Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2017/01165

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 24          Дугаар 181/ШШ2017/01165           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: ... дүүргийн 0 дугаар хороо, Улаанбаатар 0-д байрлах, 000000 тоот регистрийн дугаартай, Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: ... дүүргийн 0 дүгээр хороо, Ө ХХК-ийн байранд байрлах, 000000 тоот регистрийн дугаартай, Ө ХХК-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 127.974.450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, түүний өмгөөлөгч Ж.Э, хариуцагч Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, Н.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Г ХХК-ийн захирал П.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нар шүүх хуралдаан гаргасанд тайлбартаа: Г ХХК нь Ө ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр арматур зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр авсан барааны үнэ болох 37.956.500 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төлж барагдуулахаар, 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр арматур зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр авсан барааны үнэ болох 71.359.800 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төлж барагдуулахаар тус тус тохиролцсон. Тус гэрээнүүдийн 2.5-д худалдагч тал арматурын үнийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоногийн 0.15 хувийн алданги төлнө хэмээн тохиролцсон. Г ХХК нь Ө ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус тус тооцоо нийлсэн актыг үйлдэн хоёр тал гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан. Ө  ХХК 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 20.000.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 15.000.000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 36.000.000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш ямар ч төлөлт хийгдээгүй. Хоёр компанийн хооронд 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус тус тооцоо нийлсэн акт үйлдэн гарын үсэг зурж, тамга дарсан боловч талууд анхнаасаа гэрээндээ хүү тооцох талаар тохироогүй тул хүү бодож тооцоо нийлсэн акт үйлдснийг буруу гэж үзэж, хүү тооцож нэхэмжлээгүй болно. Манай компани 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан арматур зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэсэн хоёр гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 109.316.300 төгрөг, үүнээс гэрээний 2.5-д заасан алдангийг /гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иар/ тооцоход 54.658.150 төгрөг, нийт 163.974.450 төгрөг, үүнээс төлсөн 36.000.000 төгрөгийг хасвал 127.974.450 төгрөгийг Ө ХХК-иас шаардах эрхтэй байна. Иймд Ө ХХК-иас 127.974.450 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ө ХХК-ийн захирал П.А-ийн шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, Н.У нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна. Манай компани ... дүүргийн 0 дүгээр хороонд баригдаж буй барилгын хэрэгцээнд Г ХХК-иас 2013 онд 396.052.992 төгрөгийн, 2014 оны 8 дугаар сар хүртэл 633.093.100 төгрөгийн буюу нийт 1.029.146.092 төгрөгийн арматурыг бэлнээр зээлээр худалдан авч тооцоог бүрэн төлж барагдуулсан бөгөөд бидний хооронд ямар нэгэн бичгийн гэрээ огт байгуулагдаж байгаагүй. Харин нэхэмжлэлд дурдсанаар 2014 оны 08 дугаар сарын сарын 11-ний өдөр 71.359.800 төгрөгийн, 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 37.956.500 төгрөгийн арматурыг мөн л зээлээр худалдаж авсан бөгөөд улс орны эдийн засгийн хямралаас шалтгаалан хөрөнгө, бэлэн мөнгөний гачигдлын улмаас 2014 онд барьж байсан барилга маань өнөөг хүртэл дуусаагүй зогссон хэвээр байгаа хэдий ч бид уг арматурын үнэнд 2014 оны 12 дугаар сарын 02-нд 20.000.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 25-нд 15.000.000 төгрөг, мөн оны 07 дугаар сарын 06-нд 1.000.000 төгрөг нийт 36.000.000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргаж өгсөн  арматур зээлээр худалдах, худалдан авах гэрээг бид 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулаагүй бөгөөд нэхэмжлэгч түүнийг сүүлд нөхөж хийсэн байх боломжтой гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч уг гэрээний хувь болон холбогдох бусад бичиг баримтыг манайд өгөөгүй нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.3-т … худалдагч гэрээ болон дагалдах баримт бичгийн хувийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй гэснийг зөрчсөн. Хэрвээ үнэхээр тухайн үед гэрээ байгуулсан бол манайд гэрээний нэг хувийг гардуулж төлбөр төлөх хуваариа мэдэгдэх ёстой байсан. Гэтэл уг гэрээний эх хувь болон хуулбар хувийн аль нь ч манай компанид байхгүй байгаа. Гэрээнд хариуцагчийн төлбөр төлөх хугацааг заагаагүй нь Иргэний хуулийн 263.2-т гэрээнд дараахь нөхцөлийг заавал тусгана, 263.2.2-т хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ гэснийг хангаагүй, өөрөөр хэлбэл зээлийн хүүг тохиролцоогүй атлаа их хэмжээний хүү нэхэмжилж байгаагийн дээр бидний төлсөн барааны үнийг зээлийн хүүнд суутган тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлээр худалдах худалдан авах гэрээний хувьд талууд зээлийн хүүг заавал тохиролцох үүрэгтэй бөгөөд энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд зээлийн хүү нэхэмжлэх эрхээ алддаг, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хүү нэхэмжлэх эрхгүй. Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн гэрээ гэгч нь 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан гэх огноотой атлаа уг гэрээний 3.2-т арматурын нийт үнийг 2014 оны 09 дүгээр сарын 11-ний дотор төлж барагдуулна гэж зааснаас үзвэл төлбөр төлөх хугацааг тохиролцсон гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл төлбөрийг хэдийд төлөх талаар бодитой тохиролцоогүй байна. Иймд уг гэрээний 2.5-д гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс хоногийн 0.15 хувийн алданги төлөх заалтыг хэрэглэх үндэслэлгүй гэж үзнэ. Уг гэрээний 3.1-т “худалдаж байгаа арматурт тухай бүрт нь зарлагын падаан бичиж худалдан авагчаар гарын үсэг зуруулна” гэсэн боловч нэхэмжлэлд хавсаргаж өгсөн зарлагын падаан гэх баримтад худалдан авагчаар гарын үсэг зуруулаагүй байгаа нь яг ийм хэмжээний арматурыг манайд зээлээр худалдсан гэж үзэхэд эргэлзээ бүхий байдлыг үүсгэж байна. Түүнчлэн уг зарлагын падаан дээр бичигдсэн үнийн дүн зөрүүтэй байгааг ч шүүх анхаарна биз ээ. Нэхэмжпэгч нэхэмжлэлдээ “гүйцэтгээгүй үүрэг 109.316.300 төгрөг, алданги 54.658.150 төгрөг, нийт 163.974.450 төгрөг, үүнээс төлсөн 36.000.000 төгрөгийг хасаж 127.974.450 төгрөг нэхэмжилжээ. Уг төлбөрийн дүнг нэхэмжлэлд хавсаргаж өгсөн Г гэсэн тамгатай /тооцоо нийлсэн акт бол уу/ баримтаар гаргасан байх боловч уг тооцоо бүхэлдээ буруу, үндэслэлгүй тооцоо байна. Тухайлбал гэрээний талууд анхнаасаа бичгийн гэрээ байгуулаагүй, зээлийн хүү болон алдангийн талаар тохиролцоогүй байхад хүү тооцсон дүнгээр нэхэмжилсний дээр манай компанийн төлсөн төлбөрийг хасаагүй дүнгээс хүү алданги тооцсон нь бүхэлдээ хууль бус болжээ. Иймд 2014 оны 08 дугаар сарын сарын 11-ний өдөр авсан арматурын үнэ 71.359.800 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр авсан арматурын үнэ 37.956.500 төгрөг, нийт 109.316.300 төгрөгнөөс манай компанийн төлсөн 36.000.000 төгрөгийг хасахад 73.316.300 төгрөг үлдэж байх тул уг мөнгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин бичгийн хэлбэрээр гэрээ байгуулаагүй тул алданги нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийг баримтуудыг шинжлэн судлаад                                                                                             

 ҮНДЭСЛЭХ нь:    

Нэхэмжлэгч Г ХХК хариуцагч Ө ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 127.974.450 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Г ХХК нь Ө ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр арматур зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр авсан барааны үнэ 37.956.500 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төлж барагдуулахаар, 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр арматур зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр авсан барааны үнэ 71.359.800 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төлж барагдуулахаар тус тус тохиролцож, үнийг гэрээнд заасан хугацаанд төлөх, төлөхгүй бол алданги төлөхөөр тохирсон гэж 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн огноотой “арматур зээлээр худалдах, худалдан авах гэрээ” гэх хоёр гэрээг нотлох баримтаар ирүүлжээ.

          Нэхэмжлэгч Г ХХК нь Ө ХХК-ийг дээрх төлбөрөөс 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 20.000.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 15.000.000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 36.000.000 төгрөгийг төлж, өөр төлөлт хийгээгүй, 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн арматур зээлээр худалдах, худалдан авах хоёр гэрээний гүйцэтгээгүй үүрэг 109.316.300 төгрөгнөөс гэрээний 2.5-д заасан алдангийг тооцож 54.658.150 төгрөг, нийт 163.974.450 төгрөг төлөхөөс төлсөн 36.000.000 төгрөгийг хасаж 127.974.450 төгрөгийг Ө ХХК-иас нэхэмжилж, дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

            Харин хариуцагч Ө ХХК Г ХХК-иас 2014 оны 08 дугаар сарын сарын 11-ний өдөр 71.359.800 төгрөгийн, 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 37.956.500 төгрөгийн арматурыг зээлээр худалдаж авсан нь үнэн, гэхдээ гэрээний талууд анхнаасаа бичгийн гэрээ байгуулаагүй, амаар тохирч өгч авалцсан, нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн хоёр гэрээний он сар, төлөх хугацаа зэрэг нь зөрүүтэй, сүүлд нөхөж хийсэн байх боломжтой, нэхэмжлэгч уг гэрээний хувь болон холбогдох бусад бичиг баримтыг манайд өгөөгүй нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.3-т … худалдагч гэрээ болон дагалдах баримт бичгийн хувийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй гэснийг зөрчсөн, хэрвээ тухайн үед гэрээ байгуулсан бол манайд гэрээний нэг хувь нь байх ёстой, зохигчдын хооронд бичгийн хэлбэрээр гэрээ байгуулаагүй тул алданги нэхэмжилсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

          Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээнд /хх-ийн 6 тал/ Г ХХК-ийн захирал П.Б, Ө ХХК-ийн захирал П.А нар батлав гэж гарын үсэг зурж тамга дарсан боловч гэрээний Ерөнхий зүйлийн 1-т…худалдагч, худалдан авагч талаас хэн гэрээг байгуулж байгаа нь бичигдээгүй, гэрээний доор гэрээ байгуулсан гэх хэсэгт Г ХХК-ийн менежер П.Г гэж гарын үсэг зурсан байх боловч нөгөө талын Ө ХХК гэсний дор хэн ч гарын үсэг зураагүй байв.

 

          Түүнчлэн 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан /хх-ийн 7 тал/ хоёр дахь гэрээний 2-т…арматурын нийт үнийг 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төлж барагдуулна гэж заажээ.

         Зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дээрх хоёр гэрээ нь “арматур зээлээр худалдах худалдан авах гэрээ” нэртэй байх ба нэхэмжлэгч тал талуудын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж хариуцагчаас уг гэрээний үүргийн биелэлт шаардаж байгаа боловч Иргэний хуулийн 263 дугаар зүйлд заасан гэрээний хэлбэр, шинжийг бүрэн агуулаагүй гэж үзнэ.

          Хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлгээс үзэхэд Г ХХК нь Ө ХХК-д 2014 оны 08 дугаар сарын сарын 11, 2014 оны 09 дүгээр сарын 12-нд тус тус арматур өгсөн байх ба талуудын 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “арматур зээлээр худалдах худалдан авах гэрээ”-нээс харахад гэрээг нөхөж байгуулж болох боловч хуульд заасан шаардлагыг хангаагүй, Иргэний хуулийн 263.2-т заасан гэрээнд заавал тусгах нөхцөлийг тусгаагүй байх тул зохигчдын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

          Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т…Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар худалдагч барааг худалдан авагчид шилжүүлсэн, тэр талаар талууд  маргаагүй, нэг бүрийн шинжээр тодорхойлогдох арматурыг худалдан авсан байх тул зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

          Худалдах худалдан авах гэрээ болон зээлээр худалдах худалдан авах гэрээнд аль алинд нь Иргэний хуульд заасан анзыг тохирч болох боловч хуульд зааснаар анзын гэрээг бичгээр байгуулах үүрэгтэй юм

         Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Ө ХХК-ийг арматурыг хоёр удаа авсан, 2014 оны 08 дугаар сарын 11-нд авсан арматурын үнийг 2014 оны 09 дүгээр сарын 11-нд, 2014 оны 09 дүгээр сарын 12-нд авсан арматурын үнийг 2014 оны 09 дүгээр сарын 26-нд төлөхөөр тохирсон гэх боловч гэрээнээс дээрх байдал харагдахгүй, хоёр гэрээг хоёуланг нь 2014 оны 09 дүгээр сарын 20-нд байгуулсан, төлбөрийг хэдийд төлөх талаар бодитойгоор тохиролцоогүй, тохиролцсон гэх зүйл заалтад бичигдсэн өдөр нь зөрүүтэй алдаатай, гэрээний нэг тал /худалдан авагч/ гарын үсэг зураагүй зэргээс харахад талуудыг хуульд нийцүүлэн бичгийн гэрээ байгуулсан гэж үзэхэд учир дутагдалтай, нэгэнт гэрээний хариуцлага ярьж байгаа тохиолдолд аль хугацаанаас нь хариуцлага /алданги/ тооцох нь ойлгомжгүй байх тул дээрх хоёр гэрээний 2.5-д… гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс хоногийн 0.15 хувийн алданги төлөх заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэв. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д.. Анзын гэрээг бичгээр хийнэ гэсэн заалттай зөрчилдөж байх тул төлбөрийн /гүйцэтгээгүй үүргийн/ үнийн дүнгээс алданги гаргуулж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

         Г ХХК нь Ө ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус тус тооцоо нийлсэн акт үйлдэн хоёр тал гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан гэж хоёр ширхэг баримт гаргаж өгсөн боловч талууд хүү тооцох талаар тохироогүй байхад хүү бодож, тооцоо нийлсэн акт үйлдснийг үнэлэх боломжгүй бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал уг баримт нь хуульд нийцээгүй тул хүү нэхэмжлээгүй гэх тайлбар өгснийг тэмдэглэх нь зүйтэй.

         Ө ХХК 2014 оны 08 дугаар сарын сарын 11-ний өдөр авсан барааны үнэ 71.359.800 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр авсан барааны үнэ 37.956.500 төгрөг, нийт 109.316.300 төгрөг төлөх үүрэгтэйгээс тус компанийн төлсөн 36.000.000 төгрөгийг хасаж тооцоход 73.316.300 төгрөг үлдсэнийг хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул хариуцагч Ө ХХК-иас 73.316.300 төгрөгийг гаргуулж, Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 54.658.150 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118  дугаар зүйлийг удирдлага болгон

 ТОГТООХ  нь: