Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 212/МА2018/00065

 

С.Б, С.Ө нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00144 дүгээр шийдвэртэй, С.Б, С.Ө нарын нэхэмжлэлтэй, М.М, М.А, М.АСнарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.Зулхаш, Я.Сьезд,  хариуцагч М.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага:  “Баян-Өлгий аймгийн Ц сумын 1 дүгээр баг, Хаг нуурын Мухар гэх газарт байршилтай өвөлжөөнөөс хариуцагч М.М, М.А, М.Ас нарыг албадан нүүлгэж, эзэмшил газрыг эзэмших, бэлчээр ашиглах, үр шимийг нь хүртэхэд саад болж байгаа хариуцагч нарын 2132 толгой малаас албадан чөлөөлүүлэх” тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “1992 онд нэгдэл тарах үед Ц сумын 1 дүгээр багийн нутаг болон Хаг нуурын Мухар хэмээх газарт буй, өвөлжөө битүү хашааг 1994 онд нэгдлээс 8000 төгрөгөөр хувьчилж С. Ө, С. Б нар 5 хүний хувьцааг авсан. Харин М.М, М.А, М.АС нарын талийгаач эцэг С.М нь 2 хүний хувьцаа авсан байсан. Харин С.М нь хувьчлал дутуу гэж маргаж О гэгчийн хашааны дээврээс 9 хүний хувьцааг нэмж авсан юм. С.Ө, С.Б нарт талийгаач эцэг нь Шар булаг, Хар булаг гэх газарт хувьчлалаар өгсөн хашаа, хороог аваад С.М-д бэлэгт өгснөөр одоо хүртэл С.М эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд С.Ө, С.Б нар ашиглаагүй болохыг Ц сумын 1 дүгээр багийн иргэд Б, Бе, О, З нар гэрчилнэ. Шар булаг, Хар булаг-ийн хашаа хороог одоо талийгаач С.М-ын хүүхдүүд М.М, М.А, М.АС нар эзэмшиж, ашиглаж байгаа болно. Харин Мухарт буй өвөлжөөг албан ёсоор эзэмшигч нь С.Ө, С.Б бид нар юм. Мухарт буй Ө-ийн задгай хашаанд 2011 оноос Муратын хүүхдүүд мал өвөлжүүлдэг болсон юм. Иймд хашаа хорооны багтаамж, бэлчээрийн даац хэтэрсэн учраас С.М-ын хүүхдүүдийг тусгаарлаж өгөх талаар сумын захиргаанд хүсэлт тавьсан ба дээрх залуучууд бидний хэлснийг үл ойшоож байгаа ба удаа дараа бэлчээр дээр манай хүүхдүүдийг зодож эцэст нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бэлчээр дээр М.М нь С.Б миний үхрийг буудсан үйлдэл хийсэн болно. Цааш нь хүн амины хэрэг гарч болзошгүй байна. Иймд Ц сумын 1 дүгээр багийн нутаг Хаг нуурын Мухар гэх газарт байрлалтай өвөлжөөний хууль ёсны эзэмшигч С.Ө, С.Б болохыг тогтоож, уг газраас М.М, М.А, М.АС нарыг албадан нүүлгэхээр шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад: “Баян-Өлгий аймгийн Ц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай Хаг нуурын Мухар гэх газрын өвөлжөөг эзэмшдэг болох нь Сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн газар эзэмшүүлэх тухай А\79 тоот захирамж, газар эзэмших эрхийн 2015 оны 000569888 тоот гэрчилгээ, газар эзэмших гэрээ (С.Ө), мөн сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 71 тоот захирамж, газар эзэмших эрхийн 0261176 тоот гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрээ (С.Б) зэрэг нотлох баримтаар батлагдаж байна. Хариуцагч М.М, М.А, М.Ас нар нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасан “газрын гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэснийг, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасан “газар эзэмшүүлэх шийдвэрийг...тухайн шатны Засаг даргад гаргана”, мөн газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “энэ хуулийн 33.1-т заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн ...газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгож, Улсын бүртгэлд бүртгэнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж нэхэмжлэгч С.Ө, С.Б нарын хууль ёсны эзэмшилд байгаа Хаг нуурын Мухар гэх өвөлжөөнд дур мэдэн өвлийн байшинг барьж, С.Ө-ийн эзэмшилд байгаа чулуун хашаанд малаа хашиж, 2017-2018 оны өвлийн байдлаар 2132 толгой (бод, бог нийлээд) малтай өвөлжиж, тухайн өвөлжөөний газрын хууль ёсны эзэмшигч С.Ө, С.