Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 134

 

С.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Билгүүн, Ж.Нарантуяа, Л.Батжав, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаар цагаатгах тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаар магадлалтай, С.Э-д холбогдох 2026000590230 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Чонс овогт С-ийн Э нь Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх прокуророос С.Э-д Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2026000590230 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Э-г цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Өвөрхангай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Дэнсмаа бичсэн эсэргүүцэлдээ: Хяналтын прокурор С.Баярчимэг нь яллагдагч С.Э-г 2018 оноос Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт, хүнс барааны зах дотор Түшиг худалдааны төвийн 1 давхарт байрлах өөрийн эзэмшлийн алт, мөнгөн эдлэл худалдаалдаг лангуун дээр худалдагчаар ажиллаж эхэлсэн А.Б-ыг 2019 оны 09 дүгээр сард “орлого оруулсангүй” гэсэн шалтгаанаар хөл рүү нь өшиглөсөн, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “миний эд хөрөнгийг зарж, үрээд дуусгачихлаа” гэсэн шалтгаанаар хөл рүү нь өшиглөх зэргээр зодсон, 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд эд хөрөнгө, албан тушаалын хамаарал бүхий харилцаатай байх хугацаандаа “орлого хийхгүй байна, миний эд хөрөнгийг үрэгдүүлсэн” гэсэн шалтгаанаар сэтгэл зүйн байнгын дарамтад байлгасан нь А.Б-ыг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг анхан шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд шүүхийн 2023/ШЦТ/35 дугаартай цагаатгах тогтоолоор шүүгдэгч С-ийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2026000590230 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Чонс овгийн С-ийн Э-г цагаатгаж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хяналтын прокурор Б.Түвшинтөр давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн боловч Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/35 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Магадлалыг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч танилцаад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Үүнд: Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчилгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.

Гэтэл шүүгч хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан зөрүүтэй нотлох баримтыг тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн төвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж чадаагүй байна.

Хэрэг гарсан бодит байдал, оролцогч бүрийн гэм буруугийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлалгүй, хэргийн талаарх дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг анхааралгүй орхигдуулан, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, шүүгдэгч С.Эг цагаатгаж шийдвэрлэжээ.

Тухайлбал: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А-ын “...Түшиг төвийн лангуунд суух хугацаандаа Энхээ гэх эзэнд нь их дарамтлуулж байснаас амиа хорлоход хүрсэн байх гэж бодож байна. Надад “цагдаа дээр шалгагдаж байна, лангууны юмнуудыг ломбардад тавьчихсан чинь шалгуулаад байна. Мөнгө олмоор байна” гэж нэг удаа ярьсан. Би очих уу гэхэд одоохондоо яах юм энд ирээд бөөн хэрүүл дундуур гэж хэлсэн. Надтай “Энхээ хүүхэн дарамтлаад хэцүү байна, цалин хөлс өгөхгүй байна” гэж 2019 оны 11 дүгээр сард ярьж байсан. Манай охин ер нь л цалин өгөхгүй байна гэж 2019 оны 8 сард аймагт ирэхэд л хэлж байсан. Би яадаг юм ажлаасаа гарчихаач гэж хэлэхэд Энхээ хүүхэн гаргахгүй байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

насанд хүрээгүй гэрч Б.Б-ын “...2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 01 цагийн үед Энхээ эгч намайг гэртээ ганцаараа унтаж байхад нөхөртэйгөө орж ирсэн. ...ээжийг асуухаар нь найзуудтайгаа гадуур яваа гэхээр элдэв янзаар хэлж аашилж загнадаг болохоор ээж эхлээд “очиж яваа шүү, намайг эмнэлэгт хүн харж байгаа гээд хэлчихээрэй” гэхээр нь эмнэлэг дээр байгаа гэж би хэлсэн. Тэгээд Энхээ эгч ээж рүү яриад “хаана байгаа юм, байгаа газар чинь очоод алаад хаячихна шүү, хурдан орлогын мөнгө тушаагаадах” гэж 01 цаг 20 минутын үед ярьсан. Тэгээд 5 минут орчим болоод ээж гэрт ороод ирсэн. Тухайн үед Э эгч ээжийн утсыг орон дээр ил орхиод явсныг нь кодыг нь гаргуулаад утсыг нь үзэх гээд машин руугаа орсон. Тэр үед ээж зөрж орж ирж таарсан. Ээж орлогын мөнгийг нь тушаана гээд гараад явсны дараа Э эгч гэрт ороод ирсэн. Ээж ч удаагүй буцаад ороод ирсэн. Ээж яасан бэ хө гээд ороод иртэл нөхөр нь босонгуутаа шууд үсдэж аваад багалзуур шахаж орны толгойг мөргүүлсэн. Энхээ эгч хөлөөрөө өшиглөж цохиод байхаар нь би ээжийг зодохыг болиулах гээд ээжийг тэвэрсэн, тэгээд ээж та нарт алуулж байхаар өөрийнхөө амийг хорлочихсон дээр гээд хутга авсан. Б ахын найзууд гээд хоёр хүн хамт байсан, тэр хоёр нь тал талаас нь бариад ээжийн хутгыг нь тавиулах гээд оролдсон. Тэр үед Э эгч хутганы үзүүрт гараа зүсүүлсэн, тэгээд ээж за би хутгыг нь тавилаа гээд иртэй хэсэг болон иш хоёроос нь хоёр гараараа барьснаа тавьсан. Тэр хутга ир муутай хутга байсан. Тэгээд хутга тавьсны дараа Энхээ эгч цагдаа дуудаад цагдаа нар ирээд аваад явсан. Цагдаад Э эгч “энэ залилангийн хэрэгтнийг баривчил, одоо даруйхан авч яв” гээд байсан. Тэгээд хоёр хоногийн дараа Энхээ эгч урьд нь лангуун дээр нь суудаг байсан Д эгчтэй, нэг танихгүй портерын эзэн гэх ахтай ирээд гэр дотор лангууны барааны ломбардын бичиг хайж хөшигний хоолой авдар энд тэндгүй юм ухаад байсан. ...2 модон шинэ ор, том дэлгэцтэй зурагт, жимс холигч, хөлдөөгч, ээжийн ээмэг бөгжний хэрэглэл, том сур, морины модон хусуур, хусууртай адилхан нэг зүйл, том урт ташуур, цахилгаан дрилл зэргийг аваад явсан. Дараа ирэхдээ би танай байшин дотор байгаа юмнуудаас авна гээд Э эгч хэлж байсан. Эд зүйл ачсаны дараа ээжийг Э хамт яв, Норжүн дээр тооллого хийнэ гэхэд яах юм, одоо хүн амьтан ороод ирвэл нүдний булай болно. Би гэрийн юмыг янзалъя гээд үлдсэн. Маргааш ирээрэй гээд явсан. Э эгч их ааштай чамайг сууснаас хойш орлого орохоо болилоо гэж их загнаж хараадаг байсан. Лангуун дээрээ ирэх болгондоо ээжийг загнадаг, ээжийг ганц нэг хувцас авахаар чи энийг юугаар авсан юм, миний мөнгөнөөс идэж авсан уу, чамд мөнгө байхгүй шүү дээ, хаанаас юугаар мөнгийг чи олдог юм гэж хэлдэг байсан. Э эгч цалингаа сар сард нь өгдөггүй байсан, хэрэгтэй үедээ ээж гуйж авдаг, бусад үед 2-3 сар болж байж цалин өгдөг байсан. 2019 оны 09 дүгээр сарын 30 билүү 31-нд намайг хичээлд явах гээд 12 цагийн үед ээжийн ажил дээр очиход ээжийг лангуун дээрээ сууж байхад Э эгч хүрч ирээд өчигдөр орлого олоогүй байна гээд хөл хавь руу нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд ээжийг лангуу бузарлаад хаясан гээд аашлаад байсан. Тэгээд би гараад явсан. Ээж өмнөөс нь хэрэлдэж маргаагүй” гэсэн мэдүүлэг,

 гэрч У.М-ийн “...С.Э нь тухайн үед Б-ыг миний хамаг юмыг зараад үрчихлээ гээд загнаж зандарсан бухимдсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг,

гэрч П.Д-ын “...Э өшиглөсөн гээд хөл гар нь энд тэнд хөхөрсөн харагдсан... хэд хоногийн дараа орой 20-21 цагийн үед “гэрээслэл бичсэн байсныг Э булаагаад явчихлаа, та аваарай” гэж бичсэн байсан...” гэх мэдүүлэг,

гэрч П.Б-ийн “...Би Э-ийн юмыг ломбардад тавьчихсан байсан чинь ломбардын бичиг харчихаад муудалцсан, тэгээд цагдаад өгчихсөн гэсэн зүйл хэлсэн. Б-аас “Б эгчээ би гэрээслэл бичсэн чинь Энхээ булаагаад авчихлаа, түүнийг аваарай” гэсэн зурвас ирсэн...” гэх мэдүүлэг,

гэрч А.Б-ийн “...2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Батсайхан, Э хоёр охин Б-ын нүдэн дээр зодсон гэж надад хэлсэн. Тэрнээс хойш ч байнга дарамттай байсан гэж анх ирэхэд хэлж байсан, надтай хамт алга болох орой очиход хүртэл бараагаа тулгаж байхдаа энэ хааччихсан юм гээд хөл рүү нь өшиглөсөн, мөр рүү нь цохиж байсан. Намайг ирэхэд зүүн хөлийн дотор шилбэний булчинд хөхөрсөн байсан. Яасан юм гэхэд Э өшиглөсөн гэж хэлж байсан. Ер нь их дарамттай байна, ингэж байхаар үхдэг юм билүү гэж ирсэн даруйд хэлж байсан...” гэсэн мэдүүлэг,

2020 оны 01 сарын 30-нд бичив гэсэн “Гэрээслэл” зэргээр тодорхойлогдож байна.

Эд хөрөнгө, албан тушаал, эдийн засгийн хувьд хамаарал бүхий харилцаатай байсан А.Б-ыг өөрийнх нь эд хөрөнгийг зарж үрсэн, хэрэглэсэн зүйлийнхээ өрийг төл гэсэн байдлаар байнгын дарамтад байлгасан нь сэтгэл зүйн хувьд хүчирхийлэл болсны дээр мөн бие махбодод хүч хэрэглэн халдан зодсон, эд хөрөнгийг нь өр төлбөртөө суутгаж авсан зэрэг үйлдлүүд нь амиа хорлох шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэсэн.

Хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаар 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр амь хохирогч А.Б-ыг өөрийн эд хөрөнгийг ломбардад тавьсан гэдгийг мэдсэн үеэс эхлэн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр амиа хорлож нас барах хүртэлх хугацаанд насанд хүрээгүй хүүхэд Б.Б-ынх нь дэргэд цохих, зандрах, аашилж загнах, удаа дараа мөнгөө нэхэж дарамталж байсан, мөн гэрийн эд хогшлыг нь очиж ачиж явсан, нөхөр А.Б-дээ С.Э өшиглөсөн гэж хэлж байсан ба их дарамттай ингэж байхаар үхдэг юм билүү гэж ирсэн даруйд хэлж байсан...гэж, насанд хүрээгүй гэрч Б.Б болон гэрч Баярцэнгэл нараас мэдүүлсэн зэрэг нь “хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэмт хэргийн объектив талын шинж болох “байнга” гэдэг хэвшмэл буюу давтамжтайгаар хохирогчийн эсрэг чиглэсэн бие махбодод, сэтгэл санаа, эдийн засаг, эрх чөлөө, халдашгүй байдалд халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн болох нь тогтоогдож байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгасан эсэх, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудыг алийг нь хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй. Гэм буруугийн хэлбэрийг тогтоохдоо гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг тал бүрээс нь бодитойгоор дүгнэх шаардлагатай.

Гэтэл шүүх С.Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэл болон прокурорын яллах дүгнэлтэд дурдсан бусад нотлох баримтуудын агуулга, улсын яллагч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан хууль зүйн дүгнэлтийг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн ноцтой зөрчилд хамаарч байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/35 дугаартай шүүхийн цагаатгах тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаартай магадлал зэргийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй” болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Золзаяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Э-д холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй буюу байнга хүчирхийлсэн, доромжилсон үйлдэл тогтоогдоогүй гэж дүгнэн түүнийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хоёр шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн “байнга” гэсэн шинжийг нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэргийн объектив талын шинж нь байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн, хохирогчийн эсрэг байнга хэвшил болсон давтамжтайгаар удаа дараагийн үйлдлээр хохирогчийн эсрэг чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүй байхаар хуульчилсан байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд байнга гэх шинжийг бүрэн нотолж чадаагүй. Гэхдээ гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь үндэслэлгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэх үндэслэл гарч байна. Энэ хэргийн хамгийн гол нотлох баримт болох гэрээслэлд шүүгдэгчтэй ямар харилцаа холбоотой, амиа хорлох өдөр хүртэл ямар нөхцөл байдалтай байсан зэрэг бүх үйл явдлыг бичсэн. Байнгын байж болзошгүй давтамжид Сараа эгч, Сүхээ ах гэдэг хоёр хүний нэр дурдагдсан бөгөөд эдгээр хүмүүсийн дэргэд сэтгэл зүйн хувьд хүндээр доромжилсон, дарамталсныг тэд нотолно гэж бичсэн байдаг. Гэтэл эдгээр хүмүүсийг тодруулсан, тэдгээрээс гэрчийн мэдүүлэг авах зэрэг ажиллагаа дутуу байгаа нөхцөлд байнга гэдэг шинж үгүйсгэгдсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Иймд хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Билгүүн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Прокуророос нэр бүхий таван гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгийг үндэслээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гэдэг байдлаар эсэргүүцэл бичсэн. Прокурорын эсэргүүцэлд дурдсан гэрчийн мэдүүлгүүд нь гэрч Г.Д, Д.Б, Д.А, М.Ц, С.Ц, А.Т, Ч.Д, Ч.Б, О.З, 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 44 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Эдгээр нотлох баримтаар үгүйсгдэгдэж байгаа учир хоёр шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Э-г цагаатгаж шийдвэрлэсэн. Прокурор эд хөрөнгөд нь халдсан асуудлыг ярьдаг ч амь хохирогчийн зүгээс өр төлбөртөө өгсөн болох нь гэрч Г.Д, Д.Б, Б.Б нарын мэдүүлгээр нотлогддог. Орон гэрт нь хууль бусаар нэвтэрч дарамталсан, зодсон гэх асуудлууд нь гэрч М.Ц, С.Ц, Б.Б нарын мэдүүлгээр үгүйсгэгддэг.

Түүнчлэн удаан хугацааны туршид цалин өгөхгүй дарамталсан гэх асуудал нь С.Э-ийн удирдлага дор ажиллаж байсан Г.Д-ын мэдүүлэг, 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгддэг. Гэрээслэлд Д.А, А.Т нарын талаар бичсэн байдаг бөгөөд гэрээслэлд бичсэн зүйлсийг нэг мөр шалгаж тогтоосон. Насанд хүрээгүй гэрч шүүхийн хэлэлцүүлэгт “цалин хөлс байнга өгдөг гэдгийг сар бүр өгдөг гэж ойлгож байсан. Өөрөөр хэлбэл, хөлс тохироод өгч байсан гэдгийг сайн мэдэхгүй байна” гэж мэдүүлсэн. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс “тухайн үйл явдлыг сайн мэдэхгүй, хүмүүсээс сонссон зүйлээр мэдүүлэг өгсөн” гэх зүйлийг ярьсан. Тийм учраас хэрэгт авагдсан нотлох баримтууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ж.Нарантуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Энэ хэрэгт 4 жилийн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байна. Прокурорын эсэргүүцэл хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Прокурорын тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ эсэргүүцэл гаргах бөгөөд мөн хуулийн 39 дүгээр зүйлд заасанчлан хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу бичигдээгүй. Прокурорын эсэргүүцэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А, нэр бүхий 4 гэрчийн мэдүүлэг, гэрээслэл гэсэн баримтуудыг үндэслэн бичигдсэн байна. Гэтэл хяналтын шатны шүүх хуралдаанд оролцож буй прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэсэн байдлаар дүгнэлт гаргасан. Эсэргүүцэлд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалын юуг эсэргүүцэж байгаа, хууль хэрхэн буруу хэрэглэсэн талаар огт дурдаагүй. Зөвхөн гэрчийн мэдүүлгийг дурдаж бичсэн нь үндэслэлгүй.

Прокуророос С.Э-г эд хөрөнгө, албан тушаалын хамаарал бүхий харилцааны улмаас эрхшээлд нь байсан иргэн А.Б-ыг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосны улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ талаар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан. Улмаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцэл нь Прокурорын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Улсын яллагч Б.Түвшинтөр эсэргүүцэл бичсэн атлаа хяналтын прокурор С.Баярчимэг бичсэн байдлаар буруу бичигдсэн байсан. Давж заалдах шатны шүүх эсэргүүцлийг хэлэлцээд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “эд хөрөнгө, албан тушаалын хамаарал бүхий харилцааны улмаас эрхшээлдээ байгаа хүнийг” гэх шинжээр тодорхойлсон нь үндэслэлгүй. Амь хохирогч А.Б-ыг шүүгдэгч С.Э нь өөрийн эрхшээлд байлгах ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь нотлогддоггүй. Амь хохирогч А.Б-ыг эрхшээлдээ байлгах талаар бодит заналхийлэл хийсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Л.Батжав хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Прокурорын эсэргүүцэлд “хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаар 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр амь хохирогч А.Б-ыг өөрийн эд хөрөнгийг ломбардад тавьсан гэдгийг мэдсэн үеэс эхлэн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр амиа хорлож нас барах хүртэлх хугацаанд насанд хүрээгүй хүүхэд Б.Б-ынх нь дэргэд цохиж, зандарсан...” гэж бичсэн байна. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр л эд зүйлээ барьцаанд тавьсныг мэдэж, маргаан гарсан юм шиг байгаа юм. Үүнээс хойш уулзаагүй байж байгаад 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нас барсан байдалтай олдсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд байнга гэх шинжийг заасан байдаг. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мэдсэн үеэс гэвэл байнга гэх шинжгүй байна. Амь хохирогчийн охин л зодсон гэдэг болохоос бусад гэрчүүд цохиж, зодоогүй гэдгийг хэлдэг. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд заасан “эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн” гэх шинж хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд прокурорын эсэргүүцлээр нотлогдож байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан “...Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг... олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” зорилтыг хангах хүрээнд мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг хэрэгжүүлж, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчмыг мөн хуулийн 1.7 дугаар зүйлд хуульчлан тогтоосон билээ. 

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтанд тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг шүүх бүрэн бодитой сэргээн тогтоох нөхцөл бүрдэнэ.

Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хохирол, хор уршгийн шалтгаант холбоо, шүүгдэгчийн гэм буруу болон гэмт үйлдлийнх нь үр дагаврын бодит хамаарлыг зөв тогтоох нь гэмт хэргийг зөв зүйлчилж, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм хорын хохирол нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой тул шүүх нотлох баримтад тулгуурлан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай нотлох баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь шинжлэн судалж, харьцуулан үнэлэх замаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, учирсан хохирлын талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй болно. 

2.Өвөрхангай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Дэнсмаагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн С.Э-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос М.Э-г 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 42-01 тоотод эд хөрөнгө, албан тушаалын хамаарал бүхий харилцааны улмаас эрхшээлд нь байсан иргэн А.Б-ыг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосны улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Мөрдөн байцаалтын шатанд С.Э-д холбогдох хэрэгт нотолбол зохих хэргийн нөхцөл байдлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Тодруулбал, гэмт хэрэгт холбогдсон хүний гэм буруутай эсэхийг тогтоохын тулд хуульд заасан арга, хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсний эцэст шүүхийн шийдвэрт нөлөөлж болох тодорхой эргэлзээ үүсээгүй, эсхүл уг үүссэн эргэлзээтэй асуудлыг шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд няцаан үгүйсгэгдэхгүй бол тэрхүү эргэлзээг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх тухай эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн “in dubio pro reo” гэсэн зарчмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” хэмээн хуульчилсан билээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар гэрч А.Б /1 дэх хавтаст хэргийн 45-46 дахь тал/, насанд хүрээгүй гэрч Б.Б /1 дэх хавтаст хэргийн 41-44 дэх тал, 3 дахь хавтаст хэргийн 59-60 дахь тал/ нарын өгсөн мэдүүлгүүдээр С.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр амь хохирогч А.Б-ын гэрт нь очиж барьцаалан зээлдүүлэх газрын бичиг байсныг харсны улмаас миний эд хөрөнгийг зарж үрээд дуусгачихлаа, орлого тушаахгүй байна, гэрийнх нь эд зүйлийг өрөндөө авна гэх нэрийдлээр загнаж, өшиглөсөн үйл баримт тогтоогдож буй хэдий ч тухайн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Байнга хүчирхийлсэн” гэх шинжийг хангахгүй, ... С.Э-гийн амь хохирогчийг нэг удаа өшиглөсөн, загнасан үйлдэл нь хохирогчийг амиа хорлоход хүрэх гарцаагүй шалтгаан биш бөгөөд дээрх өшиглөсөн, загнасан үйлдэл болон хохирогчийн амиа хорлосон нь хоорондоо шалтгаант холбоогүй” гэсэн дүгнэлт хийж, прокуророос С.Э-д Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх нь цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ “... Амь хохирогч А.Б-ыг шүүгдэгч С.Э нь өөрийн эрхшээлдээ байлгах ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, ямар нэг байдлаар амь хохирогч А.Б-ыг эрхшээлдээ байлгах талаар бодит аюул занал тулгасан нөхцөл байдал, мөн Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн  “... байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон...” шинж анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

3.Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэмт хэргийн диспозици шинжийг “Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн” гэж тодорхойлсноос үзэхэд тухайн гэмт хэргийг үйлдсэн хүн нь амь хохирогчийг өөрийн эрхшээлд оруулсан, улмаар түүний эсрэг байнга хүчирхийлэл үйлдсэн, айлгасан, эсхүл нэр төрийг нь байнга гутаан доромжилсны улмаас хохирогч гарцаагүй амиа хорлох шийдвэр гаргасан, улмаар өөрийнхөө амийг хорлоход чиглэсэн тодорхой үйлдэл хийсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байх ёстой.

Энэхүү гэмт хэргийн объектив талын шинжийг Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлд “байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсэн” гэж тоочин заасан тул хуульд нэрлэн заагаагүй бусад арга, тухайлбал хохирогчийг эрэн сурвалжлах, түүнээс өр төлбөрөө нэхэмжлэх, цалин хөлсийг хугацаанд нь өгөхгүй байх зэрэг хууль бус байнгын шинжтэй үйлдлийн улмаас хохирогч амиа хорлосон тохиолдол нь энэхүү гэмт хэргийн объектив талын шинжийг агуулаагүй гэж үзнэ.

Гэмт этгээдийн зүгээс үзүүлсэн байнгын буюу нэг бус удаагийн хүчирхийлэл, айлган сүрдүүлэлт, доромжлол зэрэг хууль бус үйл ажиллагаа нь хохирогчийн хууль ёсны эрх ашиг, сонирхолд бодитой хохирол учруулах шинж чанарыг агуулсан буюу хохирогч тухайн үйлдлийг ийнхүү ойлгож ухамсарласан байх нь энэхүү гэмт хэргийн үндсэн шинжид хамаарна.

Харин ажилтны хууль зөрчсөн буруутай үйлдлийн улмаас түүнийг ажлаас халах, улмаар хуулийн байгууллагад мэдэгдэж шалгуулах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх зэрэг ажил олгогчийн зөрчигдсөн эрхээ хамгаалах зорилгоор явуулсан, хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагаа нь “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэмт хэргийн объектив талын шинжид хамаарахгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж тодорхойлсны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд заасан “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэмт хэрэг нь ихэвчлэн гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдэхээс гадна санаатай хэлбэрээр үйлдэгдэж болно.

Тухайлбал, гэм буруутай этгээд өөрийн эрхшээлд байгаа хүнийг байнга хүчирхийлэх, доромжлох, зодох, тамлан зовоох, айлган сүрдүүлэх замаар хохирогчийг гарцаагүй амиа хорлоно гэдгийг урьдчилан тооцож, тэрхүү үр дагаврыг хүсэж, өөрийн идэвхтэй үйлдлээр түүнд зориуд хүргэсэн бол гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэргийн хувьд хохирогч бусдын эрхшээлд орсны улмаас өөрийн хүсэл зоригийн дагуу өөрийнхөө амийг егүүтгэдэгээрээ Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргээс ялгагдана.

4.Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд амь хохирогч А.Б нь гэр бүлийн найз нөхдийн харилцаанаас үүссэн итгэлцэлд тулгуурлан 2018 оны 4 дүгээр сараас эхлэн Өвөрхангай аймгийн Арвайхээр сум дахь “Түшиг” худалдааны төвийн байранд С.Э-гийн алт, мөнгөн эдлэл зардаг лангууны худалдагчаар ажиллах хугацаандаа өөрийн зарж буй алт, монетон ээмэг, бөгж, мөнгөн аяга зэрэг эд зүйлийг удаа дараа зөвшөөрөлгүйгээр барьцаалан бусдаас зээл авч, мөнгийг өөрийн ахуйн хэрэгцээнд зарцуулах замаар их хэмжээний өр төлбөр үүсгэсэн болохыг 2020 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 01 цагийн үед С.Э А.Б-ын гэрт нь очихдоо холбогдох барьцаалан зээлдүүлэх газрын бичгүүдийг харснаар анх мэдсэн байна.

Энэ үед А.Б гаднаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд, түүний хөрөнгө завшсан үйлдэл илчлэгдсэнийг ойлгож, С.Э түүнд шаардлага тавих үед хутга шүүрэн авч өөрийн амийг егүүтгэхээр завдсан ба түүний үйлдлийг хамт байсан С.Э, Б.Б, М.Ц нар таслан зогсоож, энэ талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, гарч болзошгүй таагүй үр дагавраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан болох нь гэрч М.Ц /1 дэх хавтаст хэргийн 47, 116 дахь тал/, Б.Б /1 дэх хавтаст хэргийн 49, 117 дахь тал/,  С.Ц /1 дэх хавтаст хэргийн 118 дахь тал/, У.М /2 дахь хавтаст хэргийн 206 дахь тал/, насанд хүрээгүй гэрч Б.Б /1 дэх хавтаст хэргийн 41, 59 дэх тал/ нарын өгсөн гэрчийн мэдүүлгүүд, С.Э-гаас “А.Б гэх хүн амиа хорлох гээд байна” гэх мэдээллийг хүлээж авсан тухай Цагдаагийн байгууллагын тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 114 дэх тал/, А.Б-ыг эрүүлжүүлэх байранд саатуулж, согтуурлын зэргийг /0.62 хувь/ шалгасан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 121 дэх тал/, А.Б нь амиа хорлохыг завдсан үйлдэл хийсэн талаар С.Э-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 115 дахь тал/, С.Э нь А.Б-ын гараас хутгыг салгах үед түүний зүүн гарын алганд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүх эмнэлгийн шинжээчийн 83 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 101 дэх тал/, А.Б-ын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр амьд ахуйдаа гэрчээр өгсөн “Лангууны эд зүйлийг ломбарданд тавьж мөнгийг хэрэглэдэг байсан, 2020 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө Э дарга нөхөртэйгээ элбэж толгой руу цохиж зодоод хүүхэд намайг өмөөрч уйлахаар нь ингэж байхаар үхчихье гээд хутга шүүрч авсан нь үнэн, дахиж ийм үйлдэл гаргахгүй байж чадна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 95 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогджээ.

Түүнээс гадна С.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Цагдаагийн байгууллагад хандаж А.Б түүний лангуун дээр худалдаалдаг алт, мөнгөн эдлэлээс тухайн үед мэдэгдэж байгаагаар 33.8 сая төгрөгийн эд зүйлийг ломбарданд барьцаалан зээл авч, мөнгийг үрэгдүүлсэн тухай өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 90 дэх тал/ гаргасны дагуу мөрдөгч 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр А.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж /1 дэх хавтаст хэргийн 89 дэх тал/ мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.

С.Э нь А.Б болон түүнтэй хамт урьд нь худалдагчаар ажиллаж байсан Г.Д нартай хамтран тооллого хийж, зээл олгосон барьцаалан зээлдүүлэх газруудаар явж хохирлын хэмжээг тооцох, А.Б-ын гэртээ худалдаж авсан зарим эд зүйлийг хохиролд тооцон авах үйл ажиллагаа явагдах үед буюу 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр А.Б нь өөрийн хамтран амьдрагч А.Б-ийн хамт Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч ирээд С.Э, Б.Б, Г.Д нарын хамт “Норжин” төвийн байранд буюу С.Э-гийн эзэмшлийн ресторанд хоол идэх үед түүний гадуур хувцасны дотроос гэрээслэл, олс зэрэг эд зүйл цухуйж байхыг С.Э хараад А.Б-ыг дахин амиа хорлох үйлдэл хийж болзошгүй хэмээн хардаж, уг эд зүйлийг А.Б-аас салгаж авсан боловч тэрээр тухайн газрыг орхин гарч, хаашаа явсан, хаана оршин байгаа нь мэдэгдэхгүй байсаар 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр айлын хашаанд өөрийгөө боомилж нас барсан байдалтай олдсон болох нь холбогдох нэр бүхий гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүд, амь хохирогч А.Б нь дүүжлэлтийн улмаас механикаар амьсгал бүтэж нас барсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн цогцост үзлэг хийсэн шинжилгээний 15 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 66 дахь тал/, амь хохирогч А.Б-ын бичиж үлдээсэн “... Би идэж ууснаа төлнө... гэхдээ би мөнгөөр биш өөрийн алтан амиараа төлнө...” гэх 3 хуудас гэрээслэл /2 дахь хавтаст хэргийн 5-8 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

5.Нотлох баримтаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэмт хэргийн шинжийг хангахгүй, тодруулбал С.Э нь амь хохирогч А.Б-ыг өөрийн эрхшээлд байлгасан, түүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосны улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэх нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүйгээс гадна С.Э нь А.Б-аас учруулсан хохирлоо нөхөн төлөхийг шаардаж, түүний хууль бус үйлдлийг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан нь энэхүү гэмт хэргийн объектив талын шинжид хамаарахгүй, түүнчлэн С.Э нь А.Б-ын өөрийгөө хутгалж амиа хорлох гэсэн үйлдлийг таслан зогсоож, энэ талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэх, өөрийгөө боомилох зорилгоор биедээ авч явсан олс болон гэрээслэлийг булаан авах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байсан удаа дараагийн үйлдлүүд нь тухайн гэмт хэргийн субъектив талын шинжийг үгүйсгэж байна.

 С.Э-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “байнга” гэсэн шинж нотлогдоогүй талаар хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Золзаяагийн гаргасан хууль зүйн дүгнэлт, мөн прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар няцаан үгүйсгэгдэж буй талаар цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Билгүүн, Ж.Нарантуяа, Л.Батжав нарын хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан санал, хууль зүйн дүгнэлтийг тус тус үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иймд С.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаар цагаатгах тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгуулахаар Өвөрхангай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Дэнсмаагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Харин цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, амь хохирогчийн гэрээслэлд дурдсан нэр бүхий 2 гэрчээс дахин мэдүүлэг авах үндэслэлээр хэргийг прокурорт буцаах талаар хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын дүгнэлтийг хангах үндэслэлгүй гэж үзсэн болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаар цагаатгах тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, Өвөрхангай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Дэнсмаагийн бичсэн эсэргүүцлийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

 

   ДАРГАЛАГЧ                                                 М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН                                                                                

                                                                                               С.БАТДЭЛГЭР

                                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                                Ч.ХОСБАЯР