолдоо:

Миний бэр И.Д- нь миний хүү Б.Чинбатын ах, дүү түүний асран халамжлагч нарт болон надад мэдэгдэлгүй, Б.Чинбатыг сэтгэц мэдрэлийн өвчтэй байх үед түүнийг дагуулан банкинд очиж гэрээнд гарын үсэг зуруулан, миний хүү Б.Чинбатын нэр дээр байдаг Дархан сумын 15-р баг, Мангирт 3-р хэсэг, 22 тоот 100 мк талбайтай брак бүхий хашаа байшинг барьцаалан Хас банкнаас зээл авсан. Энэ бүхэн хариуцагч И.Д-ын тайлбар, болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байхад шүүх 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр буюу зээл авах үед Б.Чинбатыг эрх зүйн чадамжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Б.Д-  өөрийн хүү Б.Чинбатыг сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийг хянах, хийж буй үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгохгүй, эрх зүйн чадамжгүй үедээ Хас банктай байгуулсан зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийг хариуцагч И.Д-д холбогдуулан  гаргасныг анхан шатны шүүх гуравдагч этгээдээр Хас банкыг оролцуулан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн  56.1.5, 56.1.6 дугаар зүйлийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчтой бус болжээ.

2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Хас банктай  зээлийн болон  баталгаат ипотекийн гэрээ байгуулах үед Б.Чинбатыг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцоогүй байсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан нөхцөл нь маргааны бодит байдалд нийцэхгүй байна. 

Харин хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6-д зааснаар ийнхүү тооцогдоогүй ч хэлцэл хийх үед өөрийнхөө үйлдлийг жолоодох чадваргүй байсныг ойлгоно.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа түүний хүү сэтгэцийн өвчний улмаас өөрийгөө хянах чадваргүй байсан үедээ хэлцэл хийсэн гэж дурдаад дээрх байдлыг нотлохоор шүүхэд бичгийн баримтууд гаргажээ.

            Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар Б.Чинбат нь 2016 оны 06 дугаар  сарын 27-ны өдрийн шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн чадамжгүй этгээд гэж тооцогдож улмаар түүний асран  хамгаалагчаар төрсөн эх Б.Д-г тогтоосон байна.  

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа түүний хүү Б.Чинбат сэтгэцийн өвчний улмаас өөрийгөө хянах чадваргүй байсан үедээ хэлцэл хийснийг нотлохоор шүүхэд бичгийн баримтууд гаргасныг судалвал  хэргийн 13-15 дугаар талд  авагдсан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн сэтгэл зүйн оношилгоо, 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 033537 тоот Иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, эмчийн тодорхойлолт хэргийн 59-64 дүгээр талд авагдсан өвчтөний түүхээс Б.Чинбат нь хэдэн оноос эхэлж сэтгэцийн ямар өвчнөөр өвчилсөн энэ нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй байх, иргэний эрх зүйн хэлцэл хийх  түүний үр дагаврыг ухамсарлаж чадахгүйгээс өөрийн болон бусдын эрх ашигийг хохироох хэмжээнд байсан зэргийг тодорхойлоогүй  байна.

Өөрөөр хэлбэл эдгээр  баримтуудаар Б.Чинбат нь иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй гэж тооцогдоогүй боловч түүнийг сэтгэцийн өвчний улмаас үйлдлээ хянах, ойлгох,  өөрийгөө зөв удирдах чадварыг алдагдуулсан  оноштой, өвчтэй байсан гэдгийг нотлоогүй байна.

Дээрх чадварыг алдагдуулсан сэтгэцийн, сэтгэл мэдрэлийн өвчин гэх онош,  өвчин нь мэргэжлийн байгууллагын албан ёсны дүгнэлтээр тогтоогдох шинжлэх ухааны ойлголт бөгөөд энэ хууль зүйн фактыг тогтоосноор шүүх түүнээс үүсэх эрх зүйн үр дагаврыг шийдвэрлэх боломжтой юм.

Энэ утгаараа  шүүх хуралдаанд өгсөн гэрч Д. Цогтсайханы мэдүүлгийг хангалттай эх сурвалжаа заасан, үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үнэлээгүй анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарт нэхэмжлэлийн  шаардлагаа нотлох үүрэг болон шүүхээр нотлох баримт бүрдүүлүүлэх эрхийг тайлбарласан бөгөөд талуудын зарчим үйлчлэх маргаантай харилцаанд шүүхийг шинжээч томилох ажиллагааг хийгээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэл  байхгүй.

Иймд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээх нь зөв гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1097 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын:  

            “Иргэний  хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.1.6-д зааснаар” гэснийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6-д зааснаар” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ОЮУНЦЭЦЭГ           

                                                           ШҮҮГЧИД                                    С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                О.НАРАНГЭРЭЛ