Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 122/2019/0012/З |
Дугаар | 221/МА2020/0265 |
Огноо | 2020-04-15 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2020/0265
2020 оны 04 сарын 15 өдөр Дугаар 221/МА2020/0265 Улаанбаатар хот
“*** намын бүлгийн”
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Г.Билгүүн, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч Л.Баатарчулуун нарыг нарыг оролцуулан Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “*** намын бүлгийн” нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Сүхбаатар сумын *** намын дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь *** намын бүлгийн дарга, Хурлын төлөөлөгч, 2 дугаар багийн иргэн Л.Б-ы “Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдаанаас гарсан 03, 04, 05, 06, 07, 08, 09, 10 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 122/ШШ2020/0007 дугаар шийдвэрээр миний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүх нь нэхэмжлэлийг дутуу шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Учир нь нэхэмжлэгч миний 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан Тодруулгын 1-д: 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит 7 дугаар хуралдаанаар хэлэлцвэл зохих асуудлыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д олонхийн саналаар тогтоол батална гэсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгох хүсэлтийг тусад нь нэгдүгээр хэсэг болгон гаргасан байхад анхан шатны шүүх уг асуудлыг тогтоох хэсэгтээ огт оруулахгүйгээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
Харин уг шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дугаар хуудасны эхний мөрөнд “... түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар тус тус батална гэж заасныг зөрчсөн хэдий ч маргаан бүхий тогтоолууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул уг тогтоолуудыг дээрх үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй” гэж 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан тодруулгын гуравдугаарт гаргасан тогтоолуудыг хүчингүй болгуулах асуудалтай хольж, агуулгыг гуйвуулж шийдвэрлэсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг миний гаргасан нэхэмжлэлийн агуулгыг бүрэн шийдвэрлээгүй гэж үзэж байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна.
Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит 7 дугаар хуралдаанаар хэлэлцсэн, баталсан асуудлуудыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар тус тус батална” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн болохыг тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
1. Энэхүү хэргийг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 498 дугаар магадлалаар “... намын бүлэг нь хуулийн этгээдийн эрх зүйн чадваргүй, бусад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөө шүүхэд төлөөлөх эрхгүй” гэж шийдвэрлэснийг, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 411 дүгээр тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож “маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх” шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр эхэлж, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр үргэлжлэн хуралдан гаргасан тогтоолуудыг нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар маргасан байна.
2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хуралдсан хуралдааны тэмдэглэлээс үзвэл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаан ирвэл зохих 20 төлөөлөгчийн ирцтэйгээр эхэлж, хуралдааны явцад тус хурал дахь *** намын бүлэг хуралдааныг орхин гарсан, улмаар тус хуралдаанаар хэлэлцүүлэхээр баталсан асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн тус хуралдаанд оролцсон 10 төлөөлөгчөөс 9 төлөөлөгч санал өгч шийдвэрлэжээ[1].
2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх нутгийн өөрөө удирдах байгууллага бөгөөд харин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь хуралдаанаар тодорхой асуудал хэлэлцүүлэх санал оруулах, санал хураалгах, хэлэлцэж буй асуудлаар таслах эрхтэй оролцох зэрэг эрхтэй байна.
Харин Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.9-д “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэж зааснаас үзвэл хурлын Төлөөлөгч хуралдаанд оролцож уг эрхээ эдлэхгүйгээр зориудаар орхиж гарсан тохиолдолд түүнийг хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулахаар байна.
Өөрөөр хэлбэл, нэгэнт ээлжит хуралдаан эхэлсэн, уг хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай асуудлууд байгаа талаар нэхэмжлэгч (хуралдааныг орхиж гарсан хурлын төлөөлөгч нар) мэдэж байсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар уг хуралдааныг орхин гарсан хурлын төлөөлөгчдийг байлцуулахгүйгээр санал хураалт явуулахыг зөвшөөрсөн (харин эсрэг санал өгсөнд тооцох) тохиолдолд тогтоолуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй.
Нэхэмжлэлийн шаардлага хангагдахын тулд 1) захиргааны хууль бус үйл ажиллагаа байх, 2) эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх хоёр нөхцөл зэрэг хангагдсан байх ёстой бөгөөд энэ тохиолдолд хурлын төлөөлөгч нар өөрөө хуралдаанд оролцож санал өгөх эрхээ хэрэгжүүлэлгүй орхин гарсан тул эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байна.
Анхан шатны шүүх маргаан бүхий тогтоолууд нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг зөрчсөн хэдий ч энэ нь ээлжит хуралдааныг орхин гарсан хурлын Төлөөлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул энэ талаар гаргасан “нэхэмжлэлийн агуулгыг бүрэн шийдвэрлээгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум дахь *** намын бүлгийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
[1] Гэрч, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч У.Э тус 7 дугаар хуралдааныг дуустал хуралд оролцсон бөгөөд хэлэлцсэн асуудлуудтай холбоотой санал өгөөгүй, түдгэлзсэн талаар мэдүүлсэн байна.