Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 038

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны хуралдааныг шүүгч М.Риза , тус шүүхийн шүүх хуралданы танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багийн оршин суугч, Базархул овогт Самалханы Амантайн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд ;

Нэхэмжлэлийн шаардлага: Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, С.Амантайг тус сумын Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай тай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: С.Амантай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Зулкаш, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

болон шүүх хуралдаанд гаргасан лийн талаарх тайлбартаа:

С.Амантай миний бие 2009 онд тус аймагт зохион байгуулагдсан Төрийн албаны шалгалтад орж тэнцэж, Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн "Нэр дэвшүүлэх тухай" 27 тоот тогтоол гарч, намайг Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар нэрийг маань дэвшүүлсэн. Ингэснээр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн "Ажилд томилох тухай" 30 тоот тогтоол гарч миний бие тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар томилогдсон. Дараа нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн юм. Анх ажилд томилогдсон өдрөөс эхэлж ажлаас чөлөөлөгдөх өдөр хүртэл он удаан жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллаж ирсэн билээ. Ажиллах хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл саяхан болж өнгөрсөн орон нутгийн ээлжит 2016 оны сонгуулийн дараа Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж намайг үзэл бодлоор минь ялгаварлан гадуурхаж "бид өөртэй чинь хамтран ажиллаж чадахгүй, өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч ажлаасаа гар" гэх мэтээр янз бүрээр дарамт шахалт үзүүлж, миний бие зөвшөөрөөгүй болохоор намайг ямар ч шалтгаангүйгээр ажлаас минь чөлөөлсөн юм. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.14-т заасан сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцох, түүнд зориулалтын бус төсвийн хөрөнгө зарцуулах, төрийн өмч хөрөнгийг дайчлах, албаны унаа ашиглах гэсэн үндэслэлээр ажлаас минь чөлөөлжээ. Миний бие уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би 2009 онд Хурлын нарийн бичгийн даргын орон тоонд томилогдон ажиллаж эхэлсэн өдрөөс эхлэн аливаа улс төрийн ажилд гар биечлэн оролцож байгаагүй, төсвийн мөнгө эд хөрөнгө буюу албаны унааг улс төрийн сонгуульд ашиглаж байгаагүй. Гэтэл ээлжит сонгуулийн дараа бий болсон засаг намайг үзэл бодлоор минь хавчин гадуурхаж үндэслэлгүйгээр ажлаас минь халчихлаа. Өвлийн хүйтэн хаяанд ирчихсэн үед, дээрээс нь цалингийн зээлтэй байгаа миний бие ажлаас үндэслэлгүйгээр халагдаад хэцүү байна.

Миний бие маргаан бүхий дээрх тогтоолыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандаж гомдол гаргасан боловч тэд '..гомдолтой холбоотой маргааныг тус салбар зөвлөлөөс хянан шалгах боломжгүй байгаа тул хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөж байна" гэсэн хариуг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бичгээр өгсөн юм.

Маргаан бүхий захиргааны актаар намайг ажлаас чөлөөлсөн гэсэн байна. Гэхдээ намайг ажлаас чөлөөлсөн үү, халсан уу, сахилгын шийтгэл ногдуулсан уу, би мэдэхгүй байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх асуудлыг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бол гэсэн заалт байгаа, би 50 настай, 24.1.2-т төрийн алба хаах дээд хязгаарт хүрсэн гэж заасан ба энэ нь 65 нас байх ёстой, үүнд миний нас хүрээгүй, 24.1.3-д өөрийн санаачилгаар хүсэлт гаргасан гэж заасан, би хүсэлт гаргаагүй байхад ажлаас чөлөөлсөн байна. Ажлаас чөлөөлсөн тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7 дахь заалтыг үндэслээд С.Амантайг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс Хурлын нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлсүгэй гэсэн. Хэрэв ажлаас халж байгаа бол дараах 3 тохиолдолд халах ёстой байсан.

Үүнд, ажил үүргээ, хоёр буюу түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон, Монгол Улсын харьяатаас гарсан гэсэн үндэслэлүүд байх ёстой, эдгээр 3 үндэслэл надад байхгүй юм. Миний бие Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.14-д заасныг зөрчсөн гэж бодъё. Тэгсэн байвал сануулах юм уу, цалин хасах, төрийн албанд нэг жилийн хугацаанд эрж, орох эрхгүйгээр намайг халах ёстой байсан гэж бодож байна. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7 дахь заалтад энэ хуулийн 15 дугаар зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Энэ заалт бол ажлаас халахад баримтлах заалт биш, хэрэв хуулийн 15 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзээд 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийг надад ногдуулсан бол би төрийн өмч хөрөнгийг завшсан, бусдад ашиглуулсан бол эрүүгийн хариуцлагаас мултрахгүй, цаашид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд бэлэн байна гэсэн тайлбарын шинжтэй заалт гэж үзэж байна.

Мөн хуулийн 27.2-д төрийн жинхэнэ албан хаагч дараах нэмэгдэл баталгаагаар хангагдана. Үүнд 27.2.1-д энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй гэсэн байна. Харин намайг Төрийн албаны тухай хуулийн 26.7 дахь заалтаар намайг халсан юм уу, үгүй юу гэдэг нь тодорхой бус.

Хариуцагч тал тайлбартаа Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.14-т заасныг зөрчсөн нь хөдөлбөргүй батлагдсан, энэ нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай Тэргүүлэгчдийн Хурлын хуралдааны тэмдэглэл, бусад баримт сэлтээр батлагдсан тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах хэлбэрээр ажлаас чөлөөлсөн болно гэж бичсэн байна. Хэрэв тийм бол Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу надад мэдэгдэх, сонсгох ёстой, тэр үйл ажиллагаануудыг явуулаагүй ба би сонгуулийн сурталчилгаа хийгээгүй.

2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлийг гараар үйлдсэн ба дараа нь компьютерт бичихдээ үг, өгүүлбэр нэмж, өөрчлөлт оруулаад бичсэн байна. Тэгээд би хурлын тэмдэглэл үйлдсэн Тэргүүлэгч Майрагүлээс тодруулж өгөх талаар хүсэлт гаргасны дагуу шүүхээс асуухад үнэн мөнийг хэлж, тэмдэглэлийн эх хувийг гаргаж өгсөн байна.

Гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүсийн заримтай нь би огт уулзаагүй, Хурманханы Бекболат гэдэг хүүхдийг би танихгүй. Миний бие тухайн үед улс төрийн үйл ажиллагаанд оролцож, сонгуулийн сурталчилгаа хийж, ухуулах материал тарааж байсныг бид харсан гэж эдгээр гэрч нар бүгд мэдүүлсэн байвал болох байсан, энэ тохиолдолд би хүлээн зөвшөөрч болох юм. Ямар нэгэн нотлох баримтгүй, гүтгэлгийн шинжтэй, зохион байгуулалттай мэдүүлэг өгсөн учраас үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Манай эхнэр Жайнагүлийн асуудал надад хамааралгүй. Яагаад гэвэл Засаг даргын захирамж, Тамгын газрын даргын тушаал гарсан юм. Харин ч намайг нөлөөлсөн гэж үзэхээр сумын Хурлаас ямар нэгэн тогтоол гараагүй болно. Энэ талаар холбогдох хүмүүсээс мэдүүлэг авсан ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан

Мөн намайг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж байна. Би ямар нэгэн захиргааны акт гаргаагүй, гаргах эрх ч байхгүй учраас үүнд би ямар нэгэн байдлаар холбогдоогүй гэж бодож байна. Хариу тайлбартаа надад холбогдуулан ажил төрлийн талаар зарим зүйлийг дурьдаж бичжээ. Энэ талаар тайлбарлавал, 2013, 2014, 2015 онуудад үр дүнгийн гэрээг хийгээд, гэрээгээ дүгнүүлж ирсэн байгаа. Харин 2016 оны үр дүнгийн гэрээ дүгнүүлэхээс өмнө ажлаас халагдсан учраас ажлаа дүгнүүлээгүй юм. Иймд хууль бусаар гарсан Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

С.Амантай нь 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлж Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар томилогдон ажилласан бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч билээ. Гэтэл С.Амантай нь 2016 оны сонгуулийн үр дүнд шинээр зохион байгуулагдсан Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж, янз бүрийн дарамт шахалт үзүүлсэн, ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж гомдол гаргажээ.

Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь С.Амантайг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот тогтоолоор ажлаас чөлөөлөхдөө үзэл бодлоор ялгаварлан гадуурхсан болон янз бүрийн хэлбэрээр дарамт шахалт үзүүлж ямар ч шалтгаангүй ажлаас чөлөөлсөн асуудал байхгүй. С.Амантай нь Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан хугацаанд буюу 2016 оны 06 дугаар сарын 29-нд болж өнгөрсөн УИХ-ын сонгууль, 11 дүгээр сарын 27-нд болсон орон нутгийн сонгуулиудад тус тус төрийн жинхэнэ албан хаагчийн өргөсөн тангарахыг зөрчиж сонгуулийн сурталчилгаанд гар биеэрээ оролцож, Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.14-д заасныг зөрчсөн нь холбогдох баримт сэлтээр хөдөлбөргүй батлагдсан учир Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д заасны дагуу Сахилгын шийтгэл ногдуулах хэлбэрээр ажлаас чөлөөлсөн болно. Тухайлбал төрийн жинхэнэ албан хаагч болох С.Амантай нь сонгуулийн сурталчилгаанд гар биеэр оролцож, Ардчилсан намыг төлөөлж УИХ-ын сонгуульд нууц байдлаар явсан нь сумын ард иргэдийн гомдол, CD бичлэг, Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот Хурлын тэмдэглэл зэрэг баримт сэлтээр батлагдаж байна. Тухайн үед Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга С.Амантай нь сумын сонгуулийн хорооны даргын үүрэгт ажлыг давхар хариуцан ажиллаж байсан нь Сонгуулийн хороо байгуулах тухай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор нотлогдох бөгөөд С.Амантайн сонгуулийн сурталчилгаанд явсан үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.1-д ...сонгуульд оролцож байгаа аль нэг намд, эсвэл нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулах..., мөн 29.2.5-д ... сонгуульд оролцож байгаа аль нэг нам, эсвэл нэр дэвшигчийг дэмжсэн болон эсэргүүцсэн агуулга бүхий үйлдэл хийх, үйл ажиллагаа явуулах..., мөн зарим нэр бүхий иргэдийг албан тушаалд тохоон томилохоор амлан, малжуулах төсөлд хамааруулна гэж ухуулан сурталчлах, сум хөгжүүлэх сангаас төсөл хөтөлбөрт хамааруулах зэрэг амлалт өгч иргэдийн саналыг төсвийн болон төслийн хөрөнгөөр худалдаж авах оролдлого хийсэн нь Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.3-д заасан ...сонгогчоос сонгуулийн эрхээ эдлэхэд нөлөөлөх, нөлөөлөхөөр оролдох үйлдэл гаргасныг давхар баталж байна. Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын нарийн бичгийн дарга асан С.Амантайн дээрх үйлдлүүд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д зааснаар Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно гэж үзэж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Амантай нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж өөртөө хамаарал бүхий этгээд болох Ш.Жайнагүлийг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 365 сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоонд байгаагүй дотоодын нягтлан болох бүртгэлийг хянан шалгагч гэсэн орон тоонд сумын Засаг даргын Тамгын газрын дарга асан З.Мадениеттэй үгсэн хуйвалдаж 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 08 дугаар тушаалаар ажилд томилуулан, улмаар 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр эхнэр Ш.Жайнагүлд ээлжийн амралт олгох, цалингүй чөлөө олгох, өндөр насны тэтгэвэрт гаргах, нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгосон шийдвэр тушаал гаргуулсан нь Төсвийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн үйлдэл байх тул уг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-д зааснаар Нийтийн албанаас халах шийтгэл ногдуулах үндэслэл болно.

Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга С.Амантай нь ажлын байрны тодорхойлолтын Б хэсэгт заасан ...ажлын байрны гол үйл ажиллагааны стратегийн бүтцэд заасан хурлын дотоод ажлын бичиг баримтын бүрдэлд боловсруулалт эмх цэгцийг хариуцах чиг үүрэгтэй байтал сүүлийн жилийн буюу 2015, 2016 оны Хурлын үйл ажиллагааны талаар ямар ч баримт материал байхгүй болохыг Хурлын нарийн бичгийн дарга С.Амантай 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлд хүлээн мэдүүлснээр батлагдаж байна. Энэ нь С.Амантай нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг 2015, 2016 онуудад биелүүлж ажиллаагүй болохыг баталж байна.

Мөн ажлын байрны тодорхойлолтод заасан хурлын Тэргүүлэгчид болон төлөөлөгчидтэй ажиллах мэдээлэл, багийн иргэдийн Нийтийн Хурлыг арга зүйн удирдлагаар хангах, иргэдийн санал гомдлыг хүлээн авч, уламжлах, хариу хүргүүлэх, сургалт зохион байгуулах, аймаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан тогтоол, холбогдох эрхийн актуудыг холбогдох газруудад хүргүүлэн өгч биелэлтийг хангуулах иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь байнгын зөвлөлүүдийг ажилласан ажлын талаар болон 2015, 2016 онуудын ажлын тайлан огт байхгүй зэргээс дүгнэвэл тухайн ажлын байранд шаардлагыг хангаж ажиллаагүй болохыг баталж байгаа бөгөөд С.Амантай нь тухайн албан тушаалд тэнцэхгүй байна гэдгийг нотолно.

 

С.Амантай бол сонгуулиар Ардчилсан намын сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцож, өргөсөн тангаргаасаа няцаж, сонгуулийн үйл ажиллагаанд гар биеэрээ оролцсон явдал нь тухайн үед Хурлын дарга, Тэргүүлэгчдэд гаргасан ард иргэдийн гомдлоор нотлогдож байна. Захиргааны хэрэг үүсгэсний дараа гэрчээр асуугдсан Габит, Мамырхан, Байболат, Мадетхан, Күлашхан, Бекболат, Анархан, Досбол зэрэг олон гэрч нар нотлоод өгсөн байгаа. Нэхэмжлэгч бол би сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцоогүй, түүнд тээврийн хэрэгсэл ашиглаагүй, оролцсон гэх явдал нь нотлогдон тогтоогдохгүй гэж байна. Гэтэл гэрч нарын мэдүүлгийг шүүгч хуульд заасан журмын дагуу хууль сануулж, нотлох баримтаар бэхжүүлж авсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчөөгүй учраас үүнийг нотлох баримтаар үнэлэхээс өөр арга байхгүй. Энэ нь нэгэнт Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан хориглосон үйлдэл үйл ажиллагааг хийж, тангаргаасаа няцаж, хууль зөрчсөн нь тогтоогдсон учраас Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулсан байгаа.

Үүнд бол нэхэмжлэгчийн тайлбарласанчлан Төрийн албаны тухай хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан төрийн албанаас чөлөөлөх болон халах асуудал хөндөгдөхгүй, сахилгын шийтгэл ногдуулах журмаар ажлаас чөлөөлсөн. Энд бол нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар ногдуулах хэдий ч 26.7-д заасныг баримталсныг буруутгаж байгаа нь зүйд нийцэхгүй байна. Учир нь, Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийг зөрчсөн нөхцөлд ажлаас чөлөөлөх үндэслэлийг мөн хуулийн 26.7-д тусгайлан заасан байгаа. Өөрөөр хэлбэл нарийвчилсан зохицуулалт гэж ойлгож байгаа ба нарийвчилсан зохицуулалтыг ажил олгогч хэрэглэснийг буруутгах үндэслэл байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Нэгэнт Төрийн албаны тухай хуулийн 26.7-д Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид гэж тодотгож, сахилгын арга хэмжээг ногдуулах хэлбэрээр төрийн албанаас чөлөөлөх үндэслэлийг заасан байх тул Төрийн албаны тухай хуулийг баримталсныг буруутгах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан хугацаанд сонгуулийн сурталчилгааны оролцсон явдал бол гэрч нарын гомдол, мэдээллээр тухайн үед нотлогдож байсан ба үүнийг гэрчээр асуухдаа баталгаажуулж өгсөн байна. Мөн тухайн үед сонгууль болж өнгөрснөөс хойш нэг сарын дотор илрүүлж, арга хэмжээ авсан нь Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлд дүйцэж байгаа гэдгийг дурдах нь зүйтэй байна.

Ийм учраас С.Амантайг чөлөөлөх үндэслэл болгосон, ялангуяа сонгуулийн сурталчилгаанд оролцсон явдал бол гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон ба гэрчийн мэдүүлгээс илүү өөр нотлох баримт бүрдүүлэх боломж байхгүй байна. Харин тэрийг няцаасан нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

Гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сумын Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар томилогдсон. Энэ хугацаанд сумын Хурлын даргатай үр дүнгийн гэрээ хийж, аймагт хоёр удаа сургалтад хамаарагдаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран ажиллахаар тохирч санамж бичиг байгуулан хууль дүрмийн дагуу ажиллаж байна. С.Амантайн хариуцаж байсан сумын Хурлын дотоод ажил, албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн стандарт хангалтгүй байсан ба ажлаа хүлээлцүүлж өгөхөд 2016 оны тогтоол, шийдвэрээс нэг ч материал өгөөгүй. С.Амантай өөрөө 2016 онд ажил хийгээгүй, сонгууль болсонтой холбоотой архидалт их боллоо гэж хүлээн зөвшөөрч байсан. 2016 онд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга С.Амантай нь үүрэгт ажлаа хийгээгүй зөвхөн сонгуулийн ажилд сурталчилгаагаар явсан болох нь тодорхой. С.Амантай нь хийсэн үр дүнгийн гэрээнд тодорхой хийх ажлын талаар тусгагдаагүй дутуу дутмаг хууль журмын дагуу гэрээ байгуулаагүй тухайн үед гэрээг дүгнэсэн ямар ч материалгүй байсан. С.Амантай нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн явдал нь түүний иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015, 2016 онуудын материал байхгүй, эмхэлж цэгцэлж архивд тушаагаагүй байгаа явдлаар нотлогдож байна. Энэ нь сумын Хурлын нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхойлолтын Б хэсгийн ажлын байрны үндсэн зорилтын 2, 3, 4, 5 дугаар заалтуудыг зөрчсөнийг харуулж байна. Иймд С.Амантай ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл, 15 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөн нь батлагдаж байгаа.

Төрийн албатай холбоотой маргаан гарч байгаа. Энэхүү маргааныг шийдвэрлэхэд дараах үндэслэлүүдийг харгалзан үзэхийг хүсэж байна. С.Амантай өөрөө төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд үүнд талууд маргахгүй байгаа. Энэ нь түүнийг ажилд томилсон тогтоол, үр дүнгийн гэрээгээр нотлогдож байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Төрийн албаны тухайн хуулийн 15 дугаар зүйл бол төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг хууль тогтоогч заасан байдаг. Хориглоно гэсэн зүйл бол үүрэг биш, өөр үр дагавар үүсгэдэг. Хориглосон үйлдэл хийсэн тохиолдолд ажиллах боломжгүй байдалд хүрдэг юм. Тэгээд хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.14-т Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцох ... гэж заасан ба асуудал энд байгаа. Түүнээс биш илүү төсвийн хөрөнгийг түүнд зарцуулсан, төрийн өмч хөрөнгийг дайчлах, албаны унаа ашигласан гэсэн асуудал энэ маргаанд хамааралгүй. Мөн Төрийн албаны тухай хуулийн 24, 25 дугаар зүйлийг ярьж байгаа нь энэ хэрэгт хамааралгүй байна.

Мөн нэхэмжлэгч бол намайг чөлөөлсөн нь буруу гэж байна. Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийг 15.1-д заасныг зөрчсөн явдалд мөн хуулийн 26 дугаар зүйлд зааснаар сахилгын шийтгэл ногдуулах хуулийн зохицуулалттай бөгөөд энэ хуулийн 15 дугаар зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах ба эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж байгаа. Үүнээс үзэхэд Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг зөрчсөн нь төрийн албанаас чөлөөлөх үндэслэл болох юм байна гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Тэгээд ажил олгогч бол хуулийг зөв хэрэглэж Төрийн албаны тухай хуулийн 26.7-д заасныг баримтлан чөлөөлсөн байна. Хурлын нарийн бичгийн дарга гэдэг субъектийг Хурлын Тэргүүлэгчид томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй. Үүний дагуу Хурлын Тэргүүлэгчид хуралдаж, тэмдэглэлийг хөтлөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22.1.6-д заасныг баримталсан байгаа гэдгийг хэлье. Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22.1.6-д дахь заалтыг баримталсан нь Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн асуудал юм. Мөн сахилгын шийтгэл ногдуулахад Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасныг зөрчөөгүй байна. Зөрчил бол орон нутгийн сонгуулийн өмнө гарсан ба 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш яригдана. Тэгээд илрүүлснээс хойш нэг сарын дотор арга хэмжээ авсан тул Төрийн албаны тухай хуулийн 26.4-т заасныг зөрчөөгүй гэж бодож байгаа. Сонгуулийн сурталчилгаанд оролцоно гэдгийг заавал Ардчилсан намын хурал, зөвлөлгөөнд оролцсон талаарх видео, бичлэгээр нотлогдохгүй юм. Аливаа хэлбэрээр гэдэг нь дохио, зангаа, хэл үгээр ч зөрчиж болно гэсэн үг. Нэр бүхий 8 гэрчийг хууль сануулж асуусан. Гэрч нар худал мэдүүлсэн байвал Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлд зааснаар хариуцлага тооцох хуулийн зохицуулалттай. Нэхэмжлэгч эдгээр гэрч нартай уулзаагүй гэдэг нь үндэслэлгүй, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр уулзсан байгаа.

Гуравдагч этгээд С.Гүлденгений хувьд бол төрийн албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байгаа ба төрийн алба тасралтгүй явагдах ёстой. Төрийн албаны тухай хуульд заасан хориглосон заалтыг зөрчих юм бол халах зохицуулалттай. Төрийн жинхэнэ алба бол улс төрөөс хараат бус байх ёстой. Ийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Нэхэмжлэлийн шаардлага бол Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баяннуур сумын Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаал эгүүлэн тогтоолгох, мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлүүлэх гэсэн агуулгатай. Хариуцагч талаас тайлбарлахдаа Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.14 дэх заалтыг зөрчсөн, С.Амантайн эхнэр Жайнагүлийг ажилд томилоход С.Амантайн нөлөө байсан, ажлын байрны тодорхойлолтын Б хэсэгт заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл 2015, 2016 онд чиг үүргээ биелүүлээгүй гэсэн агуулгаар, мөн 2015-2016 онд ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж ажиллаагүй, тухайн албан тушаалд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдэг байдлаар тус тус тайлбарласан байдаг.

Юуны түрүүнд маргаан бүхий захиргааны акт хуульд нийцсэн байна уу, үгүй үү гэдэгт дүгнэлт хийх ёстой гэж бодож байгаа.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д, Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.14, 26 дугаар зүйлийн 26.7 дахь заалтыг үндэслээд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байгаа. Энэхүү баримталсан хуулийн заалтууд нь тухайн үйл баримтад тохирч байна уу, үгүй үү гэдэгт бид нар дүгнэлт хийх ёстой. Хуулийн22.1.6 дахь заалт болон Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлэх гэж байгаа. Энэ заалтыг уг тогтоолд үндэслэсэн нь буруу болсон гэж үзэж байна, учир нь нэхэмжлэгчийг чөлөөлөх үйл явдал болж байсан.

Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.14-т 4-н үндэслэлийг заасан байдаг. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцох, түүнд зориулалтын бус төсвийн хөрөнгө зарцуулах, төрийн өмч хөрөнгийг дайчлах, мөн албаны унааг ашиглах гэж байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэг зүйл тогтоогдож байгаа, гол маргаан нь сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцсон гэж байгаа ба энэ дээр тогтож ярих ёстой. Сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцох гэдэг нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн сумын Хурлын Тэргүүлэгчдийн тэмдэглэлд байгаа боловч тухайн үед энэ асуудлыг тогтоогоогүй байсан юм. Иргэдээс ирүүлж байсан бичлэг байгаа гаргаж өгнө гэж хэлж байсан боловч одоо хүртэл иргэдээс ирүүлж байсан гомдол, нотлох баримтыг гарган өгч чадаагүй байна. Тийм учраас сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцох гэсэн нь тогтоогдохгүй байхад миний үйлчлүүлэгчийг ажлаас үндэслэлгүйгээр халсан гэж үзэж байна. Үүнийг нөгөө талаар нотлох баримт байгаа, хэрэгт авагдсан цагдаагийн байгууллагын болон хэсгийн төлөөлөгчийн албан бичгүүд байгаа. Үүнээс үзэхэд сонгуулийн сурталчилгаа, Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзэх үйл баримт байхгүй байна. Сүүлд нэхэмжлэл гаргасны дараа 2017 оны 4 дүгээр сард бол шүүх хуралдааны явцад гуравдагч этгээдээс 8 иргэнийг гэрчээр асуулгах талаар хүсэлт тавьсан ба эдгээр гэрчүүд бол сонгуулийн сурталчилгаа явуулсан гэдэг талаас биш С.Амантайтай уулзсан гэдэг талаас мэдүүлэг өгсөн ба үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэгдүгээрт, захиргааны хэрэг үүсгэсний дараа нөхөж бүрдүүлсэн нотлох баримт гэж миний бие үзэж байгаа. Үүнээс Анарбек, Магира нарын тодорхойлолт буюу гэрчийн мэдүүлгээс харах юм бол ... 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 цагийн үед С.Амантай зарим нэгэн хүмүүсийг манай гэрт дагуулаад ирсэн ... гэж багийн Засаг даргын сонгуультай холбоотой зүйл ярьсан байдаг.

Тухайн үед миний үйлчлүүлэгч бол аль хэдий нь ажлаас чөлөөлөгдсөн байсан ба иргэн хүний хувьд багийн Засаг даргын санал хураах ажиллагаанд магадгүй очсон байх. Энэ бол тухайн орон нутгийн сонгуульд ерөөсөө хамаагүй гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл Төрийн албаны тухай хуулийн 15.1.14-т багийн Засаг даргын сонгуульд хамааралтай зүйл байхгүй байна. Тийм учраас Анарбек, Магира нарын тодорхойлолт бол энэ хэрэгт ямар ч хамааралгүй нотлох баримт гэж үзэж байна. Досбол гэгч гэрчийн мэдүүлгийг миний үйлчлүүлэгч үгүйсгэж байгаа. Ийм агуулгатай мэдүүлэг өгсөн ба энэ нь бусад байдлаар нотлогдохгүй байгаа гэдгийг хэлмээр байна. Гэрч Х.Бекболат нь ...чиний эцэг Хурманхан нь МАН-аас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшүүлсэн байна, мөнгөгүй тул гарч чадахгүй гэж хэлсэн ... гэж байгаа. Гэхдээ хэзээ энэ талаар хэлсэн, гэртээ байхдаа хэлсэн юм уу, зөвхөн үзэл бодлоо илэрхийлсэн юм уу энэ нь бас тогтоогдохгүй байгаа. Анарбек гэрчийн хувьд бол ... танай дүү нар болон хамаатан садангууд МАН-ыг дэмжиж байна, энэ хүмүүстээ эзэн болоорой, яагаад эзэн болж чадахгүй байна гэж хэлсэн ... гэж байна. Энэ бол сурталчилгаа гэдгийг би олж харахгүй байна, ийм зүйл огт яригдаагүй, нэхэмжлэгч уулзаагүй гэж байна, үүнийг анхаарах нь зүйтэй. Мадетхан гэдэг гэрчийн хувьд бол ... МАН-аас төлөөлөл гарахгүй, яагаад энэ намыг дэмжээд явж байгаа вэ ... гэж хэлсэн байна. Энд бол зүгээр үзэл бодлоо хэлсэн юм шиг байна, үзэл бодлыг сонгуулийн сурталчилгаатай хольж, хутгаж болохгүй. Миний үйлчлүүлэгч тийм зүйл яригдаагүй гэж үгүйсгэж байгаа. Энэхүү гэрчийн мэдүүлэг хөндлөнгийн бусад байдлаар нотлогдохгүй байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн аль заалтыг баримтлаад ажлаас чөлөөлсөн бэ гэж тодруулахад Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэснийг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан гэдэг байдлаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. Ийм агуулгатай гэж байгаа боловч тогтоолд хуулийн дээрх заалтыг баримтлаагүй байгаа. Харин тогтоолд баримталсан Төрийн албаны тухай хуулийн 26.7 дахь заалт ажлаас халсны дараагийн асуудлыг зохицуулсан заалт юм. Өөрөөр хэлбэл төрийн нэг байгууллагаас халагдсан хүн нөгөө байгууллагад очиж ажиллах болсон тохиолдолд тухайн байгууллагын албан тушаалтнаас та бол сахилгын шийтгэл хүлээсэн учраас таныг авч ажиллуулах боломжгүй гэж түүний авч ажиллуулахаас татгалзах агуулгатай заалт байна. Энэ заалтыг баримталж ажлаас чөлөөлсөн гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй юм. Үүнтэй холбоотой Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд бас нэгэн заалт байдаг. Уг хуулийн 27.2-д төрийн жинхэнэ албан хаагч дараах нэмэгдэл баталгаагаар хангагдана гэж заасан.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д энэ хуулийн 25, 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх гэсэн заалттай ба үүнийг харах ёстой. Төрийн албаны тухай хуулийн 25, 26.1.3-д зааснаар энэ хүнийг ажлаас чөлөөлж болохоор байна гэсэн үг. Гэхдээ миний үйлчлүүлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 26.1.3-д зааснаар халсан бол төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсугай гэж ажил олгогч шийдвэрт бичих ёстой боловч тийм өгүүлбэр байхгүй байна. Тийм учраас үндэслэл муутай болсон гэдгийг хэлмээр байгаа. Эндээс дүгнээд би ганцхан зүйлийг хэлж байна. Гуравдагч этгээд байна, хариуцагч талаас ч гэсэн Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.1, 29.5.2, 29.5.3-д заасныг зөрчсөн гэж хэлж байна. Төрийн албаны тухайн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.14-д заасныг тайлбарлахдаа Сонгуулийн тухай хуулийн дээрх холбогдох заалтаар зөрчилдөж байгаа гэж тайлбарласан байдаг. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон бол гэдгийг юу гэж ойлгох юм бэ гэдгийг тодорхойлсон байгаа. Үүнд бол сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхыг ойлгоно гэж байгаа. Харин тийм шүүхийн шийдвэр гараагүй байна. Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гараагүй учраас энэ нь нотлогдохгүй гэж үзэж байна. Иргэн Жайнагүлийн томилгоонд нэхэмжлэгч нөлөөлсөн эсэх асуудалтай холбоотой нотлох баримтууд хавтаст хэрэгт байгаа. Үүнд бол гэрч З.Мадениетийн мэдүүлэг, үүнтэй холбогдуулан гарсан Баяннуур сумын Засаг даргын Бүтэц, орон тоо батлах тухай захирамж, мөн тус сумын ЗДТГ-ын даргын тушаал зэрэг баримтууд байгаа. Ер нь сонгуулийн сурталчилгаа хийсэн гэдэг утгаар маргаж байгаа учраас бид нар энэ дээр тогтож ярих нь зүйтэй байна.

Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг шүүхэд оруулж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Миний санал бол нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй тул үүнийг хангах талаас нь тайлбарыг гаргах болно. Юуны түрүүнд Төрийн албаны тухай хуульд заасан хориглосон үйлдэл хийсэн гэдэг утгаар ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулсан боловч ажлаас чөлөөлсөн тогтоол нь хуульд нийцэхгүй, хууль бус тул хүчингүй болох ёстой. Иймээс нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож өгөх санал дэвшүүлмээр байна. Нэгдүгээрт, тогтоол нь хуульд нийцээгүй, энэ талаар нэхэмжлэгч өөрөө маш сайн тайлбарласан, түүний хуулийг буруу хэрэглэсэн гэсэн тайлбар бол маш зөв гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д энэ хуулийн 25 дугаар зүйл болон 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх гэж тодорхой зааж өгсөн байгаа. Тийм учраас Төрийн албаны тухай хуулийн 26.1.3 биш, 26.7-д заасныг баримталж ажлаас халсан үйлдэл бол хуульд нийцэхгүй байна. Үүнээс гадна 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны ерөнхий хууль байгаа, уг хуульд заасны дагуу нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргасан байна уу, хууль зөрчсөн байна уу, албан тушаалтныг ажлаас чөлөөлөхдөө урьдчилан мэдэгдэх, түүний санал, тайлбарыг сонсох зэрэг зайлшгүй мэдэгдэх ёстойг тухайн хуулиар шаардаж байгаа. Тэр бол тунхаглалын шинжтэй зүйл биш, хууль юм. Энэ хуульд заасан журмыг ноцтой зөрчиж, гаргасан учраас саяны тогтоол хүчингүй болох ёстой. Мөн уг тогтоолд баримталсан заалт нь ямар ч хамааралгүй учраас үүнийг утга, агуулгын хувьд илэрхий алдаатай гэж үзэх учиртай. Хариуцагч тал ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарлаж байгаа боловч тогтоол дээр нь ажлаас чөлөөлөх гэж заасан асуудал байгаа.

Өөрөөр хэлбэл чөлөөлөх гэж заасан боловч үндэслэсэн хуулийн заалт бол халах гэсэн агуулгатай ба үүгээрээ утга агуулгын хувьд илэрхий алдаатай акт учраас энэ бол хүчингүй болж цаашид нэхэмжлэлийн шаардлага хангагдах ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх үед гэрч гэж байгаагүй, тэд нарын гомдол ч байгаагүй, энэ талаар хэн ч цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй ба зөрчил гаргасан гэх үеийн асуудлыг өнөөдрийн шүүх хуралдаанд ярьдаг боловч ажилтныг ажлаас халчхаад дараа нь хэдэн гэрч олж, тэд нарт үг зааж өгөөд шүүхэд дуудаж мэдүүлэг авахуулснаар бид нотлох баримт цуглуулж байна гэж үзэх ямар ч боломж байхгүй байна. Үүнийг шүүхээс нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

Яагаад гэвэл сахилгын шийтгэл ногдуулах үед нэхэмжлэгчийн буруутай үйлдлийг эрх бүхий байгууллагаас тогтоосон байх шаардлагатай. Үүнээс гадна хуралдааны тэмдэглэл байгаа ба уг тэмдэглэлд саяны гэрч гэж ярьж байгаа хүмүүсийн гомдол байхгүй, санал, тайлбар байхгүй байгаа. Тэгэхээр маргаан бүхий акт гарснаас хойш болсон үйл явдал бол энэхүү шүүх хуралдаанд хамааралгүй байна. Яагаад гэвэл тухайн тогтоол гарснаас хойш бий болсон нь тогтоогдсон учраас энэ нь ямар ч хамааралгүй байна. Ийм учраас шүүхээс энэ талаар анхаарч үзэхийг хүсэж байна. Хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарт нэхэмжлэгчтэй хамтран ажиллах боломжгүй, бид нар ялалт байгуулсан учраас төрийн захиргааны албан тушаалтан С.Амантайг ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн байгаа. Төрийн албаны тухай хуульд бол хамтран ажиллаж чадахгүй гэсэн үндэслэлээр ажилтныг ажлаас халах ямар ч үндэслэл байхгүй байгаа. Гэрч нар бол өөрсдийн ярьж байгаа зүйлийн эх сурвалжийг зааж чадахгүй байна. Гэрчүүдийн мэдүүлгийг хэн ч үгүйсгэж чадаагүй учраас энэ нь үнэн байх ёстой, үүнийг шүүгч шийдвэрт үндэслэл болгох ёстой гэж ярьж байгаа боловч гэрчийн мэдүүлгийг С.Амантай нь ... эдгээр гэрчүүдтэй би уулзаагүй, ямар нэгэн байдлаар сонгуулийн сурталчилгаа хийж байгаагүй, эдгээр гэрчүүдэд сонгуулийн талаар юм ярьж байгаагүй ... гэж өөрөө үгүйсгээд байна.

Тийм учраас энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй, харин ч үүнийг хөндлөнгийн бусад баримтуудаар тогтоосон тохиолдолд нотлох баримт болох бөгөөд ийм нөхцөлийг хангаагүй бол түүнийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох учиргүй юм.

Үүнээс гадна уг гэрч нар тухайн үед би энэ асуудлын талаар шүүх, цагдаад хандаж байсан, эсхүл сонгуулийн хороо, Засаг дарга зэрэг захиргааны байгууллага албан тушаалтанд хандаж байсан гэж нэгэн ч хэлээгүй болно. Энэ бол тухайн акт гарсны дараа шүүх хуралдаан болох үед ийм асуудал гаргаж байгаа ба энэ нь тогтоогдсон гэж үзсэн ч гэсэн уг актад энэ асуудал ямар ч хамааралгүй болох нь тэдний мэдүүлгүүдээр давхар нотлогдож байгаа. Зарим гэрч нар үйл явдал болсон цаг хугацааг мартсан, зарим нь энэхүү үйлдэл болсны дараа буюу багийн Засаг даргын сонгуультай холбоотой зүйл ярьж, эргэлзээтэй мэдүүлэг өгсөн учраас тэр бол С.Амантайг чөлөөлөх тогтоолд ч ямар хамааралгүй юм. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, хариуцагч ажилтныг ажлаас халсан үндэслэлийг шүүхийн өмнө нотолж чадаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Амантай нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад тус сумын Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор ажлаас чөлөөлөгджээ.

Нэхэмжлэгчээс тус шүүхэд энэхүү шийдвэрийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан сумын Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

1.Баяннуур сумын Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалаас нэхэмжлэгчийг чөлөөлсөн маргаан бүхий захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.14, 26 дугаар зүйлийн 26.7-д заасныг баримталсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлээр төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг зохицуулсан бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч хуулийн 15 дугаар зүйлд заасныг зөрчсөн тохиолдол нь түүнд 26.1-д зааснаар 26.1.1-23.1.3-т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах үндэслэл болдог.

Гэтэл маргаан бүхий захиргааны актад баримталсан хуулийн 26.7-д энэ хуулийн 15 дугаар зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан нь төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах асуудлын зохицуулалт биш юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад Баяннуур сумын Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халсан гэж тайлбарласан боловч тогтоолд хуулийн[1] энэ талаарх 26.1.3 дахь заалтыг баримтлаагүй, уг шийдвэр нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан агуулгагүй байна.

2. Хариуцагч талаас нэхэмжлэгч С.Амантайг Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасан ....Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцохыг төрийн жинхэнэ албан хаагчид хориглосон заалтыг зөрчиж, сонгуулийн үеэр зарим нэр бүхий иргэдийг албан тушаалд томилох, малжуулах төсөл, сум хөгжүүлэх сангийн төсөл хөтөлбөрт хамруулахаар амлалт өгч, иргэдийн саналыг төсвийн болон төслийн хөрөнгөөр худалдаж авах оролдлого хийсэн гэж тайлбарлажээ.

Төрийн албаны тухай хуулийн 15.1.14-т заасан сонгуулийн сурталчилгааны аливаа хэлбэр гэдгийг Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т заасан сонгуулийн сурталчилгааны арга хэлбэр зэрэг бүхий л үйл ажиллагааг хамааруулж ойлгоно.

Иймээс төрийн жинхэнэ албан хаагч С.Амантай нь Сонгуулийн тухай хуулийн 68.3-т заасан сонгуулийн сурталчилгааны аливаа үйл ажиллагаанд оролцсон буюу Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.14-т заасан зөрчил гаргасан байх, энэ нь тогтоогдсон тохиолдолд түүнд хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл бий болох юм.

Гэтэл нэхэмжлэгчийг Баяннуур сумын Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн сумын Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс[2] үзэхэд хуралдааны үеэр Тэргүүлэгчдээс ...шинээр 2016 оны орон нутгийн Хурлын сонгуулийн үр дүнгээр тус сумын Хурлын даргыг шинээр сонгосон, С.Амантай нь сайн боловсон хүчин боловч намын гишүүд хамтарч ажиллах боломжгүй, сонгуульт ажил учраас Хурлын нарийн бичгийн даргын асуудлыг хэлэлцэж чөлөөлөх, сольж ажиллуулах, цаашид С.Амантайд боломжийн ажил олгох зэрэг саналуудыг гаргаж, хуулийн 15.1.14-т зааснаас өөр үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн нь тогтоогдож байна.

Тухайн хуралдаанаар Тэргүүлэгч С.Гүлденген нь нэхэмжлэгч С Амантайг Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлд заасныг удаа дараа зөрчсөн, аль ч сонгуулийн үед намын үзэл гаргаж тэмцдэг гэх санал гаргасан байх боловч сумын Хурлын нарийн бичгийн дарга С.Амантайг хуулийн 15 дугаар зүйлд заасан ямар төрлийн хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн нь тодорхой бус, уг зүйлд заасан зөрчил гаргасныг хариуцагч болох Тэргүүлэгчид шалгаж тогтоогоогүй байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид холбогдуулж А.Бекболат нарын 6 гэрч, мөн хариуцагч болох сумын Хурлын Тэргүүлэгч А.Байболат нараас шүүхэд өгсөн мэдүүлэг, тайлбарт дурьдсан үйл баримтууд нь нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 15.1.14-т заасан сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцсон гэж үзэх үндэслэлд хамааралгүй, гэрч С.Досбол нь С.Амантайтай 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр уулзахад сонгуулийн сурталчилгаанд явж байна гэж хэлсэн гэж мэдүүлсэн боловч тухайн үед энэ асуудлыг шалгаагүй, энэ нь бусад нотлох баримтаар тогтоогдоогүй байх тул гэрчийн энэхүү мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгчийг хуулийн 15.1.14-т заасныг зөрчсөн гэж үзэхэд учир дутагдалтай юм.

