Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2019/ШЦТ/255

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул                         

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн

Шүүгдэгч Ж.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хорчин овогт Ж.Ц-д холбогдох эрүүгийн 1921...... дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах,  Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын ..... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, Хорчин овогт Ж.Ц /РД:ЖВ...../

            Шүүгдэгч Ж.Ц нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн ..... сумын .... дугаар баг “.........” гэх газарт нутаглах Х.Г мухар улаан зүсмийн бүдүүн эр үхэр, ухаа сарман шүдлэн эр үхэр буюу нийт 2 тооны үхрийг .....ДОА улсын дугаартай “Хюундай Портер” маркийн машинаар тээвэрлэн хулгайлж бусдад 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй... Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

  Шүүгдэгч Ж.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн орчим ......сумын төвөөс хойш “Хэрмийн хоолой” гэх газар байдаг ..... гэх найзаасаа хонь авах гээд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг ....-р байранд байх гэрээсээ гараад Хэрлэн сумын .... дүгээр баг Уурхайчны хороололд байх төрсөн ах Ж.М гэр рүү нь Портер маркийн машиныг нь авахаар очоод ... та ...машинаа түр хэрэглүүлээч хог хаях гэсэн юм? гэхэд Э гэртээ байхгүй байна, машины түлхүүр гэрийн үүдний пингэнд байгаа гэхээр нь би пингэнээс нь машиных нь түлхүүрийг аваад М  ахад машиныг чинь аваад гарлаа шүү? Э эгчид хэлээрэй гээд .....ДОА улсын дугаартай “Портер” маркийн машиныг нь аваад гарсан. ... “Гэрээсээ гарахдаа эхнэртээ хаашаа явах гэж байгаа талаараа хэлээгүй. ... “..........сумын төвд 16 цагийн орчим очсон ба сумын төвд зогсолгүй шууд сумын төвөөс хойш “..............” гэх газар руу явсан. .......... сумаас хойш “.................” гэх газар явж байхад айлын өвөлжөөн дээр үхэрнүүд байхаар нь тухайн үхэрнүүдийн орчим эргэлдэж байгаад харанхуй болохыг хүлээж байгаад 21 цагийн орчим үхэрнүүдийг нь хашаа руу нь тууж оруулаад мөн би машинаа хашаа руу оруулж мухар ухаа зүсмийн эр үхэр нас бие гүйцсэн, ухаа сарман шүдлэн эр үхэр нийт 2 тооны үхэр барьж машиндаа ачсан. Машинаа хашааны хаалга хэсэгт байх хонхорхойд тэвш хэсгийг байрлуулж үхрээ ачсан. 2 тооны үхрээ ачаад буцаад 23 цагийн орчим ............ сумын зүүн талаар аймгийн төв рүү явсан. Буцаад явахдаа “Галын гол”-ын зүүн гүүрээр гарсан. Зүүн гүүрээр урагш өөд газар ширүүн гарахад машины ачааны өндөрлөгөөний арын цоож хэсэг нь хугарч ухаа сарман шүдлэн эр үхэр нь газар унасан. Тэгээд би буугаад машиныхаа өндөрлөгөөг авч хийгээд хойшоо харахад машинаас унасан үхэр нь хэвтэж байхаар нь би шууд аймгийн төв рүү явсан. Тухайн унасан ухаа сарман шүдлэн эр үхрийг орхиод явсан. Аймгийн төв рүү Адуунчулуун уурхайн баруун талаар 2019 оны 07 дугаар сарын 12-ны шөнө 01 цагийн орчим ороод Хэрлэн сумын 1 дүгээр багт байх хогийн цэгийн зүүн талд нь очиж амраад 03 цагийн орчим мухар ухаа зүсмийн нас бие гүйцсэн эр үхрээ махлаад машин дээрээ ачиж 05 цагийн орчим хогийн цэгийн баруун талаар нь орж хогийн цэг дотор тухайн үхрийн толгой, гэдсийг нь хаясан. Хогийн цэгээс гараад Хэрлэн сумын 1 дүгээр баг Нуурын хорооллын ар хэсгээр нь машинтайгаа зогсоод унтсан байсан. Унтаж байгаад 13 цагийн орчим Хэрлэн сумын 11 дүгээр баг Уурхайчны эгнээнд байх ах М гэрт нь очсон. М гэрт нь очиход М, эхнэр Э  нар байхаар нь би хүнээс үхэр авсан юм гэж хэлээд машины ачаан дээр нь махаа жижиглэж байхад цагдаа нар ирсэн. ... “.....” ДОР улсын дугаартай Тоёота раум” маркийн тээврийн хэрэгсэл нь манай эгчийн машин байгаа юм. Цагдаа нарыг гэр рүү орох хооронд нь тухайн машин руу махаа хийсэн. ... Би үхэр хулгайлахдаа ганцаараа явсан. Тухайн үед манай гэрт хүнсний зүйлгүй болсон байсан ба найзаасаа мал гуйх гэж яваад замд үхэр таарахаар нь хулгайлсан юм. “...Би хохирогч Х.Г-д  хохирлын мөнгө болох 3 сая төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47/

