Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/66

 

 

 

 

 

                                         2023/ШЦТ/66

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Батбаяр

Шүүгдэгч: П.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жонгоор овогт Пын Мад холбогдох эрүүгийн 2112001600162 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, соёлын менежер мэргэжилтэй, Архангай аймгийн .......... ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт тус аймгийн .......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Жонгоор овогт Пын М/РД:АН........./

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч П.М нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж 2017 оны 12 сарын 20-ны өдөр А/73 дугаартай төрийн албан хаагчдад урамшуулал олгох тухай захирамж гарган сахилгын шийтгэлтэй Г.Лйд 300.000 төгрөгийн урамшуулал олгож, түүнд давуу байдал бий болгон улсын төсөвт 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            *Шүүгдэгч П.Мын шүүх хуралдаанд мэдүүлсэн:

            “...Одоогоос 5 жилийн өмнө 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байсан. Тухайн үед би аймгийн иргэдийн төлөөлөгчийн төлөөлөгч, сумын иргэдийн хурлын төлөөлөгч гээд улс төрийн алба хаагч байсан. Жилийн эцэс болчихсон сум аймгийн хурал давхцаад, жилийн эцсийн төсөв батлуулах хуралдаанд оролцож байсан. Тухайн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр сангийн яамнаас улс орон даяар төсвийн гүйлгээг хаах чиглэл өгсөн. Тэр үеэр маш их ачаалалтай байсан. Та нар мэдэж байгаа байх сумын засаг дарга сангийн хөрөнгө дээр нэгдүгээр гарын үсэг зурдаг. Тухайн үед  хоёрхон хоногийн хугацаа байсан, сумын бүтээн байгуулалт болоод бусад төрийн албан хаагч нарыг урамшуулах, гээд олон зүйл дээр гарын үсэг зурсан. Гарын үсэг зурахдаа хянаагүй байсан байна. Бичиг хэргийн эрхлэгч У гээд байгаа, тэр хүн бол тэтгэврийн насны 55, 56 хүрсэн эмэгтэй байгаа. Ирсэн бичиг бүрийг танилцуулах ёстой байсан. Тоног төхөөрөмжийн чадвар муу, сая өөрөө хэлсэн хувийн чатаар ирдэг байсан. Ирсэн бичгийн хамгийн эхэнд засаг даргад түүний эзгүйд тамгын дарга юм уу орлогч гээд холбогдох хэн нэгнээр цохуулах ёстой. Тэр тэмдэглэлийг заавал хөтлөх ёстой. Албан бичиг дээрээ хүлээж авсан гэж бүртгэл хөтлөх ёстой. Бүртгэл ерөөсөө байдаггүй. Тухайн үед ажлын ачаалал ихтэй, дараагийн жилийн төсөв, санхүүгийн олон тоот, олон шийдвэр ар араасаа гарсан. Дээр нь сумын тамгын газрын дарга засаг даргыг хууль эрх зүй, эдийн засгийн мэдлэгээр хангаж байх ёстой. Сумандаа бол тамгын газрын дарга засаг даргаас илүү эрх мэдэлтэй, төрийн мэдээллийг түгээж ажиллах үүрэгтэй. Өөрөө тэр А/73 дугаартай захирамжийг төлөвлөж оруулж ирсэн. Би энэ Лй гэдэг хүнийг багийн засаг дарга байхад алдаа гаргаж сахилгын шийтгэл оногдуулсан. Тухайн багийнхаа амьдрал ядуу дорой 200-300 толгой малтай айлыг бүртгэж цахим оруулаагүй. Тухайн малчин зээл авах гээд хаан банканд хандтал тухайн иргэн дээр малгүй гэж гарч ирсэн. Тэгээд тухайн иргэн өргөдөл гаргасан. Тухайн өргөдлийн дагуу шалгахад алдаа гаргасныг мэдсэн. Тухайн шийтгэлийг оногдуулсан. Лй багийн дарга насны хувьд надаас дүү, сум багийн засаг дарга улс төрийн албан хаагч байдаг. Бид хоёрын хувьд улс төрийн намын хувьд өөр өөр үзэл бодолтой. Надтай садан төрөл, нутаг усны асуудал байхгүй. Би Лйд давуу эрх олгох ямар ч хувийн бол, хувьсгалын ашиг сонирхол огт байхгүй. Харин ч сөрөг намын, хамтарч ажиллахад алдаа гаргаж байсан, зан харилцааны хувьд таарамж муутай байсан...” гэх мэдүүлэг

 

            *Эрүүгийн 2112001600162 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Эын өгсөн:

“...Би 2009-2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг баг 5-р багийн засаг даргаар ажиллаж байгаад 2022 оны 03 сарын 25-ны өдрөөс Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын даргын түр орлон ажилласан. 2017 онд би багийн даргаар ажиллаж байсан болохоор цалин урамшууллын талаар надад мэдэх зүйл байхгүй. Дээрх 300.000 төгрөг төлөгдсөн гэж сонссон. Ийм ураас надад нэхэмжлэх зүйл, гомдол санал санал байхгүй, би шүүх хуралд оролцохгүй, надад тус хэрэгтэй холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 52 дугаар тал/

