Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 376

 

О.Буянбадам, Ж.Энхтайван нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

шүүгдэгч О.Буянбадамын өмгөөлөгч Б.Оюунбилэг, Э.Туул,

шүүгдэгч Ж.Энхтайваны өмгөөлөгч Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч И.Ганбат, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 75 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Амарзаяагийн бичсэн 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 9 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр О.Буянбадам, Ж.Энхтайван нарт холбогдох 201626011114 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Агар овогт Отгонбаатарын Буянбадам, 1990 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын хамгаалалтын албанд харуулаар ажиллаж байсан, ам бүл 4, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 10 дугаар гудамжны 336 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Холбоочдын 1-20-4 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: УХ90091051/,

2. Чойр боржигон овогт Жадамбын Энхтайван, 1972 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын хамгаалалтын албанд ээлжийн ахлагчаар ажиллаж байсан, ам бүл 1, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хорооллын 70 дугаар байрны 5 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЕЙ72123019/.

О.Буянбадам нь 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн харъяа Улаанбаатар төлөөлөгчийн газрын хашаанаас төмөр хулгай хийлээ гэх зүйлээр шалтаглан иргэн Д.Дагвадоржийг сагсны шийтний шонгийн төмөртэй хоёр гарыг нь ард нь холбож гавлан, хууль бусаар хорьж хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт,

2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 12 цагийн үед, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн харъяа Улаанбаатар төлөөлөгчийн газрын хашаанаас төмөр хулгай хийлээ гэх зүйлээр шалтаглан иргэн Д.Дагвадоржийг сагсны шийтний шонгийн төмөртэй хоёр гарыг нь ард нь холбож гавлан, юүдэнтэй цамцны малгайнаас нь нохойны оосроос холбож сагсны шийтний кольцооноос дээш татаж уян амьсгалын замын бүтэлтэд оруулан санаатай алсан гэмт хэрэгт,

Ж.Энхтайван нь хамгаалагч О.Буянбадамд 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 12 цагийн үед, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн харъяа Улаанбаатар төлөөлөгчийн газрын хашаанаас төмөр хулгай хийлээ гэх үл ялих зүйлээр шалтаглан талийгаач Д.Дагвадоржийг хууль бусаар хорих талаар утсаар үүрэг чиглэл өгч, хүнийг хууль бусаар хорих гэмт хэрэг үйлдэхэд бусдыг өдөөн түлхсэн, зоригжуулсны улмаас бусдад хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.Буянбадамд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109.3, 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар, Ж.Энхтайванд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Буянбадам, Ж.Энхтайван нарт холбогдох эрүүгийн хэргийг тус шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Туулаас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж, хуульд заасан нотлох баримтыг цуглуулах журмыг зөрчсөн гэж мэтгэлцсэн ба тус хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримтыг цуглуулах талаар заасан заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт "Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хураан авах, нэгжлэг хийх тухай үндэслэл бүхий тогтоол гаргаж прокуророор батлуулах ба уг ажиллагаа эхлэхийн өмнө холбогдох этгээдэд уншиж сонсгоно, 133.2 дахь хэсэгт “Хойшлуулшгүй тохиолдолд хураан авах, нэгжлэг хийх ажиллагааг шууд, эсхүл шөнийн цагаар гүйцэтгэж, энэ тухайгаа 24 цагийн дотор прокурорт мэдэгдэнэ”, 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсэгт “Эд мөрийн баримтыг үзлэгийн тэмдэглэлд тодорхой бичиж, хэрэгт хадгалах ба гэрэл зураг, дүрс бичлэг авч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэрээр хэрэгт хавсаргана”, 193 дугаар зүйлийн 193.1.8 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд прокурор энэ хуульд заасан тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас явуулах байцаан шийтгэх тодорхой ажиллагааны зөвшөөрлийг өгөх" гэж тус тус заажээ. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын яллах дүгнэлтийн хавсралтад "...эд мөрийн баримтаар хураагдсан "Самсунг галакси эс-3" загварын гар утсыг шүүхэд хүргүүлсэн тухай дурджээ. Гэтэл хэрэгт цугларсан баримтаас үзвэл мөрдөн байцаагч А.Эрдэнэбаатар нь 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 19.14-19.25 цагт эд зүйл түр хураан авсан тэмдэглэлд "О.Буянбадамын "Галакси нөүт-3" маркийн цагаан өнгийн дэлгэц хагараагүй гар утсыг хураан авсан тухай тэмдэглэл үйлдсэн /1 дүгээр хавтас, 18 дугаар хуудас/ байна. Үүний дараа мөрдөн байцаагч А.Эрдэнэбаатар 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 127 дугаар зүйлд заасныг баримтлан хэрэг гарсан гэх өдөр шүүгдэгч О.Буянбадамын биедээ авч явсан 88669945 дугаарын цагаан өнгийн "Самсунг галакси-4" маркийн гар утсанд хөндлөнгийн гэрчийг байлцуулан үзлэг хийж, тэмдэглэл бичиж буулгасан гэсэн байх ба гар утасны загвар зөрүүтэй, эсхүл өөр өөр гар утас хураагдсан эсэх нь ойлгомжгүй, /1 дүгээр хавтас 221-233 дугаар хуудас/, мөн 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр гар утсыг хураан авсан бол 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 20 цаг 34 минутад хойшлуулшгүй тохиолдлоор үзлэг хийсэн эсэх, улмаар хяналт тавьж буй прокурорт мэдэгдээгүй нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, гар утсыг хураан авахдаа прокуророос зөвшөөрөл аваагүй, хураан авах, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тухай тогтоолыг тус тус үйлдээгүй зэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дээр дурдсан заалтуудыг ноцтой зөрчсөн байх ба эдгээр ажиллагаа хийгээгүй гар утсыг хэргийн хамт шүүхэд ирүүлсэн байна. Түүнчлэн гap утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд ярианы бичлэгийг буулгахдаа "Тайван ах ажил” гэх зэрэг гар утсанд нь хадгалагдсан нэрээр тус тус бичсэн байх ба тухайлбал “Тайван ах ажил”гэдэг нь хэн эсэх, тухайн этгээдүүдийн албан ёсны нэрийг тодруулаагүй зэргээр бичсэн зэрэг шаардлага хангахгүй байх тул зөрчлийг арилгах. Шаардлагатай бол гар утасны бичлэгт бичигдсэн дуу хоолойнд шинжилгээ хийж таниулах.

2. Амь хохирогчийн өмсөж явсан гэх юүдэнтэй цамцны малгайны уртын хэмжээ, цамцны цахилгаан ямар эдээр хийгдсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар хэрэгт байхгүй байна гэж талууд шүүх хуралдаанд мэтгэлцсэн. Амь хохирогчийн хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэлд /үзлэгийн тэмдэглэлд ногоон даавуун материалтай гэсэн, харин шинжээчийн дүгнэлтэд хар бор өнгийн юүдэнтэй цамц гэж өнгийг өөр өөрөөр тодорхойлсон/ түүний өмсөж явсан гэх юүдэнтэй цамцыг гэрэл зургаар харуулсан, уг цамцанд цахилгаан нь сэтэрсэн хэсгийн хэмжээг тодорхойлсон, харин тус цамцны малгайны уртын хэмжээ тодорхойгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь амь хохирогчийн өмсөж явсан гэх цамцыг устгаагүй, хадгалж байгаа талаар мэдүүлсэн. Иймд амь хохирогчийн тухай үед өмсөж явсан гэх юүдэнтэй цамцыг эд мөрийн баримтаар хураах, хэрэгт хавсаргах ажиллагааг хуульд заасны дагуу хийх.

3. Мөрдөн байцаалтын явцад Б.Дашцэрэн гэрчээр мэдүүлэхдээ "...цонхны тавцан дээрээс ногоон өнгийн урдаа төмөр түгжээтэй, нохойны хөтөлгөө уяа байхаар нь өөрийн нохойны хөтөлгөө уяа байна гэж андуурч аваад албаны машинд ороод үзэхэд миний нохойны хөтөлгөө уяа биш байхаар нь уг уяаг буцааж оруулж цонхны тавцан дээр тавиагүй. Одоо надад байна..." гэж мэдүүлсэн, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр /өдөр нь засвартай, засвар хийсэн тухай тэмдэглэлд дурдаагүй/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хийж, гэрч Б.Дашцэрэнг оролцуулж, нохойн хөтөлгөө уяаг хаанаас авсныг Б.Дашцэрэнгээр заалгуулсан тухай тэмдэглэл үйлдсэн /1 дүгээр хавтас, 34 дүгээр хуудас/, 1 кадр гэрэл зураг авсан тухай дурдсан байх боловч тус зураг нь хэрэгт байхгүй, хэрэгт баримтыг хийгээгүй, Б.Дашцэрэнгээс 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нохойны хөтөлгөө уяаг хураан авч, хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан тогтоол үйлджээ. Шүүх хуралдаанд шүүгдэгч О.Буянбадамаас хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, хавсаргасан нохойны 1.30 см хэмжээтэй хөтөлгөө уяаг "энэ уяа биш байна, бүдэг ногоон өнгөтэй юм байна, миний хэрэглэсэн нохойны хөтөлгөө уяа нь тод ногоон өнгийн 1.80 см хэмжээтэй байсан" гэж мэдүүлж, маргасан. Улсын яллагч шүүх хуралдаанд мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хийхэд шүүгдэгч О.Буянбадам, түүний өмгөөлөгч нар "мөн" гэж хэлсэн байна гэж тайлбарласан. Хэрэгт цугларсан 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай ажиллагаанд өмгөөлөгч байлцаагүй, О.Буянбадам оролцсон байх ба ажиллагааны тэмдэглэлд "... О.Буянбадам уяаг хаанаас авсныг зааж өгч чадна..." гэсний дагуу ажиллагаа хийсэн, тус ажиллагаанд "...Дархан төмөрлөгийн үйлдвэрийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын аж ахуйн хашаа байх ба ... 9 цонхтой 1 давхар цагаан байшин байна, зүүн талаас 4 дэх цонх буюу үүдээр орох хаалганы зүүн талд байх цонхны тавцан дээрээс нохойны ногоон өнгийн хөтөлгөө уяаг авсан гэж заасны дагуу цонхны тавцанг заасныг гэрэл зургаар бэхжүүлэн, 1 кадр зураг авсан тухай тэмдэглэжээ. Үүнээс үзвэл шууд уяаг заагаагүй, уяаг авсан газрыг заасан тухай тэмдэглэсэн, мөн уг ажиллагааны талаар авсан гэх гэрэл зургийг хэрэгт бэхжүүлж хавсаргаагүй, баримтыг хэрэгт хийгээгүй ноцтой зөрчилтэй. Нөгөө талаар 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хийсэн гэх мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай ажиллагаанд яллагдагч О.Буянбадам, өмгөөлөгч Б.Оюунбилэг нар оролцсон байх ба тус ажиллагаанд хэрэглэсэн гэх нохойны хөтөлгөө уяа нь амь хохирогчид хэрэглэсэн гэх уяа мөн эсэхийг тодруулж асуусан ажиллагаа байхгүй байна. Иймд хэрэгт хамааралтай эд мөрийн баримтаар хураагдах нохойны хөтөлгөө уяа нь өөрчлөгдсөн, эсхүл алга болсон эсэхийг тодруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1.30 см хэмжээтэй нохойны хөтөлгөө уяа нь тус хэргийн эд мөрийн баримт мөн эсэхийг шалга.

4. 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Дархан төмөрлөгийн үйлдвэрийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын 7 дугаар камерийн бичлэг хийсэн "Dijital video rekorder" гэсэн бичигтэй DVR төхөөрөмжийг хэрэгт түр хураан авсан тухай тэмдэглэл үйлдсэн /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/, 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр дээрх төхөөрөмжийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол үйлдсэн /1 дүгээр хавтас, 194 дүгээр хуудас/ тус төхөөрөмжид бичигдсэн бичлэгт 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр үзлэг хийж, гэрэл зургаар буулгасан /1 дүгээр хавтас, 208-220 дугаар хуудас/ байна. Улсын яллагчаас шүүх хуралдаанд дээрх төхөөрөмж дээрх бичлэгийг Си Ди дээр буулгах боломжгүй байсан, бичлэгийг буулгах гэхэд мэргэжлийн хүмүүс буулгаж чадаагүй тул "бичлэг бүхий төхөөрөмжийг" хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн гэж тайлбарлах ба тус төхөөрөмжийг биетээр нь хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон нь буруу бөгөөд төхөөрөмжид бичигдсэн хэрэг үйл явдал болсон гэх газрын камерын бичлэгийг Си Ди нь дээр буулгах, бэхжүүлэх ажиллагааг хийх буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг хийж, зөрчлөө арилгах.

5. 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгах
ажиллагаанд амь хохирогчийн өмсөж явсан гэх юүдэнтэй цамцыг ашигласан уу
гэхэд улсын яллагчаас "талийгаачийн цамцтай ижил төстэй цамц ашигласан" гэж
тайлбарласан бөгөөд тэмдэглэлээс үзвэл "хохирогч Дагвадоржийн тухайн өдөр
өмсөж явсан гэх хар бор өнгийн юүдэнтэй цамцыг..." ашиглахаар тогтов гэсэн. Уг
ажиллагаанд прокурор өөрөө оролцсон байх бөгөөд туршилтад амь хохирогчийн
өмсөж явсан цамцыг ашигласан эсхүл ижил төстэй цамц ашигласан эсэхээ
тодруулах нь зүйтэй. Мөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан гэх ажиллагаанд "амь хохирогчийг О.Буянбадам гавласан, цамцны малгайнаас нь нохойны хөтөлгөө уяагаар уясан гэх үйлдэл"-ийг зургаар харуулсан байх ба уг ажиллагаанд хэн гэдэг хүнийг оролцуулсан эсэх, тус этгээдийн өндөр, биеийн жин гэх шаардлагатай мэдээлэл байхгүй, тус этгээдийн байдал нь амь хохирогчтой юугаараа адил төстэй болох зэргийг тодорхой тусгаагүй, ойлгомжгүй байна.

6. 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр гэрчээр 15 цаг 20 минутаас 15 цаг 50 минутад иргэн Д.Мэндийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 116 тоот өрөөнд гэрчээр байцааж мэдүүлэг авсан /1 дүгээр хавтас, 47 дугаар хуудас/, хэргийн газар 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 13 цаг 30 минутаас 16 цаг 06 минутад үзлэг хийсэн байх ба хэргийн газар үзлэг хийсэн ажиллагаа дуусаагүй байхад нэг цаг хугацаанд эдгээр ажиллагааг зэрэг хийсэн эсэх нь эргэлзээтэй байх ба дээрх баримтууд нь нотлох баримт эсэхэд дүгнэлтэд өгөхөд шаардлагатай тул уг асуудлыг тодруулах. Нөгөө талаар 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр О.Буянбадамд холбогдох 201626011114 дугаартай эрүүгийн хэргийг үүсгэсэн тухай тогтоол гараагүй байх цаг хугацаанд Д.Мэндэд гэрчийн эрх, үүрэг танилцуулж, гэрчээр байцаасан хууль зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 89 дүгээр зүйлд зааснаар байцаан шийтгэх ажиллагааны тэмдэглэл нь нотлох баримтын эх сурвалж болох бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд “...шонгийн хэмжээ, газраас шон хүртэлх хэмжээг хэмжиж” ажиллагаа хийсэн байх боловч хэрэгт ач холбогдол бүхий эдгээр хэмжээг бичсэн тоо нь засвартай, засварласан эсэх талаар тэмдэглэлд тусгаагүй, хэзээ нь засвар хийсэн эсэх нь ойлгомжгүй байдал нь байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байх ба нотлох баримтаар үнэлэх эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 49 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх болон тогтоох хэсэгт яллагдагч нарт холбогдох хэргийн талаар бичсэн буюу гэмт хэрэг үйлдэгдсэн гэх он засвартай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзнэ. Дээр дурдсан ажиллагааг хийх, зөрчлүүдийг арилгах шаардлагатай гэж шүүх дүгнэсэн болно гэжээ.