Сумын Хурлын нарийн бичгийн даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албан тушаал бөгөөд нэхэмжлэгч С.Амантай нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан нэмэгдэл баталгаагаар хангагдах буюу ажил олгочоос дээрх баталгаагаар хангах үүрэгтэй юм. Үүнд хуулийн 27.2.1-д энэ хуулийн 25 дугаар зүйл болон 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх, 27.2.2-т ...засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх дуусгавар болох нь ...төрийн жинхэнэ албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй гэж тус тус заасан.

Иймд Сонгуулийн тухай хуульд зааснаар орон нутгийн Хурлын ээлжит сонгууль явагдснаар Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнөх хугацаанд ажиллах хуульд заасан бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох, шинээр сумын Хурлын төлөөлөгчид сонгогдсноор Хурлын даргыг өөрчилж томилсон нь Хурлын нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь өөрчилж, чөлөөлөх үндэслэл болохгүй, түүнчлэн хуулийн 15.1.14-т заасныг нэхэмжлэгч зөрчсөн нь тогтоогдоогүй, хуулийн 25 дугаар зүйлд заасан төрийн албанаас халах, мөн 26.1.3-т зааснаар төрийн жинхэнэ албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байхгүй тохиолдолд нэхэмжлэгч С.Амантай нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд сумын Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалаас халагдахгүй байх баталгааг эдлэх эрхтэй юм.

Дээрх байдлаар нэхэмжлэгч сумын Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаанд Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасныг зөрчсөн нь тогтоогдоогүй байхад түүнийг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн мөртлөө уг шийдвэр нь С.Амантайг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан агуулгатай гэх хариуцагч талын тайлбар хууль бус гэж үзлээ.

Иймээс нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх, цалин хөлс авах эрх, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчим, 27.2.1, 27.2.2-т заасныг тус тус зөрчиж гаргасан маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Баяннуур сумын Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

3. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэгч С.Амантай нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж өөртөө хамаарал бүхий этгээд болох Ш.Жайнагүлийг сумын Засаг даргын Тамгын газрын дотоодын нягтлан бодох бүртгэлийг хянан шалгагч гэх орон тоонд сумын Засаг даргын Тамгын газрын даргатай үгсэж хууль бусаар ажилд томилуулсан, улмаар Ш.Жайнагүлд ээлжийн амралт олгох, өндөр насны тэтгэвэрт гаргах, нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгох шийдвэр гаргуулж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн нь хуулийн 29.2.4-т зааснаар нийтийн албанаас халах үндэслэл болно, мөн 2015, 2016 онуудад ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг биелүүлж ажиллаагүй, энэ талаар өөрөө хүлээн зөвшөөрсөн нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно[3] гэх маргааныг шүүх дараах байдлаар дүгнэлээ.

Хуулийн 11.1-д албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан нь дээрх үйл баримтын хувьд томилох эрх бүхий этгээдэд хамааралтай заалт бөгөөд сумын Засаг даргын Тамгын газрын ажилтныг томилж, чөлөөлөх нь сумын Засаг даргын Тамгын газрын даргын эрх хэмжээний асуудал тул энэ нь сумын Хурлын нарийн бичгийн даргад холбогдолгүй зохицуулалт юм. Түүнчлэн нэхэмжлэгч өөрийн эхнэр Ш.Жайнагүлийг ажилд томилоход нь хууль бусаар нөлөөлсөн гэдэг нь гэрч сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Мадениетийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Мөн нэхэмжлэгч 2015 онд ажил олгогчтой байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнүүлж, ажил үүргээ маш сайн гүйцэтгэснээр А үнэлгээ авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа ба 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнүүлэхээс өмнө томилох эрх бүхий этгээдээс үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхгүйгээр ажлаас нь чөлөөлсөн байх тул нэхэмжлэгч 2016 онд ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын чиг үүргээ биелүүлээгүй гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар түүнийг ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн хуралдаанд хэлэлцэгдээгүй нь хуралдааны тэмдэглэлийг хөтөлсөн хариуцагч сумын хурлын Тэргүүлэгч Ш.Майрагүлийн тайлбар, хуралдааны гараар хөтөлсөн тэмдэглэлийн эх хувь зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Иймд хариуцагч талын дээрх маргаан нь үндэслэлгүй бөгөөд эдгээр нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл биш байгааг дурьдах нь зүйтэй.

4. Шүүхээс нэхэмжлэгч С.Амантайг маргаан бүхий албан тушаалаас чөлөөлсөн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, түүнийг Баяннуур сумын Хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоосонтой холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан түүнд ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс энэхүү маргааныг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн өдрийг оролцуулж, 6 сар, ажлын 5 хоногт оногдох урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т заасан түүний төрийн захиргааны албан хаагчийн хувьд авч байсан цалин хөлсийг үндэслэн 6860770 /зургаан сая найман зуун жаран мянга долоон зуун далан/ төгрөгийг Баяннуур сумын Хурлын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг Монгол улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д зааснаар ажилтны дундаж цалин хөлсийг сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлохоор зааснаар хэрэгт авагдсан цалингийн талаарх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн сарын үндсэн цалинг ТЗ-7-5 шатлалаар 733863 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 25 хувь, төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл 25 хувь, нийт нэмэгдэл цалинг 366932 төгрөгөөр тооцоолж шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.7,106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.2, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Амантайн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож, С.Амантайг урьд эрхэлж байсан тус сумын Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт 6860770 /зургаан сая найман зуун жаран мянга долоон зуун далан /төгрөгийг Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгч С.Амантайд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч талаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээрзүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давжзаалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА

 

 

 

 


[1] Төрийн албаны тухай хууль

[2] Хэргийн 89-91 дүгээр хуудас, гараар хөтөлсөн тэмдэглэлийн эх хувь

[3] Хавтаст хэргийн 67-69 дүгээр хуудсанд авагдсан тэмдэглэл