Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/01459

 

“Г” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/01165 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1514 дугаар магадлалтай,

“Г” ХХК-ний нэхэмжлэлтэй

“Ө Х”ХХК-ний холбогдох

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 127 974 450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч П.Амартүвшингийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Номин, Н.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “Г” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь “Ө Х”ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр арматур зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр авсан барааны үнэ болох 37 956 500 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төлж барагдуулахаар, 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр арматур зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр авсан барааны үнэ болох 71 359 800 төгрөгийг 2014 оны-09 дүгээр сарын 11-ний өдөр төлж барагдуулахаар тус тус тохиролцсон. Тус гэрээнүүдийн 2.5-д худалдагч тал арматурын үнийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоногийн 0.15 хувийн алданги төлнө хэмээн тохиролцсон. “Г” ХХК нь “Ө Х”ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус тус тооцоо нийлсэн актыг үйлдэн хоёр тал гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан. “Ө Х”ХХК 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 20 000 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 15 000 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 36 000 000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш ямар ч төлөлт хийгдээгүй. Хоёр компанийн хооронд 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус тус тооцоо нийлсэн акт үйлдэн гарын үсэг зурж, тамга дарсан. Манай компани 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан арматур зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэсэн хоёр гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 109 316 300 төгрөг, үүнээс гэрээний 2.5-д заасан алдангийг тооцоход 54.658.150 төгрөг, нийт 163 974 450 төгрөг, үүнээс төлсөн 36.000.000 төгрөгийг хасаад үлдэх 127 974 450 төгрөгийг “Ө Х”ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ө Х”ХХК нь шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэлд дурдсанаар 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 71 359 800 төгрөгийн, 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 37 956 500 төгрөгийн арматурыг мөн л зээлээр худалдаж авсан бөгөөд арматурын үнэнд нийт 36 000 000 төгрөгийг төлсөн. Гэрээнд хариуцагчийн төлбөр төлөх хугацааг заагаагүй нь Иргэний хуулийн 263.2 дах хэсэгт заасныг хангаагүй. Өөрөөр хэлбэл зээлийн хүүг тохиролцоогүй атлаа их хэмжээний хүү нэхэмжилж байгаагийн дээр бидний төлсөн барааны үнийг зээлийн хүүд суутган тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн гэрээ гэгч нь 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан гэх огноотой атлаа уг гэрээний 3.2-т арматурын нийт үнийг 2014 оны 9 дүгээр сарын 11-ний дотор төлж барагдуулна гэж зааснаас үзвэл төлбөр төлөх хугацааг тохиролцсон гэж үзэхгүй. Иймд 0.15 хувийн алданги төлөх заалтыг хэрэглэх үндэслэлгүй гэж үзнэ. Уг гэрээний 3.1-т "худалдаж байгаа арматурт тухай бүрт нь зарлагын падаан бичиж худалдан авагчаар гарын үсэг зуруулна" гэсэн боловч нэхэмжлэлд хавсаргаж өгсөн зарлагын падаан гэх баримтад худалдан авагчаар гарын үсэг зуруулаагүй байгаа нь яг ийм хэмжээний арматурыг манайд зээлээр худалдсан гэж үзэхэд эргэлзээ бүхий байдлыг үүсгэж байна. Түүнчлэн уг зарлагын падаан дээр бичигдсэн үнийн дүн зөрүүтэй байна. Иймд 2014 оны 8 дугаар сарын сарын 11-ний өдөр авсан арматурын үнэ 71 359 800 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр авсан арматурын үнэ 37 956 500 төгрөг, нийт 109 316 300 төгрөгнөөс манай компанийн төлсөн 36 000 000 төгрөгийг хасахад 73 316 300 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин бичгийн хэлбэрээр гэрээ байгуулаагүй тул алданги нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/01165 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар “Ө Х”ХХК-иас 73 316 300 төгрөг гаргуулж “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 54 658 150 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 797 823 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Ө Х”ХХК-иас 524 532 төгрөгийг гаргуулж, “Г” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1514 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/01165 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “73 316 300” гэснийг “109 974 450” гэж, “54 658 150” гэснийг “18 000 000” гэж, 2 дах заалтын “524 532” гэснийг “707 822” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эгиймаагийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 431 240 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч П.Амартүвшин хяналтын гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1514 дугаартай магадлалыг дараах үндэслэлээр “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэж хяналтын гомдол гаргаж байна.

1 Бид Сүхбаатар дүүргийн 1-р хороонд баригдаж буй барилгын хэрэгцээнд ““Г”” ХХК-иас 2013 оноос 2014 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд нийт 1.029.146.092 төгрөгийн арматурыг бэлэн мөнгөөр болон зээлээр худалдан авч тооцоог бүрэн төлж барагдуулсан ба бидний хооронд ямар нэгэн бичгийн гэрээ огт байгуулагдаж байгаагүй. Харин 2014 оны 8-р сарын 11-ний өдөр 71.359.800 төгрөгийн, 2014 оны 9-р сарын 12-ны өдөр 37.956.500 төгрөгийн арматурыг авснаа үгүйсгэхгүй байгаа бөгөөд дээрх арматурын үнэнд 36.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болно. Манай хоёр компани нь ажил хэргийн байнгын харилцаатай явж ирсний хувьд арматур авч үнийг нь тодорхой хугацааны дараа төлдөг энэ талаар ямар нэгэн маргаан гарч байгаагүй бөгөөд бичгийн гэрээ огт байгуулж байгаагүй нь үүний нэг илрэл гэж үзэж байгааг тэмдэглэн хэлэх нь зүйтэй гэж үзэж байна.