Прокурор М.Амарзаяа бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн тогтоолын 1 дэх заалтын хувьд: Шүүгдэгч О.Буянбадам, Ж.Энхтайван нарт холбогдох эрүүгийн 201626011114 дугаартай хэрэг нь 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 12 цагийн үед Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байх бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлийн 172.3-д "... Гэмт хэрэг үйлдэж байгаа болон үйлдсэн тухай үндэслэлтэй сэжиг байгаа тохиолдолд ... эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэхийн тулд дараах хойшлуулшгүй ажиллагаа явуулж болно. ...”, 172.3.4-д "... Хэрэгт ач холбогдол бүхий ... эд зүйл ... түр хугацаагаар хурааж авна. ..." гэж заасны дагуу мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Эрдэнэбаатар нь 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр О.Буянбадамаас "Галакси нөүт 3" маркийн, 88669945 дугаартай, 3419 пин кодтой гар утсыг түр хураан авсан тухай тэмдэглэл үйлдсэн, мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д "Үзлэг хийхэд хөндлөнгийн 2 гэрч байлцуулна. ...", 127.9-д "...шаардлагатай гэж үзсэн эд зүйлийг анхны шинж байдлыг алдагдуулахгүйгээр хурааж авна. ..." гэж заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хөндлөнгийн гэрчийг оролцуулан О.Буянбадамын хэрэг гарсан өдөр биедээ авч явсан 88669945 дугаарын цагаан өнгийн 3419 пин кодтой "Самсунг галакси нөүт 4" маркийн гap утсанд үзлэгийг хийсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж байцаан шийтгэх ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл байхгүй байна. Учир нь мөрдөн байцаагч гар утсыг "3", "4" гэж харагдах байдлаар нь бичсэн байх боловч үүнийг үзлэгийн тэмдэглэлд "О.Буянбадамын нөүт 3 гap утасны мессэж цэс рүү орж ..." гэж зөвтгөн бичсэн нь /1 дүгээр хавтас, 224 дүгээр хуудас/ хэрэгт авагджээ. Шүүхийн тогтоолд "галакси нөүт 3" гар утсыг "самсунг галакси 4" гэж дурьдахдаа "нөүт 4" гэдгийн "нөүт" гэдгийг орхигдуулсан байна. Иймд "Нэг эсхүл өөр өөр гар утас хураагдсан эсэх нь ойлгомжгүй" гэсэн заалт үгүйсгэгдэж нэг гар утас байсан болох нь тогтоогдсон байна. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 127 дугаар зүйлд "үзлэг хийж, ... түр хураан авахдаа ... прокурорт мэдэгдэнэ ..." гэсэн хуулийн заалт байхгүй байхад прокуророос зөвшөөрөл авах шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна. Гар утсанд үзлэг хийж, орсон гарсан, гадагшаа залгасан дугаарыг шүүж үзэхэд .... Баярхүү ах гэж хадгалсан, Шинэбаяр мэдээ гэж хадгалсан 94461071, Тайван ах ажил гэж хадгалсан 94987472, Өлзий дарга гэж хадгалсан 99110740..." гэх мэтээр, мөн гаднаас залгасан дугаарыг шүүж үзэхэд хайрт ээж гэж хадгалсан 89200100, Оогий эгч гэж хадгалсан 89208920, Бгал гэж хадгалсан 88552104 дугаараас гэж тодорхой байдлаар тусгасан байх тул "Тайван ах ажил" гэдэг нь хэн эсэх, тухайн этгээдүүдийн албан ёсны нэрийг тодруулаагүй зэрэг нь шаардлага хангахгүй тул зөрчлийг арилгах гэсэн шүүхийн заалт үндэслэлгүй байна. Учир нь дээрх гар утсаар холбогдсон хүмүүс болох Өлзийбаяр, Энхтайван, Шинэбаяр, Тунгалаг гэх хүмүүс нь хэрэгт гэрчийн болон яллагдагчийн мэдүүлэг өгсөн ба биеийн байцаалт хэсэг дээр тэмдэглэгдсэн утасны дугаар нь гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд дурьдагдсан утасны дугаараас зөрөөгүй байгаа тул үүнийг зөрчил гэж үзэх үндэслэлгүй юм. Шүүгдэгч О.Буянбадам нь мөрдөн байцаалтын шатанд болон прокурорын хяналтын шатанд, шүүхийн хэлэлцүүлгийн үед дээрх утас нь өөрийнх нь утас биш, утсан дээр бичигдсэн дуу хоолой нь өөрийнх нь биш гэж маргасан, шалгуулахыг хүсэж бичгээр болон амаар гомдол хүсэлт гаргаж байгаагүй, ямар нэгэн байдлаар эргэлзээтэй байдал үүсээгүй тул гap утасны бичлэгт хийгдсэн дуу хоолойнд шинжилгээ хийж О.Буянбадамын дуу хоолойг таниулах шаардлагагүй гэж үзэж байна.

Шүүхийн тогтоолын 2 дахь заалтын хувьд: Хэрэг гарсан өдөр мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Г.Мөнгөншагай нь 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэлд "... 2-рт гадуур өмсдөг ногоон даавуун материалтай, ... өмсгөл болон размер тодорхой бус юүдэнтэй цамц ..." гэж харагдах байдлаар бичиж тэмдэглэсэн байна. Хохирогчийн өмсөж явсан дээрх хувцсыг хураан авч, шинжээч томилж шинжилгээ хийлгэхэд 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр криминалистикийн шинжилгээний 3272 дугаартай дүгнэлтэд хар бор өнгийн юүдэнтэй цамц гэж өнгийг нь дурьдсан нь үндэслэлтэй. Харин мөрдөн байцаагч талийгаачийн нас барах үедээ өмсч байсан хар бор өнгийн юүдэнтэй цамцны өнгийг ногоон өнгө гэж буруу тодорхойлж дурьдсан байх ба үзлэгийн тэмдэглэлийг одоо засварлах ямар ч боломжгүй байна. Криминалистикийн шинжээч Түвшинбаатараас гаргасан дүгнэлттэй нь холбогдуулж мэдүүлэг авахад "хар бор өнгийн юүдэнтэй малгайтай цамцны дотор захны залгаас хэсэгт 33 см ханзарсан урагдалт, 10x6 см урагдалт байна. Дээрх 2 урагдалт оёдол дагуу урагдалтын зах ирмэг хэсэг сунасан байх тул татах чангаах хүчний үйлчлэлээр үүснэ ..." гэжээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 855 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Зөөлөн эдээр босоо байрлалд хүзүү хоолойд үйлчлэх үед үүсгэгдэнэ ...", шүүгдэгч О.Буянбадамын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “Тэр хүнийг босгож зогсоож байгаад нохойн хөтөлгөө уяаг аваад шийдний кольцо руу бариултай хэсгийг нь шидэж оруулаад түгжигч төмөртэй хэсгийг бариулаар нь оруулж гогцоолоод түгжигч төмрөөр тэр хүний өмсөж явсан малгайтай цамцны малгайны бөндгөр оёдлоос нь хавчсан..." өгсөн мэдүүлэг зэргээр малгайтай цамцны зах хэсгээс босоо байрлалд байхад нь механик хүч үйлчилсний улмаас амь хохирогч нас барсан болох нь тогтоогдсон байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид байгаа амь хохирогчийн цамцыг хураан авч цамцны малгайны уртыг хэмжсэнээр хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой зүйл илрэхгүй гэж үзэж байна.

Шүүхийн тогтоолын 3 дахь заалтын хувьд: Хэрэг гарсан өдөр буюу 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр О.Буянбадамыг сэжигтнээр тооцон, өмгөөлөгч, прокурор оролцуулан мэдүүлэг авахад /16:39-18:15/ "ээлжийн ахлах Шинэбаяраас цагдаа дуудаад хүлээлгэж өг гэсний дагуу байгууллагын хашаанд дотор байх сагсны шийтний шонгийн трубанд нуруугаар нь тулгаж зогсоогоод 2 гарыг нь ард холбож гавласан. ..." гэж мэдүүлсэн ба харин амь хохирогчийн цамцны малгайнаас нохойн хөтөлгөө уяагаар гогцоолдон сагсны шийтний кольцооноос татаж уясан талаар мэдүүлээгүй тул тухайн үед нохойн хөтөлгөө уяаг олох ажиллагааг хойшлуулшгүй ажиллагааны үед хийгээгүй байна. Харин тухайн өдөр Д.Мэндийг сэжигтнээр тооцон 19:31-20:37 минутын хооронд өмгөөлөгч, прокурорыг оролцуулан мэдүүлэг авахад "Буцаж ирэхэд нөгөө хүн доошоо өвдөглөөд суучихсан, толгой нь доошоо унжсан, юүдэнтэй цамцны малгайнаас уяагаар гогцоолдоод сагсны шийтний кольцоноос уяад дүүжлэгдсэн байдалтай байхаар нь Буянбадамаас яагаад ингээд уячихсан юм бэ гэхэд доошоо суух гээд байхаар нь уячихсан юм гэж хэлэхээр нь ..." гэж мэдүүлснээр тухайн үед амь хохирогчийг дүүжилсэн байж болзошгүй гэж сэжиглэн О.Буянбадамыг дахин 20:40 минутаас 21:00 цагийн хооронд сэжигтнээр байцаахад “Доош нь суулгахгүй гэж би нохойн хөтөлгөө уяагаар сагсны шийтний кольцооноос дэгээ болгон уясан ..." гэж мэдүүлсэн. Нохойн хөтөлгөө уяа одоо хаана байна вэ гэж асуухад "Уяа байгууллагын конторын үүдний өрөөний цонхны тавцан дээр байгаа, хаана байгааг нь зааж чадна" гэж мэдүүлснээр нохойн хөтөлгөө уяаг олохоор эрүүгийн цагдаагийн тасгийн даргад мөрдөн байцаагчийн даалгавар бичиж гүйцэтгэх ажиллагаа явуулж нохойн төлөөлөгч Дашцэрэн /тухайн үед хэргийн газарт ажиллах ажлын бүрэлдэхүүнд байсан/ авч явсныг тогтоосон. 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр уг уяаг олж 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Дашцэрэнг гэрчээр байцааж, мөн өдөр уг уяаг хураах ажиллагаа явуулсан байна. Нэгдүгээрт дээрх уяаны талаар яллагдагч О.Буянбадамаас 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр /өмгөөлөгч Б.Оюунбилэгийг оролцуулан/ байцаалт авахад "Ногоон өнгийн нэг талдаа гогцоо бариултай, нөгөө талдаа гогцоо төмөртэй 1 метр гаруй урттай уяаг аван..." гэсэн, хоёрдугаарт гэрч Дашцэрэнгийн илтгэх хуудас, гэрчээр өгсөн мэдүүлэг, уяаг хураан авч эд мөрийн баримтаар тооцсон тогтоол зэргийг үндэслэн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд өмгөөлөгч Б.Оюунбилэгийг оролцуулан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 153 дугаар зүйлийг баримтлан ажиллагаа явуулахад яллагдагч О.Буянбадам уяаны талаар маргаагүй, энэ талаар Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлд дурьдагдаагүй ба ажиллагааны оролцогч бүрт тэмдэглэлийг нэг бүрчлэн уншиж танилцуулан гарын үсэг зуруулсан. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 212 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогч нарт хавтас хэргийн материалыг 2 удаа танилцуулж, хэргийг 2 удаа шүүхэд шилжүүлэхэд өмгөөлөгч Б.Оюунбилэг болон яллагдагч О.Буянбадам нарын зүгээс эд мөрийн баримтаар хураагдсан уяан дээр ямар нэг байдлаар маргасан дахин шалгуулахаар гомдол хүсэлт гаргаагүй тул нохойн хөтөлгөө уяаг гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэглэсэн уяа мөн гэж үзэж хэргийг шүүхэд шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд О.Буянбадам болон түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нар уг уяаг гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэсэн уяа биш, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны үед уг уяаг яллагдагчийнх мөн биш гэдгийг асуугаагүй гэж мэтгэлцэж байгаа нь нэг талаас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, ямар нэг байдлаар шүүхээр шийдвэрлүүлэхгүй хэргийг удаашруулах гэсэн санаа зорилго гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Нохойн хөтөлгөө уяаны өнгө, уртын хэмжээ зөрсөн /бүдэг ногоон, тод ногоон/, урт / 1.30 см урттай, 1.80 см урттай, 1 метр гаруй/ байгааг нэг мөр болгох нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой ажиллагаа биш гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.2-д "... прокурор хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ..." гэсний дагуу уг нохойн хөтөлгөө уяаг гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэглэсэн эд мөрийн баримт мөн гэж үзсэн.

Шүүхийн тогтоолын 4 дэх заалтын хувьд: Дархан төмөрлөгийн үйлдвэрийн Улаанбаатар хотын төлөөлөгчийн газрын хяналтын камерын бичлэг бичигдсэн гэх "Дижитал видео рекорд" төхөөрөмжийг мөрдөн байцаалтын шатанд Си Ди хэлбэрт буулгах боломжгүй, өөрөөр хэлбэл уг төхөөрөмжөөс бичлэг хуулах боломжгүй гэж байгууллагын зүгээс мэдэгдсэн тул 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр уг камерын бичлэгт бичигдсэн бүх харагдах газар, хүний үйлдэл үйл хөдөлгөөн, цаг хугацаа бүрийг нэг бүрчлэн цаасан хэлбэрт оруулан, хэрэгт ач холбогдолтой дүрс бүрийг фото зурагт буулган бэхжүүлж 1 дүгээр хавтас хэргийн 208-220 дугаар хуудаст хавсаргасан. Улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд "Дижитал видео рекорд" төхөөрөмжийг шинжлэн судлуулсны дараа Дархан төмөрлөгийн үйлдвэрийн Улаанбаатар хотын төлөөлөгчийн газарт буцаан олгох саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргасан. Мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч С.Эрдэнэбаатар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.8-д "...Эд мөрийн баримт болон бусад нотлох баримт цуглуулах" гэж заасан эрхийн дагуу мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д "...Үзлэг хийхэд хөндлөнгийн 2 гэрч байлцуулна ...", 127.6-д "...Үзлэг хийхэд хэмжих, гэрэл зураг авах”, 127.8-д "...Эд зүйл, баримт бичигт үзлэг хийхэд удаан хугацаа шаардагдах буюу бусад үндэслэл байвал үзлэгийг мөрдөн байцаалт явуулж байгаа газар хийнэ..." гэж тус тус заасны дагуу хэрэгт ач холбогдол бүхий "Дижитал видео рекорд" төхөөрөмжийг эд мөрийн баримтаар хураан авч тогтоол үйлдсэн.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т "...Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. ..." гэх заалт зөрчигдөөгүй гэж үзэж байна.

5 дахь заалтын хувьд: Хавтаст хэрэгт амь хохирогчийн хувцасанд шинжилгээ томилж дүгнэлт гаргуулсны дараа шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хувцас ирсний дараа буюу 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулахдаа амь хохирогчийн тухайн өдөр өмсөж явсан хар бор өнгийн цамцыг ашиглаж, өөрөө сайн дураараа ажиллагаанд оролцохыг хүссэн /биеийн өндөр ойролцоо гэдгээр/ ЧЕ67042972 регистрийн дугаартай Баатар овогтой Баярсайхан гэх хүнийг оролцуулж, энэ талаар тэмдэглэлд тодорхой тусгасан байна. Тухайн үед энэ ажиллагаанд хяналтын прокурор миний бие оролцсон ба шүүхийн шатанд уг ажиллагааны талаар шүүгчийн асуултанд буруу хариулсан байна. Шүүх тогтоолдоо "Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг "туршилтад" гэсэн үг оруулж процесс ажиллагааны нэрийг буруу дурьдсан байна. Мэдүүлгийг газар дээр шалгасан ажиллагааны дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даннямд хохирогчийн тухайн үед өмсөж явсан хувцсыг хүлээлгэн өгсөн байна. Хууль ёсны төлөөлөгч Д.Данням нь хохирогчийн бүх хувцас, эд зүйлсийг шатаасан гэж мэдүүлж байсан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд "Хохирогчийн ганцхан цамцыг үлдээсэн, мөрдөн байцаагч юмыг яаж мэдэхэв хэрэг болж магадгүй шүү гэж хэлэхээр нь уутанд хийгээд хадгалсан байгаа" гэж мэдүүлсэн учир хууль ёсны төлөөлөгч Д.Даннямаас шүүх хуралдаанд тухайн цамцыг авчруулж хавтаст хэрэгт авагдсан криминалистикийн шинжилгээ хийгдэх үеийн гэрэл зураг, мэдүүлгийг газар дээр шалгах үеийн гэрэл зураг, мөрдөн байцаагчийн хувцасанд үзлэг хийсэн үеийн гэрэл зурагтай харьцуулан шинжлэн судлах замаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

6 дахь заалтын хувьд: О.Буянбадам нарт холбогдох эрүүгийн хэрэг нь 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол үйлдэн, 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр прокурорт танилцуулан эрүүгийн хэргийн 201626011114 дугаар авсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 173 дугаар зүйлийн 173.3-д заасан "... Мөрдөн байцаагч эрүүгийн хэрэг үүсгэсэн бол тогтоолыг 72 цагийн дотор прокурорт танилцуулж, эрүүгийн хэргийн дугаар авна. ...", мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар "Ээдрээ төвөгтэй болон ихээхэн хэмжээний ажиллагаа бүхий хэргийн мөрдөн байцаалтыг мөрдөн байцаагчдын хэсэг явуулж болох ба түүнийг мөрдөн байцаах албаны дарга томилж тогтоол гаргана...." гэж заасны дагуу мөрдөн байцаагчийн ажлын хэсэг байгуулах тухай тогтоол гаргаснаар /1 дүгээр хавтас, 196 дугаар хуудас/ хэргийн газрын үзлэгийг мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Н.Хайдав хийж, мөрдөн байцаагч С.Эрдэнэбаатар Д.Мэндийг гэрчээр байцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

7 дахь заалтын хувьд: 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хэрэг учрал болсон гэх газарт үзлэгийг хийхдээ /О.Буянбадам нь амь хохирогчийг сагсны шийтний кольцооноос гогцоолдож уясан талаараа мэдүүлээгүй тул/ сагсны шийт, шон зэрэгт үзлэгийг хийгээгүй байсан. Тухайн хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаанд хянах үед прокурорын даалгавар бичиж, сагсны шийтний шон, кольцо, газраас хэр зэрэг өндөрт байсан зэргийг тодруулах зорилгоор ерөнхий байдлаар нөхөн үзлэгийг хийлгэсэн. Энэ ажиллагааг хийх үед мөрдөн байцаагч тухайн шонгийн хэмжээсийг тус тусад нь хэмжихдээ алдаж дурьдсан ба үүнийгээ тэр даруйд нь зассан боловч зассан тухай тэмдэглэлд дурьдаагүйг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэхгүй. Процесс ажиллагааны явцад хийгдэж байгаа тэмдэглэлд засвар оруулсан бол энэ талаар тэмдэглэлд заавал дурдах талаар тусгайлан заагаагүй, тэгээд ч хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн энэхүү тэмдэглэл нь тухайн хэргийн хувьд шууд бус нотлох баримт тул нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэр гаргах эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасныг хүлээн авах боломжгүй.

