Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2019/ДШМ/25

 

Ж.Цэнгэлд холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв

                  Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                              Н.Энхнаран

Прокурор                                                   Т.Ууганбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              З.Нямсүрэн

Шүүгдэгч                                                    Ж.Цэнгэл нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б.Энхбаатар даргалж шийдвэрлэсэн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/255 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Дорнод аймгийн ерөнхий прокурор Т.Ууганбаатарын бичсэн эсэргүүцлээр Ж.Цэнгэлд холбогдох эрүүгийн 1921004980262 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Хорчин овогт Жигжиддоржийн Цэнгэл, Монгол Улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 5-29 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл. /РД: ЖВ 75041416/

Шүүгдэгч Ж.Цэнгэл нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар баг “Сөдийн ам” гэх газарт нутаглах хохирогч Х.Ганжаргалын мухар улаан зүсмийн бүдүүн эр үхэр, ухаа сарман шүдлэн эр үхэр буюу нийт 2 тооны үхрийг 51-13 ДОА улсын дугаартай “Hyundai Porter” маркийн автомашинаар тээвэрлэн хулгайлж, бусдад 3 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзул шүүгдэгч Ж.Цэнгэлийг “бусдын малыг хулгайлсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/255 дугаар шийтгэх тогтоолоор:

1/ Шүүгдэгч Хорчин овогт Жигжиддоржийн Цэнгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын 2 тооны үхрийг  хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цэнгэлд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,

3/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ж.Цэнгэлд тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин  явахдаа хяналт тавьж байгаа  эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

4/ Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ж.Цэнгэлд мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

5/ Шүүгдэгч Ж.Цэнгэл нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Х.Ганжаргалд 3.000.000 /гурван сая/ төгрөг өгсөн болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж,

 6/ Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 50 см урттай модон иштэй сүх 1 /нэг/ ширхэгийг устгаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул Д.Эрдэнэцэцэгийн эзэмшлийн “HYUNDAI Porter” маркийн 51-13 ДОА улсын дугаартай хөх өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигч Д.Эрдэнэцэцэгт буцаан олгож, бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч Ж.Цэнгэлийн ЖВ75041416 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж ... шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн ерөнхий прокурор Т.Ууганбаатар 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бичсэн эсэргүүцэлдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтад “...Ж.Цэнгэлийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахгүйгээр эзэмшигч Д.Эрдэнэцэцэгт буцаан олгож...” шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүх “...шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул Д.Эрдэнэцэцэгийн эзэмшлийн “Hyundai Porter” маркийн 51-13 ДОА улсын дугаартай хөх өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигч Д.Эрдэнэцэцэгт буцаан олгох нь зүйтэй байна” гэсэн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт ... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг  үйлдэж олсон хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж тус тус заасан байтал шүүгдэгч Ж.Цэнгэлийн бусдын 2 тооны үхрийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 3 сая төгрөгийг шүүгдэгч Ж.Цэнгэлээс гаргуулалгүйгээр Д.Эрдэнэцэцэгт олгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн заалтыг зөрчсөн байх ба анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд 255 дугаар шийтгэх тогтоолын 6-р заалтад өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр эсэргүүцэл бичив” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ж.Цэнгэл гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх тээврийн хэрэгслийг эзэнд нь буцаан олгосон нь зөв гэж бодож байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн гаргасан тайлбар болон саналдаа: ... Анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 16-ны өдрийн 255 дугаар шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. ...Энэ хэргийн гэмт хэргийн шинжид тээврийн хэрэгсэл хураах нэмэгдэл ял байхгүй. Прокурор энэ асуудлаар анхан шатны шүүх дээр урьдчилсан хэлэлцүүлэг хийх санал тавиагүй. Мөн шүүх хуралдаан дээр ч гэсэн хөрөнгө хураах талаар санал гаргаагүй. ...Анхан шатны шүүхээс шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн нь зөв гэж үзэж байна. Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон аймгийн Ерөнхий прокурор Т.Ууганбаатар гаргасан дүгнэлтдээ: ... Шүүгдэгч Ж.Цэнгэлийн хувьд хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг ашигласан гэдэг нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тухайн тээврийн хэрэгслийн үнэ болох 3 000 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулалгүй орхигдуулсан нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6-р заалтад өөрчлөлт оруулж, зөвтгүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.       

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Ж.Цэнгэлд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бусад оролцогч, прокуророос гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Цэнгэлд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь бүхэлдээ түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэрэгт тохироогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

 Тухайлбал, шүүгдэгч Ж.Цэнгэлийг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, мөн гэмт хэрэг үйлдэхэд санаатайгаар ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулаагүй орхигдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.1, 7.2 дугаар зүйлүүдийн холбогдох зохицуулалтыг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болов.

Иймд Дорнод аймгийн ерөнхий прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Цэнгэлд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн  1.3, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/255 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч Ж.Цэнгэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  анхан шатны шүүхэд очтол хэвээр үлдээсүгэй.         

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                          Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД                              З.ЭНХЦЭЦЭГ 

                                               Ж.ДОЛГОРМАА