Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 1191

 

“Блесс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00666 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Блесс” ХХК,

Хариуцагч Ц.Одгэрэлд холбогдох,

 

Зуучлалын хөлс 42 478 070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдорж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа,

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Ц.Давхарбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Амгалан, өмгөөлөгч Г.Нацагдорж нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бид өөрсдийн ажлын и-мэйл хаягаар Арабын Нэгдсэн Эмират Улсын /цаашид АНЭУ гэх/ Гадаад явдлын яамны ажилтан доктор Арзу Топалаас хүсэлт авсан. Тэрээр хүсэлтдээ АНЭУ нь удахгүй Элчин сайдын яамаа Монгол улсад нээх, мөн элчин сайдаа илгээх гэж байгаагаа дурдаад холбогдох элчин сайдын яамны байр болон элчин сайд нь амьдран суух түрээсийн үл хөдлөх хөрөнгө олж өгч зуучлахыг хүссэн юм. Иймд доктор Арзу  Топалтай харилцан цахим шуудан бичиж, үл хөдлөх хөрөнгийн жагсаалт, дэлгэрэнгүй мэдээлэл явуулж байсан ба сүүлийн цахим шуудандаа ноён Редаг танилцуулж, 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод ирэхэд нь түүнд санал болгож буй түрээслэх үл хөдлөх хөрөнгүүдээ үзүүлээрэй гэсэн.

Ноён Редад 10 гаруй түрээсийн үл хөдлөх хөрөнгийг хэдэн өдрийн турш үзүүлсний дараагаар удахгүй элчин сайд ирнэ, зарах үл хөдлөх эд хөрөнгө бас сонирхож байна шүү гэсэн. Энэ үед Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их монгол гудамж, 506 тоотод хаягт бүртгэлтэй, 858 м.кв үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206031381 дугаартай үл хөдлөх хөрөнгийг заруулахаар Ц.Одгэрэл манай компанитай амаар тохиролцсон байсан ба зуучлалын хөлсөнд амины орон сууц нь зарагдвал нийт үнийн дүнгийн 2 хувь, хөлслүүлбэл 1 жилийн гэрээ 1 сарын төлбөртэй тэнцэх байдаг юм, гэхдээ 1-ээс дээш жил хөлслөх байх, бид нэг удаа л 1 сарын төлбөрт тэнцэх хэмжээний зуучлалын хөлс авна гэж тохиролцсон байсан.

2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Реда нь Ц.Одгэрэлийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн найз нар болох Махмуд Эл Монейм нарын хамт ирж үзээд таалагдаж байна, бид байрны мэдээлэл болон үнийг Засгийн газартаа мэдээллэх хэрэгтэй байна гэснээр уулзалт өндөрлөсөн. Удалгүй тэрээр Элчин сайдыгаа дагуулж ирж хамт үзсэн болно. 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Ц.Одгэрэл, түүний эхнэр Ж.Ариунаа нартай өөрсдийнх нь ажлын байр болох Замын Цагдаагийн төв байрны баруун урд орших Цома оффис үйлчилгээний байрны 1 давхарт уулзаж, Ц.Одгэрэлээс амины орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, газрын гэрчилгээний хуулбар, байрны план зургуудыг авч, гэрээнд гарын үсэг зурахыг хүсэхэд “бүх юм эцсийн шийд гарсан хойно зурмаар байна, одоо эрт байна, тэгээд ч ах нь хөлс мөнгөн дээр новшрох хүн биш, дүү нараа гол нь энэ ажлыг бүтээгээд байх. Ах нь итгэж байгаа шүү, Монгол залуучуудаа дэмжинэ” зэрэг үг хэлж өндөрлөсөн. Тэр өдөртөө АНЭУ-ын Элчин сайдын яамны ажилтан Редагийн хэлснээр түүний найз Махмуд Эл Монеймийн цахим шуудан хаяг руу Ц.Одгэрэлийн байрны 7 хуудас мэдээллийг скайнердан хүргүүлсэн. Мөн тэдний сонирхсон асуултад хариулсан Ц.Одгэрэл, түүний эхнэр Ж.Ариунаа нарын хариултыг хоёр дахь цахим шуудангаар хүргүүлсэн. Тэд ч утсаар цахим шууданг авлаа, АНЭУ-ын Засгийн газраас удахгүй хариу ирнэ гэж хэлсэн.

Энэ хугацаанд Ц.Одгэрэлтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулахаар удаа дараа уулзахад бүх юм эцэслэгдэж баттай болтол гарын үсэг зурахгүй, санаа зоволтгүй хэмээн буцаасаар байсан. АНЭУ-ын Элчин сайдын яамны ажилтан Редагаас албан ёсны хариу гарсан эсэхийг асуухад “та нарын явуулсан мэдээллийг Засгийн газартаа явуулсан, энэ асуудлыг шийдэхэд цаг хугацаа орно, ямар нэгэн хариу ирвэл заавал та нарт мэдэгдэнэ” гэсэн ч чимээгүй болсон ба Ц.Одгэрэлтэй холбогдоход ах нь элчин сайдтай нь шууд тохирсон. Элчин сайд нь “арабуудаас хэнийг ч оролцуулахгүй, намайг нэг ч Монгол хүн битгий оролцуул” гээд “үнээ тохиръё” гэсэн, тэгээд би үнээ буулгаад нэг сарын 24 000 000 төгрөгөөр тохиролцож, тэдэнд хөлслүүлж суулгахаар болсон тул та нарт мөнгө өгөх боломжгүй гэсэн. Түрээсийн гэрээний 3 дугаар зүйлд түрээсийн төлбөр 1 сарын 17 000 ам.доллар байна гэж заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг 17 000 ам.доллар гаргуулахаар нэмэгдүүлж, Монгол Улсын нутаг дэвсгэрт төлбөр тооцоог төгрөгөөр хийх тул уг валютыг төгрөгт шилжүүлбэл 42 478 070 төгрөг болж байгаа бөгөөд энэ мөнгийг Ц.Одгэрэлэс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа, өмгөөлөгч Р.Пүрэвлхам нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны сүүлээр яригдаж буй объект дээр миний бие өөрөө заслын ажлаа хариуцаад байж байсан. Тэгэхэд би гадаа гараад харж байхад эргэн тойрон 2-3 жийп машин явж байсан буюу гадаадын хүмүүс байр үзээд явж байсан. Би ороод Ц.Одгэрэлд хэлсэн бөгөөд Ц.Одгэрэл өөрөө гарч уулзаад тэдгээр хүмүүс Ц.Одгэрэлийн утасны дугаарыг нь авч үлдсэн. Дараа нь өөртэй нь холбогдоод уг байрыг ирж өөрсдөө үзээд явсан. Нилээн хэсэг хугацааны дараа Ц.Одгэрэлийг дахин дуудаж, та байраа зарах уу, хөлслөх үү гэж өөрөөс нь асуусан байдаг.

Эхний ээлжинд Ц.Одгэрэл зарна гэж байсан. Тэгээд сүүлдээ дахин түрээсийн үнэд тохиролцоод түрээслэхээр болсон. “Блесс” ХХК-иар зуучлуулаагүй, эд нараас ямар ч туслалцаа аваагүй бөгөөд ямар ч гэрээ хийгдээгүй. Хэрвээ энэ компани зуулчилсан юм бол гэрээнийхээ үнийн дүнг ч мэддэггүй. Тэгээд дараа нь түрээсийн гэрээ гаргахад нэхэмжилж буй үнийн дүнгээ нэмсэн. “Блесс” ХХК-ийн ажилтан, одоо гэрчээр орж ирэх гэж байгаа С.Энхтөрийг өмнө нь харж байсан, Ц.Одгэрэлийн өмчлөлд байсан 300 м.кв байрыг түрээслэх гээд Монгол-Францын соёлын төвийнхөн ирж үзээд үнэ хөлсөө тохиролцож байхад тэр гадаадын хүмүүс дээр очиж 12 000 000 төгрөг өгсөн тохиолдолд энэ компанийн хөрөнгийг та нарт хямдхан авч өгнө гэсэн байсан.

Энэ бүгдээс харахад энэ компани ямар ч гэрээ, контракт хийхгүй, хууль бус үйлдэл хийсэн байдаг. Бидний зүгээс гэрээ байгуулаагүй, ямар ч баримтад гарын үсэг зураагүй, нэхэмжлэгч компанийн залуучууд ганц хоёр удаа уулзаад зарах хөрөнгө байна уу гэж асуухад нь байраа түрээсэлсэн гэсэн үгийг өлгөж аваад ямар ч нотлох баримтгүйгээр төлбөр нэхэмжилж байгаа нь хууль бус үйлдэл юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 410.2 дахь хэсэгт  зааснаар хариуцагч Ц.Одгэрэлээс 42 478 070 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Блесс” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Одгэрэлээс 370 350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Блесс” ХХК-д олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 370 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, хууль ёсны ба үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх шийдвэрийг үзвэл хэт нэг талыг баримталсан, таамаглалд тулгуурласан шийдвэр гаргасан гэж үзэж үзэхээр байна. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн хүрээнд зуучлалын үйл ажиллагаа явуулах болохыг хуульчилсан байхад анхан шатны шүүх хэт явцуугаар дүгнэн шийдвэр гаргасан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Гэтэл нэхэмжлэгч тал маргаан бүхий эд хөрөнгийг бусдад зуучлах талаар ямар нэгэн эрхийг олж аваагүй бөгөөд энэ эрхийг олж авсантай холбоотой ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч талаас оролцсон гэрчүүд болон нэхэмжлэгч зуучлал хийхтэй холбоотойгоор заавал гэрээг бичгээр хийж улмаар зуучлуулагчид танилцуулдаг, компанийн дотоод журмын талаар ярьж, улмаар зуучлалын гэрээний эх загвараа хэрэгт хавсаргасан байдаг атлаа хариуцагч талд нэг ч удаа үзүүлж харуулаагүй, хоорондоо хэлэлцэн тохиролцож байгаа байдлаа протокол болон бусад байдлаар огт тэмдэглэж байгаагүй болно.

