Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 396

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Батцэнгэлд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

           Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Ялтан Д.Батцэнгэлийн өмгөөлөгч Б.Мянган,

Хохирогч Ц.Уянгын өмгөөлөгч К.Султанбек,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Батцэнгэлийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Батцэнгэлд холбогдох 2017 2602 0151 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Уваши овгийн Дүгэржавын Батцэнгэл, 1978 оны 5 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 76 дугаар гудамжны 1053 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатарын гудамжны 90 дүгээр байрны 405  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХМ78051165/,

 

Д.Батцэнгэл нь 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лотус” пабны арын өрөөнд иргэн Ц.Уянгааг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн  Прокурорын газраас: Д.Батцэнгэлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Батцэнгэлийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Д.Батцэнгэлийг гэмт хэрэг үйлдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу /192.000*5/ 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Д.Батцэнгэл нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ц.Уянгаа нь гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Д.Батцэнгэл гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна.

Эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа гүйцэт биш хийгдсэн гэж үзэж байна. Тухайлбал:

1. Миний бие хохирогч Ц.Уянгаагийн бие махбодид гэмтэл учруулахуйц түүний бие махбодид халдаагүй бөгөөд өөрийн авлагыг түүнээс авах зорилгоор очиж уулзахад өөдөөс согтуу дайрч давшлан, хэл амаар доромжилж, намайг зодчих гэх мэтээр дайраад байхад нь өөрөөсөө холдуулах зорилгоор цээж рүү нь түлхэж суулгасан юм. Гэтэл Шүүх эмнэлгийн 478 дугаартай дүгнэлтэд Ц.Уянгаагийн бие махбодид 16 тооны гэмтэл учирсан мэтээр тусгагдсан байх бөгөөд энэ гэмтлүүдийг би учруулаагүй, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдгээ илэрхийлсээр байхад намайг учруулсан мэтээр шууд тулган, ял шийтгэл оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.Уянгаа согтуу явж байх үедээ хаана ч уг гэмтлийг авах боломжтой юм. Хохирогчоор байцаалт өгөхдөө Ц.Уянгаа “хамар хугарсан” гэж мэдүүлж байсан нь мөн гүтгэлэг байсан бөгөөд энэ нь дүгнэлтээр тогтоогдоогүй болно.

2. Тухайн үед маргааныг шийдвэрлүүлэхээр би цагдаа дуудсан бөгөөд цагдаагийн ажилтнууд бидний байсан газар ирж нөхцөл байдалтай танилцаад явсан ба хэрэг бүртгэлтийн шатанд цагдаагийн ажилтан Э.Наранбаатар гэрчээр мэдүүлэхдээ хохирогч Ц.Уянгаагийн биед учирсан гэмтэл гэхээр зүйл байхгүй байсныг гэрчилдэг боловч түүнтэй хамт явсан цагдаагийн ахлах, ахлагч Батдэлгэрийг гэрчээр байцааж болсон явдлын талаар тодруулах шаардлагатай байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцааж өгнө үү ...” гэжээ.

 

Ялтан Д.Батцэнгэлийн өмгөөлөгч Б.Мянган тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ялтан Д.Батцэнгэлийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна, хохирогчид учруулсан олон тооны гэмтлийг хэн учруулсан талаар дахин мөрдөн байцаалтаар шалгаж тодруулах шаардлагатай байх тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэв.

 

Хохирогч Ц.Уянгын өмгөөлөгч К.Султанбек тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэргийг мөрдөн байцаалтад буцааж Д.Батцэнгэлийг танхайрах гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар шалгаж, тогтоох шаардлагатай байна ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Хэрэг бүртгэлтийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтад заасан нотолбол зохих асуудал буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг шалгаж тогтоогоогүй байна.

 

Хэргийн материалыг судлан үзэхэд хохирогч Ц.Уянгааг 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан байх бөгөөд тэрээр “... гомдолтой байна, эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна, мөн байгууллагын эд хогшил эвдсэнийг нэхэмжилнэ” /хх 12-14/,  2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр  “... би эмчилгээний зардлаа тооцоолж бодоогүй байгаа, 2500000 төгрөг нэхэмжилнэ, эмчилгээ хийлгээд зарцуулсан зардал болон унаа, машины зардалд дээрх мөнгө багтаж байгаа, надад ямар нэгэн баримт байхгүй, цуглуулж чадаагүй байгаа” /хх 15/, анхан шатны шүүх хуралдаанд “... хэргийн 15 дугаар талд авагдсан хохирогчийн мэдүүлгийг би өгөөгүй, миний гарын үсэг биш байсан...” гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хавтаст хэргийн 51 дүгээр талд хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэлд “хохирогчийг дуудаад ирээгүй, гар утсаа аваагүй” гэсэн тайлбарыг хэрэг бүртгэгч үйлдэж хохирогчид хэргийн материалыг танилцуулах арга хэмжээ аваагүй байна.

 

Дээрх хэрэг бүртгэлтийн ажиллагаанаас үзэхэд хохирогч Ц.Уянгааг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлд заасан эрхийн эдлүүлээгүй хязгаарлаж эргэлзээ бүхий бичгийн баримт цуглуулж хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хуульд зааснаар хангаж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй.

 

 Иймд Д.Батцэнгэлд холбогдох хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа гүйцэд биш хийгдсэн байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэснээс шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Батцэнгэлд холбогдох хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулж, мөн дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

            2. Хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт очтол Д.Батцэнгэлд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргахгүй, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ОЮУНЧУЛУУН

 

                        ШҮҮГЧИД                                                        Д.ОЧМАНДАХ

 

                                                                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