 

*Гэрч П.Чын өгсөн:

“...Би 1972-1982 оны хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 2 дугаар арван жилийн сургуульд ерөнхий боловсрол эзэмшиж 1982-1985 оны хооронд Дорноговь аймгийн 169-р ангид цэргийн алба хаасан. 1986 - 1990 оны хооронд Архангай аймгийн Цэцэрлэг суманд Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар, 1990-1993 он хүртэл Цэцэрлэг сумын захиргаанд нарийн бичгийн дарга, 1993 оноос 1997 оны хооронд сумандаа Хадгаламж зээлийн хоршооны захирал, 1997 оноос 2006 оны хооронд сумын иргэдийн хурлын гишүүн, депутатаар сонгогдон ажиллаж байсан. 2006 оноос 2013 он хүртэл Цэцэрлэг сумын ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, 2013 оноос хойш 2018 оны 11 сар хүртэл хугацаанд тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдөн 2020 оны 11 арын 02-ны өдөр буцаж тус ажилдаа томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Би Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга П.Мыг хамт ажилладаг нэг суманд ажиллаж амьдардаг учраас танина, хамаатан садан найз нөхдийн холбоо байхгүй.  Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга П.М нь 2017 оны сүүлчээр Туулант багийн Засаг дарга Г.Лйг сахилгын шийтгэлтэй байхад нь буюу сануулах арга хэмжээ авагдсан байхад нь 2017 оны 12 сарын 20-ны өдөр а/73 дугаартай захирамж гаргаж Төрийн алба хаагчдад олгох 300.000 төгрөгийн урамшууллыг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж түүнд олгож давуу байдал үүсгэн төсөвт 300.000 төгрөгийн хохирол учруулсан. Г.Лйд сахилгын арга хэмжээ авсан захирамж болон урамшуулал олгосон захирамжийг би өргөдлийн хамт өгсөн. Мөн тухайн үед Соёлын төвийн даргаар ажиллаж байсан А.Лхамсүрэн гэх хүнд сахилгын шийтгэлтэй байхад нь дээрх урамшууллыг олгосон байсан. А.Лхамсүрэнгийн сахилгын шийтгэл авсан гэх баримт нь олдохгүй байгаа. Миний мэдэхээр дээрх 2 хүнд олгох ёсгүй урамшууллыг олгосон. Мөн би 2020 оны 11 сарын 02-ны өдөр ажилдаа орчихсон ажлаа хийж байхад Засаг дарга П.М нь албан тушаалаа урвуулан ашиглаж хуучин үүрэг гүйцэтгэгч Засаг даргын тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Д.Цын бензин олгох тасалбар дээр өөрөө гарын үсэг зурж бензин олголт хийсэн. Тус баримтууд нь байгаа бөгөөд 2020 оны 11 сарын 01-ний өдөр 20 литр аи92 бензин, мөн сарын 02-ны өдөр 20 литр аи92 бензин, мөн сарын 04-ний өдөр 20 литр Аи92 бензин, мөн сарын 05-ны өдөр 25 литр Аи92 бензинийг тамгын газрын жолооч Батбаярт цохож олгосон, мөн 2021 оны 05 сарын 10-ны өдөр намайг ажиллаж байхад миний өмнөөс миний тамгын газрын дарга П.Ч гэсэн тасалбар дээр П.М нь өөрөө гарын үсэг зурж 25 литр ДТ түлш Батсайханд олгосон. мөн сарын 24-ний өдөр АИ92 бензин 70 литр бензинийг Батбаярт олгосон. Энэ нь албаны эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэг гэж үзэж байна. Дээрх бензинийг яг юунд зарцуулсныг нь мэдэхгүй байна, өөр зүйлд зарцуулсан байж магадгүй гэж хардаж байна. Г.Лй болон А.Лхамсүрэн нарт сахилгын шийтгэлгүйд тооцсон захирамж шийдвэр гараагүй. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга П.М нь 2017 онд сахилгын шийтгэлтэй алба хаагчдад 300.000 төгрөгийн урамшуулал олгож болохгүй гэдгийг мэдэж байсан. Учир нь тухайн үед аймгийн Засаг даргын тамгын газраас олгож болохгүй гэсэн бичиг ирсэн байсан. Би энэ асуудлыг шалгагдаж байх хугацаандаа мэдсэн. 2013 онд шинэ трактор хүлээж авсан бөгөөд уг тракторыг би 2015, 2016 онуудад сумын иргэн Мэндбаяр гэх хүнд түрээслэн мөнгө нь тамгын газарт орлого болж орсон. Ингээд намайг ажлаас чөлөөлөгдсөн байхад 2020 оны орчимд уг тракторыг акталсан нэрийн дор найз нөхдөдөө өгсөн байсан. Энэ талаар би нярав Амарзаяагаас тодруулахад Засаг дарга акталсан хүнд өгсөн гэж хэлсэн. Тухайн трактор нь анх хэдэн онд ирснийг би мэдэхгүй байна нярваар ажиллаж байсан С.Мөнхцэцэг мэднэ. Тус тракторын чиргүүл нь бол байсан. Мөн би урьд өмнө ч гэсэн өргөдөл гаргаж байсан П.М нь өөрийн эхнэрийн нэр дээр 2018 онд сумын Онцгой байдлын хорогдох байраар ашиглаж байсан газрыг захирамж гаргаж шилжүүлсэн. Мөн оны 04 сард уг газрыг эхнэр Ч.Тунгалагтаа өмчлүүлэх захирамж гаргаж авсан. Энэ асуудлыг урьд нь Мээпам гэх прокурор шалгасан нэртэй хаачихсан юм газар эзэмшүүлсэн өмчлүүлсэн захирамж шийдвэрийн хуулбарыг гаргаж өгч байна...”гэх мэдүүлэг/1-р хх-ийн 20-21 дүгээр тал/

 

*Гэрч Г.Лйн өгсөн:

“...Би Архангай аймгийн Цэцэрлэг сумандаа 9-р анги төгсөөд 2009 тус аймгийн Эрдэнэбулган сумын МСҮТ-ийг фермер жолооч мэргэжлээр төгссөн. Ингээд 2009-2010 оны хооронд Улаанбаатар хотод 0164 дүгээр ангид цэргийн алба хаасан. 2010 онд цэргээс халагдаад Архангай аймгийн Цэцэрлэг сумандаа ирж 2016 оны 12 сар хүртэл мал маллаж эхнэр хүүхдүүдийн хамт амьдарсан. 2016 оны 12 сараас эхлэн Цэцэрлэг сумын Туулант буюу 2-р багийн Засаг даргаар сонгогдон 2021 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Одоогоор ажилгүй сумандаа мал маллаж байгаа. Би Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга П.М, тамгын газрын дарга П.Ч нарыг хамт ажилладаг нэг суманд ажиллаж амьдардаг учраас танина, манай сумын удирдлагууд байгаа юм. Эдгээр хүмүүстэй хамаатан садан найз нөхдийн холбоо байхгүй.  Би 2016 оны жилийн эцсийн мал тооллогын үеэр багийн иргэний малыг тоолж тэмдэглэсэн боловч үүнийг программд бүртгэж оруулаагүйгээс тус иргэн зээл авч чадаагүй юм. Үүний улмаас тухайн иргэн сумын Засаг даргад хандсан бөгөөд уг асуудалд 2017 оны 02 сард сумын Засаг дарга П.М надад арга хэмжээ авсан буюу “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан. Миний хувьд тухайн малын тоог программд оруулах ёстой байсан боловч оруулахдаа тухайн иргэний малыг орхиод бичсэн байсан юм. Энэ нь миний өөрийн хариуцлагагүй байдал байсан учраас сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед Цэцэрлэг сумын Засаг дарга П.Мын сануулах сахилгын шийтгэл ногдуулсан захирамж гарч байсан би өөрөө харж байсан. Миний дээрх асуудлаас болоод Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын хөдөө аж ахуйн тасгийн ажилтан Р.У, Ш.А нар сахилгын шийтгэл хүлээсэн. Эдгээр ажилчид нь сумын Засаг даргын тамгын газрын ажилчид юм. Би 2017 онд дээрх асуудлаар нэг л удаа сахилгын шийтгэл хүлээж байсан 2017 онд намайг сахилгын шийтгэлгүйд тооцсон Засаг даргын захирамж гарч байгаагүй би өөрөө харж байгаагүй. Би энэ захирамжтайгаа гарсан даруйд нь танилцаж байсан. Тус захирамжид зурагдсан гарын үсэг манай сумын Засаг дарга П.Мын гарын үсэг байна хэлбэр дүрс нь адилхан байна. Мөн дээр нь амаар ч гэсэн сануулж байсан. Энэ талаар тэмдэглэл хөтөлж байсан эсэхийг санахгүй байна. Би өөрийн Хаан банкны 5150129583 тоот дансаараа 2017 оны 12 сарын 21-ний өдөр Төрийн албан хаагчдад олгогдсон 300.000 төгрөгийг авсан. Дээрх надад олгогдсон миний дансанд орсон 300.000 төгрөгийг би өөртөө зарцуулсан. Уг мөнгийг надаас хэн нэгэн авсан зүйл байхгүй. Манай сумын тамгын газарт нэг шар өнгийн трактор байдаг. Хаяа зам засах ажилд явж харагддаг. Тус тракторыг акталсан эсэхийг мэдэхгүй байна, ямар ч байсан намайг анх ажилд орох үед л байсан. Би мэдүүлэгтэйгээ холбогдуулан 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 сарын 01-ний өдөр хүртэлх Хаан банкны дансны хуулгаа гаргаж өгнө... “гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-24 дүгээр тал/

 

 *Гэрч Э.Мгийн өгсөн:

 “...Би Архангай аймгийн Цэцэрлэг сумын 10 жилийн сургуулийг 2010 онд төгссөн, 2010-2014 оны хооронд Улаанбаатар хотод Этүгэн дээд сургуулийг нягтлан бодогч эдийн засагч мэргэжлээр төгссөн. 2014-2015 оны хооронд Улаанбаатар хотод хувийн байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байсан. 2016 онд Цэцэрлэг сумандаа ирж мөн оны 07-р сард тус сумын Засаг даргын тамгын газарт нягтлан бодогчоор ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. Би 2020 оны 9 сард хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 2021 оны 06 сард эргэж ажилдаа орсон юм. Би Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга П.М, тамгын газрын дарга П.Ч нарыг анх 2016 онд ажилд ороод таньдаг болсон, хамт ажилладаг учраас танина. Эдгээр хүмүүстэй найз нөхөд, хамаатан садангийн холбоо байхгүй. Тухайн үед Цэцэрлэг сумын Засаг даргын захирамжаар Засаг даргын орлогч, тамгын газрын дарга, Засаг дарга болон Цэцэрлэг сумын 5 багийн Засаг даргад Төрийн албан хаагчдад олгогдох 300.000 төгрөгийн урамшуулал олгогдсон. Энэ нь 2017 онд нэг удаа л олгогдож байсан. Тухайн урамшуулал нь Засгийн газрын тогтоолыг үндэслээд олгогдсон санагдаж байна. Г.Лйд яг ямар үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан эсэхийг мэдээгүй. 2019 оны үед манай сумын Засаг даргын тамгын газрын дарга П.Ч нь сахилгын шийтгэлтэй алба хаагчид урамшуулал олгосон асуудлаар шалгагдсан бөгөөд энэ үеэр Г.Лй нь сануулах сахилгын шийтгэлтэй байсныг нь мэдсэн. Г.Лйд цалин хасах сахилгын шийтгэл ногдуулсан бол би тухайн үед нь мэдэх боломжтой байсан юм. Манай Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газарт ирүүлсэн албан бичигт жолооч Батсайханы нэр дурдагдаагүй байсан учраас би Батбаяр гэх жолоочийн нэрээр баримтаа хайхад олдоогүй юм. Харин 2021 оны 5 сарын 24-ний өдрийн жолооч Батбаярт бензин олгосон баримт нь 2021 оны 06 сарын баримтан дунд орсон байсан байна. Эдгээр баримтуудыг би гаргаж өгье. Дээрх бичгийн хариуг тухайн үедээ явуулах гээд баримтуудыг дутуу үзсэн байна. Би 2017 оны захирамжуудыг бүгдийг нь шүүж үзэхэд тухайн онд зөвхөн Г.Лйд захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан байсан. Бусад алба хаагч буюу төсөвт байгууллагуудын дарга нар, соёлын төвийн эрхлэгч А.Лхамсүрэн нарт сахилгын шийтгэл ногдуулсан захирамж байгаагүй. 2017 оны сумын Засаг даргын бүх захирамжийг би шүүж үзэж албан бичгийг хариуг явуулсан. Г.Лйг сахилгын шийтгэлгүйд тооцсон сумын Засаг даргын захирамж гарч байгаагүй. 2017 онд алба хаагчийг сахилгын шийтгэлгүйд тооцсон сумын Засаг даргын захирамж гарч байгаагүй. Манай сумын Засаг даргын тамгын газарт трактор бүртгэлтэй байдаг бөгөөд одоог хүртэл үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байгаа. Гэхдээ миний мэдэхээр энэ тракторыг элэгдэл хорогдлын хугацаа нь дууссан байх. Уг тракторыг акталж бүртгэлээс хассан зүйл байхгүй. Энэ тракторын бүрэн бүтэн байдалд нярав болон тамгын газрын дарга шууд хяналт тавих үүрэгтэй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 35-36 дугаар тал/

 

*Гэрч Т.Уийн өгсөн:

