Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 143

 

Э.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, хохирогчийн өмгөөлөгч Ө.Учрал, шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч Д.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 430 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн      650 дугаар магадлалтай, Э.С-д холбогдох 1806041161779 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Э.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *** дүүргийн * дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овгийн Э-ын С,

Шүүгдэгч Э.С нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Б-той таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 430 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т овгийн Э-ын С-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч Э.С-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлж, хохирогч Э.Б нь цаашид гарах эмчилгээ болон гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Э.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Э.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 650 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/430 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар Э.С-д холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч Э.С-ы өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хохирогч Э.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Хохирогч Э.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Миний бие 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Э.С-д цохиулсны улмаас хараагүй болсонд гомдолтой байна. Цохиулсан өдрөөс хойш нүдний эмнэлгээр эмчлүүлж ирсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нүдний хараа маань улам муудаж цохиулсан нүд маань бүрэн хараагүй болсон. Энэ хугацаанд би боломжит бүх эмчилгээ хийлгэж 20 орчим сая төгрөгийн зардал гарсан.

2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шинжээч Б.Ундармаад үзүүлсэн ба шинжээч нь өөрийн буруутай үйлдлээс болж баруун нүдэнд учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй мэтээр ташаа дүгнэсэн байдаг. Улмаар миний бие очиж уулзан “баруун нүдээ огт үзүүлээгүй байхад яагаад ийм дүгнэлт гаргав” гээд очиж уулзахад өөр хүнтэй андуурсан гээд дахин дүгнэлт гаргасан байдаг. Уг дүгнэлт болон дараа дараагийн дүгнэлтүүдэд миний зүүн нүдний хараагүйдэл нь гэмтлийн гаралтай, уг гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл болохыг мэргэжлийн эмч, шинжээчид баталж цохилтын улмаас үүссэн гэж дүгнэсээр байтал Э.С намайг цохиогүй мэтээр дүгнэж түүнийг цагаатгаж байгаад гомдолтой байна.

Гэрч Б.Т, Г.Б, Б.Д нь хоорондоо харилцаа хамааралтай хүмүүс бөгөөд Б.Д нь Г.Б-ийн багш байсан талаараа өөр ч мэдүүлсэн, тухайн үед ч хоорондоо ярилцаж байгаа нь илт байсан, бид тэднийг хоорондоо хамааралтай хүмүүс гэдгийг мэдсээр байхад тэдний үгсэн хуйвалдаж зохиож өгсөн мэдүүлгийг үндэслэж Э.С-ыг цагаатгасныг гайхаж байна.

Гэрч Б.Т нь “... нүд нь жаахан улайсан байсан. Гэхдээ тэр улаан цохиулсны дараах улаан биш байсан. Өөр улаан байсан” гэж мэдүүлсэн нь худлаа. Тухайн үед би Э.Саас өмнө өөр хүнд цохиулсан бол шинжээч эмчийн дүгнэлтэд хуучин гэмтэл гэж гарах байсан, эсхүл Э.Сд огт цохиулаагүй, тухайн үед ямар ч тийм зүйл болоогүй бол шинжээчийн дүгнэлтүүдэд шинэ гэмтэл гэж гарах уу гэдгийг давж заалдах шатны шүүх анхаарч болсон үйл явдалд зөв дүгнэлт хийлгүй дээрх гэрчүүдийн үгсэн хуйвалдаж өгсөн худал мэдүүлгийг үндэслэж Э.Сыг цагаатгасан гэж үзэж байна.

Миний зүүн нүд өдөр ирэх тусам муудсаар хараагүйдэлд хүрсэн, өмнө нь нүдний өвчтэй байсан болохоор хүндэвтэр гэмтэл гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Зүйрлэх юм бол, машинд мөргүүлээд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад хэсэг хугацааны дараа нас барсан хүнийг “чамайг анх мөргөхөд үхээгүй байсан          ш дээ” гэж хэлж, дүгнэж байгаатай адил санагдаж байна.

Энэ хэргээс болж би амьдрал, ажил гээд бүх зүйлээс холдож маш их хохирч байгаа бөгөөд хууль, шүүхийн байгууллага үнэн мөнийг олж өгнө гэдэгт итгэлтэй байсан боловч ийнхүү би хүнийг гүтгэсэн мэтээр шийдвэрлэж байгаад маш их гомдож байна.

Иймд Э.С миний нүдийг хараагүй болгосон үйлдэлд тохирох ял оногдуулж өгнө үү” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Учрал хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Хохирогчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Э.Бын хувьд шүүх хуралдаанд оролцох гэж байсан боловч өнөөдөр Америкийн Нэгдсэн Улс руу ниссэн. Гомдолтой байгаа гэдгээ өмгөөлөгчөөр дамжуулж хэлсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Хохирогчийн хяналтын журмаар гаргасан гомдол хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй, хуульд нийцээгүй байгааг анхаарч үзнэ үү. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Дээрх гэмт хэргийн тухайд санаатай үйлдэл байх ёстой. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Э.С нь хохирогчийг огт цохиогүй гэдэг нь тогтоогдсон. Энэ үйл баримт ямар нотлох баримтуудаар хэрхэн тогтоогдож байгаа талаар давж заалдах гомдолдоо тодорхой дурдсан байгаа. Хохирогч гомдолдоо  “... энэ хэрэгт тогтоогдоогүй, урьд өмнө нь огт яригдаж байгаагүй зүйлийн талаар болон зарим гэрч нар хоорондоо хамаарал бүхий багш шавийн холбоотой” гэдэг зүйлийг тусгасан байх бөгөөд ийм зүйл энэ хэрэгт огт яригдаагүй. Үндсэндээ дөрвөн удаагийн шинжээчийн дүгнэлт байгаа. Хохирогчид учирсан буюу эрүүл мэндийн байдалтай нь холбогдож гаргасан дүгнэлтүүдийг хэргийн бодит үйл баримттай холбож үзэх ёстой. Хохирогч 2009 оноос хойш нүдний өвчний улмаас эмчлүүлж байсан болох нь сүүлд тодорсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар баримтыг гаргаж өгөөгүй, ярьдаггүй. Давж заалдах шатны шүүхээс хэрэг буцсаны дараа нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргах явцад энэ бүх өвчний түүх нь гарч ирсэн. Анхны шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн нүд нь хавдсан, хөхөрсөн зүйл байгаагүй. Гэтэл хохирогч “... Миний нүд цохиулсны улмаас хавдаад, хөхөрсөн байсан” гэж мэдүүлдэг. Энэ нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Хохирогч хэргийн үйл баримтын талаар байнга худал ташаа мэдээлэл, мэдүүлэг өгч байсныг анхаарч үзэх ёстой. Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд дурдсан нотлох баримтуудаас хохирогч, түүнтэй хамт явж байсан түүний дүү нарын мэдүүлгээр Э.Сыг буруутгадаг. Гэтэл энэ хоёр хүний мэдүүлэг маш их зөрүүтэй байдаг. Миний үйлчлүүлэгч нь хохирогчийг зодох нь битгий хэл өөрөө зодуулсан буюу түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан. Гэтэл энэ үйлдлийг нь дарж явсаар байгаад жилийн дараа хөөн хэлэлцэх хугацаагаар нь хэрэгсэхгүй болгосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шударга ёсны зарчим алдагдсан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байгааг анхаарч үзнэ үү. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч Э.С-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж дүгнэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг харилцан зөрүүтэй боловч анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт нь хохирогч, түүнтэй хамт явсан гэрчийн мэдүүлэг, хамгийн сүүлд гарсан шинжээч эмчийн 163 дугаартай дүгнэлтийг яллах талын нотлох баримт болгож, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Харин давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг харилцан зөрүүтэй гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн байр суурьтай оролцож байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хохирогч Э.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн Э.Сд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2.Хохирогчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэргийн нөхцөл байдалтай уялдуулан хянаж үзээд хангах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

2.1.Хохирогч Э.Б “... Үйл явдалд зөв дүгнэлт хийлгүй дээрх гэрчүүдийн үгсэн хуйвалдаж өгсөн худал мэдүүлгийг үндэслэж Э.Сыг цагаатгасан гэж үзэж байна” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Нотлох ажиллагааны явцад цугларсан шүүхээр хэлэлцэгдэх нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд харилцан нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлснээр шүүх түүнд үндэслэн үйл баримтыг тогтоох замаар хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах учиртай. 

Харин дан нотлох баримтаар, ялангуяа зөвхөн тухайн хэрэгт сонирхол бүхий хохирогч, гэрчийн мэдүүлгээр хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох боломж хязгаарлагдмал гэж үзнэ.

Хохирогч нотлох баримтаар дамжуулан өөрийн ашиг сонирхлоо шүүхэд илэрхийлдэг тул шүүх түүний гаргасан баримт, өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шалгахгүйгээр шийдвэрийн үндэслэл болгох нь нэг талын ашиг сонирхолд хөтлөгдөх, шүүхийн хөндлөнгийн байр суурийг алдагдуулах эрсдэлтэй байдаг.

Тодруулбал, энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Э.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр бичгээр гаргасан гомдолдоо “... Гурвуулаа ээлжилж зодсон. Миний нүүрлүү, нүдрүү маш хүчтэй цохиж, нэг нэгээрээ барьж зууралдаж байгаад бусад нь гэдэс толгой руу цохиж өшиглөсөн. Эдний хамт явсан урт үстэй залуу замын хавтан барьж намайг цохисон” /1 дүгээр хавтаст хэргийн 21 дүгээр тал/, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “... Ярилцаад зогсох гэсэн чинь жолоо барьж явсан залуу миний нүүр лүү цохисон. Тэгээд байж байгаад урт үстэй залуу нь нүд рүү цохиод намайг тал тоосго мэт юмаар цохисон” /1 дүгээр хавтаст хэргийн 42-44 дэх тал/, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “... Миний биед учирсан нүдний гэмтлийг Э.С цохиж учруулсан. Э.Стай хамт машинаас бууж ирсэн залуу миний толгой нүүр рүү цохисон. Харин урт үстэй залуу чулуугаар хавирга руу цохисон. ... Миний зүүн талын нүд рүү С болон хамт явсан хүн нь цохисон” /1 дүгээр хавтаст хэргийн 45 дахь тал/, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “... С-тай хамт явж байсан 2 хүнтэй ярилцаад зогсож байтал С гэнэдүүлээд миний зүүн нүд рүү шууд цохичихсон. Би тухайн үед нүдний шилтэй байсан. Ингээд шил унаад шилээ аваад босоод зогсоход ахиад нэг удаа миний зүүн нүд рүү цохисон” /1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ  “... С гэх залуу миний араас ирээд гараараа зүүн талын нүд рүү нэг удаа хүчтэй цохисон. Тэр үед би нүдний шилтэй байсан учраас шилэнд оноод нүдний шил нь хагараад газар унасан. Би нүдний шилээ авах гээд доошоо тонгойгоод дээшээ өндийсөн чинь С дахиад гараараа нэг удаа зүүн талын нүдэнд маш хүчтэй цохисон. ... Үүнээс болж миний нүдэнд гэмтэл учирсан” /1 дүгээр хавтаст хэргийн 50-52 дахь тал/, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “... С  гэх залуу миний араас ирээд гараараа зүүн талын нүд рүү нэг удаа хүчтэй цохисон. Тэр үед би нүдний шилтэй байсан учраас шилэнд оноод нүдний шил хагараад газар унасан. Би нүдний шилээ авах гээд доошоо тонгойгоод дээшээ өндийсөн чинь С дахиад гараараа нэг удаа зүүн талын нүдэнд маш хүчтэй цохисон” /1 дүгээр хавтаст хэргийн 179-180 дахь тал/, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шүүхийн хэлэлцүүлэгт  “... Миний нүд рүү урт үстэй залуу тал тоосго шиг зүйлээр цохисон. Түүнээс урд урдаасаа хараад зогсож байхад урт үстэй залуу, Б 2 урдаас хараад ярилцаад зогсож байсан. Миний ардаас ирээд цохисон нь С. Цагдаа ирэхэд шил байхгүй эвдэрсэн байсан” /2 дугаар хавтаст хэргийн 167 дахь тал/, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “... Урт үстэй хүн намайг тоосгоор цохиогүй, тэр хүн над руу тоосго шидэхэд миний цээжинд оносон асуудлыг буруу хэлсэн байна. Анх гурвуулаа явж байна гэж андуурсан тул гурвуулаа гэж буруу хэлсэн байна. Тухайн үед С-д цохиулсны улмаас нүдний шил газар унахад шил нь салж унасныг авсан зүйлийг хагарсан гэж буруу хэлсэн байна. Хэрүүл маргаан дуусаад зогсож байхад С миний зүүн нүд рүү эхэлж цохисон. Тэгэхэд нүдний шил газар унаж авах үед дахиж цохисон. Энэ үед урт үстэй гэрч болон түүний эхнэр болон хамт явж байсан хүмүүс бүгд өөдөөс хараад зогсож байсан” /3 дугаар хавтаст хэргийн 16-17 дахь тал/ гэж тус тус зөрүүтэй мэдүүлсэн байна.

Харин хохирогч Э.Бын мэдүүлгийн эх сурвалжийг нотолж буй цорын ганц гэрч болох түүний дүү С.Б нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “... Тэр урт үстэй залуу нь замын хавтан чулуу аваад ахын зүүн талын хэвлийн хэсэгт цохисон. Тэгээд урт үстэй хүн ахыг дахиад бариад авсан. Тэгэхэд тэр жолооч залуу ахын нүүр хэсэгт цохисон” /1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дахь тал/, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... Эхлээд машины жолооч бууж ирээд чирч буулгаад цээж рүү гараараа цохисон. Тэгсэн араас нь нэг нүдний шилтэй өндөр ах гарч ирээд зүүн талын нүд рүү нь гараараа нэг удаа цохисон. Өөр хүн нүд рүү нь цохисныг бол би хараагүй. Дараа нь нэг урт үстэй ах гэнэт гарч ирээд Б ахын бие рүү чулуугаар цохисон. ... Жолооч машинаас бууж ирээд Б ахыг машинаас буулгаад цээж рүү нь гараараа 2-3 удаа цохисон. Өөрөөр халдаагүй” /1 дүгээр хавтаст хэргийн 54 дэх тал/,

2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... Жолооч залуу бууж ирээд ахын талаар очоод ахыг машинаас татаж буулгаад гараараа   2-3 удаа цээж болон ар дагзруу нь цохисон. С гэх залуу миний баруун талаар тойрч ирээд Б ахын зүүн талын нүд рүү нь гараараа нэг удаа цохисон чинь нүдний шил нь газар унаад хагарчихсан. Нүдний шилээ авах гээд тонгойгоод нүдний шилээ аваад өндийсөн чинь дахиад цохиод авсан” /1 дүгээр хавтаст хэргийн 55-57 дахь тал/, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... Маргалдаж дуусаад юм яриад зогсож байхад С баруун талаар тойрч ирээд Э.Б ахын зүүн талын нүдэн тус газар нэг удаа цохисон. Түүний нүдний шил газар унаж араамнаасаа салчихаар нь Э.Б ах өөрөө аваад өндийсөн чинь дахиж зүүн нүдэн тус газар нь цохисон асуудал болсон” /3 дугаар хавтаст хэргийн 65-66 дахь тал/ гэх зэргээр тогтворгүй мэдүүлжээ.

