| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Туяа |
| Хэргийн индекс | 142/2017/0058/Э |
| Дугаар | 000068 |
| Огноо | 2017-06-07 |
| Зүйл хэсэг | 181.3., |
| Улсын яллагч | Ц.Идэрмөнх |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 000068
Ж.Золбаярт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Индексийн дугаар 142/2017/0058/Э
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Идэрмөнх
Ялтан Ж.Золбаяр
Ялтны өмгөөлөгч С.Батмөнх-Очир
Нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нарыг оролцуулан
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолтой, Жаргалсайханы Золбаярт холбогдох, 201714000089 дугаартай, эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгч С.Батмөнх-Очирын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 22 ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Тэди” төвд гар утас засдаг ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Зүүн дэнжийн 2-11 тоотод оршин суух, урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1.д зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлээд ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, ЧО 87012278 регистрийн дугаартай, Боржигон овгийн Жаргалсайханы Золбаяр.
Шүүгдэгч Ж.Золбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэди” төвийн гаднах авто машины зогсоол дээр шалтгаангүйгээр бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай зүйл буюу “Сэнгүр” пивоны шилээр Э.Баттуяаг цохиж хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Боржигон овгийн Жаргалсайханы Золбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 551.1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3.т зааснаар Ж.Золбаярыг 3 жил 5 сар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.д заасныг журамлан 52.5.д зааснаар Ж.Золбаярын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч Ж.Золбаярын цагдан хоригдсон 86 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Золбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Ялтны өмгөөлөгч С.Батмөнх-Очир давж заалдах гомдолдоо:
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Үүнд: - Хохирогч Э.Баттуяагаас “Ж.Золбаярт зодууллаа” гэсэн мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэх үеэс эхлэн мөрдөн байцаагч, прокурор хэт нэг талыг барьж “Золбаярын үйлдэл нь гарцаагүй танхайн гэмт хэрэг мөн” гэсэн байр суурьтай ажиллаж, шаардлагатай гэрч болох хохирогч Э.Баттуяатай хамт явсан Билгүүн нарын 3 хүнийг байцаагаагүй буюу байцаахыг огт хүсээгүй.
Хохирогч Э.Баттуяад учирсан гэх гэмтлийн зэргийг тогтоосон гэж шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 137 дугаартай тогтоол нь илт буруу байсан талаар яллагдагчаар татагдаад байсан Ж.Золбаяр болон миний бие мөрдөн байцаагчид мэдэгдэж, хүсэлт гаргасаар байтал нэмэлт гэх шинжилгээг хууль зөрчин томилж, яллагдагчийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.12, 36.3.14.т заасан эрхүүдийг эдлүүлэхгүйгээр шинжээчийн дүгнэлт гаргуулснаар хохирогчийн биед гэмтэл үүссэн байж болзошгүй мэтээр гарсан.
БОЭТ-д 10000 төгрөгний төлбөртэй авахуулсан хохирогчийн гавал тархины рентгэн зураг нотлох баримтаар үнэлэгдэж, тухайн зургийг хангалттай бус гэж үзээд “МедиПас” эмнэлгийн компьютерт томограф зураг /ямар ч гэмтэлгүй гэх/ огт үнэлэгдээгүй байна. Энэ зургийг авахуулсан материал хавтаст хэргийн 64 дүгээр талд байгаа бөгөөд мөрдөн байцаагч, прокурор “Эрүүгийн хуулийн 181.3 буюу зэвсэгтэй танхай нь гэмтэл шаарддаггүй" гэж үзсэн нь Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанарыг заавал нотолно гэснийг орхигдуулсан үйл ажиллагаа болжээ.
Хэргийг анхнаасаа хүнд буюу эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 -т заасан зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан хэрэг мөн гэж үзэж дүгнэлт гаргасан учраас тухайн өдөр Ж.Золбаяр сэтгэл санааны хувьд болон бусадтай харьцах харьцаа ямар байсан болон яг ямар шалтгаанаар Э.Баттуяа нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан болохыг тодруулах ажиллагаа огт хийгдээгүй буюу Ж.Золбаярт бусдыг илтэд үл хүндэтгэн бүдүүлэг, догшин авирлаж, тухайн үйлдлээ олон нийтийн амгалан тайван байдалд ноцтой хохирол учруулахаар удтал үргэлжлүүлэх санаа зорилго анхнаасаа төрсөн байсан эсэх буюу танхайрах гэсэн шууд санаа, сэдэлт буюу гэмт хэргийн субъектив талын шинж байсан эсэхийг тогтоогоогүй байна. Энэ нь гэмт хэргийн бүрэлдхүүний үндсэн шинж болох субъектив тал байхгүй байхад таамаглал төдий зүйлээр Ж.Золбаярыг гэм буруутай гэж дүгнэн ял шийтгэл оногдуулсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Ж.Золбаярт 3 жил 5 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Идэрмөнх дүгнэлтдээ:
Шийтгэх тогтоолд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, шүүгрдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Золбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт “Тэди” төвийн гадаа хохирогч Э.Баттуяаг машинд сууж байхад нь хаалгыг нь онгойлгоод ... муухай хараад байна уу, үгүй юу... гэж хэлээд тэнд байсан пивоны шилээр толгой руу цохиж бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн нийгмийн хэв журмыг зөрчиж , биед нь хөнгөн гэмтэл учруулсан танхайн гэмт хэрэг үйлджээ.