8 дахь заалтын хувьд: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 49 дугаартай яллах дүгнэлтийг шүүх хуульд нийцүүлж бичсэн гэж үзэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д "...Шүүхэд ирсэн хэргийн талаар шүүгч дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” 225.1.1-д “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх", мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д "...Шүүгч, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд энэ хуульд заасан байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдын эрхийг бүрэн хангасан, шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болох зүйл байхгүй гэж үзвэл яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдааны товыг зарлана..." гэж заасныг тус тус удирдлага болгон шүүхэд шилжүүлж, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр О.Буянбадам нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн тул яллах дүгнэлт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 75 дугаартай "хэргийг мөрдөн байцаалтад буцаах тухай" шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заасны дагуу улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэв.

Шүүгдэгч О.Буянбадамын өмгөөлөгч Э.Туул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд О.Буянбадамын өмгөөлөгчөөр оролцсон. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд яллах талын нотлох баримтууд нь бүгд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчиж авагдсан байна гэсэн байр суурьтай оролцсон. Энэ хэрэгт гэрчүүдийн мэдүүлгээс гадна гар утас, нохойн хөтөлгөө уяаг хураан авах, сагсан бөмбөгийн шийтний өндөрийг хэмжих, талийгаачийн цамцыг шинжилгээнд оруулах зэрэг ажиллагаанууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байдаг. Мөн мөрдөн байцаагчийн гар утасны бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлд үндэслэн, хэргийн сэдэл, зорилго тогтоогдож байна гэж үзэж байна. Яагаад Мэндэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоод Ж.Энхтайваны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлд зааснаар зүйлчилсэн нь тодорхойгүй. 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн эд зүйл түр хураан авах тогтоолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 132, 133 дугаар зүйлүүдийг баримтлан хураан авав” гэж заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 133 дугаар зүйлд заасан прокурорт танилцуулах ажиллагаа хийгдээгүй. Улсын яллагч “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 127, 172 дугаар зүйлүүдэд зааснаар уг ажиллагааг зөвтгөж байна” гэж байгаа боловч мөрдөн байцаагч, прокурорын гар утсыг түр хураан авсан ажиллагаануудыг тайлбарласан хуулийн заалтууд зөрүүтэй байна. 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр эд зүйл түр хураан авсан хэрнээ үүнээс 1 сар 22 хоногийн дараа гар утсанд үзлэг хийсэн. Гар утсанд үзлэг хийсний дараа уг гар утас нь хэрэгт ач холбогдол бүхий эд мөрийн баримт болох уу, үгүй юу гэдгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 133 дугаар зүйлд зааснаар тогтоох ёстой байтал хураан авсан тогтоол байдаггүй. Гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэлд үндэслэн хэргийн бүх ажиллагаа явагдсан. Өмгөөлөгчийн хувьд үүнд гомдолтой байна. Гар утасны тэмдэглэл нь яагаад яллах талын нотлох баримт болж чадахгүй вэ гэхээр гар утасан дахь ярианы бичлэгүүд бүгд хоорондоо зөрүүтэй байдаг. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд “Цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөөс өмнө гадагш дуудлага хийсэн дугаарыг шүүж үзэхэд 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 13 цаг 04 минутад Энхтайван ах гэж тэмдэглэсэн утсанд залгаад яриагүй” /хх-ийн 221 дүгээр тал/, “13 цаг 04 минутад давхар дуудлагаар Тайван ах гэсэн дугаарт ярьсан” /хх-ийн 228 дугаар тал/ гэж нэг цаг хугацаа зааж тэмдэглэсэн хэрнээ ярьсан, яриагүй гэх зөрүүтэй байдлаар тэмдэглэсэн. Мөн тэмдэглэлд “2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 13 цаг 04 минутад 88669945 дугаартай шүүгдэгчийн утаснаас шүүн үзэхэд 99110740 гэсэн дугаар луу 58 секунд ярьсан байна” гэж тэмдэглэсэн бөгөөд 4 минут 1 секунд ярьсан уу, эсхүл 1 минут 4 секунд ярьсан уу гэдэг нь тодорхойгүй байдаг. Гар утсанд хийсэн тэмдэглэл зөрүүтэй байгаа тул яллах нотлох баримт болгоход эргэлзээтэй байна. Гар утаснаас дуудлага хийсэн дугааруудыг зарим гэрчүүд “миний утасны дугаар мөн” гэдэг байдлаар хэлсэн гэж байгаа боловч хуульд зааснаар гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжаа заах ёстой. Үнэхээр гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан дугаарууд нь тухайн хүний утас мөн эсэхийг тогтоохын тулд гар утсанд мессеж илгээсэн, дуудлага хийсэн лавлагаануудыг авах шаардлагатай байсан. Гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэлүүд өөр хоорондоо зөрүүтэй байдаг. Улсын яллагч “нөүт 3”, “нөүт 4” гэж шүүх андуурсан гэж байна. Эд зүйл хураан авах тэмдэглэлд яах аргагүй “нөүт 3” гэж бичсэн. Гэтэл хавтаст хэргийн 221 дүгээр талд авагдсан тэмдэглэлд “самсунг галакси нөүт 4” гэсэн байдаг. Гар утас эд мөрийн баримт болж чадахгүйгээс гадна ийм баримтаар хүнийг буруутгах үндэслэлгүй юм. Хэргийн газарт очсон нохойн төлөөлөгч хэргийн газраас нохойн хөтөлгөө уяаг хулгайлаад 16 хоногийн дараа буцаан авчирч өгсөн. Тэрээр бусдын эд зүйлийг хулгайлсан. Хэргийн газарт цагдаагийн бие бүрэлдэхүүнд очсон хэрнээ хэргийн газраас нохойн уяаг авч явснаас болж хэрэгт эргэлзээтэй байдал бий болсон. Нотлох баримтын нотлох чадварыг алдагдуулсан, шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг явагдаад байхад тэр хүний асуудлыг шалгалгүй, түүнээс гэрчийн мэдүүлэг л авсан байдаг. “Нохойны уяаны асуудалд шүүгдэгч болон хэргийн оролцогч нарын хэн нь ч гомдол гаргаагүй учир үүнийг мөн гэж үзсэн юм” гэж улсын яллагч хэлж байна. Эргүүлж авчирсан гэх нохойн хөтөлгөө уяаг “энэ таны гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уяа мөн үү” гэж шүүгдэгчээс асуусан, мэдүүлэг авсан зүйл байхгүй. “Талийгаачийн тухайн үед өмсөж явсан хувцасыг таньж олуулах ажиллагааны үед Баярсайхан гэж хүнд өмсүүлсэн” гэж ярьж байна. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд “ижил төрлийн цамц авчирч тэр хүнд өмсүүлээд туршилтын ажиллагааг хийсэн” гэж тайлбарлаж байсан. Талийгаачийн өмсөж явсан цамцыг ажиллагаа хийхэд ашиглаагүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид эд зүйлийг хүлээлгэж өгсний дараа таньж олуулах ажиллагаа явагдсан. Уг ажиллагаанд прокурор оролцсон хэрнээ анхан шатны шүүх хуралдаанд ярьснаас өөр асуудлыг ярьж байна. Хэрэгт ач холбогдол бүхий зүйл болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид байгаа талийгаачийн цамцыг гаргуулан авах хэрэгтэй. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн задлан шинжилгээний актад “талийгаачийг зөөлөн эдээр босоо байрлалд дүүжлэгдэх үед механик бүтэлтэд орж нас барсан” гэсэн. Фото зургаас харахад талийгаачийн өмсөж явсан цамц нь том, төмөр цахилгаантай байсан. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд “зөөлөн эдээр боогдсон” гэсэн. Цамцны цахилгаан нь зөөлөн эд мөн үү, эсхүл төмөр үү гэдгийг 3272 тоот цамцанд үзлэг хийсэн дүгнэлтэд дурдаагүй. Иймд уг асуудлыг дахин шалгуулахыг хүсэж байна. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтэд “зөөлөн эдээр механик бүтэлтэд орж нас барсан” гэснээс гадна “бүдэг хүрэн, улаан хүрэн, өнгөгүй 3 өөр зулгаралт гэмтэл үүссэн” гэсэн. Эдгээр зулгаралт гэмтлүүд нэг цаг хугацаанд үүссэн үү, үгүй юу гэдгийг шинжээчийг байцааж тодруулах ажиллагаа хийгдээгүй. Үүнийг дахин тогтоолгоё гэдэг хүсэлтийг анхан шатны шүүх хуралдаанд тавьсан. Хэргийн газрын үзлэг явагдаж байхад Мэндийг 2 өөр газарт, 2 өөр байцаагч нэг ижил цаг хугацаанд асуусан харагддаг. Хэргийн газрын үзлэгт прокурор оролцсон гэж байгаа ч хэргийн газрын үзлэгийн цаг хугацаа дуусаагүй байхад Мэндэд хууль сануулж, байцаалт авч эхэлсэн байдаг. Энэ нь хэргийн газрын үзлэг болон гэрчийн мэдүүлгийн нотлох чадварыг алдагдуулж байна. “Сагсан бөмбөгийн шийтний цагирганы өндрөөр, тойргийн хэмжээг авах өдөр салхитай байсан тул тоог нь засварласан” гэж байна. Хэдийг, хэд болгож засварласан бэ гэдэг нь тодорхойгүй байх тул хохирогч босоо байрлалд дүүжлэгдэж нас барсан гэдэг нь эргэлзээтэй байна. Иймд сагсан бөмбөгийн шийтний цагиргын өндрийн хэмжээг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой. Талийгаачийн цамцанд үзлэг хийсэн 3272 тоот шинжээчийн дүгнэлтийн 2 дахь хэсэгт “малгай, их бие хоёрын хооронд утас сунасан, тасарсан ямар нэг шинж тэмдэг байхгүй” гэсэн. Хохирогч босоо байрлалд дүүжлэгдсэн юм бол цамцанд ямар нэг сунасан, утас тасарсан ул мөр байх ёстой. Өмгөөлөгчийн зүгээс “хохирогчийн өмсөж явсан цамцыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулж, дахин ажиллагааг хийлгэе” гэсэн хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авсан. Мөрдөн байцаалтын явцад байцаан шийтгэх ажиллагааны зөрчил их гарсан. Олон сэжигтнүүд байхад хэрэгт хийсэн ажиллагааны тогтоолууд ганцхан О.Буянбадамд танилцуулагдаад байсан. Харин хэргийн бусад оролцогч нарт эдгээр баримтууд огт танилцуулагдаагүй. О.Буянбадамын биед хийсэн үзлэгт хуулийн дагуу их эмчийг оролцуулаагүй. Дээрхээс гадна хууль зөрчсөн ажиллагаа их байдаг” гэв.

Шүүгдэгч О.Буянбадамын өмгөөлөгч Б.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Э.Туулын гаргасан тайлбарыг дэмжиж байна. Нэмж хэлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Ж.Энхтайвны өмгөөлөгч Б.Тэнгис шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Э.Туулын гаргасан тайлбарыг дэмжиж байна. Нэмж хэлэх зүйлгүй” гэв.

ХЯНАВАЛ:

Хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заажээ.

Иймд шинжээч, хохирогч, гэрч нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах талаар талууд хүсэлт гаргаж, нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, шүүхийн тогтоолд дурдсан эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулан хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд О.Буянбадам, Ж.Энхтайван нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүхийн тогтоолыг хүчингүй болгон, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.