Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/01923

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/07007 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 8,000,000 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: түрээсийн төлбөрт 9,120,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь *******, *******, *******, *******, ******* байрны давхрын , 12 м.кв талбайтай автозогсоолыг 25,000,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг хувааж төлөхөөр *******тай тохиролцсон. Үүний дагуу ******* нь автозогсоолын төлбөрөөс урьдчилгаа төлбөрт 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нийт 16,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

1.2 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ******* нь АНУ руу гэр бүлээрээ удаан хугацаагаар ажиллаж амьдрахаар явсан бөгөөд *******ын охин автозогсоолоо ашиглахгүй бол өндөр үнээр зараад төлбөрийг чинь буцааж өгье гэсэн тул зөвшөөрч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан. ******* автозогсоолыг 35,000,000 төгрөгөөр бусдад зараад *******ийн урьдчилгаанд төлсөн 16,000,000 төгрөгөөс 8,000,000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр буцаан шилжүүлсэн боловч үлдэх 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй.

Иймд үлдэгдэл 8,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ******* нь *******той 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дээрх автозогсоолыг нэг сарын 240,000 төгрөгөөр түрээслүүлэхээр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 12 дүгээр сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны түрээсийн төлбөрт 664,000 төгрөг төлсөн. Улмаар, 2020 онд ******* нь тухайн автозогсоолыг 25,000,000 төгрөгөөр худалдаж авах санал тавьж, 16,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт төлсөн.

2.2 ******* нь 2022 оны 08 сард гэр бүлээрээ АНУ руу удаан хугацаагаар явахаар болсон үндэслэлээр автозогсоолыг худалдаж авахаас татгалзсан тул би 2023 оны 01 дүгээр сард өөр хүнд худалдсан. ******* нь автозогсоолыг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 08 сар дуустал 34 сар, үүнээс хойш түүний дүү 4 сар ашигласан.

2.3 *******ийн 3 жилийн түрээсийн төлбөрийг АНУ руу явах хүртэл хугацаагаар тооцоход 8,160,000 төгрөг болсон ба түүний надад шилжүүлсэн 16,000,000 төгрөгөөс түрээсийн төлбөрийн 160,000 төгрөгийг хөнгөлж, мөн дүүдээ ашиглуулсан 4 сарын мөнгийг хасч, зөвхөн 8,000,000 төгрөгийг суутган, үлдэх 8,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн.

Иймд нэхэмжлэгч нь бусдын хөрөнгийг худалдаж авна гэж өөрийн эзэмшилдээ удаан хугацаагаар байлгасан атлаа өгсөн мөнгөө буцааж авна гэснийг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 ******* нь *******той дээрх автозогсоол түрээслэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээний 2.2-т Гэрээний хугацаа дуусахад талууд өөрөөр тохиролцоогүй бол ижил нөхцлөөр сунгагдсанд тооцно, 3.2-т түрээслэгч түрээсийн төлбөрийг метр квадратаар тооцон нэг сарын 240,000 төгрөгийг тухайн сарын эцсийн баасан гарагийн дотор түрээслүүлэгчийн Хаан банкны тоот дансанд шилжүүлнэ, 12.1-т талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно гэж заасан нөхцлүүдийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон.

3.2 Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлж түүний эзэмшилд дээрх автозогсоолыг шилжүүлсэн. Иймд нэхэмжлэгч нь автозогсоолыг худалдаж авна гэж 38 сар ашигласан тул түрээсийн төлбөрт 9,120,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Талуудын байгуулсан гэрээнд зааснаар 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 4 сарын хугацаанд, сарын 240,000 төгрөгөөр автозогсоолыг түрээсэлсэн. Автозогсоолыг нийт 4 сарын хугацаанд түрээсэлж, түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болсон. Үүний дараа автозогсоолыг худалдаж авахаар хариуцагчтай тохиролцон худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн тул нэхэмжлэгч нь хариуцагчид 16,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

4.2 2022 оны 08 дугаар сард нэхэмжлэгч нь гэр бүлийн хамт АНУ руу удаан хугацаагаар ажиллаж амьдрахаар явсан. *******ын охин та автозогсоолоо ашиглахгүй бол өндөр үнээр зарах боломж байна, зараад таны шилжүүлсэн мөнгийг буцаан шилжүүлье гэсэн тул зөвшөөрч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан.

Талуудын байгуулсан түрээсийн гэрээний харилцаа 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болж худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн тул хариуцагч нь түрээсийн төлбөр шаардах эрхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 238 дугаар зүйлийн 238.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас 397,418 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,602,582 төгрөгт холбогдох хэсгийг нь болон хариуцагч *******ын түрээсийн төлбөр 9,120,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг болон хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 160,870 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 12,573 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Нэхэмжлэгч нь гэр бүлийн хамт удаан хугацаагаар АНУ руу ажиллаж амьдрахаар болсон тул автозогсоолыг худалдахаар болсон. Хариуцагчийн охин илүү өндөр зарах боломж байна гэсний дагуу аар дамжуулан зарахаар тохиролцсон. Үүний дагуу нь автозогсоолыг бусдад 30,000,000 төгрөгөөр худалдсан.

6.2 Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 221.2.1 дэх хэсэгт заасны дагуу талууд харилцан тохиролцож гэрээнээс татгалзсан болох нь талуудын фэйсбүүк чатанд үзлэг хийсэн баримтаас харагддаг. Тодруулбал, нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан явдалд буруугүй бөгөөд талууд харилцан тохиролцож гэрээнээс татгалзсан.

Гэтэл анхан шатны шүүх гэрээнээс татгалзсан явдалд нэхэмжлэгчийг буруутай гэж дүгнэн нэхэмжлэгчийн ашигласан хугацааны түрээсийн төлбөр хэмээн нэхэмжлэлийн шаардлагаас 7,602,582 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн хариуцагч нэхэмжлэгчийн өгсөн 16,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаанд хүүгүй ашигласан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 7,602,582 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1 Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөвхөн нэхэмжлэгч л үзэж байгаа. Хариуцагч өнөөдрийг хүртэл Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлийг шаардлагын дагуу *******ын *******той бичгээр хийсэн, нотариатаар батлуулсан Улсын бүртгэлд бүртгүүлсэн Гараж худалдах, худалдан авах гэрээ-г нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөөгүй байгаа. Өөрөөр хэлбэл, ******* тухайн автозогсоолын өмчлөгч байгаагүй гэдэгтэй нэхэмжлэгч маргаагүй.

7.2 Худалдах, худалдан авах гэрээ байгуулах гэж байсан, сайн дураараа үүнээсээ татгалзсан учир түрээсийн төлбөр 7,602,852 төгрөгийг төлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй.

7.3 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ******* нь *******той түрээсийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, сар бүр 240,000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож, тухайн автозогсоолыг *******т шилжүүлж өгсөн. Тэрээр тухайн автозогсоолыг 34 сар, түүний дүү нь 4 сар, нийт 38 сар ашигласан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 8,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, түрээсийн төлбөрт 9,120,000 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Түрээсийн гэрээ гэх гэрээг байгуулсан. Гэрээгээр ******* нь *******, *******, *******, *******-111 дугаар байрны зоорийн давхарын 12 м.кв талбайтай автозогсоолыг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл *******т түрээслүүлэх, ******* нь түрээсийн төлбөрт 1 сарын 240,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. /хх 30-34/ Гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид түрээсийн төлбөрт нийт 640,000 төгрөг төлсөн, хариуцагч нь тухайн автозогсоолыг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн үйл баримтыг шүүх зөв тогтоосон.

3.1 Харин анхан шатны шүүх дээрх гэрээний дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд учир дутагдалтай болжээ.

3.2 Учир нь, дээрх гэрээ нь Түрээсийн гэрээ гэх нэртэй боловч гэрээний зүйл, зориулалт зэргээс үзэхэд хариуцагч нь автозогсоолыг нэхэмжлэгчид ашиглуулахаар эзэмшлийг шилжүүлэх, нэхэмжлэгч гэрээгээр тохирсон хөлс төлөхөөр тохирсон нь агуулгын хувьд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтад илүү нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний хувьд гэрээний зүйл нь аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгийг шилжүүлдэг бол мөн хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйлд дээрх шаардлага тавигдахгүй. Иймд дээрх гэрээний зүйл нь автозогсоол буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхтэй хамааралгүй хөрөнгө байх тул давж заалдах шатны шүүх дээрх гэрээний дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг өөрчилж дүгнэв.

Түүнчлэн, эд хөрөнгө хөлслөх гэрээнд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлага тавигдахгүй тул мөн зүйлийн 318.4 дэх хэсэгт заасан шаардлага буюу гэрээний хүчин төгөлдөр бус асуудал мөн адил тавигдахгүй.

4. Талууд 2020 оны 04 дүгээр сард тухайн автозогсоолыг 25,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар аман хэлбэрээр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдсон байна. /хх 1, 22, 213, 219, 221/ Үүний дагуу нэхэмжлэгч нь автозогсоолын үнэд 16,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн. /хх 6-9, 29/ Уг үйл баримтад талууд маргаагүй.

4.1 Анхан шатны шүүх дээрх гэрээний дагуу талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Өөрөөр хэлбэл, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулж болох бөгөөд харин өмчлөх эрхийг шилжүүлэхэд мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх тул уг зохицуулалт тухайн маргаанд хамааралгүй.

5. Зохигчийн тайлбар болон чатанд үзлэг хийсэн тэмдэглэлээр нэхэмжлэгч нь АНУ руу удаан хугацаагаар явах болсны улмаас худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг буцаан авах хүсэл зоригоо хариуцагчид илэрхийлсэн. /хх 168-187/ Улмаар, хариуцагчаас нэхэмжлэгчид 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 16,000,000 төгрөгөөс 8,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. /хх 27/

5.1 Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн төлбөрөөс үлдэх хэсэг болох 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь шийдлийн хувьд зөв болжээ.

5.2 Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд автозогсоолыг эзэмшиж, ашигласны төлбөрийг төлөх үүрэгтэй агуулгаар дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж заасан үндэслэлээр талуудын байгуулсан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа 2020 оны 03 дугаар сард дуусгавар болж, улмаар мөн оны 04 дүгээр сард талуудын хооронд тухайн автозогсоолыг худалдах-худалдан авах гэрээний шинэ харилцаа үүссэн байна.

6. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд мөн зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.

6.1 Хариуцагч нь сөрөг шаардлагын үндэслэлээ ....Манай зүгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан нэхэмжлэгч тал автозогсоолыг ашигласан хугацааныхаа түрээсийн төлбөрийг гэрээний дагуу төлөх ёстой, энэ төлбөр манай хохирол болж үлдэх ёсгүй гэх агуулгаар тодорхойлсон. Нэхэмжлэгч нь маргааны зүйл болох автозогсоолыг 34 сарын хугацаанд өөрийн эзэмшил, ашиглалтад байлгасан үйл баримт тогтоогдсон. Мөн уг үйл баримтын талаар зохигч маргаагүй тул хариуцагч нь эд хөрөнгө хөлслөх гэрээний үнээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хохирлын хэмжээг тодорхойлсон нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь автозогсоолыг худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсаныг хариуцагч зөвшөөрсөн нь талууд харилцан тохиролцож гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэл болохгүй тул хариуцагч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч автозогсоолыг эзэмшиж, ашиглаж байсан хугацааны үнээр түүнээс 7,602,582 төгрөгийг хохиролд тооцон шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...талууд харилцан тохиролцож гэрээг цуцалсан, ...нэхэмжлэлийн шаардлагаас 7,602,582 төгрөгийг түрээсийн төлбөр гэж шүүх суутгасан нь үндэслэлгүй гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан хоёр тусдаа гэрээний харилцааг харилцан тооцсон нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэг болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцээгүй байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагчаас 8,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 7,602,582 төгрөг гаргуулан хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,517,418 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/07007 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 8,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгч *******оос 7,602,582 төгрөг гаргуулан хариуцагч *******д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,517,418 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

М.БАЯСГАЛАН