Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 34

 

 

 

 

 

 

Н.Рд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч О.Однямаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Прокурор: Э.Б/цахимаар/,

Шүүгдэгч: Н.Р,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Н.Рд холбогдох, эрүүгийн 201710010022 дугаартай, 1 хавтас, 214 хуудас эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Р -д холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 

 

Шүүгдэгч Н.Р нь ялтай байх хугацаандаа буюу давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 04-ний Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтын гаалийн хяналтын бүсэд 80-91 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн кабин буюу агуулах саванд нэвтэрч иргэн П.Бын 80 ширхэг даавуун өмдийг хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 1,206,240 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Рг давтан үйлдлээр бусдын агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Н.Рг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Н.Рд оногдуулсан 2 жил 1 хоногийн хугацаагаар хорих  ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр,  

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Н.Ргийн цагдан хоригдсон 6  хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

Шүүгдэгч Н.Р нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, ... тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Рд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.Р давж заалдсан гомдол  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаа дутуу явагдаж хэт нэг талыг баримталж ял тулгаж оноосонд гомдолтой байна.  2017.01.04-ний өдрийн 16-17 цагийн орчим найз Ариунболдын өгч явуулсан ачааг тосож авах гэж Монгол Улсын хил дээр очоод эхэлж гарсан 2 машинд ачаагаа үзтэл нэг машинд нь адилхан ачаа байсныг буулгаад арай хүнд санагдахаар нь биш байна гэдгийг мэдээд буцаагаад хийх гэж байтал 2 залуу ирсэн. Намайг учирлаж хэлээд байхад ойлгохгүй зодож цохиод байхаар нь би цагдаа дуудаж учраа ольё гэхэд хажуу талаас нэг хүүхэн цагдаа дуудсан. Хэрэг гарсан газар дээр эрүүгийн төлөөлөгч а/д Гандаваа ирсэн, учрыг нь тайлбарлаж хэлэхэд намайг машин дотор сууж бай гээд машинд суулгасан. Гэтэл намайг зодож цохиж байсан залуучууд зугтсан болгож, мөн ачааг 3 метр газар чирсэн болгож өнөөдөр яллаж байгаад гомдолтой байна. Анх хэргийн газар очсон Гандаваа нь хэргийн газар үзлэг хийгээгүй, гэрэл зургаар баримтжуулж аваагүй, мөн намайг согтуу байсан гэдэг хэрнээ тогтоож чадаагүй, надад тэр өдөр эрүүлжүүлэх болон согтолтын зэргийг тогтоох үйл ажиллагаа явуулаагүй. Учир нь би тухайн өдөр согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тухайн хэрэг болсон гэх газарт 2-3 камер байнга ажиллаж байдаг. Тухайн үед нь би Гандаваад камерын бичлэгийг шалгуулъя гэж удаа дараа хүсэлт тавьсан ч шалгаж өгөөгүй. Мөрдөн байцаагч а/д Нарангэрэлд мөн камер шалгаж өгөхийг хүссэн боловч бас шалгаж өгөөгүй. Ачаа явуулсан Ариунболдоос байцаалт мэдүүлэг аваагүй. Хэрэг прокурор дээр шалгагдаж байх явцад хавтаст хэргийн 94-95 дугаар хуудсанд засвар хийж шинээр камерын бичлэг устсан гэх албан тоот нэмж хийснийг шүүх хурал дээр мэдсэн. Хэргийн газар үзлэг хийх ёстой хүн зохих ёсны үзлэг хийгээгүй хэрнээ яагаад миний гэрч болсныг ойлгохгүй байна. Одоогоор миний бие Замын-Үүд сумын 3 дугаар багт эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань тархины менингит өвчтэй, унаж татдаг. 0-13 насны хүүхдүүдтэй. Банкны зээл авч эхнэрээ эмчлүүлж байгаад зээлээ төлж чадахгүйгээс орон гэрээ хураалгачихсан. ЕБС-ын сургуульд сурдаг, 2 хүүхэд маань миний асаргаанд байдаг. Эхнэр хүүхдээ гудамжинд хаяад би энд орж ирсэн. Иймд энэ хэргийг шинэчилсэн мөрдөн байцаалтанд буцааж үнэн зөвийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Прокурор Э.Бдавж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Ргийн үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогддог. Р мэдүүлэгтээ Ариук гэдэг хүн над руу ачаа явуулсан гэж мөрдөн байцаалтын шатанд хэлдэг. Хил дээр цагдаагийн ажилтан Гандаваа очиход энэ талаар биш тахианы мах гэж андуурч авсан гэж хэлдэг. Мөн мэдүүлэг дахин авахад Ариукын явуулсан химийн бордоог авах гэж байсан гэж мэдүүлэг өгөх болгондоо өөр өөр мэдүүлэг өгдөг. Тухайн үед Энхсайхан, Бат-Ерөөлт, Алтантулга, Ганзориг гэсэн 5 жолооч хамт байдаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ надад хөөс найруулдаг бодис явуулсан гэж хэлдэг. Тэр нь ямар хэмжээтэй зүйл вэ гэхээр жижигхэн зүйл, харин хулгайлсан 80 ширхэг өмд нь харахад овор хэмжээ ихтэй. Ачаа явуулахдаа цэнхэр өнгийн машинаас эд зүйл авах байсан гэсэн мөртлөө саарал өнгийн машинаас эд зүйл авсан байдаг.  Хүний ачаа авлаа, буулга гэхэд цаашаа зугатааж байгаа үйлдэл нь хүний ачааг авч байгаа гэдгээ харуулж байгаа юм. Цаашаа зугатааж яваад хилийн цаана мэргэжлийн хяналтын талбай дээр очсоны дараагаар хажууд нь байсан 5 жолооч хөөж яваад барьж авдаг. Тэрнээс биш би андуураад авчихлаа гээд зогсож байгаа үйлдэл биш юм. Камерийн бичлэгийг шалгаагүй гэдэг нь үнэн. Эрүүгийн төлөөлөгч Гандаваад хойшлуулшгүй ажиллагаа явуулаад шалгах боломж байхгүй. Албан тоот явуулаад камерийн бичлэгийг үзье гэхэд устчихсан гэсэн хариу ирсэн. Үзлэг хийх ямар ч боломжгүй учраас нөхөн гүйцэтгэх шаардлагагүй гэж үзэж байна. Тиймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийг шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих асуудлууд нотлогдоогүй гэж үзэж байна. Р нь Ариунболдоос ирсэн зүйлийг авах гээд андуурч өөр эд зүйл авсан гэдгээ тогтвортой мэдүүлсэн байдаг. Гэрчүүд ч Рг машинаас юм аваад, цаашаа чирээд авч явж байхад нь очиж барьж авсан гэж тогтвортой мэдүүлсэн байдаг. тэрнээс биш цаашаа зугтаагаагүй. Тэгэхээр камерийн бичлэгийг заавал шалгах ёстой байсан. Бичлэг нэг сарын дотор устана гэж байхгүй байх гэж бодож байна. Р Ариунболдоос ирсэн зүйлийг авах гэж байсан гэж эх сурвалжаа тодорхой заасаар байхад ямар ч ажиллагаа хийгээгүй. Ариунболдын утас холбогдохгүй байсан гэсэн мөрдөн байцаагчийн тэмдэглэл байдаг. Ариунболдын машины дугаарыг хэлж өгөөд байхад шалгаагүй, шалгаж байцаасан бол хэргийг бүрэн шалгасан гэж үзнэ. Ргийн үйлдлийг харахаар завдалт харагддаг.  Хулгайлсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ аваад захиран заруулах эрх үүссэн байхыг шаарддаг, гэтэл Ргийн тухайд ямар ч захиран зарцуулах эрх үүсээгүй завдалтын үйлдэл байгаа юм. Гэтэл прокурор завдалтыг журамлаагүй, үүнийг шүүх анхаараагүй нь учир дутагдалтай.  Тиймээс давж заалдах шатны шүүх завдалтыг журамлаад, хэрвээ хулгайн гэмт хэрэг төгссөн гэж үзэх юм бол ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-ыг баримтлан Рд баривчлах ял оногдуулах бүрэн боломжтой гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Н.Р нь ялтай байх хугацаандаа буюу давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтын гаалийн хяналтын бүсэд агуулах саванд буюу 80-91 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн кабинд нэвтэрч иргэн П.Бын 80 ширхэг даавуун өмдийг хулгайлан авсан боловч үйлдэл дээрээ баригдаж бусдад бага бус хэмжээний буюу 1206240 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхээр завдсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтууд болох гэрч Б.Энхсайхан /хх-19-20/, Г.Батсайхан /хх-21-22/, Н.Алтантулга /хх-22-23/, У.Ганзориг /хх-24/, Ц.Бат-Ерөөлт нарын мэдүүлгээр тогтоогдсон байхад анхан шатны шүүх шүүгдэгч Н.Рг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг төгс үйлдсэн гэж үзэж ял шийтгэл оногдуулсан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

