Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2019/ШЦТ/201

 

 

      2019              07              03                                                     2019/ШЦТ/201                                                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Т-т холбогдох 1934003860259 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт А.Т, Монгол улсын иргэн, 1963 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймаг Бүрэнтогтох суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Угтаалцайдам сумын засаг даргын тамгын газарт татварын хураагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймаг Угтаалцайдам сум Асгат 2 дугаар баг Ногоон байрны 5 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Т нь согтуугаар Төв аймгийн Угтаалцайдам сумын төвд үйл ажиллагаа явуулах “Гоймондоо” гэх нэртэй цайны газрын гадаа 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Л.Баатарцогттой “цаг бугуйвч аваад өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар мөн өдрийн орой 19 цагийн орчимд Л.Баатарцогтын нуруун тус газарт нь хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Төв аймгийн Прокурорын газраас А.Т-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-03-06 тал/, хутга хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-07 тал/, эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-08 тал/, эд мөрийн баримт үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-10 тал/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-11 тал/,  хохирогч Т.Баатарцогтоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-13-14 тал/, гэрч Т.Түвшинзулаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-17-18 тал/, гэрч Б.Орломоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-22-23 тал/, гэрч Х.Амарсанаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-24-25 тал/, гэрч Р.Батболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-26 тал/, гэрч А.Хайсанжаваас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-27 тал/, гэрч Ц.Ганзоригоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-28 тал/, гэрч Л.Лхагвасүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-29 тал/, гэрч Э.Энхбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-30 тал/, гэрч Н.Батцэнгэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-31 тал/, гэрч П.Оюунбилэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-32-33 тал/, гэрч Н.Хадбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-34-35 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №6141 дугаар дүгнэлт /хх-37 тал/, А.Тийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-50 тал/, согтуурал шалгасан тухай тэмдэглэл/хх-56-57 тал/, Угтаалцайдам сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт/хх-58 тал/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл/хх-59-62 тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч Т.Баатарцогтын гаргасан хүсэлт /хх-66-67 тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай А.Төөгийн гаргасан хүсэлт /хх-68 тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол/хх-70 тал/, шүүгдэгч А.Т-ийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэрэг болно.

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Т-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Шүүгдэгч А.Т нь согтуугаар Төв аймгийн Угтаалцайдам сумын төвд үйл ажиллагаа явуулах “Гоймондоо” гэх нэртэй цайны газрын гадаа 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Л.Баатарцогттой “цаг бугуйвч аваад өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар мөн өдрийн орой 19 цагийн орчимд Л.Баатарцогтын нуруун тус газарт нь хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Т.Баатарцогтын:  “...эхнэр Амарсанаа бид хоёр гэрээс гараад цайны газрын гадаа очиход Төө гэж хүн хойноос ирж байгаа харагдсан тэгээд цайны газрын гадаа уулзалдахад Т гэж хүн миний дүү нааш ир дээ гэхээр нь яасан Төө ах гээд очиход Т гэж хүн миний дүү яасан гэнээ гээд баруун гараараа намайг нуруугаар тэвэрсэнээ нуруунд хутгалах шиг болсон тэгэхлээр нь би намайг хутгалчихлаа гэж хэлээд цааш яваад эргээд харахад Энхбаатар гэж залуу Т гэх хүнийг барьж зогсож байсан тэгсэн манай эхнэр Амарсанаа цаана хүнтэй уулзаж байснаа хараад гүйж ирээд миний нуруунаас хутганы шархнаас гарч байсан цусыг гараараа дараад тэнд байсан “Ану сервис” ХХК-ийн ажилтан Ганзоригийн машинаар намайг сумын эмнэлэгт хүргээд тэнд шарханд оёдол тавиулж байж байгаад Улаанбаатар хот руу явсан юм” гэх мэдүүлэг /хх-13-14 тал/,

Гэрч Б.Орломын: “...Тэгээд би Амарсанаатай уулзаад хуушуураа авахаа болиод цайны газраас ажлынхаа залуучуудтай буцаад ажил руугаа явах гэтэл Амарсанаа та хүн хутгалчихлаа гэж орилж сонсогдсон. Ингээд бид нар юу болсон талаар харах гэж очтол Төө гэх хүн Амарсанаагийн нөхөр болох Баатарцогтыг хутгалчихсан юм шиг санагдсан. Тухайн үед Баатарцогт нуруугаа бариад байсан. Би Баатарцогтын нурууг харахад нурууны гол хэсгээс цамц нэвтэрсэн цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-23 тал/,

Гэрч Х.Амарсанаагийн: “ ...Баатарцогт бид хоёр гэрээс гарч ирээд цайны газрын гадаа очиход Т гэж ах цайны газрын гадаа инээд алдаад сайхан зантай ирж байсан ба манай нөхөр Баатарцогтыг нааш ир дээ ахын дүү гэж байгаа харагдсан би Бурам эгчтэй уулзаад эм өгөөд зогсож байхад Баатарцогт намайг хутгалчихлаа гэж орилсон тэгэхээр нь харахад Баатарцогтын нуруунаас нь цус гарч урсаж байсан ба Т гэж хүн баруун гартаа хятадын хар иштэй хутга барьсан байж байсан ба тэгээд хутгатайгаа яваад өгсөн би Т гэж хүнийг та хүн алчихлааш дээ гэж орилоод тэнд байсан “Ану Сервис”ХХК-ийн жолооч Ганзоригоор машинтай нь Баатарцогтыг сумын эмнэлэгт хүргээд шарханд нь оёдол тавиулаад орой нь Улаанбаатар хот руу эмнэлэгт хүргэсэн юм” гэх мэдүүлэг /хх-24 тал/,

Гэрч А.Хайсанжавын: “ ... Тэгээд нэг харахад Т хойшоо ухсан байсан модны нүхэнд унаж байгаа харагдсан би Т, Баатарцогт нарыг хоорондоо маргалдлаа гэж бодсон тэгээд нөгөө Баатарцогт нь яваад өгсөн бөгөөд нээх удаагүй 10 орчим минутын дараа Баатарцогтын эхнэр Амарсанаа гэж эмэгтэй ирээд Т гэж хүнийг ядуугаар нь дээрэхлэлээ, цаг, бугуйвч авлаа гэлээ манай нөхөрийг дээрэхлэлээ манай нөхөр хүний юм авах хүн биш гэсэн утгатай юм яриад дайраад загнаад байх шиг байсан ба Т тэр Амарсанааг чамтай би маргалдахгүйээ яв би ажилтай байна гээд байсан тэгээд тэр Амарсанаа нь бас яваад өгсөн ба бид нар модны нүх ухаж байгаад орой 19 цаг болох гэж байхад байх тарсан. Би гэр лүүгээ очоод байж байхад орой 21 цагийн орчим манай ажлын газрын хүн утсаар яриад Тийг Баатарцогт гэж залууг хутгалсан байна гэж хэлж би мэдсэн юм” гэх мэдүүлэг /хх-27 тал/,

Гэрч Ц.Ганзоригийн: “ ... Удалгүй Амарсанаа манай нөхрийг хутгалчихлаа ш дээ гэж орилохоор нь би буугаад хартал Угтаалцайдам сумын ЗДТГ-т ажилладаг Т гэж хүн Баатарцогтыг хутгалсан бололтой байж байсан бөгөөд Т гэж хүний барьж байгаад Баатарцогт гэж хүнийг хутгалсан гээд хар иштэй хутга байж байсан Баатарцогт нуруугаа бариад зогсож байсан нуруунаас нь цус гоожоод нурууг нь дагаад цус урсаж байсан” гэх мэдүүлэг /хх-28  тал/,

Гэрч Л.Лхагвасүрэнгийн: “ ...бид нар буцаад ажил руу явах гэтэл Амарсанаа гэж эмэгтэй манай нөхрийг хутгалчихлаа ш дээ гэж орилохоор нь бид нар машинаас буугаад хартал Угтаалцайдам сумын ЗДТГ-ын татварын байцаагч ажилтай Т гэж хүн ирсэн баруун гартаа хар иштэй хутга барьсан байсан тул Баатарцогтыг хутгалсан байна гэж ойлгосон бөгөөд Т гэж хүн би өөрөө цагдаа дээр очно гээд яваад өгсөн Баатарцогт нуруугаа бариад зогсож байхаар нь харахад нуруунаас нь цус гоожоод нурууг нь дагаад урсаж байсан” гэх мэдүүлэг /хх-29 тал/,

Гэрч Э.Энхбаатарын: “ ...Амарсанаа манай нөхрийг хутгалчихлаа гээд орилсон тэгээд Батцэнгэл, Лхагвасүрэн, Ганзориг бид нар буугаад хартал Угтаалцайдам сумын ЗДТГ-т ажилладаг Т гэж хүн ирсэн байсан ба Баатарцогтыг хутгалсан байна гэж ойлгосон тэгээд Т гэж хүнийг тайвшир гээд барьж байхад Т гэж хүн би өөрөө цагдаа дээр очно гээд яваад өгсөн. Баатарцогт нуруугаа бариад байхаар нь Баатарцогтын нуруу луу хартал цус гоожиж байсан тэгээд манай хамт ажилладаг жолооч Ганзориг Баатарцогтыг машиндаа суулгаад сумын хүн эмнэлэгт хүргэхээр явсан” гэх мэдүүлэг /хх-30 тал/,

Гэрч Н.Батцэнгэлийн: “ ...тэгээд бид нар буугаад хартал Угтаалцайдам сумын ЗДТГ-т ажилладаг Т гэж хүн Баатарцогтыг хутгалсан бололтой байж байсан ба Т гэж хүн би өөрөө цагдаа дээр очно гээд яваад өгсөн. Баатарцогт нуруугаа бариад зогсож байсан нуруунаас нь цус гоожоод нурууг нь дагаад урсаж байсан” гэх мэдүүлэг/хх-31 тал/,

Гэрч Н.Хадбаатарын: “ ...2019 оны 05 дугаар сарын 16-ны орой 20 цагийн орчим намайг Төв аймгийн Угтаалцайдам сумын цагдаагийн хэсэг дээр байж байхад Угтаалцайдам сумын иргэн Х.Амарсанаа гэж эмэгтэй манай Гоймондоо цайны газрын гадаа манай нөхөр Баатарцогтын нуруунд А.Т гэж хүн хутгалсан гэж утсаар дуудлага өгсөн тэгээд би цагдаа, цагдаагийн дэд ахлагч Батзоригийн хамт уг Гоймондоо нэртэй цайны газрын гадаа очиход “Ану сервис” ХХК-ийн би нэрийг нь санахгүй байна 3 ажилтан хэрэг гарах үед гадаа нь байсан гээд байж байсан хутгалуулсан гэх Баатарцогтыг эхнэр нь аваад сумын эмнэлэг рүү явсан А.Т гэж хүн Баатарцогтыг хутгалсан гэх хар өнгийн иштэй хутга Гоймондоо нэртэй цайны газрын гадаа үүдний довжоон дээр байсан тул үзлэг хийж хураан авсан тэгээд буцаад цагдаагийн хэсэг дээр очиход А.Т гэж хүн цагдаагийн хэсгийн гадаа үүдэнд сууж байсан хутгалуулсан Т.Баатарцогт гэж хүнд сумын эмнэлэгт эмчилгээ хийж байсан” гэх мэдүүлэг /хх-34-35 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №6141 дугаар дүгнэлтэд 1.Т.Баатарцогтын биед нуруунд шарх, эрүүнд түлэгдлийн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх нуруунд шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр эрүүний шарх нь өндөр хэмийн үйлчлэлээр тус тус үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-37 тал/, эд мөрийн баримт үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-10 тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-11 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-03-06 тал/, согтуурал шалгасан тухай тэмдэглэл/хх-56 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Т-ийн хохирогч Т.Баатарцогтын биед нуруунд шарх, эрүүнд түлэгдлийн шарх бүхий гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байна.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч А.Т-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч улсын яллагчийн шүүхэд гаргасан саналыг харгалзан 700000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд хэсэгчлэн төлөхийг сануулж,

            шүүгдэгч  А.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Т-т мэдэгдэв.

 

           Шүүгдэгч А.Т-т холбогдох хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овогт А. Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-ийг 700/долоон зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Т-т оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг устгахыг Төв аймгийн шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Т-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Т нь урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