2 Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд “Арматур зээлээр худалдах, худалдан авах гэрээ” гэх баримтыг гаргаж өгсөн ба уг баримт нь гэрээний эх хувь биш байхаас гадна гэрээ байгуулсан хугацаа нь гэрээний агуулга, бодит байдалтай тохирохгүй, гэрээг хэн харилцан тохиролцоод байгуулж байгаа нь бичигдээгүй, хэдний өдөр зээлээр авч худалдан авагч талд шилжүүлсэн гэх нь бичигдээгүй, арматурын үнийг төлөх хугацаа, хүүгийн хэмжээ, төлөлтийн хэмжээг тодорхой заагаагүй зэргээс уг гэрээг “Иргэний хуулийн 263 дугаар зүйлд заасан гэрээний хэлбэр, шинжийг бүрэн агуулаагүй...” болохыг анхан шатны шүүхээс үндэслэлтэй зөв дүгнэсэн болно. Иргэний хуулийн 263 дугаар зүйл буюу зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний нэг төрөл бөгөөд худалдан авсан эд зүйлийн үнийг нэг дор биш, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх учраас талуудын хооронд хүү тохирох, ийнхүү тохирсноор гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ нь “эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ”-ээс нэмэгдсэн шинжтэй байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх хуулийн заалтын гол агуулга болох зээлийн хүү төлөхөөр тохиролцсон эсэх, хэрвээ тохиролцсон бол хэдий хугацаанд ямар хэмжээгээр хэрхэн төлөх талаар тохиролцсон байх тухай асуудалд дүгнэлт өгөлгүй “талуудын хооронд гэрээ байгуулагдсан” гэж зөвхөн хэлбэр талаас нь үзэж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иргэний хуулийн 263.2 дахь хэсэгт “Гэрээнд дараах нөхцөлийг заавал тусгана, 263.2.2 дахь хэсэгт “хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа”, 263.2.3 дахь “төлбөл зохих хүүгийн хэмжээ” гэснийг хангаагүй өөрөөр хэлбэл зээлийн хүүгийн талаар тохиролцоогүй, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй баримтыг үндэслэн их хэмжээний мөнгөн дүнг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Зээлээр худалдах-худалдан авах гэрээний хувьд талууд зээлийн хүүг заавал тохиролцох үүрэгтэй бөгөөд энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд зээлийн хүү нэхэмжлэх эрхээ алддаг, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хүү нэхэмжлэх эрхгүй болно. Түүнчлэн нэхэмжлэгч уг гэрээний хувь болон дагалдах бусад бичиг баримтыг манайд өгөөгүй нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.3 дахь хэсэгт “Худалдагч гэрээ болон дагалдах баримт бичгийн хувийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй” гэснийг зөрчсөн. Хариуцагч тал тухайн үед гэрээ байгуулсан бол манайд гэрээний нэг хувийг гардуулж төлбөр төлөх хуваариа мэдэгдэх ёстой байсан талаар тайлбарлаж, нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлээгүй нь хуульд заасан тодорхой үр дагавар үүсгэж байгаа талаар маргаж байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрхэн үгүйсгэж байгаа талаар дүгнээгүй орхигдуулсан байна. Мөн давж заалдах шатны шүүх магадлалдаа уг гэрээг байгуулагдсан гэж үзэж байгаа бол талууд яг ямар асуудлаар харилцан тохиролцсон, уг тохиролцоо нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагад нийцэж байгаа эсэхэд дүгнэлт өгөөгүйгээс “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангасангүй. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/01165 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “Ө Х”ХХКомпаниас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 127 974 450 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, “...гэрээг нөхөж байгуулсан, хуулийн шаардлага хангаагүй тул алдангийг төлөхгүй...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 73 316 300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх 109 974 450 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо “...талуудын хооронд арматур худалдах, худалдан авах тохиролцоо байнга, амаар байгуулагдаж, төлбөр тооцоогоо хийдэг журам тогтсон байсан, нэхэмжлэгчийн өгсөн гэрээ нь гэрээний эх хувь биш, гэрээний агуулга, хугацаа тодорхой бус, зөрүүтэй, гэрээний нэг хувийг өгөөгүй, анхан шатны шүүх гэрээ Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д заасан шинжийг агуулаагүй талаар зөв дүгнэж алдангийг хэрэгсэхгүй болгосон тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болох зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хоёр гэрээг худалдах худалдан авах гэрээ гэж үзэж, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 56 дугаар зүйлийн 56.1, 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл “Ө Х”ХХКомпани 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 37 956 500 төгрөгийн арматур, 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 71 359 800 төгрөгийн арматурыг “Г” ХХКомпаниас хүлээж авсан, энэ талаар дараа нь буюу 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бичгээр тус тус гэрээ байгуулсан, гэрээнд хугацаа хэтрүүлсэн тал нь алданги төлөхөөр тохирсон, 2015 оны 12 дугаар сарын 21, 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр талууд тооцоо нийлж, хариуцагч “Ө Х”ХХК нь 109 678 702 төгрөгийг төлөх үүрэгтэйг харилцан баталгаажуулжээ. /хх-6,7,8,9/

Талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй тул амаар байгуулсан хэлцлийг хожим бичгээр байгуулах нь хууль зөрчихгүй юм.  

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч нь худалдан авсан эд зүйлийн үнийг төлөх үүрэгтэй тул хариуцагч нь арматурын үнэ 73 316 300 төгрөгийг төлнө. Хариуцагч уг үүргийг 2017 оны 09 дүгээр сарын 26-ны дотор биелүүлэх ёстой байсан ба үүргээ гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн тул гэрээний 2.5-д зааснаар алданги тооцож, 36 568 150 төгрөгийн алдангийг нэмж гаргуулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1514 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 340 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Х.СОНИНБАЯР

              ШҮҮГЧ                                                                П.ЗОЛЗАЯА