Үүнээс дүгнэвэл хохирогч Э.Б болон гэрч С.Б нар нь 2018 онд өгсөн эхний мэдүүлгүүддээ Э.С хохирогч Э.Бын зүүн нүдийг цохиж гэмтэл учруулсан талаар мэдүүлээгүй атлаа 2019 оноос хойш хэн аль нь Э.С зүүн нүдийг нь цохисон хэмээн мэдүүлгээ нэгэн ижил өөрчилсөн байна.

Гэрчийн мэдүүлгийн нотолгооны ач холбогдлын тухайд хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан байхаас гадна тухайн хэрэгт хувийн сонирхолгүй этгээдээс гаргуулсан эсэх нь хамааралтай юм.

Энэ хэрэгт хувийн сонирхолгүй, хөндлөнгийн гэрч болох тухайн үед хажуугийн байрнаас гарч явсан хүн болох Б.Т-ийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэрчээр өгсөн “... Тарган залуутай хамт явж байсан хүн цаана зогсож байснаа цагдаа ирэнгүүт гэнэт шууд бид нарыг зодсон гэж цагдаад худал хэлсэн. Миний мэдэхийн тэр ахад хүрсэн хүн огт байхгүй. Магадгүй намайг очихоос өмнө тэр хүний нүд рүү цохисон бол зүүж явсан шил ямар нэгэн байдлаар гэмтэх байсан байх гэж би бодож байна. Гэвч тэр хүний зүүж байсан шил нь зүгээр бас би очиж салгахад тэр ах шилтэйгээ байсан. Цагдаа ирэхэд шилээ авсан. Шилээ авахад миний нүд рүү чулуугаар цохисон гэж худал хэлсэн” /1 дүгээр хавтаст хэргийн  62 дахь тал/ гэх мэдүүлэг, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б.Т-ийн гэрчээр өгсөн “... Би өөрөө урт үстэй гэхдээ тэр хүнийг чулуугаар цохиогүй, намайг байхад Э.Бын нүд рүү нөгөө хүн нь огт цохиогүй. ... Намайг гарч ирж салгаснаас хойш С гэх хүн Б-ын нүдэн тус газар огт цохиогүй, нүдний шил нь хагарч унасан зүйл болоогүй. ... Намайг хамт явсан гэж андуураад байх шиг байна. Би хөндлөнгөөс очиж салгасан хүн” / 3 дугаар хавтаст хэргийн 14-15 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Т-ийн эхнэр Э.С-ийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрчээр өгсөн “... Намайг байхад бие биенийгээ цохиж зодсон зүйл болоогүй. ... Тэр нүдний шилтэй хүн ба хамт явсан хүний хэл яриа нь дээрэнгүй харьцаатай өөрсдийгөө хаан гээд бодсон байдалтай харьцаж намайг хэл үгээр доромжилсон. Нүдний шилтэйгээ байсан унаж хагарсан зүйл хараагүй, утас бариад бичлэг хийж гүйгээд байсан, бичлэг хийсэн эсэхийг мэдэхгүй” /3 дугаар хавтаст хэргийн 11-12 дахь тал/ гэх мэдүүлэг,

Мөн тухайн үйл явдал болох үед дэлгүүр орох гээд хажуугаар нь өнгөрч явсан гэрч болох Б.Д-ийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өгсөн  “... Миний харснаар бол хэн нэгэнд гэмтэл учраагүй. Энэ маргааны гол эзэн бол энэ настайвтар хүн байсан. Залуучуудыг өдөөн хатгаж янз янзаар хэлж байсан. Тэр хүний үг хэл нь айхтар байсан. Би уул нь анх настайвтар ахмад болохоор тэр хүний талд зогсоод залуучуудыг боль гэж хэлээд зогсож байхад харин ч эсрэгээрээ тэр настайвтар хүн уриалаад хүмүүсийг маргалдуулаад байсан. Настайвтар хүнийг хэн нэгэн цохиогүй. Цагдаа ирсэний дараа намайг цохисон гэж яриад байсан. иний хувийн дүгнэлтээр ёс маш муутай, худлаа ярьдаг, маш муу хүн шиг санагдсан” гэх /1 дүгээр хавтаст хэргийн 64 дэх тал/ зэрэг мэдүүлгүүд нь Э.С, Г.Б нарын өгсөн “Э.Быг огт цохиогүй” гэх мэдүүлгийг давхар нотолж, харин хохирогчийн өгсөн мэдүүлгийг няцаан үгүйсгэж байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.С, гэрч Г.Б, Б.Т, Э.С, Б.Д нарын мэдүүлэгт зөрүү байхгүй, тэдгээр нь мөрдөн байцаалтын шатанд хэргийн үйл баримтын талаар харсан зүйлээ тодорхой мэдүүлсэн, ингэхдээ шүүгдэгч Э.Сыг хохирогч Э.Бын биед халдан эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэж мэдүүлээгүй байх бөгөөд давж заалдах шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн “... тухайн цаг хугацаанд Э.С нь хохирогчид хүч хэрэглэсэн, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биед нь гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй тул хохирогчийн гаргасан    “... гэрчүүдийн үгсэн хуйвалдаж өгсөн худал мэдүүлгийг үндэслэж Э.Сыг цагаатгасан гэж үзэж байна” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.

2.2.Хохирогч Э.Б гомдолдоо “... Миний зүүн нүдний хараагүйдэл нь гэмтлийн гаралтай, уг гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл болохыг мэргэжлийн эмч, шинжээчид баталж цохилтын улмаас үүссэн гэж дүгнэсээр байтал Э.С намайг цохиогүй мэтээр дүгнэж түүнийг цагаатгаж байгаад гомдолтой байна. ... Иймд Э.С миний нүдийг хараагүй болгосон үйлдэлд тохирох ял оногдуулж өгнө үү” гэжээ.

Гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоорондын шалтгаант холбоо нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн обьектив талыг бүрдүүлдэг юм.

Гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг шууд учирсан бол шалтгаант холбоотой гэж үздэг ба гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар, гадны өөр ямар нэг нөлөөгүйгээр тэр хохирол, хор уршгийг бодитойгоор учруулж, түүнд шууд хүргэсэн байдаг.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Э.С нь Э.Бын зүүн нүдийг цохисон гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул түүний үйлдлийн улмаас Э.Б нүдэндээ дахин гэмтэл авснаас суурь өвчин нь сэдэрч, хоёрдогчоор нүдний даралтыг ихэсгэж харааны мэдрэл хатангиршин хараагүй болж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан байх боломжгүй буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бий болгосон үйлдэл хоорондын шалтгаант холбоо үгүйсгэгдэнэ.

Иймд хохирогчийн гаргасан “... Э.С миний нүдийг хараагүй болгосон үйлдэлд тохирох ял оногдуулж өгнө үү” гэх агуулгатай гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

3.Шүүх хэргийн ач холбогдол бүхий үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож үнэлэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэм бурууг хөдөлбөргүй тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн зарчимтай.

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байхаас гадна Э.Сыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

4.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн явагдсан, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд хүрэлцэхүйц, хангалттай нотлох баримт /дангаар болон бүрэлдэхүүнтэйгээр нийт 5 удаагийн шинжээчийн дүгнэлт гаргуулсан, Э.Б-оос 8 удаа, С.Б-аас 4 удаа, Г.Б-ээс 2 удаа, Б.Т-ээс 3 удаа, Э.С-ээс 1 удаа, Б.Д-аас 1 удаа, мөн Э.Б, Г.Б нарыг нүүрэлдүүлэн 1 удаа тус тус мэдүүлэг авсан, дүгнэлт гаргасан шинжээч эмч Ц.М-аас 2 удаа, Б.Ү, Б.У, С.Э, Б.Ж нараас тус бүр 1 удаа мэдүүлэг авсан/ цугларсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

5.Иймд Э.С-ы бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх үйлдэл нь нотлогдохгүй байна гэж үзэж холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 430 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 650 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

 

              2.Хохирогч Э.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                           Б.БАТЦЭРЭН

                           ШҮҮГЧИД                                               Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                           М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                           Б.ЦОГТ