Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/01757

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/03363 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ХХК, ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 19,791,683 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******ХХК болон хариуцагч ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: *******ХХК-ийн захирал ******* 2020 оны 03 сарын сүүлээр ******* ХК-ийн үйлдвэрлэлийн талбайн торон хашаа барих тендерт ялсан, санхүүжилт дутагдалтай байгаа тул хамтран гүйцэтгэх компани хайж байна гэж анх уулзсан. Тэрээр ******* ХК-ийн 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 13/830 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичиг үзүүлээд одоо гэрээ байгуулахад барьцаа 60,000,000 төгрөг яаралтай хэрэгтэй байна гэсэн. Миний бие өөрийн амьдардаг орон сууцаа барьцаалж 2020 оны 04 сарын 06-ны өдөр ******* ХЗХ-ноос 50,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэн авч, дээр нь өөрөөсөө 10,000,000 төгрөгийг нэмээд тендерийн гүйцэтгэлийн баталгаа болох 60,000,000 төгрөгийг бүрдүүлж шилжүүлсэн. Үүнээс хойш *******тай холбогдохоор тендерийн ажил удахгүй эхэлнэ, та бэлэн байгаарай гээд яваад байсан. Сүүлдээ *******ХХК-ийн захирал ******* надтай ярихаа больсон учир шалгаж үзтэл *******ХХК тендерт шалгараагүй, миний шилжүүлсэн 60,000,000 төгрөгийг данснаасаа аваад компаний өр төлбөр, хувийн хэрэгцээндээ зарцуулсан байсан. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 09-ний өдрийн ******* тоот шийтгэх тогтоолоор *******ХХК-ийн захирал *******ыг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оноосон. *******ХХК-ийн захирал ******* нь мөрдөн байцаалтын шатанд буюу 2021 оны 01 сарын 20-ны өдөр тендерийн гүйцэтгэлийн баталгаа 60,000,000 төгрөгийг буцааж өгсөн боловч надад учирсан хохирлыг бүрэн барагдуулж чадаагүй. Тендерийн гүйцэтгэлийн баталгааг буцааж өгөх хүртэлх хугацаанд 2020 оны 04 сарын 06-ны өдөр ******* ХЗХ-оос авсан 50,000,000 төгрөгийн зээлийг төлж чадалгүй явсаар байгаад гэрээний хугацаа хэтэрч, зээлийн хүү бодогдсон. Уг зээлийг хаахын тулд 2020 оны 11 сарын 23-ны өдөр ******* ХЗХ-той 70,000,000 төгрөгийн зээлийн гэрээ шинээр байгуулан авсан зээлээ 2021 оны 01 сарын 12-ны өдөр хаасан. Зээлийн үндсэн төлбөр 70,000,000 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү 4,602,740 төгрөг, нийт 74,602,740 төгрөг төлсөн. Гэтэл ******* нь тохиролцсон хугацаандаа мөнгөө өгөөгүй бөгөөд 2021 оны 01 сарын 20-ны өдөр тендерийн гүйцэтгэлийн баталгаа 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг 60,000,000 төгрөгийн 10,000,000 төгрөг нь анх би өөрөөсөө нэмж гаргаж өгсөн мөнгө бөгөөд үлдсэн 50,000,000 төгрөг нь ******* ХЗХ-оос авсан зээл юм. Тиймээс 2021 оны 01 сарын 20-ны өдөр буцааж өгсөн 50,000,000 төгрөг нь ХЗХ-оос авсан зээлийг 2021 оны 01 сарын 12-ны өдөр хаахад надаас гарсан 74,602,740 төгрөгийн зардлыг нөхөхөд хүрэлцээгүй ба *******ХХК-аас надад буцааж өгсөн мөнгө болон хоршооны зээлийг хаасан дүнгийн зөрүү нь 26,602,740 төгрөг болж, үүнээс ******* ХЗХ-д зээлийн хүүнд төлсөн 19,791,781 төгрөгийн зардлыг бүрэн барагдуулалгүй, хохирол учруулаад байна. Хариуцагч ******* нь *******ХХК-ийн тендерийн сонгон шалгаруулалт хүчингүй болсон талаар надад тухайн үед нь мэдэгдэж, зохих ёсоор буцааж өгсөн бол би ХЗХ-нд их хэмжээний хүү төлж хохирохгүй байсан.

Иймд өөрөө ашиглаагүй зээл, зээлийн хүүг ХЗХ-нд төлж хохирсон тул надад учирсан хохирлыг бүрэн барагдуулж, зээлийн хүүнд төлсөн 19,791,781 төгрөгийг хариуцагч *******ХХК, ******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын тайлбарын агуулга: *******ХХК-ийн хувьд *******д учруулсан 60,000,000 төгрөгийн асуудлыг өмнө нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж, шүүхийн шийдвэр гарахаас өмнө 60,000,000 төгрөгийг *******ийн дансанд шилжүүлж дууссан. Талуудын хооронд зээлийн гэрээ, түүний хүү болон өөр төлөх төлбөр үлдэгдэлгүй гэж шүүхийн шийтгэх тогтоолд тусгасан. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ******* нь хохирол гомдолгүй, хохирлоо бүрэн авснаа илэрхийлсэн тул шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар эцэслэн шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай аливаа асуудлын талаар эрүүгийн журмаар нэгэнт шийдвэрлэж шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр тул нэхэмжлэл үндэслэлгүй. Нэхэмжлэгч болон хариуцагч талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа анхнаасаа үүссэн. Нэхэмжлэгч нь өөрөө гэрээнд сайн дураараа ашиг олох гэж оролцсон бөгөөд эрсдлээ мэдэж байсан. Харин ч нэхэмжлэгчид анх оруулсан төлбөрийг хариуцагч нь бүтэн буцааж өгснийг шүүх анхаарч үзэх ёстой. Нэхэмжлэгчийн бусдаас зээл авсан, буцаан төлсөн баримтууд эргэлзээтэй, мөн нэхэмжлэгч нь өөрөө зээл авсан, буцаан төлсөн гэх ХЗХ-ны эзэн нь байгааг анхааралдаа авахыг шүүхээс хүсч байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хариуцагч *******аас 19,791,683 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч *******ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,909 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 256,909 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч, хариуцагч хоёр анхнаасаа ******* ХЗХ-оос зээл авах талаар ярилцаагүй, тохиролцоогүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид мэдэгдээгүй зээл авсан. Хариуцагчийн тендерийн гүйцэтгэлийн ажиллагаа бүтэх эсэхээс үл хамааран нэхэмжлэгч зээлийн эргэн төлөлтийг өөрөө төлөх үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хүүг хариуцагчид хамааруулсан нь хууль зүйн үндэслэлгүй.

4.2. ******* нь ******* ХХК-ийн дансанд 2020 оны 04 сарын 06-ны өдөр хийсэн 60,000,000 төгрөг нь тендерт ялбал ирээдүйд бий болох хөрөнгө оруулалт бөгөөд тендерийн үйл ажиллагаа дууссаны дараа буцаан олгогдох барьцаа мөнгө байсан.

4.3. ******* нь ******* ХЗХ-оос 50,000,000 төгрөгийн зээл авч зээлийн хүүг cap сард төлж хохирсон гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт хүүг зээлдүүлэгчийн дансанд cap бүр графикийн дагуу бодитоор шилжүүлсэн, баримт, хуулга зэрэг нотлох баримт байхгүй, энэ үйл баримт нотлогдоогүй. Өөрийн өмчлөлийн Орхон аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол хаягт байрлах, ******* байр, ******* тоот 19.4 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалан барьцааны гэрээг ******* ХЗХ-той байгуулж зээл авсан гэх барьцааны гэрээ нь эзэмшилд шилжээгүй, улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдээгүй, зээлийн гэрээний бүртгэлийн гэрээний лавлагаа гаргуулах хүсэлтийг нэхэмжлэгч үгүйсгэж хэрэгт хавсаргаагүй, бодитоор хийгдээгүй, дансны хуулга байхгүй, зээлийн гэрээг нотариатаар баталгаажуулаагүй, он cap өдөр зөрүүтэй байхад хуурамч баримт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн.

4.4. *******ын тендерийн барьцаа болгон авсан 60,000,000 төгрөгийг буцаан олгоогүй гэм буруутай үйлдэл байсныг эрүүгийн журмаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд гэм буруутайд тооцож, 10,000,000 төгрөгөөр торгох ял оноож, шийдвэр хүчин төгөлдөр байхад дахин тендерийн гүйцэтгэлийн баталгаа буцааж өгөлгүй завшсаны улмаас учирсан хохиролд 19,781,781 төгрөгийг гаргуулахаар эрүүгийн журмаар шийдвэрлэсэн байхад иргэний журмаар дахин шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. ******* завшсан, хохирол учруулсан гэх 60,000,000 төгрөгийг 2021 оны 01 сарын 20-ны өдөр буцаан өгснөөр учирсан хохирлыг бүрэн барагдуулсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны шийдвэр гаргасан. Давж заалдах гомдлын хүрээнд эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийг иргэний шүүхээр шийдвэрлэх нь хууль зөрчсөн гэж байгаа нь үндэслэлгүй. Яагаад гэвэл Иргэний хуулийн 497.1, 510 дугаар зүйлийг үндэслэн тухайн эрүүгийн хэрэгтэй холбоотой гэм хорын асуудлыг шийдвэрлэсэн. Энэ талаар давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 сарын 31-ний өдрийн магадлалаар учирсан хохирлыг шаардаж байгаа, эсхүл хамтран ажиллах гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой шаардаж байгаа, бүрэлдэхүүнтэй шийдэх эсэхийг тодруулахаар анхан шатны шүүхэд хэргийг буцаасан. Анхан шатны шүүх хэргийг Иргэний хуулийн 497.1, 510 дугаар зүйлд зааснаар бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн. Бид гэрээний үүрэг шаардаагүй. Эрүүгийн гэмт хэргийн улмаас үүссэн гэм хорын хохирол шалтгаант холбоотой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн. Завших гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, талууд маргадаггүй. Анх 60,000,000 төгрөг өгөхдөө 50,000,000 төгрөгийг байраа барьцаалж, зээлж, харин өөрөөсөө гаргасан 10,000,000 төгрөгт хүү шаардаагүй. Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ХХК, ******* нарт холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 19,971,683 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 11 сарын 09-ний өдөр *******т холбогдох *******д их хэмжээний буюу 60,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг хянаад ******* дугаар шийтгэх тогтоол гаргаж, уг тогтоолоор шүүгдэгч *******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар *******ыг 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгчдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Эрүүгийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед буюу 2021 оны 01 сарын 20-ны өдөр ******* нь 60,000,000 төгрөгийг *******д буцаан шилжүүлсэн байна.

4. ******* нь ...******* захиралтай *******ХХК-д 2020 оны 04 сарын 06-ны өдөр 60,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ ******* ХЗХ-оос 50,000,000 төгрөгийг зээлдэн авч, хүүнд нь 19,971,683 төгрөгийг төлж хохирсон... гэж тайлбарлах боловч *******ХХК-ийн захирал ******* нь тухайн мөнгөн хөрөнгийг ******* нь бусдаас хүүтэй зээлдэн авч, түүнд өгсөн талаар мэдсэн гэж үзэх нөхцөл байдал, мөн ******* ХЗХ-оос *******ийн зээлдэн авсан мөнгөн хөрөнгийн хүүг *******ХХК-ийн захирал ******* хариуцан төлөх нөхцөлийг анхнаасаа харилцан тохиролцсон гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тус тус тогтоогдсонгүй.

5. Иймд хариуцагч тал нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 60,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талд буцаан төлсөн, мөн *******ын үйлдсэн гэмт хэрэг нь *******оос бусдад хүүнд төлсөн мөнгөтэй шалтгаант холбоогүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй, энэ талаарх хариуцагч талын гаргасан холбогдох татгалзал, давж заалдах гомдол үндэслэлтэй.

6. Өөрөөр хэлбэл, ******* нь ямар санхүүгийн эх үүсвэрээс 60,000,000 төгрөгийг *******ХХК, захирал *******т шилжүүлэн өгөх нь хариуцагч талд хамаагүй бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар аливаа ХЗХ-оос зээл авсан тухайн этгээд нь зээлийг хүүгийн хамтаар буцаан төлөх үүргийг өөрөө хүлээнэ.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/03363 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хариуцагч *******ХХК, ******* нарт холбогдох 19,791,683 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 256,909 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР 

Д.НЯМБАЗАР