Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/01878

 

 

*******ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/02279 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох

 

Дутуу олгосон тэтгэмж 23,560,276 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч ******* нь ******* салбарт 36 жил 8 сар ажилласан. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалаар хөдөлмөрийн гэрээг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дуусгавар болгож, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон.

1.2. Нэхэмжлэгч 1983 он, 1986 онуудад *******ад ачигчаар, 1986-1993 онуудад *******д ачаа буулгах хэлтэст диспетчер, 1993-2005 онуудад ******* компанид ачаа тээврийн хэлтэст диспетчер, 2007-2008 онуудад нисэх хөдөлгүүрийн үйлчилгээний хэлтэст жижүүр, 2013-2015 онуудад агаарын хөдөлгөөний үйлчилгээний албанд жижүүр, 2015-2018 онуудад нисэх хөдөлгөөний үйлчилгээний хэлтэст жижүүр, 2018-2020 онуудад ******* жижүүр, 2020-2021 *******т жижүүрээр ажилласан.

1.3. Ажиллаж байх хугацаанд ажил албан тушаал нь солигдож байгаа нь өөрийн хүсэлтээр биш, тухайн байгууллагын бүтцийн өөрчлөлт, өөр албан тушаалд томилсон шийдвэрүүдийн дагуу албан тушаалыг сольж байсан.

1.4. ******* салбарт 2019-2021 онуудад үйлчлэх хамтын хэлэлцээрийн 3.5-д тэтгэвэрт гарсан ажилтанд ******* салбарт ажилласан жилийн 3-36 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж өгнө гэж заасан байдаг. Энэ хэлэлцээр нь тухайн үед үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 16.1-д заасны дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын газрын хүчин төгөлдөр хэлэлцээр байдаг.

Тиймээс *******ын хувьд 36 жил ажилласан учраас 25 жилээс дээш жил ажилласан бол 36 сарын тэтгэмж авах эрхтэй гэсний дагуу тэтгэмж авна гэж үзэж байна.

1.5. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр *******ийн даргын тушаалаар 25 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 23,000,000 төгрөгийг олгосон. ******* ******* газрын хөдөлмөрийн дотоод журмын 6.4-ийн 1.5-д заасныг үндэслээд ******* газарт 15-24 жил ажилласан бол 25 сарынх, 25-аас дээш жил ажилласан бол 36 сарын хэмжээтэйг олгоно, хариуцагчийн зүгээс 1993-2005 онуудад Монголын иргэний агаарын тээвэр болох ******* компанид ажиллаж байсан хугацааг ******* салбарт ажиллаж байсан гэж тооцохгүй гэдэг. ******* ТӨХК нь  ******* агаарын тээврийн газрын томоохон төрийн өмчит компани, мөн салбар дундын хэлэлцээр буюу 2021 оны хамтын хэлэлцээрийн дагуу ******* салбар төлөөллөөр оролцсон.

1.6. Нэр бүхий 6 ажилтны ******* ТӨХК-д ажилласан хугацааг тооцож тэтгэмж олгосон болох нь хэргийн баримтаар нотлогдоно. Мөн 2020-2021 онд Зам тээвэр хөгжлийн  сайд, *******ын хамтарсан тушаалаар 2021 оны орлого зарлагын төлөвлөгөөг батлахдаа нэхэмжлэгч *******од 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж буюу 75,155,285 төгрөгийг төсөвлөсөн. Иймд *******ын ******* ТӨХК-д ажиллаж байсан хугацааг тооцохгүй гэж *******, ******* газрын татгалзлыг үндэслэлгүй гэж үзэх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 6.1-д заасан ажил олгогчийн эрх, 16.1-д заасан хамтын хэлэлцээр, ******* хамтын хэлэлцээрийн 3.3-т зааснаар тэтгэмж авах эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр дутуу олгосон тэтгэмж 23,560,276 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *******ын нэхэмжлэлтэй, *******д холбогдуулан гаргасан хэрэгт ******* ******* газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/836 дугаар тушаалаар *******од ажилласан хугацаанаас нь тооцож, 25 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тус газрын Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн ажил олгогч олгосон байдаг. Дээрх 25 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохдоо холбогдох хууль, дотоод журам зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хариуцагч ******* /РД:*******/-иас 23,560,276 /хорин гурван сая таван зуун жаран мянга хоёр зуун далан зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хотгойд овогтой *******гийн ******* /РД:*******/-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 62,399 төгрөгийг улсын төсвөөс буцаан нэхэмжлэгчид олгож, хариуцагч ******* ******* газраас 275,751 гаргуулж нэхэмжлэгч *******од олгохоор шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/02279 дугаартай шийдвэрээр *******ын нэхэмжлэлтэй *******д холбогдох хэргийг хянан шийдвэрлэж, тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

4.2. Гэсэн хэдий боловч шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт хариуцагч *******”-с гэж биш хэргийн оролцогч бус ******* ******* газраас “дутуу олгосон тэтгэмжид 23,560,276 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 275,751 төгрөг, нийт 23,836,027 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай” гэж шийдвэрлэсэн. Бид шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай хүсэлтийг хариуцагч *******д гаргасан боловч манай байгууллагад үүрэг хүлээлгээгүй байна гэж мөнгө олгохоос татгалзсан болно. Ингээд бид тус шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах шаардлагатай тухай мэдсэн.

4.3. Улмаар шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 192/Ш32025/36364 дугаартай захирамжаар “шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрхийг шүүгчид олгоогүй тул давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг сэргээлгэж алдааг залруулах боломжтой гэж үзлээ хэмээн гомдлыг хангахаас татгалзсан. Иймд бид дахин хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2025 оны 09 сарын 17-ны өдрийн 192/Ш32025/38248 дугаартай захирамжаар давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээсэн.

4.4. Хариуцагч ******* нь дээрх шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй, үйл баримт, хууль зүйн дүгнэлтийн хувьд маргаагүй тул шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

4.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т “Давж заалдах журмаар хэрэг хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар хянан шийдвэрлэж магадлал гаргана” гэжээ.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагчийн нэрийг ******* болгож өөрчлөлт оруулж өгөхийг хүсье гэв.

 

5.Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Учир нь тус шийдвэрийн тогтоох хэсэгт ******* гэсэн нь *******өөс өөр байгууллага  байсан. Хариуцагчийн нэрийг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тус байдлаар тусгасанд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

5.2. Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгчээс 4 дүгээр сард шийдвэрийг гардаж авсан ба тухайн үед гомдол гаргаж болох байсан. Хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй учир өнөөдөр гомдол гаргах үндэслэлгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрт хариуцагч хуулийн этгээдийн нэрийг зөвтгөсөн болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч  ******* ******* салбарт 1983 оноос 2021 оны хооронд тасралтгүй 36 жил 8 сар ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан тул Хөдөлмөрийн дотоод журмын 6.4.1.4.6-д 25-аас дээш жил ажилласан бол 36 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэсний дагуу дутуу олгосон 11 сарын тэтгэмж 23,560,276 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж, хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч *******од 25 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгосон нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж нэхэмжлэгчийн ажилласан байдалтай холбоотой дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. 1983 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ******* ******* газрын *******ын даргын 161 дүгээр тушаалаар, 1983 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хүртэл Тээврийн үйлчилгээний хэлтсийн ачигчаар ажилласан;

3.2. 1986 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ******* ******* газрын *******ын даргын 97 дугаар тушаалаар, 1986 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ачаа шуудангийн хэлтэст диспетчерээр ажилласан;

3.3. 1993 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ******* ******* компанийн ******* захирлын Б/198 дугаар тушаалаар, 1993 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Ачаа, шуудан тээврийн хэсэгт диспетчерээр ажилласан;

3.4. 2007 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ******* ******* газрын даргын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны даргын 61 дүгээр тушаалаар Нислэгийн хэлтсийн үйлчилгээний албанд жижүүрээр ажилласан;

3.5. 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ******* ******* газрын даргын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны даргын Б/28 дугаар тушаалаар бүтцийн өөрчлөлт хийж, 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл жижүүрээр ажилласан;

3.6. Ачааны хэлтсийн үйлчилгээний албаны Б/87 дугаар тушаалаар бүтцийн өөрчлөлт хийж, 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл жижүүрээр ажилласан;

3.7. 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ******* ******* газрын даргын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны даргын Б/193 дугаар тушаалаар бүтцийн өөрчлөлт хийж, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жижүүрээр ажилласан;

3.8. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* ******* газрын даргын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны даргын Б/194 дүгээр тушаалаар бүтцийн өөрчлөлт хийж, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл жижүүрээр ажилласан;

3.9. 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ******* ******* газрын даргын Б/235 дугаар тушаалаар бүтцийн өөрчлөлт хийж, 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл жижүүрээр, /1хх 94-96 тал/

3.10. 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн ******* ******* газрын *******ийн даргын Б/2544 дүгээр тушаалаар бүтцийн өөрчлөлт хийж, 2020.07.10-ны өдрөөс 2020.10.02-ны өдрийг хүртэл жижүүрээр ажилласан;

3.11. 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* ******* газрын *******ийн даргын Б/384 дүгээр тушаалаар бүтцийн өөрчлөлт хийж, 2020.10.02-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл жижүүрээр ажилласан;

3.12. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн      ******* ******* газрын  *******ийн даргын Б/736 дугаар тушаалаар ... Аэродром, барилга байгууламжийн ашиглалтын албаны Аж ахуй, хангамжийн хэсгийн жижүүр *******гийн ******* нь өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн;

3.13. 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн      ******* ******* газрын  *******ийн даргын Б/836 дугаар тушаалаар ...өндөр насны тэтгэвэрт гарсан *******од 25 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн байна.

 

4. Дээрх үйл баримтын талаар зохигч маргаангүй боловч нэхэмжлэгчийн ******* ТӨХК-д ажиллаж байсан хугацааг хамтын хэлэлцээрт заасан ******* салбарт ажилласан хугацаанд хамааруулах эсэх нь маргааны зүйл болжээ.

 

5. Анхан шатны шүүх “******* салбарт 2019-2021 онд хэрэгжих хамтын хэлэлцээр”-ийн нэг оролцогч нь ******* ТӨХК тул тухайн компани нь ******* үйлчилгээ үзүүлэх эрх бүхий байгууллагын хувьд ******* салбарт хамаарна гэж дүгнэн ******* ******* газрын даргын 2018 оны 12 дугаар 06-ны өдрийн А/803 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 6.4.1.4.1.6-д “... 25-аас дээш жил ажилласан бол 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тэтгэвэр тогтоолгосон нөхцлөөр нь тооцон олгох” заалтыг үндэслэн хариуцагчаас дутуу олгосон тэтгэмж 23,560,276 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

 

6. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ******* ******* газрыг хариуцагчаар тодорхойлж, шүүх *******т холбогдуулан иргэний хэрэг үүсгэж холбогдох ажиллагаа явуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагчийг *******өөр солих хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хариуцагчийг *******өөр сольсон боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч хуулийн этгээдийн нэрийг ******* гэж буруу бичсэн алдаа гаргасан байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

7. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дахь заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон байх тул уг алдааг залруулсан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

 

            8. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/02279 шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 129 дүгээр зүйлийн 129.1 ...” гэснийг “... Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 ...” гэж, “... ******* /РД:*******/-иас ...” гэснийг “... ******* ААТҮГ-аас ...” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “... ******* ******* газраас ...” гэснийг “******* ААТҮГ-аас” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.УУГАНБАЯР

 

 

                ШҮҮГЧИД                           С.ЭНХБАЯР

 

 

                                                                                               Ц.ЦЭРЭНДУЛАМ