Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 102

 

Д.Мөнхтөмөрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

           

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШШ2016/00367 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 12 дугаар гудамж 07-А тоотод оршин суух Олхон овогт Даваасүрэнгийн Мөнхтөмөррийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 15-17 тоотод оршин суух Авгас овогт Дэлэгнямын Нямаад холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Мөнхтөмөр, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагч Д.Нямаа, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: 8.000.000 гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн доктор Нямаа нь ОХУ-ын Халимаг Их сургуульд хүүхдийн тоо хязгааргүй элсүүлэнэ гэсэн. Халимаг улсын Их сургуультай байгуулсан гэрээ байгаа. Эхний жил төлбөрөө өөрөө хариуцна. Дараа жилээс сургалтын төлбөр авахгүй гэж хэлэхээр нь Ховд аймгийн хэмжээний гадаад асуудал хариуцсан доктор хүнд итгэж хүү М.Пүрэвдоржийг бүртгүүлсэн юм. Гэтэл Халимаг улсын Их сургуультай ямар ч гэрээ хэлэлцээр байхгүй. Хүүхэд цааш нь суралцах боломжгүй болоод буцаж ирсэн төдийгүй, Монголдоо 4 жил сурах төлбөрийн мөнгөө 5 сарын дотор Халимаг улсын Их сургуульд төлөөд одоо хүртэл сургууль соёлгүй ирээдүй нь бүрхэг болсон манай хүү М.Пүрэвдорж сэтгэл санаагаар унаж сурах сонирхолгүй ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, доктор Нямаагаас болж хүүхдийн эрх бүдүүлэгээр зөрчигдөж байна. Гадаадад сургууль төгсөж орос хэлтэй, барилгын сайн инженер болговол хүүд маань өөрт нь болоод улс эх орондоо хэрэгтэй гэж бодсон нь Нямааг худал хэлж хуурч байгааг мэдэхгүй хүүхдийнхээ ирээдүйг баллаж орхисондоо гомдолтой байна. Хичээл нь 9 сард эхлэх ёстой байтал Нямаа доктор миний хүүг 11 сард явуулаад 4 хүүхэд явсан тэгээд суралцах боломжгүй гээд 4 сард Монголдоо буцаж ирсэн. Увс аймгаас Халимаг улсын Их сургуульд суралцаж буй хүүхдүүдийг тухайн аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн нь өөрөө хүргэж өгөөд байранд нь оруулаад гэрээ хэлэлцээр хийгээд буцаж ирсэн байдаг. Гэтэл Нямаа ингэж хариуцлага алдсанаас болж миний хүүхэд одоо сургууль ч байхгүй байна. Халимаг улсын Их сургуулийн захирал Салаев гэдэг хүнтэй ярихад бид Ховд аймгийн Засаг дарга ч, Нямаа ч биднийг авч хэлэлцээгүй, гэрээ хийгээгүй. Увс аймагтай гэрээ хийсэн. Гэрээ хэлцэл хийгээгүй энэ 5 хүүхдийн эрх бүдүүлгээр зөрчигдсөн нь үнэн. Буруутан нь бид биш, Ховдын Нямаа билээ. Тийм болохоор хохиролоо Нямаагаас нэхэмжлэх хэрэгтэй гэж утсаар хэлсэн. Хүү Пүрэвдоржийг явахад нь цалингийн зээл аваад зарим мөнгийг олон улсын виза карт авч түүнд нь хийж заримыг өөрт нь өгөөд явуулсан. Хамгийн гол нь Д.Нямаагийн буруутай үйлдлээс болоод хүү минь хохирч үлдсэн тул 8 000 000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү”гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбар: 2012 оны 11 дүгээр сарын сүүлээр ОХУ-ын Халимаг улсын Их сургуулийн захирал Бадма Катинович Салаев гурван багшийнхаа хамт Улаанбаатар хотоос онгоцоор ирж Ховд аймгийн Засаг даргатай албан ёсны уулзалт хийгээд Ховд аймаг, Баруун Монголоос оюутан сургах хүсэлтэй эхний жил оюутан өөрөө төлбөрөө төлж хэлний бэлтгэл ангид суралцана. Дараа жилээс нь бид Оросын засгийн газрын тэтгэлэгт хамруулахад тусална. Хүүхдийн тоо 10-аас дээш байж нэг анги болсон тохиолдолд бид засгийн газарт хандахад хялбар байх боломжтой гэж хэлсэн. 2012 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 06/714 тоотоор Халимагийн Их сургуулийн захирал Б.К.Салаеваас Засаг даргын нэр дээр албан бичиг ирсэнийг Засаг дарга Д.Цэвээнравдан надад цохсоны дагуу ажил үүргээ би албан ёсоор гүйцэтгэсэн. Д.Мөнхтөмөр манай өрөөний үүдэнд наасан зарлалыг хараад ихэд олзуурхан баярлаж орж ирээд хүүгээ явуулна. Манай хүүхэд их эрх, хичээл хийдэггүй, хол газар явуулж хал үзүүлэх хэрэгтэй байна....гэх мэт олон юм хэлээд бүртгүүлж байснаа мартаагүй байх гэж бодож байна.

Тухайн үед анх 21 хүүхэд бүртгүүлсэн байсан. 7 сар гараад конкурс болоод бүртгүүлсэн хүүхдүүд орон нутагтаа суралцах болж явах сурагчдын тоо цөөрч 7 болсон. Д.Мөнхтөмөрийн хүү М.Пүрэвдоржийн урилгыг 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Халимагийн Их сургуульд урилгыг нь явуулж 2013 оны 09 дүгээр сарын 20-нд ирсэн ба би дүүгээрээ сургуульд нь хүргүүлсэн. Д.Мөнхтөмөрийн хүү М.Пүрэвдорж нь хэлний бэлтгэлээ дуусгалгүй, хичээлийн жил дуусаагүй оюутнууд очоод таван сар суралцаж байтал Улаанбаатар хотод РЦНК-д орос хэлний шалгалт өгүүлж Оросын Засгийн газрын тэтгэлэгт хамруулна гэсний дагуу өөрсдөө Монгол руу буцаж ирээд Монголд болсон шалгалтаас хоцорсолн байсан. Би буцаж ирэхэд нь тусалсан. Увс аймгийн ЗДТГ-тай Халимагийн сургууль гэрээ хийгээгүй гэдгийг би баттай мэдэж байна. Д.Мөнхтөмөр нь надад хүүхдүүдийг авч ирж өг гэсэн, сургуультай нь холбоо барихад хичээл дуусах болоогүй байна гээд төлбөрийг буцаан олгох боломжгүй гэдгийг хэлсэн. Би төрийн өмнөөс ажил үүргээ гүйцэтгээд эцэст нь ингэж гүтгүүлэн нэр төрөө сэвтүүлсэндээ гомдолтой байна гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШШ2016/00367 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.4 дэхь хэсэгт зааснаар Д.Мөнхтөмөрийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Нямаад холбогдох 8000000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142 950 төгрөгийг улсын орлого болгосугай гэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын агуулга: Д.Нямаа нь анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлэхдээ ОХУ-ын Халимаг улсын их сургуулийн захирал Бадма Катинович Салаев Ховд аймгийн Засаг даргатай албан ёсны уулзалт хийгээд Ховд аймаг  Баруун монголоос оюутан сургах хүсэлтэй. Эхний жил оюутан өөрөө төлбөрөө төлж хэлний бэлтгэл ангид сурна. Дараа жилээс бид засгийн газрын тэтгэлэгт хамруулахад тусална. Харин хүүхдийн тоо 10-с дээш байж нэг анги болгосон тохиодолд бид засгийн газарт хандахад хялбар байх боломжтой гэж хэлсэн. Халимаг улсын их сургуулийн захирал Б.К.Салаеваас Засаг даргын нэр дээр албан бичиг ирснийг Засаг дарга Д.Цэвээнравдан надад цохьсоны дагуу ажил үүргээ би албан ёсоор гүйцэтгэсэн. Эхлээд 21 хүүхэд бүртгүүлсэн сүүлд 7 болж цөөрсөн гэж мэдүүлсэн билээ. Хүүхдийн тоо 10-с дээш нэг анги болох ёстой.