Энэ нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох :
- Шүүгдэгч Ж.Золбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр найзуудын хамт Согоот багт байдаг “М” клубд найзуудын хамт 2 шил архи уугаад гарч ирсэн..., Баарнаас гараад иртэл Шинэ-Эрдэнэ машинтайгаа явж байхаар нь түүнийг таниад машиных нь урд тулаад зогссон..., Би Шинэ-Эрдэний машин дотор жолоочийн урд талын суудалд сууж байсан Баттуяа гэх залууд хандаж тоглоомоор муухай хараад байна уу ... гэж хэлсэн. Баттуяа дуугарахгүй суугаад байхаар нь машины голын хайрцаганд 2 пивоны шил байхаар нь нэгийг нь аваад түүнийг тоглоомоор айлгах гээд нүүрнийх нь урдуур далайтал тэр нүүрээрээ наашлаад пивоны шилэнд цохигдчихсон..., Би Баттуяаг цохие гэж цохиогүй..., дух нь улайсан байсан, цус гарсан зүйл байхгүй байсан ..., гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Э.Баттуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Шинээ машинаас буугаад та нар холдооч зам чөлөөл гэж хэлж байх үед нэг танихгүй согтуу залуу жолооч талын хаалгыг онгойлгоод машин дотор орж ирж суулгүй, биеэрээ машинд тонгойж орж ирээд... муухай хараад байна уу... гэж хэлэхээр нь би хариу хэлж чадаагүй байтал машины дунд талын хайрцаганд байсан Сэнгүр пивоны хоосон шилээр миний толгой руу цохьчихсон” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 10-р хуудас/
- Гэрч Н.Шинэ-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Золбаяр миний машин руу очоод урд талын суудалд сууж байсан Баттуяаг ...муухай хараад байна уу... гээд пивоны шилээр цохичихсон байсан..., Намайг нэг залуутай хальт маргалдаж байх үед машин дотор хүмүүсийн дуу чанга сонсогдож эхлэхээр нь очтол Баттуяагийн толгойноос цус гарчихсан байсан..., Баттуяа наадах чинь пивоны шилээр цохьчихлоо гэж хэлсэн..., Энэ үед Ж.Золбаяр жолооч талын хаалгыг онгойлгоод зогсож байсан..., Золбаяр, Баттуяа нарт маргалдах муудалцах хугацаа байгаагүй, асуудал их хурдан болсон..., Золбаяр, Баттуяад хандаж муухай хараад байна уу гэж хэлэхийг сонссон. ..,тэгээд л шилээр цохичихсон юм билээ..., гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/
Гэрч Х.Энхгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Э.Баттуяа гэх 27 настай эрэгтэй хүн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр надад үзүүлэхдээ 7 хоногийн өмнө шилээр толгойгоо хагалуулсан. ..,Одоо толгой дүүрч лугшиж өвдөнө, бие нозоорно, гэдэс гүйлгэнэ гэсэн зовиуртай ирсэн..., Ингээд түүний биед үзлэг явуулахад биеийн байдал дунд зэрэг, ухаан саруул, амьсгал зүрх судасны үйл ажиллагаа хэвийн, мэдрэлийн үзлэгт хөндлөн нистагемойдтой /гавлын тархи доргилтын нэг шинж/, шөрмөсний рефлексүүд хурдассан байсан тул тархи доргилт оношлогдсон..., Цохилтын хүчнээс хамааран тархи доргилт үүсч болно..,. Язарсан шарх үүстэл, толгой савлаж хөдөлтөл цохисон бол тархи доргино.., гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/
-Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны 137 дугаартай :
Э.Баттуяагийн биед тархи доргилт, духанд зулгаралт үүсчээ..., Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой..., Уг гэмтэл нь шинэ гэмтэл ба цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй байна..., Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна..., Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1.д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..., Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.., гэсэн дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/,
-Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны нэмэлт шинжилгээ хийсэн
2017 оны 02 дугаар сарын 24-ний 219 дугаартай :
Э.Баттуяагийн биед духанд үстэй хэсгийн заагт 1.5х1.5 см хэмжээтэй тавшсан зулгаралт байсныг “15х15” гэж бичигдсэн байгаа нь техникийн алдаа болжээ..,. Э.Баттуяагийн биед тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1.д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..., Духанд үүссэн зулгаралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6.д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй..., Хохирогч Э.Баттуяагийн бие махбодид учирсан гэмтлээс болж түүний биед үлдэц, хор уршиг учирсан эсэх гэдэг нь асуулттай давхардсан байна..., Хөнгөн зэргийн гэмтэл нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.., Гоо сайхан гэдэг ойлголтыг шүүх эмнэлэг тогтоохгүй ба хүний нүүр засрашгүй гэмтэж, нүүрний дүр төрх алдагдсан эсэхийг тогтооно... гэсэн дүгнэлт / хх-ийн 25-р хуудас / зэргээр нотлогдож тогтоогдсон байна.
Ж.Золбаярын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх түүнд хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан бөгөөд ял нь түүний үйлдсэн хэргийн шинж, гэм бурууд тохирчээ.
Дээрх нотлох баримтууд нь шүүгдэгч Ж.Золбаярын үйлдлийг нотлож байгаа бөгөөд эдгээр нотлох баримтыг үгүйсгэсэн эсхүл түүнийг гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гомдолд заасан үндэслэлээ нотлож чадахгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдээгүй, түүний үйлдэлд танхайн гэмт хэргийн субъектив талын шинж байхгүй..., нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Ж.Золбаярт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу бэхжүүлсэн, гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авсан, анхан шатны шүүх хэргийг шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэсэн байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ж.Золбаярын өмгөөлөгч С.Батмөнх-Очирын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА
Ц.ТУЯА