Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2019/ДШМ/73

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 24 өдөр                                       ДШМ/73                                                             Зуунмод

 

 

Пт холбогдох эрүүгийн

                  хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Эрхэмбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

Нарийн бичгийн дарга Б.Баттөр нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 07 сарын 23-ны өдрийн  2019/ШЦТ/217 дугаар шийтгэх тогтоолтой П.Эт холбогдох 1834006890161  дугаартай 1 хавтас 242 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 09 сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Чонос овогт Пүрэв-Очирын Энхбаяр, 1965 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, эксковаторын туслах мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан 1 дүгээр багийн 45-8 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ТЯ:65071117.

Шүүгдэгч П.Э нь Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар багийн нутаг Тайсын хөтөл гэх газарт 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 08.00-09.00 цагийн орчим 98-75 ДАХ улсын дугаартай Тоёота Марк-2 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж, 09-30 ХӨА улсын дугаартай Хонда сивик маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 5 сартай О.Энгүүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч П.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 23-ны өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолоор:

          Шүүгдэгч Чонос Пүрэв-Очирын Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч П.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч П.Эт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

          Хэрэгт хураагдан ирсэн П.Эын №879671 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэх, №01931326 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах У.Золчимэгт даалгаж,

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч П.Эаас 5 130 377 төгрөг гаргуулж, хохирогч Б.Батболд, Б.Оргилмаа нарт, 417 500 төгрөг гаргуулж, хохирогч Ш.Болдбаатарт, 417 500 төгрөг гаргуулж, хохирогч М.Өнөрчимэдэд тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдаж,

          Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлыг гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж,

          Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Эын өмгөөлөгч И.Отгонсүрэн давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргалын шийдвэрлэсэн 2019.07.23-ны өдрийн 217 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч П.Э нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн 98-75 ДАХ улсын дугаартай Тоёота Марк-2 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 9.2-т заасан заалтуудыг зөрчиж 09-30 ХӨА улсын дугаартай Хондо сивик маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 5 сартай О.Энгүүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн.

Хэргийн зүйлчлэл, гэм буруу, оногдуулсан ял дээр маргах зүйл байхгүй. П.Эын хувьд анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлдэг, хохирол төлбөрийн хувьд шүүх хуралдаанаас өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оргилмаад 700,000 төгрөг төлсөн.

Шүүхийн шийтгэх тогтоолоор А.Оргилмаа, Б.Батболд нарт 5 130 377 төгрөг, хохирогч Г.Болдбаатарт 417 500 төгрөг, хохирогч Т.Өнөрчимэдэд 417 500 төгрөг тус тус гаргуулахаар шийдвэрлэснийг бүрэн гүйцэд төлсөн.

Шүүгдэгч П.Э нь шүүхийн шийдвэрээр хохирогч нарт төлөх төлбөрөө бүрэн төлсөн хохирогч нар нь хохирол төлбөргүй нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол саналгүй болсон. Хохирогч нар нь хохирол төлбөрийг бүрэн гүйцэд авсан тул ар гэрийн ахуй амьдрал, өөрийн эрүүл мэндийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөөч гэсэн хүсэлт гаргасан байна.

Иймд П.Э нь эрүүл мэндийн шалтгаанаар группд байдаг бие муутай, даралт өндөртэй, хугархай гар хөлтэй, ар гэрийн аргагүй байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол тэнсэнэ гэсэн заалтыг үндэслэн оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн гаргасан тайлбар, саналдаа: Гэм буруу дээр маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар тэнсэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Эрхэмбаяр гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Тэнсэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгч П.Э нь “Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар багийн нутаг Тайсын хөтөл гэх газарт 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 08.00-09.00 цагийн орчим 98-75 ДАХ улсын дугаартай Тоёота Марк-2 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж, 09-30 ХӨА улсын дугаартай Хонда сивик маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 5 сартай О.Энгүүний амь насыг хохироосон гэмт хэргийн үйл баримт нь гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-05/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- 6-7, 10-14/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх- 08-09/, тээврийн хэрэгсэл үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- 15-20/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх- 22-23/, тээврийн хэрэгслийн эвдрэлд гарсан хохирлын үнэлгээний тайлан /хх-136-138/, Төв, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №151, 445, 447, 446, 444, 907,906, 901 дугаарт шинжээчийн дүгнэлтүүд /хх-90-91, 95, 97, 99, 101, 106, 108, 110/, Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дүгнэлт /хх-145/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оргилмаа, хохирогч Б.Батболд, М.Өнөрчимэд, Ш.Болдбаатар, насанд хүрээгүй гэрч Б.Тэгшбаян, Б.Хулан, гэрч Д.Чулуунцэцэг, шүүгдэгч П.Э нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

          Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба тэдгээрийг үндэслэн шүүгдэгчийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн “ял хөнгөрүүлж, тэнсэх” агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүхэд хохирогч Б.Батболд, Б.Оргилмаа нар “Энхбаяр  автомашины хохирол 3200000, оршуулганы зардал 2000000 төгрөгний хохирол барагдуулсан нь үнэн болно” гэсэн бичгийг  ХААН банкны 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн мөнгөн шилжүүлэгийн баримтын хамт /хх-236-237/, хохирогч  М.Өнөрчимэд “Энхбаяраас 417500 төгрөг бэлнээр авлаа” гэсэн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн бичиг /хх-241/, хохирогч Ш.Болдбаатар “Энхбаяраас 417500 төгрөг бэлнээр авсан” гэсэн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн бичиг /хх-240/-ийг ирүүлснээс гадна “Энхбаярт шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, тэнсэж өгнө үү” гэсэн хүсэлтийг хохирогч нар илэрхийлсэн байна.

Шүүгдэгч П.Эын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн  байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ингэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн шинж болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж,  шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/217 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

          а/ - 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч П.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч П.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар  тэнссүгэй“ гэсэн өөрчлөлт оруулж,

 

б/ - шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

 

2.  шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч П.Эт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.” гэсэн,

 

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн  бол  прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.” гэсэн,

 

            - “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай” гэсэн нэмэлт заалт тус тус оруулсугай.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

4. Шүүгдэгч П.Э анхан шатны шүүхийн шийдвэрээр хохирогч Б.Батболд, Б.Оргилмаа нарт төлбөл зохих  5130377 төгрөг, хохирогч  М.Өнөрчимэдэд төлбөл зохих  417500 төгрөг, хохирогч Ш.Болдбаатарт төлбөл зохих 417 500 төгрөгийг давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө төлсөн болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Эыг сулласугай.

 

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧИД                                                 Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                                  Г.БОЛОРМАА