Нэхэмжлэгч тал түрээслэх хүсэл зоригоо илэрхийлж байгаа талтай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, ямар нэгэн байрыг худалдан авах, түрээслэх боломжтой эсэхийг л асуусан байдлаар цахим шуудангаар харилцсан байдаг бөгөөд маргаан бүхий амины орон сууцыг эзэд нь зөвхөн зарах л зорилготой байгаа талаар харилцсан захиандаа бичсэн байснаар нотлогдоно. Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчийн амины орон сууцыг түрээслэхтэй холбоотойгоор түрээслэгчтэй тохирсон гэх баримт огт байдаггүйгээс гадна яг өөрсдийн шугамаар холбож өгсөн гэх баримт байдаггүй. Хариуцагч Ц.Одгэрэл нь байр үзээд явж байгаа гэх хүмүүсийг өөрөө урьж гэртээ оруулсан байдаг бөгөөд байраа үзүүлсэн нь нэхэмжлэгчийн хүчин чармайлтаар хэлцэл хийх этгээдтэй холбосон гэх үйл баримт үгүйсгэгдэж байгаа болно. Хэдийгээр шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн этгээдүүд уг байрыг үзэхэд байлцсан гэх ч нэхэмжлэгч болон гэрчүүдийн аль нь ч хариуцагчийн амины орон сууцаа хөлсөлсөнтэй холбоотой цаг хугацаа, үнийн талаар огт мэддэггүй бөгөөд харин ч сонгууль болж байгаатай холбоотойгоор өрөө түрээслэх боломжтой эсэхийг асуухаар ирэхдээ хариуцагчийн амины орон сууц хөлслөгдсөн болохыг мэддэг.

Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Хэдийгээр амины орон сууцыг түрээслэх тухай гэрээг байгуулсан боловч гэрээний үндсэн зорилго нь амины орон сууцыг амьдрах зорилгоор хөлсөлсөн болох нь гэрээний 5 дугаар зүйлд заасан түрээслэгч түрээсийн байрыг зөвхөн амины орон сууцны зориулалтаар ашиглана, өөр зориулалтаар ашиглахгүй гэснээс харахад Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан зохицуулалт илүү оновчтой болох нь харагдаж байна.

Мөн шүүх нэхэмжлэгч “Блесс” ХХК нь зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг болохыг дүгнэсэн бөгөөд Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт худалдааны зуучлагч өдөр бүр дэс дараатай тэмдэглэл хөтөлж, байгуулсан бүх хэлцлээ бүртгэж, тухай бүр гарын үсэг зурж байхыг хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд зуучлалын үйл ажиллагаа явуулдаг атлаа ийнхүү зуучлалын үйл ажиллагаа явуулдаг талаараа ямар ч тэмдэглэл хөтлөөгүй, гэрээний маягт өгч байгаагүй, орон сууц хөлслөх гэрээ, түрээсийн гэрээний хууль зүйн талаар ямар ч ойлголтгүй байгаа зэрэг нөхцөл байдал нь хариуцагчаас буюу зуучлуулагчаас бичгээр болон амаар бүрэн эрх олгоогүй болох нь хэрэгт авагдсан баримтаас хангалттай нотлогдож байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчиж, таамаглалд үндэслэсэн дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Мөн шүүх нь гэрчээр н.Энхбат, н.Мухамед нарыг оролцуулахдаа хэдийгээр гэрийн хаягийг мэдэхгүй боловч утасны дугаарыг олж ирсэн болохоо хэлж, шүүх хуралдаанд өөрсдөө авчрах, авчирч чадаагүй тохиолдолд гэрчээсээ татгалзах гэдгээ бодитойгоор тайлбарласан боловч хүлээж аваагүйг мэтгэлцэх боломжоор тэгш хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байна.

Нэхэмжлэгч “Блесс” ХХК нь хариуцагч Ц.Одгэрэлд холбогдуулан зуучлалын үйлчилгээний хөлс 42 478 070 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас гаргасан цахим шуудангаар харилцсан гэх захидал, мэдээллийг /хх-25-36/ бичмэл баримтаар үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Цахим шуудангийн мэдээлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтад хамаарахгүй бөгөөд цахим орчинд хадгалагдсан уг мэдээлэлд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 44 дүгээр зүйлийн 44.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар үзлэг хийж, тэмдэглэлээр баталгаажуулснаар хуулиар тогтоосон шаардлага хангасан нотолгооны ач холбогдол бүхий баримт болно.

Шүүх хуулийн дээрх зохицуулалтыг анхааралгүй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгээр олгосон эрхийнхээ хүрээнд нотлох баримтыг хуульд заасан арга хэлбэрээр цуглуулах ажиллагаа явуулаагүйгээс маргааны үйл баримт тогтоогдоогүй, хэрэгт авагдсан бусад нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00666 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 371 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