Б нарын газар эзэмших, ашиглах эрхэд саад учруулж байгаа юм. Хариуцагч  нар нь маргаан бүхий Хаг нуурын “Мухар”-ын өвөлжөөг эцэг С.М нь 2003 оны сумын Засаг даргын 71 тоот захирамжаар эзэмшиж байгаа гэх боловч, Сум дундын анхан шатны шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 193 тоот шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2011 оны 28 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 514 тоот тогтоолоор тус тус хүчингүй болсон. Эдгээр шүүхээс гарсан шийдвэрүүд хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон...үйл баримтыг дахин нотлохгүй гэсэн тул хариуцагч М.М, М.А, М.Ас нарын эзэмшилд байгаа Хаг нуурын “Мухар”-ын өвөлжөөг болон эзэмшил газрыг С.М нь эзэмшдэггүй болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн С.М нь 2014 онд нас барсан тул Иргэний хуулийн 14 дүгээр зүйлд заасан болон Газрын тухай хуулийн 39 дугаар зүйлийн 39.1.2-д зааснаар газар эзэмших эрх дуусгавар болсон байна. Энэхүү шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоол нь хариуцагч М.М, М.А, М.Ас нар болон тэдний эцэг С.М нар нь Хаг нуурын Мухар-ын өвөлжөөнд газар эзэмших эрхгүй болохыг баталж байна. Энэ талаарх хариуцагчид болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй болно. Мөн Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т зааснаар иргэн гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар нэг удаа үнэ төлбөргүй газар эзэмших эрхтэй учир хариуцагч нар Хар нуур, Шар нуур, Еркежаны өвөлжөө (шинээр худалдан авсан) гэх 3 газарт өвөлжөө эзэмшиж байгаа болох нь тогтоогдсон, өөрснөө хүлээн зөвшөөрсөн тул бусад байдлаар С.Ө, С.Б нарын эзэмшил газарт дур мэдэн өвлийн сууц барьж, 2132 тооны бод, бүгд нийлээд мад өвөлжиж, С.Өмирбекийн малын хашаа хороог ашиглаж бэлчээр нутгийг хууль бус ашиглан, сүйтгэж шударга эзэмшигч С.Ө, С.Б нарын эзэмшил газрыг чөлөөтэй эзэмшиж ашиглахад саад учруулж хариуцагч тал 2132 тооны мал өвөлжүүлснээс болж бэлчээрийн даац хэтэрч, талхлагдаж, газрыг шударгаар эзэмшигч С.Ө, С.Б бидний мал зудад нэрвэгдэж байна. Иймд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, тус шүүхээс хүсэх нь: Иргэний хуулийн 90 дугаар зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.4, Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6, 60 дугаар зүйлийн 60.1.4-д зааснаар нэхэмжлэгч С.Ө, С.Б нарын эзэмшилд байгаа Ц сумын 1 дүгээр багийн Хаг нуурын Мухар гэх газар байршилтай өвөлжөөнөөс хариуцагч М.М, М.А, М.Ас нарыг албадан нүүлгэж, эзэмшил газрыг эзэмших бэлчээр ашиглах, үр шимийг хүртэхэд саад болж 2132 толгой малтай өвөлжиж байгаа хууль бус үйлдлийг зогсоож, зөрчлийг арилгуулж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Миний бие Уах шога овогт Сураганы Нургайып нь иргэн С.Б, С.Ө нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Баян-Өлгий аймгийн Ц сумын оршин суугч М.М-ийг төлөөлөн оролцож байна. Нэхэмжлэлтэй танилцаж үзээд түүнд заасан шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэлдээ С.Ө, С.Б нар Шар булаг, Хар булаг гэх газарт байгаа хашаа хороог С.М-д бэлэглэн өгсөн мэтээр худал зүйл бичсэн байна. Тэрхүү хашаа хороо бүхий газрыг одоо С.М-ын хүүхдүүд эзэмшдэг нь үнэн. Гэхдээ тэнд байгаа хашаа хороо бүхий эзэмшил бүхий газрыг одоогийн хариуцагч нар болон тэдний эцэг талийгаач С.М анх барьж ашиглалтад оруулж байсан байна. Хамгийн түрүүнд хариуцагч нарын эцэг болох талийгаач С.М хадлангийн талбай болгож улмаар хашаа хороо бий болгожээ. Түүнээс биш С.Ө, С.Б нарын бэлэглэсэн хашаа хороо биш бөгөөд тэдэнд огт хамааралгүй байна. Энэ талаар Ц сумын 1 дүгээр бригадын Засаг дарга асан С.Б-ны 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн, мөн 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн тодорхойлолтуудаар нотлогдож байна.

Харин маргаж буй Мухар Хаг нуурт байгаа хашаа хорооны хувьд нэхэмжлэгч нараас илүүтэйгээр хариуцагч нарын эзэмших хувь нь арай илүү байгаагаас гадна одоо хүртэл тухайн битүү хороог талийгаач Муратын битүү хороо хэмээн тус сумын ард иргэд бүгд нэршдэг байна. Мөн энэ талаар нотлох баримт ч хангалттай байна.

Тухайлбал, 1. Ц сумын 1 дүгээр бригадын Засаг дарга асан С.Б-ны 1992 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолтоор маргаан бүхий битүү хорооны хувьцааг тодорхойлж өгсөн байна.

2. Тус сумын иргэдийн хашаа хорооны хувьцаа эзэмшигчдийн талаарх мэдээллийг харуулсан хүснэгтийн хуулбар, 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр.

3. Ц сумын 1 дүгээр багийн Засаг дарга П.Х-ын 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн тодорхойлолтоор маргаан бүхий битүү хорооны хувьцааг тодорхойлж өгсөн байна.

4. Маргаан бүхий битүү хорооны байрлаж байгаа газрыг 1996 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 30 жилийн хугацаатайгаар эзэмшсэн талаарх эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

5. Маргаан бүхий битүү хорооны байрлаж байгаа газрыг 1996 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 30 жилийн хугацаатайгаар эзэмшсэн талаарх эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

6. Мөн тус газар эзэмших гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

7. Маргаан бүхий битүү хорооны хувьцаа эзэмшигч Ж.О-аас С.М 5 хүнд ногдох хувьцааг худалдаж авсан болохыг тодорхойлж бичгийн баримт үйлдсэн Т.Долдагийн 2011 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт.

8. 1987 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хаг нуурт байгаа мал өвөлжих нөхцөл алдсан маргаан бүхий битүү хороог ганцаараа засварлан ашиглалтад ашиглах боломжтой болгохын тулд модон материал авч байсан талаарх бичгийн нотлох баримт.

Мөн нэхэмжлэлдээ М.М-ийг үхэр буудсан тул цаашид хүн амины хэрэг гарч болзошгүй хэмээн бичсэн байна. Үхэр буудсан асуудал нь нийгэмд аюултай үйлдэл болгон тогтоож, гэм буруутайд тооцсон асуудал байхгүй юм. Боломжгүй үйлдэл байсныг прокурорын газраас тогтоож гомдлыг хэрэгсэхгүй болгож байсан. Нэмж ганц зүйл хэлэхэд, энэхүү хашаа хороотой холбогдох адилхан шаардлага бүхий маргааныг тус шүүхээс хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал байгааг анхаарна уу. Иймд нэхэмжлэгч нарын бусдын хууль ёсны өмч, хөрөнгөнд халдах санаархал бүхий нэхэмжлэлийг нь бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Алгадайн Серикжан миний бие нь иргэн С.Б, С.Ө нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Баян-Өлгий аймгийн Ц сумын 1 дүгээр багийн оршин суугч М.А-ы итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.

Нэхэмжлэгч нарын 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж үзээд хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч С.Ө, С.Б нар тус шүүхэд хандаж: “Ц сумын 1 дүгээр багийн нутаг Хаг нуурын Мухар гэх газарт байрлалтай С.Ө, С.Б нарын өвөлжөөний зориулалттай газрын хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоож газраас хариуцагч нарыг албадан нүүлгэх” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Учир нь, хариуцагч нар эрх бүхий байгууллагаас 1996 оны 12 дугаар сарын 07-ны өдөр олгосон зохих зөвшөөрлийн дагуу Ц сумын 1 дүгээр багийн нутаг Хаг нуурын Мухар гэх газрыг эзэмшиж байгаа. Газрын нэгж талбарын дугаар болон координатын дугаар гэж байгаа. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд зохигч нарын газар эзэмших тухай гэрчилгээ дэх нэгж салбарын дугаар болон координатын дугаар ондоо байна. Өөрөөр хэлбэл газар давхардсан асуудал тогтоогдохгүй байна. Хариуцагчид урьд өмнө нэхэмжлэлийн татгалзсан үндэслэлээ тайлбарласан тухай хэд хэдэн удаа тайлбар өгсөн байгаа. Түүнчлэн холбогдох баримт материалууд гаргаж өгсөн байгаа. Иймд нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00144 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 90 дугаар зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.4, Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6, 60 дугаар зүйлийн 60.1.4-ийг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Ц сумын 1 дүгээр багийн Хаг нуурын Мухар гэх газар байршилтай өвөлжөөнөөс хариуцагч М.М, М.А, М.Ас нарыг албадан нүүлгэж, эзэмшил газрыг эзэмших бэлчээр ашиглах, үр шимийг хүртэхэд саад болж байгаа хариуцагч нарын 2132 толгой малаас чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч С.Б, С.Ө нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00144 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэлийн      шаардлагад Баян-Өлгий аймгийн Ц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай Хаг нуурын “Мухар” гэх газрын өвөлжөөг С.Ө, С.Б нар нь эзэмшдэг болох нь гэрчилгээ, сумын Засаг даргын шийдвэрээр батлагдаж байна. Харин хариуцагч М.М, М.А, М.Ас нарыг албадан нүүлгэж, эзэмшил газрыг эзэмших, бэлчээр ашиглах, үр шимийг хүртэхэд саад болж байгаа хариуцагч нарын 2132 толгой малаас чөлөөлүүлэх тухай, нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүхийн шийдвэрт хашаа, хороо байшинг маргаагүй байхад уг өвөлжөөнд үзлэг хийсэн тэмдэглэлийг үндэслэж нэг талыг баримталж шийдвэр гаргасныг эс зөвшөөрч байна.

2. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоолд хэргийг шийдвэрлэх талаар бэлчээрийн даац хэтэрсэн, бэлчээр ашиглаж саад учруулж байгааг тодруулж шийдвэрлэх талаар тодорхой заалтууд байхад анхан шатны шүүх уг тогтоолын заалтыг биелүүлэхгүйгээр өөр заалтыг баримталж шийдвэр гаргасан явдлыг эс зөвшөөрч байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн “Цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнд 2017 оны 8 дугаар сарын 22-нд боловсруулсан 2016-2017 оны Баян-Өлгий аймгийн өвөл, хаврын бэлчээрийн даац хэтрүүлсэн газрын зураг, мөн Баян-Өлгий аймгийн ХХААГ-ын ХАА албаны даргын тооцсон бэлчээрийн хүрэлцээ, хангамж зэрэг тамгатай төрийн байгууллагаас гаргаж өгсөн чухал нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлээгүйд гомдолтой байна.

4. Ц сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/35 тоот захирамжаар Т.Замзатад эзэмшүүлж 2017 оны 5 сарын 12-ны өдрийн 0000683717 тоот эзэмших гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг мөн “Хуулийн 40 дугаар зүйлийн 40.5-т заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй” гэснийг тус тус зөрчсөн захирамж гаргасныг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй явдлыг эс зөвшөөрч байна.

5. М.М, М.А, М.Ас нарын төрсөн ээж Т.З нь малаа өөрийн нэр дээр тоолуулж хүүхдүүдийг малаа чөлөөлж заль хэрэглэж байхад анхан шатны шүүх хариуцагчаар татаж хэрэг шийдвэрлээгүй явдлыг эс зөвшөөрч байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дугаар 130/ШШ2018/00144 тоот шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж дахин үндэслэлтэй шийдвэр гаргуулж өгөхийг хүсье.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх маргааны үйл баримт бодитой тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дараах байдлаар зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

1. Зохигчийн тайлбараас үзвэл нэхэмжлэгч нар хариуцагч нарын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө албадан чөлөөлүүлэхийг шаардсан, малын бэлчээрийн даац хэтэрснээс газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа, эсвэл зэргэлдээ өвөлжиж байгаа учраас малаа бэлчээрлүүлэх боломжгүй болсныг саад учруулж байгаа гэж үзсэн эсэхийг тодруулах шаардлагатай талаар Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 001/ХТ2017/01546 дугаар тогтоолын хянавал хэсэгт заажээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хаутайн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн тайлбарт нэхэмжлэлийн шаардлагаа “С.Б, С.Ө нарын эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Ц сумын 1 дүүгээр багт байрлах Хаг нуурын Мухар гэх газрын өвөлжөөнөөс хариуцагч М.М, М.А, М.Ас нарыг албадан нүүлгэж, газар эзэмших, бэлчээр ашиглах, үр шимийг нь хүртэхэд саад болж 2132 толгой малтай өвөлжиж байгаа хууль бус үйлдлийг зогсоох” гэж тодорхойлж, үндэслэлээ “нэхэмжлэгч нарын эзэмшил газарт дур мэдэн өвлийн байшин барьсан”, “С.Ө-ийн эзэмшлийн чулуун хашаанд малаа хашиж, 2017-2018 оны өвөл 2132 толгой малтай өвөлжиж нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхэд саад учруулж байгаа”, “2132 толгой мал өвөлжүүлснээс бэлчээрийн даац хэтэрсэн” гэж тус тус тайлбарласан байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд нэхэмжлэлд дурдсан үндэслэл тус бүрд, тухайлбал хариуцагч нар нь нэхэмжлэгч нарын эзэмшил газарт дур мэдэн өвлийн байшин барьж, чулуун хашаанд нь малаа хашиж, газар эзэмших эрхгүйгээр 2017-2018 оны өвөл 2132 толгой малтай өвөлжиж нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхэд саад учруулж байгаа зэрэг үйл баримт тогтоогдсон эсэхэд дүгнэлт хийх боломжгүйгээс гадна хэргийн оролцогчийн хүсэлтээр 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл, түүний хавсралт, схем зураг болон гэрэл зургаар маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна. Тухайлбал, уг үзлэгийн тэмдэглэлээр С.Б, С.Ө, М.М, М.А, М.Ас нарын эзэмшлийн газар бүхий өвөлжөө, байшин, малын хашаа хороо тус бүр ямар байршилтай талаар бүрэн тусгагдаагүйгээс нэхэмжлэгч нарын бусдын хууль бус эзэмшлээс өвөлжөөний газар, эд хөрөнгөө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй байна. Ингэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан үзлэг хийлгэх тохиолдолд нотлох баримтыг шүүх бүрдүүлэх тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч нарын шаардлагын үндэслэлд хариуцагч нарыг газар эзэмших эрхгүй атлаа хөрш зэргэлдээ орших газарт 2132 толгой малтай өвөлжсөнөөс бэлчээрийн даац хэтэрч, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан гэжээ.

Нэхэмжлэгч нарын уг үндэслэлийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд судлан үзвэл, Баян-Өлгий аймгийн Ц сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/137, А/138, А/134, А/135 дугаартай албан бичигт 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор хариуцагч М.Мейрамбек нь 4 толгой мал, М.Асылбек нь 27 толгой мал, харин иргэн Т.Замза нь 2082 толгой мал тоолуулсан талаар тодорхойлжээ. Хэргийн оролцогч нарын тайлбараас үзвэл, хариуцагч М.М, М.А, М.Ас болон тэдгээрийн эх Т.З нар нэг ам бүлд харьяалагдан хамтдаа оршин суудаг нь тогтоогджээ. Үүнээс дүгнэвэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.-т заасан журмыг хэрэгжүүлж анхан шатны шүүх уг маргааны талаар шийдвэр гаргахаас өмнө иргэн Т.Замзаг тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулах шаардлагатай байжээ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд дээрх үндэслэлээр, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх талаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж нэхэмжлэгч С.Ө, С.Б нарт буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00144 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж нэхэмжлэгч С.Ө, С.Б нарт буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

С.ӨМИРБЕК