Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2020/0198

 

“Д-э” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, Т.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 755 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Д-э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 755 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан “Д-э” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/11 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, тус сайдын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Дотоод бүсчлэл шинэчлэн тогтоох тухай” А/248 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/11 тоот тушаалаар “Д-э” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгохдоо хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад хуульд заасан үндэслэлгүйгээр Засгийн газрын 2015 оны 324 дүгээр тогтоол, Монгол улсын Засгийн газар, Кувейт улсын Засгийн газар хоорондын санамж бичгийн хэрэгжилтийг хангах, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд гэсэн үндэслэлээр “Д-э” ХХК-ийн газрын эрхийг дуусгавар болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт мөн байтал уг тушаалын үндэслэлийг хуульд заасан үндэслэх зарчмыг зөрчөөгүй хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгэнт илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх тул сайдын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Дотоод бүсчлэл шинэчлэн тогтоох тухай” А/248 дугаар тушаалаар “Д-э” ХХК-ийн ашиглах эрх бүхий газрын хамгаалалтын бүсийг тэлэх хууль зүйн үндэслэл байхгүй хэмээн бид үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч “Д-э” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/11 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, тус сайдын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Дотоод бүсийг шинэчлэн батлах тухай” А/248 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

            Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дүгээр тушаалаар Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Засгийн газрын 2015 оны 324 дүгээр тогтоолыг баримтлан “Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хооронд байгаль орчныг хамгаалах талаар байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангах, гадаад дотоодын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, жуулчдын тав тухтай аялах, амрах орчинг нэмэгдүүлэх ажлын хүрээнд” гэх үндэслэлээр Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Зайсангийн ам болон Түргэний аманд байрлах  15 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газар ашиглах гэрээг цуцалсан байх ба үүнд нэхэмжлэгч “Д-э” ХХК-ийн Түргэний аманд байрлах 15 га газар багтсан байна.

          Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч “Д-э” ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Түргэний аманд аялал жуулчлалын зориулалтаар 15 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэж, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгосон байх боловч тус хуулийн этгээд хуулиар хүлээсэн газар ашиглагчийн эрх үүргээ хэрэгжүүлээгүй, газар ашиглах гэрээ байгуулаагүй, газрыг зориулалтын дагуу ашиглаж үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр төлж байгаагүй үйл баримт тогтоогджээ.

          Дээр дурдсан нөхцөл байдал, үйл баримтуудыг дүгнэж үзвэл хариуцагч нь “Хүрээлэн буй орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын санамж бичиг” болон  Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 324 дүгээр тогтоолоор батлагдсан “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор хуулиар хүлээсэн газар ашиглагчийн эрх, үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй “Д-э” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэснийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байх бөгөөд маргаан бүхий А/11 дүгээр тушаал “хуульд үндэслэх” зарчмыг зөрчөөгүй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

 Захиргааны актыг илт хууль бус болон хууль зөрчсөн гэж ялгамжтай авч үздэг бөгөөд илт хууль бус захиргааны акт анхнаасаа эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй, захиргааны актаар бий болсон үүргийг иргэн, хуулийн этгээд биелүүлэх шаардлагагүй, илэрхий алдаатай байхыг ойлгох бөгөөд маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжтой байх ёстой.

 Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дүгээр тушаалд Газрын тухай болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг баримтлаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасанд хамаарахгүй, энэ талаар шүүхийн хийсэн дүгнэлт зөв, түүнчлэн маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжгүй болсон байна.

Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын  2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Дотоод бүсийг шинэчлэн батлах тухай” А/248 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсийг шинэчлэн тогтоосон байх бөгөөд “Д-э” ХХК-ийн ашиглаж байсан 15 га газар бүхэлдээ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд багтсан болох нь хэрэгт авагдсан давхцлын зураг, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогджээ.

 Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Онгон бүсэд байгалийн унаган төрх, хэв шинжийг нь хадгалах шаардлагад нийцүүлж зөвхөн хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлнэ”, 2-т “Онгон бүсэд байгалийн төлөв байдлыг нь хөндөхгүйгээр зөвхөн ажиглах хэлбэрээр судалгаа, шинжилгээний ажил явуулж болох бөгөөд үүнээс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 10 дугаар зүйлд “Хамгаалалтын бүсэд энэ хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна ургамал, амьтны аймгийн өсч  үржих нөхцөлийг хангах, гамшгийн хор уршгийг арилгахтай холбогдсон биотехникийн арга хэмжээг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэж заасан тул нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах боломжгүй болсон байх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй тул Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсийг шинэчлэн тогтоосон А/248 дугаар тушаал хууль зөрчөөгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 755 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                   Б.Тунгалагсайхан    

                ШҮҮГЧ                                                                   О.НОМУУЛИН