                                                                                

            Тодруулбал Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс төгссөнд тооцогдох ба  харин гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл буюу эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй бол Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзнэ.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Р 80-91 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн кабинд нэвтэрч иргэн П.Бын 80 ширхэг даавуун өмдийг хулгайлан авсан боловч үйлдэл дээрээ тухайн автомашинд зорчин явсан этгээдүүдэд баригдаж түүний хүсэл зоригоос үл шалтгаалж, гэмт хэрэг туйлдаа хүрээгүй буюу эд хөрөнгийг өөрийн эзэмшилд бүрэн авч чадаагүй ба өөрийн үйлдлийг бүрэн хэрэгжүүлж чадаагүйн улмаас учрах ёстой хор уршиг бий болоогүй гэдгийг өөрөө мэдсэн тул энэ нь Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасан төгсөөгүй завдалт болно.

 

            Иймд Эрүүгийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т зааснаар гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй тул шүүгдэгч Н.Рд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёр буюу 1 жил 3 сарын хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Учир нь шүүгдэгч Н.Р нь урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 94/а шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хорих ялыг сонгож ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлд заасан ял оногдуулах нийтлэг зарчимд нийцнэ.

 

            Түүнчлэн энэхүү хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудал бүрэн тогтоогдсон, мөн хуулийн 230 дугаар зүйлд заасан хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэл тогтоогдоогүй, анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй тул шүүгдэгч Н.Ргийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаах тухай давж заалдсан гомдол үндэслэлгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

            Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээс шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй  тул дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Шүүгдэгч Олхнууд овогт Нохойжавын Рг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр, агуулах саванд нэвтэрч үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай.” гэж,

 

2 дугаар заалтыг “Монгол Улсын Эрүүгийн хуулийн  32 дугаар зүйлийн 32.1, 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Н.Рг 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

 

3 дугаар заалтын “... 2 /хоёр/ жил 1 /нэг/ хоногийн ...” гэснийг “1 /нэг/ жил, 3 /гурав/ сар” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС

 

                                     ШҮҮГЧИД                                  О.ОДНЯМАА

 

                                                                                        Н.БАТЧИМЭГ