Хохирогч Х.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  мэдүүлэгтээ: ... “ Би .....сумын ..... дугаар багт сумын төвөөс хойш 5 км газарт “..................” гэх газарт аав, ээж, ах, эгч нарын хамтаар мал аж ахуй эрхэлдэг юм. 2019 оны 07 дугаар сарын 10-ны орой 19 цагийн орчим малаа бүртгэхэд мал маань бүрэн байсан ба 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн өглөө 06 цаг 40 минутын орчим үхрээ бүртгэхэд 2 тооны үхэр дутсан байсан ба ойр орчмоор үзэхэд манай өвөлжөөний хашаа руу мал туусан машины мөр байхаар нь .............сумын цагдаад мэдэгдэж сумын цагдаагийн хамтаар Дорнод аймагт ирж Хивсний зүүн талын хороололд алдсан үхрийг маань махалсан байхад нь очсон. ... Мухар улаан зүсмийн эр үхэр, шүдлэн эр үхэр ухаа сарман үхрүүд байсан. Мухар улаан зүсмийн эр үхрээ 3 сая, ухаа сарман шүдлэн эр үхрээ 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. ...Айлын сайн малаас нь хулгайлсанд гомдолтой байна хавар болтол малаа таргалуулаад нядалдаг ба яг таргалах үеэр нь нядалсан тул хохирлоо нэхэмжилсэн үнийн дүнгээр нь төлүүлэх хүсэлтэй байна. ...Би хохирлын мөнгө болох 3 сая төгрөгийг Ж.Ц бэлнээр бүрэн барагдуулж авсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/

Гэрч Ж.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн орчим миний төрсөн дүү Ц маань манай гэрт хүрч ирсэн. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан. Дүү Ц маань надтай уулзаад “Ахаа би машинд чинь хог ачиж хаячихаад ирье” гэж хэлээд миний “Портер” маркийн ...... ДОА дугаартай машиныг маань гуйж авч явсан. Тэгээд өнөөдөр өглөө буюу 2019 оны 07 дугаар сарын 12-ны өглөө 10 цагийн орчим намайг гэртээ байж байхад гаднаас манай дүү Ц маань миний машиныг оруулж ирсэн. Тухайн үед би бөх үзэж байсан бөгөөд машин дээр юу ачсан байсныг хараагүй. Өдөр 12 цагийн орчим эхнэр Э надад “ Чамайг гадаа цагдаа дуудаж байна” гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад харахад манай машины тэвшин дээр Ц маань үхрийн мах шулаад сууж байсан. Тэгээд би цагдаатай уулзахад “Танай машиныг үхэр алга болсон дуудлагад сэжиглэж байна” гэж хэлсэн. Тэгээд би цагдаатай цуг дүү Ц юу болсон талаар асуухад дүү Ц маань “Би таны машинаар чинь үхэр хулгайлж ачаад ирсэн юм” гэж хэлсэн. ...дараа нь цагдаагийн машин ирээд манай хашаанд үзлэг хийж зураг авсан юм. ... Уг машины эзэмшигч нь манай эхнэр Э юм...”  гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/

Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ : ...Өнөөдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн орчим манай салсан нөхрийн дүү Ц манай хашаанд миний ............ДОА улсын дураатай “Портер” маркийн машиныг жолоодоод орж ирсэн. Тухайн машины тэвшин дээр цэнхэр өнгийн хучлагатай мах байсан бөгөөд манай нөхрийн дүү Ц надад “ Манай найз маань надад мах өгсөн, та эндээс мах ав, надад мах шуудайнд хийгээд туслаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би Ц-н өгсөн түмпэнтэй махыг гэр рүүгээ оруулаад Ц цуг махыг нь шуудайлж байсан. Миний анзаарснаар нэг хаа, нэг гуя харагдаж байсан. Хучлаганы доор өшөө цаана нь ямар мах байсныг би мэдэхгүй. Тэр үед гаднаас цагдаа нар орж ирээд Ц уулзсан. Тэр үед манай нөхөр гэр дотор бөх үзэж байсан. Цагдаа нарыг ирсний дараа Ц надтай уулзахгүй, юм ярихгүй, байсаар байгаад цагдаа нарыг дагаад явсан. Дараа нь цагдаа нар ирээд түмпэнтэй махыг шуудайнд хийгээд хурааж явч явсан. ... Ц манайд ганцаараа ирсэн. Хэдэн үхрийн махтай ирсэнийг би мэдэхгүй. Бүх махыг цагдаа нар хурааж авсан. Машиныг минь Ц авахдаа хог ачна гэж хэлээд авч явсан. Тэгэхээр нь түлхүүрээ өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10/

            -Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 51/

             -Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 50/

             -Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

              Шүүгдэгч Ж.Ц нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн ..........сумын 5 дугаар баг “..........” гэх газарт нутаглах хохирогч Х.Г мухар улаан зүсмийн бүдүүн эр үхэр, ухаа сарман шүдлэн эр үхэр буюу нийт 2 тооны үхрийг ........ДОА улсын дугаартай “HYUNDAI Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 3.000.000 /гурван сая/ төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ж.Ц  мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...21 цагийн орчим үхэрнүүдийг нь хашаа руу нь тууж оруулаад ...мухар ухаа зүсмийн эр үхэр нас бие гүйцсэн, ухаа сарман шүдлэн эр үхэр нийт 2 тооны үхэр барьж машиндаа ачсан. Машинаа хашааны хаалга хэсэгт байх хонхорхойд тэвш хэсгийг байрлуулж үхрээ ачсан. ...  03 цагийн орчим мухар ухаа зүсмийн нас бие гүйцсэн эр үхрээ махлаад машин дээрээ ачиж 05 цагийн орчим хогийн цэгийн баруун талаар нь орж хогийн цэг дотор тухайн үхрийн толгой, гэдсийг нь хаясан. “...М гэрт нь очиход М, эхнэр Э нар байхаар нь би хүнээс үхэр авсан юм гэж хэлээд машины ачаан дээр нь махаа жижиглэж байхад цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47/, хохирогч Х.Г өгсөн : “...2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн өглөө 06 цаг 40 минутын орчим үхрээ бүртгэхэд 2 тооны үхэр дутсан байсан ба ойр орчмоор үзэхэд манай өвөлжөөний хашаа руу мал туусан машины мөр байхаар нь ...........сумын цагдаад мэдэгдэж сумын цагдаагийн хамтаар Дорнод аймагт ирж Хивсний зүүн талын хороололд алдсан үхрийг маань махалсан байхад нь очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, малын үнэлгээ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч  Ж.Ц  холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокуророос зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд  шинжлэн судлагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд  хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна хөнгөн гэмт хэрэг үйлдсэн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулбал зохино

Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй /хохирогч Х.Г 3.000.000 /гурван сая/ төгрөг өгсөн/, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдвал зохино.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 50 см урттай модон иштэй сүх 1 /нэг/ ширхэгийг устгаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул Д.Э эзэмшлийн “HYUNDAI Porter” маркийн....... ДОА улсын дугаартай хөх өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигч Д.Э-т буцаан олгож, бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч Ж.Ц ЖВ....  регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.          

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

                      

1. Шүүгдэгч Хорчин овогт Ж.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын 2 тооны үхрийг  хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ж.Ц-д  тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин  явахдаа хяналт тавьж байгаа  эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ж.Ц-д  мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

5. Шүүгдэгч Ж.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Х.Г-д  3.000.000 /гурван сая/ төгрөг өгсөн болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдсугай.

 6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 50 см урттай модон иштэй сүх 1 /нэг/ширхэгийг устгаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул Д.Э-н эзэмшлийн “HYUNDAI Porter” маркийн .........ДОА улсын дугаартай хөх өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигч Д.Э—д  буцаан олгож, бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч Ж.Ц ЖВ.............регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.            

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР