Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 228

 

2016 оны 07 сарын 07 өдөр

 

Дугаар 183/ШШ2016/00228

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн нэхэмжлэлтэй

 

Гуравдагч этгээд: Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 7 дугаар гудамж, 251 тоотод оршин суух, Бэйл овогт Жадамбаагийн Мягмарсүрэн /ШЖ 76101918/,

 

Ж.Мягмарсүрэнг архины албадан эмчилгээнд явуулж, эмчлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Д.Жавхлантөгс, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Мягмарсүрэн, нарийн бичгийн даргаар Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жавхлантөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Дэнжийн 7-251 оршин суух, Жадамбаагийн Мягмарсүрэн нь гудамж талбай, олон нийтийн газарт байнга архидан согтуурч, ар гэртэй агсам тавь, үргэлж түгшүүр төрүүлж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг тул Согтуурах мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3, 4, 5 дугаар зүйлийг үндэслэн Ж.Мягмарсүрэнг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Мягмарсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 7 сарын 06-ны өдөр найзуудтайгаа нийлж архи уугаад гэртэй ирэхэд манай бага охин намайг загнаад, цагдаа дуудсан байсан. Архинаас гарах хүсэлтэй байгаа тул эмчилгээнд явахад татгалзах зүйлгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс нь Ж.Мягмарсүрэнг захиргааны журмаар архины албадан эмчилгээнд явуулж, албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг гаргажээ.

 

Ж.Мягмарсүрэн нь нийгмийн хэв журмыг зөрчин, архидан согтуурч, удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан бөгөөд архинаас хамааралтай болох нь Цагдаагийн байгууллагын тодорхойлолт, зөрчлийн тухай тэмдэглэл, Ж.Мягмарсүрэнгийн эхнэр М.Мядагмаагийн өргөдөл болон тайлбар, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны хэсгийн байцаагч Цагдаагийн дэслэгч Д.Жавхлантөгсийн тэмдэглэл, захиргааны зөрчлийн тэмдэглэл, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн Сэтгэц наркологийн тусламж үйлчилгээний комиссын дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул албадан эмчилгээнд хамруулах нөхцөл байдал тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Түүнчлэн гуравдагч этгээд Ж.Мягмарсүрэн нь өөрөө архины албадан эмчилгээнд явах хүсэлтэй байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Нотлох баримтуудаас дүгнэхэд Ж.Мягмарсүрэн нь ахуйн хүрээнд байнга архидан согтуурч, архины хамааралтай болох нь тогтоогдож байх тул түүнийг архины албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иймд Бэйл овогт Жадамбаагийн Мягмарсүрэн /ШЖ 76101918/-г архины албадан эмчилгээнд явуулж, албадан эмчлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Бэйл овогт Жадамбаагийн Мягмарсүрэн /ШЖ 76101918/-г захиргааны журмаар эмчлэх газар явуулж, албадан эмчлүүлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлөхөөс чөлөөллөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