“...Би Архангай аймгийн Цэцэрлэг суманд 1-8 дугаар ангиа төгсөөд тус аймгийн Эрдэнэмандал суманд 10 дугаар ангиа 1983 онд төгссөн. 1984 оны үед Архангай аймгийн төвд Эрдэнэбулган суманд архив бичиг хэргийн курсийг төгсөөд 1984 оны үеэс хойш одоог хүртэл Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газарт архив бичиг хэргийн эрхлэгчээр тасралтгүй 37 жил ажиллаж байна. Би Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын дарга П.Ч болон Засаг дарга П.М нарыг ажил хэргийн шугамаар хамт ажилладаг учраас мэднэ. Бид нэг сумын хүмүүс учраас бие биеэ сайн танина. Гэхдээ эдгээр хүмүүстэй би хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. Дээрх Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын гарын үсэгтэй албан бичиг манайд ирсэн. Тухайн бичгийг би 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Эйбл программ ашиглан хүлээн авч байсан. Уг Эйбл программыг аймгийн хэмжээнд бүх сумууд албан бичиг явуулах, өөр бусад мэдээлэл солилцоход ашигладаг юм. Харин 2021 оноос хойш энэ Эйбл программыг манай сум ашиглахгүй байгаа бөгөөд архив бичиг хэргийн ажилтнуудын групп чат болон мэйл хаягаар авчихдаг юм. Яг энэ бичиг ирж байсан уу гэж урьд өмнө асууж надаас мэдүүлэг авч байсан учраас би энэ талаар тодорхой санаж байна. Би тухайн албан бичгийг хүлээж аваад сумын Засаг даргын тамгын газрын дарга П.Чад хүлээж авсан өдрөө хэвлээд өгсөн, мөн тухайн бичгийг тэр даруй буюу 2017 оны 12 сарын 15-ны өдөр нь сумын Засаг дарга П.Мад танилцуулсан. Энэ албан бичиг ирснийг П.Ч болон П.М нар хоёулаа мэдэж байсан бөгөөд танилцсан. Энэ бичигтэй П.М дарга болон П.Ч дарга танилцсан учраас тухайн албан бичгийг буюу Улсын их хурлын тогтоолыг үндэслэн захирамж, тушаалуудаа гаргаж төрийн алба хаагчдад урамшуулал олгосон. Тухайн Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын даргын гарын үсэг бүхий албан бичгийн хуулбар хувь байгаа учраас би гаргаж өгье. Харин би тухайн 2017 оны 12 сард ажил, ачаалал ихтэй жилийн эцэс болж байсан учраас ирсэн бичгийн бүртгэлд дээрх бичгийг бүртгээгүй шууд дарга нарт өгсөн. Уг нь бол ирсэн бичиг бүрийг бүртгэх ёстой байсан боловч ажил ихтэй байсан учраас бүртгэж чадаагүй юм. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга П.М нь өөрөө захирамж гаргаж Г.Лйд сахилгын шийтгэл ноогдуулсан учраас сахилгын шийтгэлтэй гэдгийг нь мэднэ. Үүнээс гадна би аймгийн Засаг даргын тамгын газрын даргын гарын үсэг бүхий албан бичгийг 2017 оны 12 сарын 15-ны өдөр ирэнгүүт нь сумын Засаг дарга П.Мад танилцуулж байсан. Энэ бичиг ирсний дараа буюу 2017 оны 12 сарын 20-ны өдөр төрийн албан хаагчдад 300.000 төгрөгийн урамшуулал олгосон захирамж, тушаалууд гарсан. Ерөнхийдөө сумын Засаг даргын тамгын газрын дарга П.Ч сумын Засаг даргын захирамжийг боловсруулах бөгөөд үүнд нь Засаг дарга П.М өөрөө хяналт тавьж, хянаад гарын үсэг зурдаг. Дээрх тохиолдолд ч гэсэн хянаад гарын үсэг зурах ёстой. Мөн газартай холбоотой захирамжийг газрын даамал боловсруулаад Засаг дарга хянаад гарын үсэг зурдаг...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 115-116 дугаар тал/

 

*Гэрч Д.Цын өгсөн:

“...Би Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 1984 онд 10 дугаар анги төгссөн, 1985-1988 оны хооронд Улаанбаатар хотод 120 дугаар ангид цэргийн алба хаасан, Орхон аймгийн Хялгантын ойн техникумыг 1988-1990 оны хооронд байгаль хамгаалагч мэргэжлээр төгссөн, 1990 оноос 2001 он хүртэл Архангай аймгийн Цэцэрлэг суманд байгаль хамгаалагчаар ажилласан, 2001 оноос хойш одоог хүртэл тус сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаа бөгөөд 2018 оны 12 сараас Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2020 оны 11 сар хүртэл ажилласан. Би 2007 онд эчнээгээр Улаанбаатар хотод Эко Ази байгаль орчны сургуулийг төгссөн. Би Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга П.Мыг хамт ажилладаг нэг суманд ажиллаж амьдардаг учраас танина, хамаатан садан найз нөхдийн холбоо байхгүй. Монгол Улсын их хурлын 2017 оны 67 дугаар тогтоол, Засгийн газрын 2017 оны 52 дугаар тэмдэглэл гарсныг сумын Засаг дарга П.М мэдэж байсан байх. Учир нь энэ тогтоол, тэмдэглэл нь тухайн үедээ ирээд түүнийг үндэслээд захирамж урамшууллаа олгосон. Дээрх засгийн газрын тэмдэглэл нь тогтоолтойгоо хамт манай суманд ирсэн байх. Тухайн 2017 оны 12 сард төрийн алба хаагчдад 300.000 төгрөг олгогдоно гэж зурагт радиогоор яригдсан санагдаж байна, манай сумын тамгын газрын ажилчид ч гэсэн урамшуулал олгогдох юм байна гэж ярьж байсан. Сахилгын шийтгэлтэй хүнд энэ урамшуулал олгогдохгүй юм байна гэдгийг миний хувьд тухайн үед нь сонсож байсан мэдэж байсан. Тэгээд би өөрөө тэр үедээ сахилгын шийтгэлгүй учраас энэ урамшуулалд хамрагдах юм байна гэж ойлгосон. Энэ талаар сумын Санхүүгийн алба ч гэсэн мэдэх ёстой. Сүүлд энэ асуудал яригдаж эхлээд Г.Лйд олгогдсон гэдгийг нь мэдсэн. Ямар ч байсан жижиг оврын пад пад трактор манай сумын тамгын газарт бүртгэлтэй байдаг. Уг тракторыг сумын Засаг даргын тамгын газрын дарга П.Ч тус сумын Чулуут багийн иргэн Мэндбаярт эзэмшүүлж, ашиглуулж байсан. Яг гэрээ хийсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Би 2018 оны 12 сард сумын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод харахад тамгын газрын складанд нөгөө пад пад тракторыг оруулаад хаячихсан байсан. Уг тракторын руль нь байхгүй, дугуйнууд хагарчихсан, зарим дугуй нь байхгүй, ажиллагаагүй голын ус руу унагачихсан гэж ярьж байсан. Яг хэн усанд унагаасныг нь мэдэхгүй би ойлгохдоо Мэндбаярыг унагаасан юм болов уу гэж ойлгосон. Ямар ч байсан энэ трактор эвдэрсэн байдалтай складанд 2018 оны 12 сараас өмнө орж ирсэн буюу Ч даргыг өөрийг нь ажиллаж байхад авчирсан байсан. Харин 2019, 2020 оны үед манай сумын иргэн Ж.Пүрэвдорж тамгын газарт ирээд надтай болон Засаг даргатай уулзаж танай энэ эвдэрхий тракторыг засаж сэлбээд ашиглаж болох уу хадлан тэжээл бэлдэх гэсэн юм гэж уулзсан. Тэгэхээр нь би боломжтой уг трактор угаасаа өвс тэжээлийн зориулалтаар ашиглах ёстой гэж хэлсэн. Тэгээд Ж.Пүрэвдорж өөрөө тракторыг үзээд болох юм байна би засаж янзлаад ашиглая гээд авч явсан 2021 оны намар лав ашиглаж байгаа харагдсан. Гэхдээ энэ трактор тамгын газрын өмчид бүртгэлтэй байгаа. Энэ тракторыг түрээслүүлээгүй өөрөө засаж янзалсан болохоор ашиглуулж байгаа...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 119-120 дугаар тал/

 

*Яллагдагч П.Мын өгсөн:

“... Би эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагчийн эрх үүрэгтэй танилцсан. Надад одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Мөн би Архангай аймгийн прокурорын газрын прокурорын 2022 оны 04 сарын 28-ны өдрийн 2112001600162 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэх яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа. Тогтоолд Төрийн албан хаагчдад олгож болохгүй гэсэн бичгийг надад танилцуулсан гэж хэлсэн байна. Би тухайн үед тэр бичигтэй танилцаагүй, танилцсан бол бичиг хэрэг гарын үсэг зуруулдаг, үүнээс гадна Г.Лйд урамшуулал олгохгүй байсан. Би 2017 онд Туулант багийн Засаг дарга Г.Лйд сахилгын шийтгэл ногдуулсан. Хэрэв тэр засгийн газрын шийдвэрийг уншиж танилцсан бол Г.Лйд ногдуулсан сахилгын шийтгэлийг шийтгэлгүйд тооцох захирамж гаргах бүрэн боломжтой байсан. Ингээд бичгийг албан ёсоор үзэж аваагүй болохоор Г.Лйд шийтгэлгүйд тооцох захирамж гаргаагүй. Мөн энэ асуудалд сумын Засаг даргын тамгын газрын дарга намайг хууль эрх зүйгээр хангаж ажиллах ёстой байтал ямар нэгэн мэдээ мэдээллээр намайг хангаагүй. Г.Лйд олгосон 300.000 төгрөг төлөгдсөн. АТГ-аас энэ асуудлыг шалгаад төл гэсэн учраас тус газраас өгсөн хохирлын төрийн сангийн дансанд төлсөн. Баримтыг нь хэрэгт гаргаж өгсөн байгаа...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 250 дугаар тал/,

 

* Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай Г.Лйд “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамж /1-р хх-ийн 52 дугаар тал/,

 

*Цэцэрлэг сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/73 дугаартай “Төрийн албан хаагчдад урамшуулал олгох тухаи' захирамж /1-р хх- ийн 65 дугаар тал/,

*Аймгийн Засаг даргын П.Мыг ажилд томилсон захирамж /2-р хх-ийн 5 дугаар хуудас/,

*Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Цэрэннадмидын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 03/1427 дугаар “Сум, агентлагийн дарга нарт албан бичгийг Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн тухай явуулсан бичгийн бүртгэлийн дэвтэр/2-р хх-ийн 6-9 дүгээр тал/

 

*2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөгчийн үйлдсэн тэмдэглэл (1-р хх-ийн 98-99 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

  Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар П.М нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж 2017 оны 12 сарын 20-ны өдөр А/73 дугаартай “Төрийн албан хаагчдад урамшуулал олгох тухай” захирамж гарган сахилгын шийтгэлтэй Г.Лйд 300.000 төгрөгийн урамшуулал олгож, түүнд давуу байдал бий болгон улсын төсөвт 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.М нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж 2017 оны 12 сарын 20-ны өдөр А/73 дугаартай “Төрийн албан хаагчдад урамшуулал олгох тухай” захирамж гарган сахилгын шийтгэлтэй Г.Лйд 300.000 төгрөгийн урамшуулал олгож, түүнд давуу байдал бий болгон улсын төсөвт 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Эын“...Дээрх 300.000 төгрөг төлөгдсөн гэж сонссон. Ийм учраас надад тус хэрэгтэй холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч П.Чын“...Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга П.М нь 2017 оны сүүлчээр Туулант багийн Засаг дарга Г.Лйг сахилгын шийтгэлтэй байхад нь буюу сануулах арга хэмжээ авагдсан байхад нь 2017 оны 12 сарын 20-ны өдөр а/73 дугаартай захирамж гаргаж Төрийн алба хаагчдад олгох 300.000 төгрөгийн урамшууллыг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж түүнд олгож давуу байдал үүсгэн төсөвт 300.000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн тухайн үед Соёлын төвийн даргаар ажиллаж байсан А.Лхамсүрэн гэх хүнд сахилгын шийтгэлтэй байхад нь дээрх урамшууллыг олгосон байсан. А.Лхамсүрэнгийн сахилгын шийтгэл авсан гэх баримт нь олдохгүй байгаа...” гэх мэдүүлэг, гэрч Г.Лйн”...Би 2016 оны жилийн эцсийн мал тооллогын үеэр багийн иргэний малыг тоолж тэмдэглэсэн боловч үүнийг программд бүртгэж оруулаагүйгээс тус иргэн зээл авч чадаагүй юм. Үүний улмаас тухайн иргэн сумын Засаг даргад хандсан бөгөөд уг асуудалд 2017 оны 02 сард сумын Засаг дарга П.М надад арга хэмжээ авсан буюу “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан. Миний дээрх асуудлаас болоод Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын хөдөө аж ахуйн тасгийн ажилтан Р.У, Ш.А нар сахилгын шийтгэл хүлээсэн. Эдгээр ажилчид нь сумын Засаг даргын тамгын газрын ажилчид юм. Би 2017 онд дээрх асуудлаар нэг л удаа сахилгын шийтгэл хүлээж байсан 2017 онд намайг сахилгын шийтгэлгүйд тооцсон Засаг даргын захирамж гарч байгаагүй би өөрөө харж байгаагүй. Би энэ захирамжтайгаа гарсан даруйд нь танилцаж байсан, мөн дээр нь амаар ч гэсэн сануулж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Мгийн”... Би 2017 оны захирамжуудыг бүгдийг нь шүүж үзэхэд тухайн онд зөвхөн Г.Лйд захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан байсан. Бусад алба хаагч буюу төсөвт байгууллагуудын дарга нар, соёлын төвийн эрхлэгч А.Лхамсүрэн нарт сахилгын шийтгэл ногдуулсан захирамж байгаагүй. 2017 оны сумын Засаг даргын бүх захирамжийг би шүүж үзэж албан бичгийг хариуг явуулсан. Г.Лйг сахилгын шийтгэлгүйд тооцсон сумын Засаг даргын захирамж гарч байгаагүй...” гэх мэдүүлэг, гэрч Т.Уийн”...Энэ албан бичиг ирснийг П.Ч болон П.М нар хоёулаа мэдэж байсан бөгөөд танилцсан. Энэ бичигтэй П.М дарга болон П.Ч дарга танилцсан учраас тухайн албан бичгийг буюу Улсын их хурлын тогтоолыг үндэслэн захирамж, тушаалуудаа гаргаж төрийн алба хаагчдад урамшуулал олгосон. Тухайн Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын даргын гарын үсэг бүхий албан бичгийн хуулбар хувь байгаа учраас би гаргаж өгье. Харин би тухайн 2017 оны 12 сард ажил, ачаалал ихтэй жилийн эцэс болж байсан учраас ирсэн бичгийн бүртгэлд дээрх бичгийг бүртгээгүй шууд дарга нарт өгсөн. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга П.М нь өөрөө захирамж гаргаж Г.Лйд сахилгын шийтгэл ногдуулсан учраас сахилгын шийтгэлтэй гэдгийг нь мэднэ. Үүнээс гадна би аймгийн Засаг даргын тамгын газрын даргын гарын үсэг бүхий албан бичгийг 2017 оны 12 сарын 15-ны өдөр ирэнгүүт нь сумын Засаг дарга П.Мад танилцуулж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Цын”...Тухайн 2017 оны 12 сард төрийн алба хаагчдад 300.000 төгрөг олгогдоно гэж зурагт радиогоор яригдсан санагдаж байна, манай сумын тамгын газрын ажилчид ч гэсэн урамшуулал олгогдох юм байна гэж ярьж байсан. Сахилгын шийтгэлтэй хүнд энэ урамшуулал олгогдохгүй юм байна гэдгийг миний хувьд тухайн үед нь сонсож байсан мэдэж байсан. Тэгээд би өөрөө тэр үедээ сахилгын шийтгэлгүй учраас энэ урамшуулалд хамрагдах юм байна гэж ойлгосон. Энэ талаар сумын Санхүүгийн алба ч гэсэн мэдэх ёстой. Сүүлд энэ асуудал яригдаж эхлээд Г.Лйд олгогдсон гэдгийг нь мэдсэн...” гэх мэдүүлэг, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2017 оны 12 сарын 20-ны өдрийн захирамж, түүний хавсралтын хуулбар, Монгол Улсын Их хурлын 2017 оны 11 сарын 09-ний өдрийн 67 дугаартай тогтоол  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг хангаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “...Миний үйлчлүүлэгчийн хувьд бусдад давуу байдал олгоогүй талаар нотлох баримт дээрээс харагдаж байна. Өөрөө хэлбэл бусдад давуу байдал олгоно гэдэг маань тодорхой хэмжээний зорилго агуулсан байх ёстой. Давуу байдал олгох надад ийм шаардлага, шалтгаан байна гэх мэт. Давуу байдал олгон гэдэг хуулийн зохицуулалт маань албаны болон, хувийн ашиг сонирхлыг үүднээс ханддаг. Гэтэл миний үйлчлүүлэгчид Лйд давуу байдал олгосноор өөрт нь ашигтай байдал бий болохгүй. Лй, М хоёрын хувьд насны хувьд зөрүүтэй, улс төрийн хувд хоёр өөр намын харьяалагддаг, хувийн харилцааны хувьд тийм ч тааламжтай бус харилцаатай, урьд нь арга хэмжээ авч байсан хүмүүс. Энэ хүн давуу байдал олгох сэдэл зорилго агуулаагүй байна.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр гэж заасан байна. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг прокурор нарийн шалгах үүрэгтэй, прокурор гэмт хэрэг үйлдсэн сэдэл зорилгыг тогтоогоогүй байна. Хоёрдугаарт А/73 дугаартай захирамжийг Ч боловсруулж хянаад гарын үсэг зуруулсан. Миний үйлчлүүлэгч олон жил тамгын даргаар ажилласан Чад итгээд ажлын ачаалалтай байсан учраас хянаж үзэлгүйгээр гарын үсэг зурсан. Өөрөө хэлбэл миний үйлчлүүлэгч энэ захирамжийг хянах үүргээ биелүүлэхгүй хайнга хандсан ийм зүйл ажиглагдаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлд заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдэг нь илүү том тендер, сонгон шалгаруулалт юм уу ийм байдлаар бусдад эдийн засгийн биш сонгон шалгаруулалтад илүү байдал олгосон үйлдэл болох байсан. Энэ 300.000 төгрөг олгох сэдэл зорилго байгаагүй гэдэг нь нотлох баримт шинжлэн судлах явцад харагдаж байна. Иймд миний үйлчлүүлэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан албан тушаалын эрх үүрэгтэй хайнга хандах  гэдгээр зүйлчилж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх дүгнэлтийг хүлээж авах боломжгүй юм. Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд заасан албан тушаалтан хайнга хандах гэдэг гэмт хэргийн хувьд  хууль захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүй байхаар тодорхойлсон, өөрөөр хэлбэл биелүүлбэл зохих үүргийг биелүүлээгүй, авбал зохих арга хэмжээг аваагүй, чиг үүргийн хүрээнд хэрэгжлүүлсэн үйл ажиллагаа нь зохих шаардлагыг хангаагүй,  доголдолтой байхыг ойлгох бөгөөд энэ гэмт хэргийн хувьд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. Тамгын газрын даргын боловсруулсан эрхийн актан дээр хяналгүй гарын үсэг зурсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулахгүй. Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргаж байгаа аливаа шийдвэрт өөрөө хариуцлага хүлээх бөгөөд төрийн албан хаагч албан тушаалын хувьд бүрэн эрхийн хүрээнд асуудал шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хүн, хуулийн этгээдэд албан тушаалын байдлаа ашиглан давуу байдал олгох зорилготой үйлдэл хийх, ашиг сонирхолын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг. Авилгын эсрэг хуулийн 3.1.3."албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг, мөн хуулийн 3.1.4."давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг гэж хуульчилсан байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч П.М нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Монгол Улсын Их хурлын 2017 оны 11 сарын 09-ний өдрийн 67 дугаартай тогтоолыг зөрчин  2017 оны 12 сарын 20-ны өдөр А/73 дугаартай “Төрийн албан хаагчдад урамшуулал олгох тухай” захирамж гарган сахилгын шийтгэлтэй Г.Лйд 300.000 төгрөгийн урамшуулал олгож, түүнд давуу байдал бий болгон улсын төсөвт 300.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч П.М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас Архангай аймгийн Цэцэрлэг сумын засаг даргын тамгын газарт хохирол учирсан гэж үзэн тухайн байгууллагыг хохирогчоор тогтоосон байх бөгөөд хохирогч байгууллагын төлөөлөгч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч П.М нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгч П.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,  1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна гэж дүгнэв. Шүүгдэгч П.М нь  2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн, 2023 оны 12 сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн өөрчлөлт орсон байх ба Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж тус тус заажээ. Иймд шүүхээс шүүгдэгч П.Мад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, торгох ял оногдуулж, шүүгдэгч нь нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Жонгоор овогт Пын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мыг нийтийн албанд томилогдох эрхийг  2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.400/таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь шүүхээс оногдуулсан 5.400/таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 8/найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

 

6. Шүүгдэгч П.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР