Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/01461

 

А.Дын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2017/01541 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1568 дугаар магадлалтай,

А.Дын нэхэмжлэлтэй

УБТЗхолбогдох

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б-II-169 дүгээр тушаалыг хүчингүй болгож,  цалингаас суутгасан 700 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч А.Дын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би суудлын вагон депод илчит тэрэгний туслах машинчаар ажилладаг. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажлаа гүйцэтгэх явцад тус депогийн хашаанд төмөр замын гарам дээр ЗИЛ-130 маркийн 7910 УБК улсын дугаартай машины жолооч сэлгээ хийж байгаа бүрэлдэхүүний өмнүүр гарч ирсэн. Бид дуут дохио өгсөн бөгөөд би машинчид хэлж, яаралтай тормоз авсан боловч машиныг мөргөөд зогссон. Зүтгүүрийн бригадын зүгээс авах ёстой бүх арга хэмжээ зөв явагдсан, гэм буруугүйг Төмөр замын цагдаагийн хэлтсийн шинжээчийн дүгнэлт, прокурорын тогтоолоор тогтоогдсон. Шуурхай хурал дээр уг ослын талаар ярьж байснаас шийдвэр гаргаагүй, надад сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг танилцуулаагүй, гардуулаагүй. Харин 12 дугаар сарын 01-ний өдөр цалингаа авахад дутуу байсан учир нягтлан бодогчтой уулзахад сахилгын шийтгэл гэж хэлсэн. Тэгээд тушаалтай танилцах гэхэд ирээгүй байсан. Би 2016 оны 12 дугаар сард н.Эрдэнэдалай даргатай уулзаж гомдлоо өгсөн. Маргаан таслах комисст хандсан боловч үр дүнд хүрээгүй. Уг сахилгын шийтгэл нь үр дагавартай юм байна. Намайг өөр ажилд томилох болоход сахилгын шийтгэлтэй байна гэсэн, мөн нэр хүндэд ч сэвтэй юм байна. Иймд УБТЗын даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б-II-169 дугаар тушаалыг хүчингүй болгож, цалингаас суутгасан 700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шуурхай хуралд А.Д өөрөө орсон байгаа. Үүнээс харахад нэхэмжлэгч сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гарсныг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж үзнэ. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаал 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, шинжээчийн дүгнэлт 12 дугаар сард гарсан. А.Д нь маргаан таслах комисст гомдол гаргасан гэх боловч тус байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хороонд нэхэмжлэгчийг гомдол гаргаагүй гэсэн албан бичиг ирсэн. Түүнчлэн уг маргаан Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар шууд шүүх харьяалан шийдвэрлэх маргаан тул мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2017/01541 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Дын, УБТЗын даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б-II-169 дүгээр тушаалыг хүчингүй болгож, үр дагаврыг арилгуулах буюу цалин хөлснөөс суутгасан 700 000 төгрөгийг буцаан гаргуулах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Дыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 21 350 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас гаргуулан А.Дт буцаан олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1568 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2017/01541 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Дын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.Д хяналтын гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2017/01541 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1568 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна. Би анхан шатны шүүхэд ажил олгогчоос надад ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулж учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх хариуцагчийг сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу болжээ гэж дүгнэсэн боловч шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай байгууллага надад сахилгын шийтгэл ногдуулсан тушаалаа танилцуулаагүй, холбогдох албан тушаалтанд гомдлоо гаргасан боловч шийдвэрлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх захирамж гарган хариуцагчаас УБТЗын даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б-II-169 дүгээр тушаалыг гаргуулснаар би тушаалыг анх удаа харсан. Мөн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 5978 дугаар захирамжаар Үйлдвэрчний эвлэлийн хороо болон Маргаан таслах зөвлөлд гаргасан миний гомдлыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн боловч захирамжид заагдсан ажиллагаа хийгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэнтэй нийцэхгүй байна. 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ч.Эрдэнэдалай миний өргөдлийг хүлээн авсан, хариу өгөөгүй, удалгүй ажлаа хүлээлгэн өгөхдөө ширээн дээрээ үлдээсэн гэж мэдүүлсэн байхад шүүх захирамжаар шаардсан нотлох баримтаа шаардан авалгүйгээр үйлдвэрчний эвлэлийн шүүхэд гаргасан тайлбарт хөтлөгдөн гомдлоо гаргаж байгаагүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Би нотлох баримт гаргуулах хүсэлтээсээ татгалзаагүй байхад, гэрчийн мэдүүлэг болон үйлдвэрчний эвлэлээс шүүхэд гаргасан тайлбар нь эрс зөрүүтэй байхад захирамжаар шаардсан нотлох баримтаа хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд дахин хянуулахаар буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчим хэрэгжсэн байх тул хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой байна.

Нэхэмжлэгч А.Д нь хариуцагч УБТЗхолбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б-II-169 дугаар тушаалыг хүчингүй болгож, цалингаас суутгасан 700 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Ажил олгогчийн дээрх тушаалд А.Дыг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс осол гарах нөхцлийг бүрдүүлсэн зөрчил гаргасан гэж үзэж, үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ нэхэмжлэгч А.Д нь дээрх тушаалын талаар 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, уг нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарах бөгөөд хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй гэж тодорхойлжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул залруулах нь зүйтэй гэж үзэв.

а/Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заажээ. Нэхэмжлэгч нь тушаал гарснаас хойш 4 сар 6 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл ногдуулсан болохыг 2016 оны 12 сарын 01-ний өдөр цалингаа авахдаа мэдсэн, ийнхүү мэдмэгцээ Маргаан таслах комисст хандаж Ч.Эрдэнэдалай даргад гомдол гаргасан гэж хугацаа алдсан байдлыг тайлбарласан ба гэрч Ч.Эрдэнэдалай мэдүүлэхдээ “... 12 сард өргөдөл өгсөн ...ажлаас чөлөөлөгдсөн тул ...шийдвэрлээгүй орхисон ...” /хх-49/ гэжээ. Нөгөө талаас,  нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шуурхай хуралд өөрөө оролцож арга хэмжээ авагдсан болохыг мэдсэн гэж хариуцагч маргаж, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар зохигчид мэтгэлцсэн байхад шүүх уг эрх зүйн асуудлаар дүгнэлт хийгээгүй нь буруу байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т “ Энэ хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж заасан ба шүүх уг зохицуулалтыг хэрэглэх байжээ.          

Ажил олгогчийн зүгээс сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг ажилтанд гардуулсан болохыг баримтаар нотлоогүй байна. Иймд нэхэмжлэгч нь цалингаас суутгал хийсэн үеэс буюу 2016 оны 12 сарын 01-ний өдөр тушаалыг мэдсэн гэж үзэх ба энэ талаар ажил олгогчид гомдол гаргасан байхад шийдвэрлэж хариу өгөөгүй нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхээр байх тул хугацааг сэргээх үндэслэлтэй гэж үзнэ.

б/ Сахилгын шийтгэл ногдуулсан 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б-II-169 дугаар тушаал үндэслэл муутай байна. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр машин, галт тэрэгтэй мөргөлдсөн гэх осолд А.Д буруутай болохыг хариуцагч баримтаар нотлоогүй, уг тушаалын үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2-т нийцээгүй байна.

Иймд тушаалыг хүчингүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1568 дугаар магадлал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2017/01541 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар нэхэмжлэгч А.Дын нэхэмжлэл гаргах хугацааг сэргээж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул УБТЗын даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б-II-169 дугаар тушаалын А.Дт холбогдох сахилгын шийтгэл ногдуулсан хэсгийг хүчингүй болгож, цалингаас суутгасан 700 000 төгрөгийг хариуцагч УБТЗаас гаргуулж нэхэмжлэгч А.Дт олгосугай гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

 

         ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА