Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 000069

 

 

       

 

 

 

 

 

 

 

 

 

                                                             Т.Хишигдэлгэрт холбогдох

                                                               эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                          Хэргийн индекс 142/2017/0087/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

          Шүүх хуралдаанд: 

 

                      Прокурор                                            Г.Эрдэнэбаатар

                      Ялтан                                                   Т.Хишигдэлгэр

                      Ялтны өмгөөлөгч                              Р.Бямбажав

                      Нарийн бичгийн дарга                     Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 104 дугаар шийтгэх тогтоолтой Тунгалагийн Хишигдэлгэрт холбогдох, 201714000138 дугаартай эрүүгийн хэргийг ялтан Т.Хишигдэлгэрийн давж заалдах гомдол, дээд шатны прокурорын эсэргүүцлийг тус тус үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 8, ээж, эгч, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 21а-17 тоотод оршин суух, урьд нь 2010 оны 08 дугаар сарын 12-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2016 оны 04 дүгээр сарын 04-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ФА-95042235 регистрийн дугаартай, Хилэнгүүд овгийн Тунгалагийн Хишигдэлгэр.

 

Т.Хишигдэлгэр нь 2017 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Булаг багийн 36-1 тоотод Ж.Ганхуягийг дүүгээ өмөөрлөө гэх шалтгаанаар маргалдан жаазны хагархай шилээр зүүн бөөр лүү нь хатгаж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 104 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Хилэнгүүд овгийн Тунгалагийн Хишигдэлгэрийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д зааснаар шүүгдэгч Т.Хишигдэлгэрийг 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.д заасныг журамлан мөн хуулийн 52.5.д зааснаар шүүгдэгч Т.Хишигдэлгэрт оногдуулсан 5 жил 1 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч Т.Хишигдэлгэрийн цагдан хоригдсон 50 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1.д зааснаар шүүгдэгч Т.Хишигдэлгэрээс 507 960 төгрөг гаргуулж хохирогч Ж.Ганхуягт олгож, үлдэх 3 992 040 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3.д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шилний хагархайнуудыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, цамцыг хохирогч Ж.Ганхуягт буцаан олгож,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ж.Ганхуяг нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Хишигдэлгэрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Ялтан Т.Хишигдэлгэр давж заалдах гомдолдоо:

 

Миний бие Т.Хишигдэлгэр нь шүүхээс 5 жил 1 хоног хорих ялаар шийтгүүлсэн ба үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би Ганхуягт гэмтэл учруулаагүй бид 2 маргалдаж, хоорондоо барьцалдах үед орны дээр хананд өлгөсөн жааз унаж хагарсан ба бид хоёр салахад Ганхуяг гэмтсэн байсан. Ганхуяг гэмтэл авч нэг бөөрөө авахуулсан явдалд би маш их харамсаж байна. Гэхдээ би түүнийг хатгаж гэмтээгээгүй учир надад гомдолтой байна.

 

Энэ хэргийг дахин сайтар хянаж өгнө үү гэжээ.

 

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 104 дугаартай шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангаагүй байна.

 

Ялтан Т.Хишигдэлгэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон атлаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

 

Ялтан Т.Хишигдэлгэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.12.д заасан ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдох ба тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөөгүй, хохирогч Ж.Ганхуяг нь гомдолтой байгаа зэрэг хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байсаар байтал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.д заасныг журамлан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд эрүүгийн 201714000138 дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1.д заасныг удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Эрдэнэбаатар дүгнэлтдээ:

 

Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн прокурорын газраас Т.Хишигдэлгэрийг 2017 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 36-1 тоотод Ж.Ганхуягийг дүүгээ өмөөрлөө гэх шалтгаанаар маргалдан жаазны хагархай шилээр зүүн бөөр лүү нь хатгаж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэж эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Хишигдэлгэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 5 жил 1 хоног хорих ялаар шийтгэсэн байна.

 

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл:

Шүүгдэгч Т.Хишигдэлгэрийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

 

...2017 оны 02 дугаар сарын 26-ны шөнийн 00 цагийн үед ээжийн хамгийн том ах нас бараад эхнэртээ энэ тухай ирж хэлээд уйлаад сууж байхад Ганхуяг ах гаднаас орж ирээд “чи яахаараа дандаа архи уучихаад орж ирдэг юм бэ” гэж уурлаад бид хоёр барьцалдаж аваад орон дээр ноцолдсон. Ноцолдож байхад орны ард байсан жааз унаж хагарсан. Орон дээр ноцолдож байхад Ганхуяг ахын эхнэр гаднаас орж ирээд бид хоёрыг салгахад Ганхуяг ахын нуруунаас цус гарч байсан. Би санаатай шилээр хатгаж Ганхуяг ахын биед гэмтэл учруулаагүй... гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ж.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 

...Манай гэрт миний эгч Цэцэгмаа, охин Ууганцэцэг түүний нөхөр Хишигдэлгэр нар надтай хамт амьдарч байгаа ба 2017 оны 02 дугаар сарын 26-ны орой Хишигдэлгэр гаднаас орж ирээд “хамаатных нь хүн нас барсан байна” гэх мэтийн зүйл яриад сууцгааж байсан..., гаднаас манай хамар хашаанд байдаг төрсөн дүү Ганхуяг орж ирээд яасан их архи уудаг юм гээд Хишигдэлгэртэй маргалдаж эхэлсэн..., Хоорондоо барьцалдаж аваад цонхны урд байдаг төмөр орон дээр зууралдаад дээр доороо ороод ноцолдоод эхэлсэн..., Би тухайн үед тэр хоёрыг салгах гээд дийлээгүй..,.Гаднаас Ганхуягийн эхнэр Гоецэцэг, манай ах Батчулуун нар орж ирээд салгах гээд бас дийлээгүй..., Хишигдэлгэр, Ганхуяг нарыг орон дээр зодолдож байхад орны арын хананд тогтоосон байсан жаазтай зураг унаад шил нь хагаран унасан бөгөөд энэ үед Ганхуягийн нуруунаас цус гарч эхэлсэн..., Орон дээр цус их гарч шилний хагархайнууд нь цус болчихсон байсан..., Хишигдэлгэр Ганхуягийг шилээр хатгаж байхыг нь хараагүй ... гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ж.Ууганцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 

...Шөнийн 00 цагийн үед манай нөхөр Хишигдэлгэр эрүүл орж ирээд хамаатны ах нас барчихжээ гэж хэлээд миний хажууд суугаад уйлаад байсан..., Манай хамар хашаанд байдаг ээжийн дүү Ганхуяг ах орж ирээд манай нөхөртэй маргалдаад  барьцалдаж аваад цонхны хажуу талын төмөр орон дээр Ганхуяг ах доор нь манай нөхөр дээр нь гараад уначихсан хоёулаа бие биенээ заамдсан байсан..., ноцолдож байхад нь орны дээр хананд байсан жааз унаад шил нь хагарсан..., тухайн үед хагарсан шил нь Ганхуяг ахын нуруунд зоогдсон юм билээ..., Манай нөхөр гадуур хувцастайгаа байсан..., Харин Ганхуяг ах хар өнгийн дан цамцтай орж ирээд цамцаа тайлсан санагдаж байна...,Би Хишигдэлгэрийг Ганхуяг ахын нуруу руу шилний хагархайгаар хатгахыг хараагүй..., Би Хишигдэлгэрийг болиулах гээд яг ард нь зогсож байсан..., гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ж.Батчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 

...2017 оны 02 дугаар сарын 27-ны орой Батболдын гэрт ороход Ганхуяг газар хэвтчихсэн нуруунаас нь цус гарсан эхнэр нь Ганхуягийн нурууг хөнжлийн даавуугаар дараад цусыг нь тогтоох гэж байсан..., Энэ үед цонхны урд байсан төмөр орон дээр жаазны шил хагарсан тэр хавь цус болсон байдалтай байсан..., Би энэ хоёрыг орон дээр зодолдоод хагарсан шил Ганхуягийн нурууг хатгачихсан байна гэж бодсон..., ...Би Хишигдэлгэрийг шилээр дүүг маань хатгахыг хараагүй..., гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Гоёцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 

...2017 оны 02 дугаар сарын 26-ны шөнө нилээд орой болсон хойно бараг 00 цагийн үед Батболд ахынд ороод ирье гээд гарсан. ...Цэцэгмаа эгч манайд орж ирээд Ганхуяг Хишигдэлгэр хоёр зодолдоод байсан гэж манайд орж ирэхээр нь би Батболд ахын гэрт гүйгээд ороход нөхөр маань дээгүүр өмссөн цамцаа тайлчихсан цагаан төмөр орон дээр дээшээ хараад хэвтчихсэн түүний дээр Дээгий буюу Хишигдэлгэр дараад хэвтчихсэн орон дээр маш их цус болсон байсан... Би Хишигдэлгэрийг татаад босгох гэхэд босохгүй байсан. Зууралдаад босоход Ганхуягийн нуруунаас маш их цус гарч байсан. Тэр хоёр зууралдаад салахгүй байсан. ...Хишигдэлгэр манай нөхөр лүү ул боов, идээгээ авч шидээд “ингээд алчихъя, гүйцээчихьё” гээд байсан. ...Намайг орох үед манай нөхөр цамцаа тайлсан дээгүүрээ нүцгэн байсан. Манай нөхөр хагалгаанд орж зүүн бөөрөө авахуулсан... манай нөхрийн нуруу луу Хишигдэлгэр яаж хатгасан болохыг хараагүй. Цус хараад маш их айсан байсан тул нөхрийгөө “Хишигдэлгэрийг шилээр хатгачихлаа” гэж хэлснийг санахгүй байна... гэсэн мэдүүлэг,

 

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны Ж.Ганхуягийн биед бүсэлхийн зүүн талд хэвлийн арын хөндийд нэвтэрч зүүн бөөрийг гэмтээсэн хатгагдсан шарх, бүсэлхийн баруун талд зүсэгдэж хатгагдсан шарх зэрэг гэмтэл үүсчээ..., Гэмтлийн улмаас зүүн бөөрийг авах хагалгаа хийсэн..., Эдгээр гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 2 удаагийн хатгах, хатгагдах хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн..., Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. ...Шинэ гэмтэл байна. Бүсэлхийн зүүн талд хэвлийн арын хөндийд нэвтэрч зүүн бөөрийг гэмтээсэн хатгагдсан шарх нь, гэмтлийн хүнд зэрэгт, бүсэлхийн баруун талд зүсэгдэж хатгагдсан шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..., Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт 60% байна гэсэн дүгнэлт,

 

Шинжээч эмчийг мөрдөн байцаалтын шатанд байцаасан

 

... Ж.Ганхуягийн биед үүссэн бүсэлхийн зүүн талд хэвлийн арын хөндийд нэвтэрч зүүн бөөрийг гэмтээсэн хатгагдсан шарх болон бүсэлхийн баруун талд зүсэгдэж хатгагдсан шархны шинж байдлаас үзэхэд уг хоёр шарх нь ойролцоо түвшинд байгаагаас үзэхэд хагархай шилэн дээр унах үед үүсэхийг үгүйсгэхгүй. Хагархай шилэн дээр унахад өөрийн биеийн жингийн хүч дээр нэмэлт хүч үйлчилснээс тухайлбал түлхэгдсэнээс үүсэх магадлал өндөр... гэсэн тэмдэглэл,

 

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 12-ны 29 дугаартай :

 

Хохирогч Ж.Ганхуягийн хэрэг гарах үед өмсөж байсан хар өнгийн цамцны ар хэсэгт 6х10 мм хэмжээтэй, 5х10 мм хэмжээтэй, 5х55 мм хэмжээтэй, 2х8 мм хэмжээтэй, 5 мм хэмжээтэй, уранхайнууд байна.

 

Шинжлэгдэж буй 6х10 мм хэмжээтэй, 5х10 мм хэмжээтэй, 5х5 мм хэмжээтэй, 2х8 мм хэмжээтэй уранхайнууд нь тус бүр хурц иргүй, ирмэгтэй хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр шинэ үүссэн урагдсан уранхай, 5х55 мм хэмжээтэй, 5 мм хэмжээтэй, 5х5 мм хэмжээтэй, 5 мм хэмжээтэй уранхайнууд нь тус бүр иртэй хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдсэн уранхай байна..., гэсэн дүгнэлт,

 

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хэргийн газрын үзлэгээр хураан авсан шилний хагархайнууд дээр гарын мөр илэрч байгаа эсэхийг шинжилсэн тухай:

 

“...Шинжилгээнд тэнцсэн гарын мөрүүд Тунгалагийн Хишигдэлгэрийн гарын хээний дардастай тохирохгүй байна...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларчээ.

 

Дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайн үед үүссэн үйл баримт зэргээс үзэхэд шүүгдэгч Т.Хишигдэлгэр нь хохирогч Ж.Ганхуягийн бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Ж.Ганхуяг нь “...Хишигдэлгэр хагархай үзүүртэй шилээр миний зүүн бөөр лүү хатгасан...“ гэж мэдүүлэг өгсөн боловч энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа бөгөөд харин Т.Хишигдэлгэр хохирогчийн биед болгоомжгүйгээр хүнд гэмтэл учуулсан болох нь тогтоогдож байна.

 

Иймд Т.Хишигдэлгэрт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хохирогч Ж.Ганхуягтай зодолдож, ноцолдох явцдаа түүний бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан байна гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1.д зааснаар зүйлчилж, ял оногдуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Анхан шатны шүүх Т.Хишигдэлгэрт Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1.д зааснаар хорих ял оногдуулж түүний ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10.д заасныг журамлан жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэхдээ дэглэмийг хөнгөрүүлсэн үндэслэлээ шийтгэх тогтоолдоо заагаагүй байх тул энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2., 319 дүгээр зүйлийн 319.1.3., 324 дүгээр зүйлийн 324.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1 Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 

-Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Хишигдэлгэрийг Эрүүгийн хуулийн тусай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1. болгон өөрчилсүгэй.... гэсэн заалт нэмсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 ,3 дугаар заалтыг:

 

- Шүүгдэгч Хилэнгүүд овгийн Тунгалагийн Хишигдэлгэрийг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж,

 

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1.д зааснаар шүүгдэгч Т.Хишигдэлгэрийг 2 жил хорих ялаар шийтгэсүгэй гэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар Т.Хишигдэлгэрт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Ялтан Т.Хишигдэлгэрийн давж заалдах гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлийг тус тус хүлээн авсугай.

 

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР                                                                                           

 

 

                   ШҮҮГЧИД                                                                             Ц.ТУЯА

      

                                                                                                                                                                                                                                                              С.ЦЭЦЭГМАА