Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 148

 

    П.М-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч, С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Золзаяа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 21 дүгээр магадлалтай, П.М-ад холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ө.Батбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1974 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга ажилтай, урьд ял шийтгэлгүй, П.М.

Шүүгдэгч П.М нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/73 дугаартай төрийн албан хаагчдад урамшуулал олгох тухай захирамж гарган сахилгын шийтгэлтэй Г.Л-д 300,000 төгрөгийн урамшуулал олгож, түүнд давуу байдал бий болгон улсын төсөвт 300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч П.М-ыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шийдвэрлэсэн байна.

Архангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээжээ.

Шүүгдэгч П.М хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...УИХ-ын 2017 оны 67 дугаар тогтоол, Засгийн газрын 2017 оны 52 дугаар хуралдааны тэмдэглэлийн дагуу 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/73 тоот захирамжид гарын үсэг зурснаар нэр бүхий 8 төрийн албан хаагч нарт тус бүр 300,000 төгрөгийн урамшуулал олгосон юм. Дээрх хуралдааны тэмдэглэлд сахилгын шийтгэлгүй төрийн албан хаагчдад урамшуулал олгохоор тусгасан бөгөөд захирамжийн хавсралтад орсон 8 хүний дотор сахилгын шийтгэлтэй багийн засаг дарга Г.Л урамшуулалд хамрагдсан байсан. Миний зүгээс дугаар захирамжид гарын үсэг зураагүй талаар маргаагүй. Харин түүнд давуу байдал олгох санаа зорилго огт агуулаагүй бөгөөд ажлын ачаалал их, олон зүйлд самгардаад хянаж үзэлгүй гарын үсэг зурж, хайхрамжгүй хандсан хэмээн маргаж буй болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрч Д.Ц-ын “П.М мэдэж байсан” гэх мэдүүлэг, гэрч Т.У-ийн “би дарга нарт өгсөн боловч ажил ихтэй байсан тул бүртгэлийн дэвтэрт бүргэж аваагүй” гэх мэдүүлэг, гэрч П.Ч-ын “П.М нь 2017 онд сахилгын шийтгэлтэй албан хаагчдад 300,000 төгрөгийн урамшуулал олгож болохгүй гэдгийг мэдэж байсан. Учир нь тухайн үед аймгийн Засаг даргын тамгын газраас олгож болохгүй гэсэн бичиг ирсэн байсан. Би энэ асуудлыг шалгагдаж байх хугацаандаа мэдсэн” гэх мэдүүлгүүдийг судлан үзвэл П.Ч ч тухайн үедээ сахилгын шийтгэлтэй хүнд урамшуулал олгож болохгүй гэдгийг мэдэлгүй нэр бүхий 5 ажилтанд урамшуулал олгосон болох нь харагддаг. Учир нь чиг үүргийн хувьд Тамгын газрын дарга нь хууль, эрх зүй, эдийн засаг, төсөв санхүү, шинээр гарч байгаа УИХ болон ЗГ-ын гаргасан шийдвэрийн талаар Засаг даргыг мэдээллээр хангаж, өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий албан тушаалтан юм.

П.М миний бие Г.Л-тэй найз нөхөд, ах дүү, ураг төрлийн ямар нэгэн холбоогүй ба насны хувьд хол зөрүүтэй, улс төрийн үзэл бодлын хувьд 2 өөр намд харьяалагддаг, хувийн тааламжтай харилцаатай хүмүүс биш бөгөөд түүнд давуу байдал санаатай олгох ямар нэгэн шалтгаан, шаардлага байхгүй.

Хэрэв Г.Л-д давуу байдал олгох санаа зорилго агуулсан бол түүнд ногдуулсан сахилгын шийтгэлийг шийтгэлгүйд тооцох захирамж гаргаж байгаад 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/73 тоот захирамжийг гаргах бүрэн боломжтой байсан.

Миний хувьд дээрх захирамжид гарын үсэг зурахдаа хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалагдах дээд шатны Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтээ хайнга хандаж, УИХ-ын тогтоол, тэмдэглэл, аймгийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн албан бичиг зэрэгт нийцэж буй эсэхийг хянах үүргээ биелүүлээгүй хайнга хандаж, гарын үсэг зурсан буруутай гэж бодож байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаана уу” гэжээ.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Миний үйлчлүүлэгчийн зүгээс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/73 тоот захирамжид гарын үсэг зураагүй эсхүл Г.Л-д 300,000 төгрөгийн урамшуулал тус захирамжийн дагуу олгоогүй гэх мэтээр маргаан байхгүй. Харин өмгөөлөгчийн зүгээс хэргийг буруу зүйлчилсэн гэж маргасан.

Нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгүүд болон сахилгын арга хэмжээ авсан захирамж, А/73 дугаар захирамж зэрэг баримтууд нь Г.Л-д шууд давуу байдал олгосон болохыг нотлох баримтууд болохоос бус түүнд давуу байдал олгох субьектив санаа зорилго агуулсан болохыг нотолсон баримт биш юм. Хайнга хандсан эсэхийг шалгаж тодруулалгүйгээр гарын үсэг зурсан юм чинь санаатай хандсан байж таараа гэсэн субьектив байдлаар хандсан.

Түүнчлэн шүүгдэгч болон Г.Л нар нь хувийн тааламжтай харилцаатай хүмүүс биш. П.М нь сахилгын шийтгэлтэй хүнд урамшуулал олгох боломжгүй болохыг мэдэх үүргээ биелүүлээгүй хайнга хандсан болох нь харагддаг. П.М нь А/73 тоот захирамжид гарын үсэг зурахдаа хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтээ хайнга хандаж, УИХ-ын тогтоол, тэмдэглэл, аймгийн Засаг даргын тамгын газраас ирсэн дугаар албан бичиг зэрэгт нийцэж байгаа эсэхийг хянах үүргээ биелүүлээгүй байна.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгдэж, тухайн хор уршигт зориуд хүсэж хүргэдэг шинжтэй гэмт хэрэг юм. Урвуулан ашиглах гэдгийг албан үүрэг, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийхийг хэлдэг бөгөөд баримтуудаас харахад шүүгдэгчид хувийн ашиг сонирхол байгаагүй нь харагддаг.

Харин албан гэдэг нь төрийн зорилт, чиг үүргийг Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт гэж тодорхойлсон. П.М-ын хувь төрөөс үзүүлсэн үйлчилгээг үзүүлэх явцдаа хайнга хандаж, захирамжийн төслөө хянаж, нягтлалгүй гарын үсэг зурснаар сахилгын шийтгэлтэй этгээдэд урамшуулал олгогдсон. Хэрэв шүүгдэгч нь Г.Л-д давуу байдал олгох санаа зорилго байсан бол түүнд оногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүйд тооцох захирамж гаргасны дараа урамшуулал олгох бүрэн боломжтой байсан.

Дээрхээс харахад эрүүгийн процессын хуулийн нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдэж, нарийвчлан тогтоогдоогүй хэмээн үзэж байна. Тиймээс түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд заасан хайнга хандах гэмт хэргээр зүйлчилж өгнө үү. Мөн энэ хэрэгт хамтран оролцогч буюу зохион байгуулагч нь П.Ч гэж үзэхээр байхад зөвхөн П.М-ад ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд үл нийцнэ.

Түүнчлэн, П.М-ыг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж үзвэл Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлд заасн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн шинжтэй илүү нийцнэ. Өөрөөр хэлбэл, А/73 тоот захирамжид төсвийн тодотголоор төрийн албан хаагч нарт 300,000 төгрөгийн урамшууллыг олгохоор захирамжилсан ба тус урамшууллыг төсвийн хөрөнгөөс гаргаж зарцуулсан болох нь харагдаж байна.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний үйлчлүүлэгчийн сэдэлт зорилгыг тогтоогоогүй бөгөөд гэм буруутай эсэх нь субьектив шинжээрээ үгүйсгэгдэж байна. Иймд хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

