Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 206

 

Ө.Энх-Учралд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Шүүгч Б.Батцэрэн даргалж,

Шүүгч Д.Ганзориг, Б.Цогт, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор А.Оюунгэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис,

Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 358 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 383 дугаар магадлалтай 201401020205 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1994 онд төрсөн, ял шийтгүүлж байгаагүй Боржигон овогт Өнөрбаярын Энх-Учрал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх заалтад заасан “Танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ө.Энх-Учралыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, зэвсэг хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх заалтад зааснаар 7 жил 6 сар, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 болон 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар оногдуулсан хорих ялаас тус бүр 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан, биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6, 52.10-д зааснаар эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Энх-Учрал, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Б.Тэнгис нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:  “...Гэрч Төмөрхуяг болон шүүгдэгч Ө.Энх-Учрал нарын мэдүүлснээр хохирогч нарын буруутай үйл ажиллагаа байсан болох нь харагдаж байна. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд зааснаар хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж тогтоогоогүй, уг хуулийн 318 дугаар зүйлд зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьсан, гүйцэд биш хийсэн гэж үзэж байна. Хохирогч нар нь Ө.Энх-Учрал руу залгаж “Өлзийжаргалтай нийлж хувцас, мөнгө хулгайллаа” гэж түүнийг буруутгаснаас талуудын хооронд хувийн таарамжгүй харьцаа үүссэн болох нь харагдах бөгөөд Ө.Энх-Учралын үйлдэл нь танхайн шинжтэй байсан эсэх нь эргэлзээтэй байна” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Ө.Энх-Учрал нь согтуугаар, танхайн сэдэлтээр 2013 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө У.Мөнх-Эрдэнийн цээж болон хүзүүнд тус бүр 1 удаа хутгалж, цээжний хөндий нэвтэрсэн шарх буюу бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан,

мөн 2013 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө У.Бат-Эрдэнийн цээжний зүүн дээд хэсэгт 1 удаа хутгалж, бие махбодид хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болсон, түүнчлэн хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч нарын зүгээс өөр хүмүүст хандаж гаргасан хууль ёсны шаардлагыг шалтаг болгон өөрт нь үл хамаарах уг асуудлаар хохирогч нартай хэрүүл маргаан өдүүлж, элдвээр доромжлон, ална хэмээн заналхийлж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, догшин авирлаж танхайрах явцдаа нэг хүний бие махбодид хөнгөн, өөр хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан шүүгдэгч Ө.Энх-Учралын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт цугларсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудад үндэслэн, хэрэг үйлдэгдэх үед байсан гэрчүүдийн мэдүүлгийг тал бүрээс нь хянаж, хэргийн бусад нөхцөл байдалтай харьцуулан дүгнэж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлд тулгуурлан хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Танхайн сэдэлтээр, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүний бие махбодид  хөнгөн гэмтэл учруулсан, мөн уг хэргийг үргэлжлүүлэн үйлдэх явцдаа өөр хүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан Ө.Энх-Учралын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байх бөгөөд шүүхээс ял шийтгэл оногдуулах нийтлэг зарчмыг үндэслэн, шүүгдэгчийн хувийн байдал болон ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулсан, түүнчлэн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар оногдуулсан хорих ялын заримыг өршөөн хасаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн “хувийн таарамжгүй харьцаа үүссэн болох нь харагдаж байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 358 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 383 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн хяналтын шатны шүүхэд хандаж гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БАТЦЭРЭН

                               ШҮҮГЧ                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН