Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2017/01546

 

С.Б, С.Өнарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 313 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 212/МА2017/00094 дугаар магадлалтай,

С.Б, С.Өнарын нэхэмжлэлтэй

М.М, М.А, М.Анарт холбогдох

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай Хаг нуурын өвөлжөө, Мухир гэх газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох, уг газраас М.М, М.А, М.Анарыг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1992 онд нэгдэл тарах үед Цэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг болон Хаг нуурын Мухар хэмээх газарт буй, өвөлжөө битүү хашааг 1994 онд нэгдлээс 8000 төгрөгөөр хувьчилж С. Ө, С. Б нар 5 хүний хувьцааг авсан. Харин М.М, М.А, М.А талийгаач эцэг С.Мурат нь 2 хүний хувьцаа авсан байсан. Харин С.Мурат нь хувьчлал дутуу гэж маргаж Оралхан гэгчийн хашааны дээврээс 9 хүний хувьцааг нэмж авсан юм. С.Ө, С.Б нарт талийгаач эцэг нь Шар булаг, Хар булаг гэх газарт хувьчлалаар өгсөн хашаа, хороог аваад С.Муратад бэлэгт өгснөөр одоо хүртэл С.Мурат эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд С.Ө, С.Б нар ашиглаагүй болохыг Цэнгэл сумын 1 дүгээр багийн иргэд Бөтиш, Бекболат, Оралхан, Зайтиш нар гэрчилнэ. Шар булаг, Хар булаг-ийн хашаа хороог одоо талийгаач С.Муратын хүүхдүүд М.М, М.А, М.Анар эзэмшиж, ашиглаж байгаа болно. Харин Мухарт буй өвөлжөөг албан ёсоор эзэмшигч нь С.Ө, С.Б бид нар юм. Мухарт буй С.Ө-ийн задгай хашаанд 2011 оноос Муратын хүүхдүүд мал өвөлжүүлдэг болсон юм. Иймд хашаа хорооны багтаамж, бэлчээрийн даац хэтэрсэн учраас С.Муратын хүүхдүүдийг тусгаарлаж өгөх талаар сумын захиргаанд хүсэлт тавьсан ба дээрх залуучууд бидний хэлснийг үл ойшоож байгаа ба удаа дараа бэлчээр дээр манай хүүхдүүдийг зодож эцэст нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бэлчээр дээр М.М нь С.Б миний үхрийг буудсан үйлдэл хийсэн болно. Цааш нь хүн амины хэрэг гарч болзошгүй байна. Иймд Цэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг Хаг нуурын Мухар гэх газарт байрлалтай өвөлжөөний хууль ёсны эзэмшигч С.Ө, С.Б болохыг тогтоож, уг газраас М.М, М.А, М.А-ыг албадан нүүлгэхээр шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Уах шога овогт Сураганы Нургайып нь иргэн С.Б, С.Ө нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багийн оршин суугч Муратын Мейрамбекийг төлөөлөн оролцож байна. Нэхэмжлэлтэй танилцаж үзээд түүнд заасан шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэлдээ С.Ө, С.Б нар Шар булаг, Хар булаг гэх газарт байгаа хашаа хороог С.Муратад бэлэглэн өгсөн мэтээр худал зүйл бичсэн байна. Тэрхүү хашаа хороо бүхий газрыг одоо С.Муратын хүүхдүүд эзэмшдэг нь үнэн. Гэхдээ тэнд байгаа хашаа хороо бүхий эзэмшил бүхий газрыг одоогийн хариуцагч нар болон тэдний эцэг талийгаач С.Мурат анх барьж ашиглалтад оруулж байсан байна. Хамгийн түрүүнд хариуцагч нарын эцэг болох талийгаач С.Мурат хадлангийн талбай болгож улмаар хашаа хороо бий болгожээ. Түүнээс биш С.Ө, С.Б нарын бэлэглэсэн хашаа хороо биш бөгөөд тэдэнд огт хамааралгүй байна. Энэ талаар Цэнгэл сумын 1 дүгээр бригадын Засаг дарга асан С.Билимханы 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн, мөн 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн тодорхойлолтуудаар нотлогдож байна. Харин маргаж буй Мухар Хаг нуурт байгаа хашаа хорооны хувьд нэхэмжлэгч нараас илүүтэйгээр хариуцагч нарын эзэмших хувь нь арай илүү байгаагаас гадна одоо хүртэл тухайн битүү хороог талийгаач Муратын битүү хороо хэмээн тус сумын ард иргэд бүгд нэршдэг байна. Мөн энэ талаар нотлох баримт ч хангалттай байна.

Тухайлбал, 1. Цэнгэл сумын 1 дүгээр бригадын Засаг дарга асан С.Билимханы 1992 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолтоор маргаан бүхий битүү хорооны хувьцааг тодорхойлж өгсөн байна. 2. Тус сумын иргэдийн хашаа хорооны хувьцаа эзэмшигчдийн талаарх мэдээллийг харуулсан хүснэгтийн хуулбар, 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр.3. Цэнгэл сумын 1 дүгээр багийн Засаг дарга П.Хуанышын 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн тодорхойлолтоор маргаан бүхий битүү хорооны хувьцааг тодорхойлж өгсөн байна. 4. Маргаан бүхий битүү хорооны байрлаж байгаа газрыг 1996 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 30 жилийн хугацаатайгаар эзэмшсэн талаарх эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар. 5. Маргаан бүхий битүү хорооны байрлаж байгаа газрыг 1996 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 30 жилийн хугацаатайгаар эзэмшсэн талаарх эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар. 6. Мөн тус газар эзэмших гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар. 7. Маргаан бүхий битүү хорооны хувьцаа эзэмшигч Ж.Оралханаас С.Мурат 5 хүнд ногдох хувьцааг худалдаж авсан болохыг тодорхойлж бичгийн баримт үйлдсэн Т.Долдагийн 2011 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт. 8. 1987 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хаг нуурт байгаа мал өвөлжих нөхцөл алдсан маргаан бүхий битүү хороог ганцаараа засварлан ашиглалтад ашиглах боломжтой болгохын тулд модон материал авч байсан талаарх бичгэн нотлох баримт. Мөн нэхэмжлэлдээ М.Мийг үхэр буудсан тул цаашид хүн амины хэрэг гарч болзошгүй хэмээн бичсэн байна. Үхэр буудсан асуудал нь нийгэмд аюултай үйлдэл болгон тогтоож, гэм буруутайд тооцсон асуудал байхгүй юм. Боломжгүй үйлдэл байсныг прокурорын газраас тогтоож гомдлыг хэрэгсэхгүй болгож байсан. Нэмж ганц зүйл хэлэхэд, энэхүү хашаа хороотой холбогдох адилхан шаардлага бүхий маргааныг тус шүүхээс хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал байгааг анхаарна уу. Иймд нэхэмжлэгч нарын бусдын хууль ёсны өмч, хөрөнгөнд халдах санаархал бүхий нэхэмжлэлийг нь бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 313 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б, С.Өнарын өвөлжөөний зориулалттай газрын хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоож уг газраас М.М, М.А, М.А нарыг албадан нүүлгэж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ. 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 212/МА2017/00094 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 313 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4.-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б, С.Ө нарын хариуцагч М.М, М.А, М.А нарт холбогдуулан гаргасан эзэмшил газраас хариуцагч нарыг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаас газрын хууль ёсны эзэмшигч мөн болохыг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргээс дээрх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хаутай, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.Зулхаш нар хяналтын гомдолдоо: Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэргэлээгүй гэж үзэх талаархи гомдлын үндэслэл: 1. ЗЗНДНТУ-ын тухай хуулийн 31 -р зүйлийн 31.1.3 -д “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх тухай шийдвэрийг” Сум дүүргийн Засаг дарга гаргахаар, Газрын тухай хуулийн 33-р зүйлийн 33.1.1-д “...Газар эзэмшүүлэх шийдвэрийг ...газар зохих байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан байдаг. Тэгвэл хариуцагч М.А, М.Ахан, М.М нарт “Хаг нуур”-ын “Мухар” гэх “нэхэмжлэлийн шаардлагад” тусгасан газрыг эзэмшүүлсэн шийдвэр (захирамж) байхгүй байхад тухайн газрыг “хууль ёсоор эзэмшиж” буй С.Ө, С.Б нарын “хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй” гэж шүүх дүгнэсэн нь хуулийн дээрх заалтыг “буруу хэрэглэсэн” гэж үзэж байна. 2. Газрын тухай хуулийн 34-р зүйлийн 34.1-д “Газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн ...гэрээ байгуулж, гэрчилгээ олгоно” гэж заасныг зөрчиж, газар эзэмшүүлэх тухайн шийдвэргүй, Газар эзэмших гэрээ байгуулаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй байгаа хариуцагч М.А, М.Ахан, М.М нарын “хууль бус аргаар нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхэд саад болж буй үйлдлийг таслан зогсоох” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь газрын хуулийн 34-р зүйлийн 34.1-д заасныг “буруу хэрэглэсэн” явдал юм. 3. Хариуцагч нар “газар эзэмших эрхгүй” мөртлөө нэхэмжлэгч нарын эзэмшил газарт “өвөлжөө” барьж, тэдний газар эзэмших эрхэд саад хийж байгаа нь нотлогдсоор байхад газрын тухай хуулийн 35-р зүйлийн 35.3.5-д зааснаар “Бусдын газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэснийг шүүх хэрэглээгүй нь “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” явдал гэж гомдол гаргаж байна. 4. Анхан шатны шүүхийн 2017.05.08-ны өдрийн 313 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2017.07.06-ны өдрийн 212/МА2017/00094 тоот магадлалын “Үндэслэх нь” хэсэгт “Хариуцагч нар нэхэмжлэгч С.Ө, С.Б нарын газар эзэмших эрхэд саад болоогүй. Тэдний эзэмшлийн 0.07га газарт хариуцагч нарын байшин барьж, хашаа хороо тавьсан газар давхцаагүй” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу дүгнэсэн явдал юм. Тухайлбал хариуцагч нарын “өвөлжөө” нь “Хаг нуур”-ын “Мухар” гэх газарт байгаа С.Ө, С.Б нарын өвөлжөөтөй хамт баригдсан, тэд тухайн өвөлжөөнд 3000 (гурван мянга) шахам малтай ирж өвөлждөг болох нь “Шүүхийн үзлэгийн тэмдэглэл, мал тооллогын материал зэрэг нотлох баримтаар батлагдаж байна. (хх-104-106-р хуудас: хариуцагч нарын эх Замза нь 2082 толгой малтай, байгаа). 5. Анхан шатны шүүхийн 2017.05.08-ны өдрийн 313 тоот шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 9-р хуудсанд “С.Мурат нь Засаг даргын 2003 оны 71-р шийдвэрээр “Хаг нуур”-ын “Мухар”-т 700м газар эзэмшдэг, газрын тухай хуулийн 39.1.2 -д заасны дагуу Иргэний хуулийн 520-р зүйлийн 520.1.1-д заасан өв залгамжлагч нар эзэмшиж байгаа тул С.Муратын газар эзэмших эрх дуусгавар болоогүй” гэж буруу дүгнэсэн байна. Учир нь С.Муратын “Хаг нуур”-ын “Мухар” гэх газарт 2003 оны Засаг даргын 71 тоот захирамжаар газар эзэмшүүлснийг анхан шатны шүүхийн 2011.03.23-ны өдрийн 193 тоот шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2011 оны 28 тоот магадлал, УДШ-ийн хяналтын шатны шүүхийн 2011 оны 514 тоот тогтоолоор тус тус хүчингүй болгосныг нотлох баримтаар “буруу үнэлсэн” байна. Энэ нь ИХШХШ тухай хуулийн 40-р зүйлийн 40.4-д заасан “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ...үйл баримтыг дахин нотлохгүй” гэснийг зөрчжээ. Дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр С.Муратын “газар эзэмших эрх” дуусгавар болсон байхад түүний хүүхдүүд болох М.А, М.А, М.М нар “өв залгамжилж” газар эзэмших эрхтэй гэж үндэслэлгүй дүгнэсэн байна. 6. Шүүгч хүн зөвхөн “хуулийн мэдлэг”-ээс гадна амьдралын асар их туршлага, тал бүрийн салбарын талаар өргөн мэдлэгтэй байж, асуудлын голыг олж, зөв шийдвэр гаргадаг гэж үздэг. Тэгвэл энэ хэргийг хянан шийдвэрлэхэд шүүгч нарт Мал аж ахуйн болон малчин өрхийн талаар, малчин өрхийн “өвөлжөөний” зориулалтын талаар, “мэдлэг” хомс байснаас үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тухайлбал “малчин өрх” гэдэг бол мал аж ахуйн “үйлдвэр” явуулж байгаа “аж ахуйн нэгж” билээ. “Өвөлжөөг” сонгож авахдаа бэлчээрийн гарц, уст цэг, хужир мараа бүхий байдал, газрын байршил, өвлийн улиралд нар тусах явдал, газрын нөмөр нөөлөг зэрэг бүх талыг харгалзаж сонгодог юм. Малчин өрхөд 0,07 га (700м2) газар эзэмшихээс илүү “ашиглах бэлчээр” гол зүйл байдаг. Тийм учраас нэхэмжлэгч С.Ө, С.Б нарын “өвөлжөөний бэлчээрийг” хариуцагч нар “хууль бус” эзэмшиж байгаа нь эзэмшил газрын бэлчээрийг чөлөөтэй ашиглах, нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхэд “саад учруулж байгаа” явдал мөн. Үүнийг Иргэний хуулийн 106-р зүйлд заасны дагуу “нэхэмжлэл” гаргаж хууль бус үйлдлийг арилгах гэснийг буруутгах боломжгүй Газрын тухай хуулийн 29-р зүйлийн 29.1, 33-р зүйлийн 33.1.1 -д зааснаар “гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан” газрыг нэг удаа үнэ төлбөргүй эзэмшүүлдэг билээ. Гэтэл хариуцагч нар болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь М.А, М.А, М.М нарт “Хар булаг”, “Шар булаг” гэх газарт өвөлжөөний газар эзэмшиж байгааг өөрсдөө хүлээн зөвшөөрч байхад “Хаг нуур”-ын “Мухар” гэх газарт давхар оршин сууж байгаа нь Газрын тухай хуулийн дээрх заалтад үл нийцэж байгааг шийдвэр гаргахдаа анхаараагүй байна. Иймд Баян -Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05-р сарын 08 -ны өдрийн 313 тоот шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2017.07.06-ны өдрийн 212/МА2017/00094 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч С.Б, С.Ө нар нь хариуцагч М.М, М.А, М.А нарт холбогдуулан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хаг нуурын өвөлжөө, Мухир гэх газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох, уг газраас хариуцагч нарыг албадан нүүлгэх нэхэмжлэл гаргасан ба давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох...” шаардлагаас татгалзжээ.

Хоёр шатны шүүх шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулахыг зорьсон нь оновчтой болсон боловч нэхэмжлэлийг бүрэн тодорхойлж  чадаагүй, улмаар маргааны зүйл тогтоогдоогүй, зохигчдыг мэтгэлцсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж үзнэ.

С.Б нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Мухир гэх газарт 700 м.кв талбайтай газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар, С.Ө нь тус багийн нутаг дэвсгэрт байрлах Хаг нуурын өвөлжөө гэх газарт 700 м2 талбайтай газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 30 жилийн хугацаагаар тус тус эзэмших эрхтэйг нотолсон баримтууд хэрэгт авагджээ.

Нэхэмжлэгч нар .....Цэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хаг нуурын өвөлжөө, Мухир гэх газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох, уг газраас хариуцагч нарыг албадан нүүлгэх тухай шаардлага гаргасан боловч зэргэлдээ өвөлжөөтэй учраас малын бэлчээрийн даац хэтэрч үүний улмаас хариуцагч нарыг өөрсдийн нь эзэмшиж байгаа өвөлжөөнөөс нүүлгэх /хх-47/, хариуцагч нарыг Хаг нуурын Мухир гэх газарт  газар эзэмших эрхгүй байж газар эзэмшиж мал аж ахуй эрхлэхэд саад болсон гэж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаан дээр “..хариуцагч нар өвөлжиж, малаа байлгаснаас болж өвөлжөө болон газар дээр маргаан гарсан.., хариуцагч нар ямар нэгэн эрхийн актгүйгээр газрыг эзэмшээд байгаа учраас албадан нүүлгэнэ,...байшинг нүүлгэнэ...” гэж, /хх-128,129/, давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч “...зохигчдын малын хашаа залгаа байгаа. Бүх малууд нийлээд өвчтэй мал халдвар тараагаад байгаа...хөршийн эрх зөрчигдөөд байна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөр өөр агуулгаар тодорхойлжээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийг татгалзаж, “...маргаан бүхий битүү хашаа хороо байрлаж байгаа газрыг аав 1996 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 30 жилийн хугацаатай, газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу эзэмших эрхтэй байгаа, уг өвөлжөөг аав Мурат 1987 онд ганцаараа засварлаж байсан, 1992 онд ногдох хувьцаагаар маргаан бүхий хороог тодорхойлж өгсөн, ....нэхэмжлэгч нь манай хууль ёсны өмч, хөрөнгөд санаархаж байна...” гэж маргасан байна.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч нар хариуцагч нарын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө чөлөөлүүлэхийг шаардсан, эсвэл малын бэлчээрийн даац хэтэрснээс газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа, эсвэл зэргэлдээ өвөлжиж байгаа учраас малаа бэлчээрлүүлэх боломжгүй болсныг саад учруулж байгаа гэж үзсэн эсэхийг тодруулах шаардлагатайгаас гадна зохигчид нь өвөлжөөний эзэмших, өмчлөх эрхийн талаар маргаантай эсэх нь ойлгомжгүй байна. Хариуцагч нарын зүгээс шүүхэд 1996 оны 12 дугаар сарын 07-ны өдөр С.Муратад Хаг нуурын Мухир гэх газарт газар эзэмшүүлсэн 655 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, /хх-40/, 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр С.Муратад Мухир хас көлд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700м2 газар олгосон 0305120 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-85/ гэсэн баримтуудыг өгсөн ба эдгээр баримтыг шүүх үнэлээгүй байна

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус учраас зохигчид мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй, маргааны зүйл тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны уг алдааг олж хараагүй нь буруу болохоос гадна нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсан тухайд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь хуульд нийцээгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан асуудлыг шийдвэрлэх журмыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 106 дугаар зүйлийн 106.5-д зохицуулсан, шүүх холбогдох зохицуулалтыг хэрэглэх байжээ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв .

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 313 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 212/МА2017/00094 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Х.СОНИНБАЯР

          ШҮҮГЧ                                                              П.ЗОЛЗАЯА