Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2019/0830/з |
Дугаар | 221/МА2020/0310 |
Огноо | 2020-05-07 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2020/0310
Б.Л-ийн гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганхүрэм, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У, хариуцагч Д.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 206 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Л-ийн гомдолтой, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 206 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйл, 3.1 дүгээр зүйлийн 1-д тус тус заасныг баримтлан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Д-ийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0065786 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар 3,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсныг 300,000 төгрөг болгон төлбөрийн хэмжээг багасгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий Б.Л-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Гомдол гаргагч Б.Л нь анх 2011 оны 09 дүгээр сараас эхлэн “У г” ХХК-ийн захирлаар томилогдон ажиллаж байгаад 2018 оны 04 дүгээр сард ажлаа өгч, Д.С захирлын албан тушаалыг шилжүүлэн авсан. Б.Л нь 2002 оноос “Т-У” ХХК-ийг анх хувьцаат компани байх үеэс нь хамгийн их буюу 32 хувийн хувьцааг дангаар эзэмшиж байгаа бөгөөд тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн маргааны улмаас дулаан хязгаарлах үйлдлийг хийсэн байдаг. Гэтэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч Д.Д-ийн шийтгэлийн хуудсаар холбогдогч нь “У г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Л гэж тодорхойлон шийтгэл ногдуулсан. Гомдол гаргагчаас төлбөр тогтоосон захиргааны актын хэмжээг багасгах шийдвэр гаргуулахыг хүсч гомдлоо гаргасан байхад анхан шатны шүүх нь гомдлын шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчиж байна. “У г” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд хэн болохыг тодруулаагүй, зөрчил үйлдсэн этгээд буюу холбогдогчийг олж тогтоогоогүй. Холбогдогчид эрх, үүрэг тайлбарлаагүй, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах боломж олгоогүй, хохирогчийн гомдолтой танилцуулаагүй, тайлбар, мэдүүлэг гаргах боломжоор хангаагүй, зөрчлийн хэргийн материалтай танилцуулаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, хүсэлт гаргах боломжоор хангаагүй. Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд “У г” ХХК-ийн захирал Б.Л нь Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан зөрчлийг гаргасан гэж дүгнэсэн байх боловч “Шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчлийг гаргасан гэж зөрүүтэй дүгнэсэн байдаг. Хэдийгээр Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь ... зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэхэд ... оршино” гэж зааснаар зөрчил үйлдсэн нь тогтоогдвол шийтгэл хүлээх нь зайлшгүй боловч тухайн шийтгэлийг үйлдсэн холбогдогч нь хэн болохыг тогтоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, тохирсон шийтгэлийг ногдуулах ёстой юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б.Л нь “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Д-ийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0065786 дугаар “Шийтгэлийн хуудас”-аар 3.000.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсныг 300.000 төгрөг болгон хэмжээг багасгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулийн үндэслэлийг анхааралгүй нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнд хамаарч байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Д-ийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0065786 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар “У г” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Дээрх шийтгэлийн хуудсаар “У г” ХХК-нд шийтгэл ногдуулсан талаар шүүх зөв дүгнэлт хийсэн атлаа иргэн Б.Л-гийн нэхэмжлэлээр хэрэг үүсгэж, маргааныг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан “...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.
Өөрөөр хэлбэл, маргаан бүхий акт нь нэхэмжлэгч Б.Лгийн эрх хууль, ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, түүнд эрх зүйн ямар нэгэн үр дагавар үүсгээгүй бөгөөд шийтгэлийн хуудаст “Уранган ХХК захирал Б.Л” гэж бичсэнийг иргэн Б.Л-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхгүй, тэрээр энэхүү шийтгэлийн хуудастай маргах эрхгүй.
Харин нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас зөрчигдсөн гэх эрхээ өөр байдлаар сэргээлгэх боломжтой бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Ийнхүү шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүй бөгөөд Б.Л-ийн нэхэмжлэлээр үүссэн хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 206 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Б.Л-ийн нэхэмжлэлтэй “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Д-ийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0065786 дугаар “Шийтгэлийн хуудас”-аар 3.000.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсныг 300.000 төгрөг болгон хэмжээг багасгуулах”-ыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Л-ийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг тус тус улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.Лхагвасүрэн
ШҮҮГЧ О.НОМУУЛИН