 Хугацаа оройтуулж 2 сар хичээлийг нь тасалдуулан замын талд өөрөө биш хүр дүүгээрээ хүргүүлээд орхисон. Хэрвээ хүүхдийн тоо 10 байх ёстой 5 байгаа тул энэ жил хэрэггүй гэж эрт анхааруулж болох байсан. Хоёр улсын асуудалд зөвхөн Засаг даргын албан бичиг гол болгож хоомой хандсан.

Албан ёсны гэрээ байгуулаагүй. Д.Нямаагийн хариуцлагагүй үйлдлээс болоод одоо 4 дүгээр курсэд суралцаж байх ёстой хүүхэд маань сургууль соёлгүй үлдэж байгаад гомдолтой байна. Энэ нь хариуцлагатай ажил алба хашдаг хүн санаатайгаар хйисэн сэт санагдаад байна. Иймд гэрээ хийгээгүй, хугацаа хожимдуулж замын талд хүнээр хүргүүлсэн. Иймд энэ нь эрүүгийн гэмт хэрэгч болж болох талтай мэт бидэнд санагдаж байна. 8.000.000 төгрөг гаргаад өгчихвөл би ямар ч байсан сонирхолтой сургуульд нь сургамаар байна гэжээ.

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

           

            Хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримтын хэмжээнд хэргийн үйл баримтыг зөв тодорхойлоогүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй, иргэний эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй,хуулийн тохирох зүйл заалтыг зөв хэрэглээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр  “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

             Нэхэмжлэгч нь ОХУ-ын Халимаг улсын Их Сургуульд суралцсан хүү М.Пүрэвдоржийн сургалтын төлбөр 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Д. Нямаад холбогдуулан гаргажээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан   байна.

            Хэргийн оролцогчдын гаргаж өгсөн, хэрэгт авагдсан 16,17, 32, 37, 38,41, 42,44,47,60, 65-70 хуудас дахь баримтууд орос хэл дээр бичигдсэн байхаас гадна 43,45,71 дүгээр хуудас дахь баримтуудыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч орчуулаагүй хэн орчуулсан эсэх нь тодорхойгүй ойлгомжгүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

            Дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан шүүхэд зохигчдоос ирүүлсэн гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг орчуулахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.5.2-т заасан албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагчаар монгол хэл дээр орчуулуулсан байна” гэсэн хуулийн шаардлагыг зөрчжээ.

            Хэргийн оролцогчоос шүүхэд ирүүлсэн 10-15,36,40  дүгээр хуудас дахь  баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т  заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар өгнө” гэх  шаардлагад нийцээгүй байна.

 

              Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж хуульчилжээ. Нэхэмжлэгч нь шүүхэд дээрх хуульд заасны дагуу өөрт учирсан гэм хорын хохирлыг арилгуулах тухай шаардлагыг гаргажээ. Гэтэл шүүх талуудын хооронд үүссэн  маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 82 дугаар зүйлд шүүгч дангаар хянан шийдвэрлэхээр зааснаас бусад хэрэг маргааныг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх, тус  хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасан агуулга,  Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Бүх шатны шүүх хэрэг маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ”, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-д “хуульд тусгайлан зүйлчилж заасан заасан зарим хэргийг дангаараа шийдвэрлэж болно” гэсэн зарчмыг зөрчиж  хэргийг дангаар шийдвэрлэсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан хууль бус бүрэлдэхүүн болж байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн улмаас хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул давж заалдах гомдол болон хэргийн агуулгад дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн   давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142950 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Д.Мөнхтөмөрт буцаан олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШШ2016/00367 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, нэхэмжлэгч Д.Мөнхтөмөрт буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.НЯМБАЯР

        ШҮҮГЧИД                                                      С.ӨМИРБЕК

                                                                                  Н.ТУЯА