Прокурор А.Золзаяа хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүдэгч П.М нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Төсвийн тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор 2017 оны Улсын Их Хурлын 67 дугаар тогтоолын дагуу 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/73 дугаартай “Төрийн албан хаагчдад урамшуулал олгох тухай” захирамж гарган нэр бүхий 8 хүнд 300,000 төгрөгийг ажлын үр дүнг харгалзан олгохоор шийдвэрлэсэн. Үүнд сахилгын арга хэмжээ авагдсан Г.Л-д ажлын үр дүнг харгалзахгүйгээр урамшуулал олгосон нь үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзээд прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Хоёр шатны шүүхээс дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг гэж дүгнэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан гомдолд албан тушаалдаа хайнга хандаж алдаа дутагдал гаргасан санамсар, болгоомжгүй үйлдэл гэж гомдол гаргаж байгаа боловч албан тушаалтан хайнга хандах гэдэг нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүй байдаг буюу гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. Гэтэл шүүгдэгч П.М-ын хувьд өөрөө Г.Л-д сахилгын шийтгэл ногдуулж, өөрөө урамшуулал олгох захирамж гаргасан байгаа нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх боломжгүй юм. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ө.Батбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн П.М-ад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос П.М-ыг Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/73 дугаартай төрийн албан хаагчдад урамшуулал олгох тухай захирамж гарган сахилгын шийтгэлтэй Г.Л-д 300,000 төгрөгийн урамшуулал олгож, түүнд давуу байдал бий болгон улсын төсөвт 300,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй, түүний үйлдэл нь уг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй байхад хоёр шатны шүүх түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй болсон байна.

Шүүх хэргийн үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож, эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэм буруутай байдлыг тухайн гэмт хэргийн шинж бүрээр хөдөлбөргүй тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримтлах ба үүнд гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлох нь онцгой ач холбогдолтой.      

Анхан болон давж заалдах шатны шүүх П.М-ын үйлдлийг тогтоохдоо 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/73 дугаартай төрийн албан хаагчдад урамшуулал олгох тухай захирамж гарган гарын үсэг зурахдаа сахилгын шийтгэлтэй Г.Л-д 300,000 төгрөгийн урамшуулал олгосон үйл баримтыг тогтоосон боловч үүнд хандсан сэтгэл зүйн харьцаа, үр дагаврыг хүссэн эсэхийг ялган тогтоолгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэх үндэс болжээ.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын  19 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд, байгууллагад зүй бус давуу байдал олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглах санаа, сэдэлтийг агуулж байсныг нотлох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн нөхцөл болохыг заасан болно.

Түүнчлэн, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 8 дугаар зүйлд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцоор тодорхойлсон нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг илүү өргөн агуулгаар буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах буюу хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлийг хийсэн, түүнчлэн хийгээгүйн төлөө өөртөө болон бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал бий болгохыг хүссэн, эсхүл тийм саналыг хүлээн авсан санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгасан байна.

Монгол Улсын нэгдэн орсон дээрх гэрээ, конвенцууд болон Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг судлан үзвэл тусгай субьект буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэх, эсхүл хуульд заасны дагуу хийх ёстой зүйлийг хийж гүйцэтгээгүйн улмаас өөртөө болон бусдад хууль бус давуу байдал олгосон байх шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулжээ.

Нэр бүхий гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар П.М нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/73 дугаартай төрийн албан хаагчдад урамшуулал олгох тухай захирамжид гарын үсэг зурж, сахилгын шийтгэлтэй Г.Л-д 300,000 төгрөгийн урамшуулал олгохыг хүсэж, ингэхдээ албан тушаалын байдлаа хэрхэн урвуулан ашигласан нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогдоогүй байна.  

Харин П.М нь сумын Засаг даргын тамгын газрын дарга болон бусад албан хаагчдын бүрдүүлсэн баримт бичгийг хянах, нягтлан шалгах үүргийг зохих ёсоор биелүүлэлгүй 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/73 дугаартай төрийн албан хаагчдад урамшуулал олгох тухай захирамжид гарын үсэг зурсан нь Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд заасан “Албан үүрэгтээ хайнга хандах” гэмт хэргийн үндсэн шинжийн обьектив талыг хангаж байх боловч уг гэмт хэрэг нь бусдад их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг тул П.М-ын албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйг эрүүгийн гэмт хэрэг бус зөрчлийн шинжтэй гэж үзнэ.

Иймд П.М болон түүний өмгөөлөгч Ө.Батбаяр нарын гаргасан гомдлын “хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” хэсгийг хүлээн авч прокуророос П.М-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

П.М-ын хувьд холбогдох баримт бичгийг нягтлан шалгалгүйгээр гарын үсэг зурсан явдлыг эрх бүхий албан тушаалтан холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж, хариуцлага тооцоход уг тогтоол саад болохгүйг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 21 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, прокуророос П.М-ад Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                          ШҮҮГЧИД                                                    С.БАТДЭЛГЭР

                                                                                                                 М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                                  Б.ЦОГТ