Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 223/МА2025/00037

 

 

 

 

 

 

2025            10               30                                                       223/МА2025/00037

 

 

 

Л.Нн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 317/ШШ2025/01296 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: У...... хот С.............. дүүрэг, ...... дугаар хороо, ......... тоотод оршин суух, З......... овогт Л.......... Н............  

Хариуцагч: С........... аймаг, Б сум, ......дүгээр баг, ........ тоотод оршин суух, З........... овогт Ш................Э-д холбогдох,

15,410,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Г. гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Г.,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.  

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан зарим үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч, зохигчдын хооронд үүссэн маргааны төрлийг зөв тодорхойлсон, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

2.Нэхэмжлэгч Л.Н 15,410,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа “...Би Г.Шагдарсүрэнтэй 17 гаруй жил хамтран амьдарсан. Хамтран амьдрах хугацаанд Г.Шагдарсүрэн хүндээр өвчилж миний асрамжид гэрийн эмчилгээнд байж байгаад 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нас барсан юм. Үүнээс хойш охин Ш.Энхтүвшин нь ирж бид хоёрын амьдарч байсан иж бүрэн тавилгатай 3 ширхэг монгол гэрийг ачиж явсан. Охин Ш.Энхтүвшин нь миний өмчлөл эзэмшлийн иж бүрэн тавилгатай 3 ширхэг монгол гэрийг зарж борлуулаад Солонгос Улс руу явсныг охин Б.Оюунчимэг нь надад хэлсэн. Иймд эд хөрөнгийн хохирол болох 15.410.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэж тайлбарласан.

Хариуцагч Ш.Энхтүвшин нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа “...Миний эцэг бид нарт өмч хөрөнгө үлдээгээгүй. ...би очиж тэр монгол гэрийг ачаагүй, зарсан зүйл байхгүй. Манай аав хэвтэрт байгаагүй ба цусаа солиулах гэж байгаад 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нас барсан. Манай аав олон жил эрүүл мэндийн байгууллагад ажилласан учраас сувилал нээгээд энэ яригдаад байгаа 3 монгол гэрийг ах дүү нараасаа хандив цуглуулж авч байсан. Би үр хүүхдийнхээ төлөө ажил хийхээр Солонгос явсан болохоос 3 монгол гэр хулгайлж зараад зугтаж яваагүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэсэн үндэслэлээр татгалзаж мэтгэлцсэн байна.  

Харин зохигчид маргаан бүхий иж бүрэн тавилгатай 3 ширхэг монгол гэр байсан үйл баримтын талаар мараагүй байна.

3.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч Ш.Энхтүвшиний эцэг Г.Шагдарсүрэнтэй 1997 оны 2 дугаар сард танилцаж, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлэн хамтран амьдарч байгаад 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ цуцлуулахдаа дундын хөрөнгийн талаар маргасан байх ба Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 642 дугаар шийдвэрээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хариуцагч Г.Шагдарсүрэнгээс Сонгинохайрхан дүүргийн  24 дүгээр хороо, Баруун салаа дахь улсын бүртгэлийн 000552737 дугаартай, 674м.кв газраас ногдох хэсэг 2,825,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Нд олгож шийдвэрлэсэн байна.

 

Мөн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт Л.Н нь Г.Шагдарсүрэн 3 монгол гэр хүч хэрэглэн авч яваад өгөхгүй байна гэх гомдлын дагуу цагдаагийн байгууллага холбогдох ажиллагааг хийж, Г.Шагдарсүрэнгийн  2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байдаг амралтын газраасаа өөрийн эзэмшлийн 3 монгол гэрээ ачиж авч явсан, ямар нэгэн хэрүүл  маргаан болоогүй...” гэх мэдүүлгийг үндэслэн татгалзсан талаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 145 дугаар хариу мэдэгдэх хуудаст дурдсан байна. /хх-ийн 6/

Харин нэхэмжлэгч Л.Н 2014 онд 3 монгол гэрийг гэрч Ж.Оюунчимэгээс 9,000,000 төгрөгөөр худалдан авсан гэх үйл баримтууд хэрэгт авагдсан байдаг.

4.Нэхэмжлэгч Л.Н нь Г.Шагдарсүрэнтэй хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон хөрөнгийг Г.Шагдарсүрэнгийн охин Ш.Энхтүвшин авч явсан талаар маргасан байхад анхан шатны шүүх "...Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаанд бий болсон гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчтэй холбоотой байна...” гэх үйл баримтын талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

5.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т "хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно..." гэж, 108.2-т "дундаа өмчлөгч тус бүр бусад өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшлээс өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй..." гэж тус тус заасан.

Иймд нэхэмжлэгч Л.Н нь 2015 онд талийгаач Г.Шагдарсүрэнтэй гэрлэлтээ батлуулахаас өмнө буюу хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон дундаа хэсгээр хамтран өмчилж байсан, эсхүл өөрийн мөнгөн хөрөнгөөр 3 монгол гэрийг худалдан авсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотолсон тохиолдолд гуравдагч этгээдээс шаардах эрх хуульд заасны дагуу үүснэ.

6.Нэхэмжлэгч Л.Н нь 3 тооны буюу 2 таван ханатай, 1 дөрвөн ханатай монгол гэрийг 9,000,000 төгрөгөөр худалдан авсан болохоо нотлох зорилгоор өгсөн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр монгол гэр худалдан авсан гэх зарлагын баримт хуулбар үнэн болохыг нотариат гэрчилсэн байх ч татвар төлөгчийн санхүүгийн тамга, тэмдэг дарагдаагүй байхаас гадна гэрч Ж.Оюунчимэгийн  “...надаас 2014 онд Нэргүй 3 тооны буюу 2 таван ханатай, 1 дөрвөн ханатай гэр худалдан авч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 163/ нь цагдаагийн байгууллагад талийгаач Г.Шагдарсүрэнгийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “...2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байдаг амралтын газраасаа өөрийн эзэмшлийн 3 монгол гэрээ ачиж авч явсан, ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй” гэх мэдүүлгийг тусгасан баримтаас зөрүүтэй, өөр бусад баримтаар нотлоогүй байхад анхан шатны шүүх уг баримтаар нэхэмжлэгчийн хөрөнгө болох нь тогтоогдсон гэж үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримт үнэлэх зарчимд нийцээгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Л.Н нь талийгаач Г.Шагдарсүрэнтэй хамтын амьдралтай байхдаа 2014 онд худалдан авсан гэх монгол 3 гэрийн талаар гэрлэлтээ цуцлуулах үедээ өөрийн хөрөнгө гэж маргаагүй нь хуулийн хүчин төгөлдөр болсон Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 642 дугаар шийдвэрээр тогтоогдсон үйл баримт гэж үзэв. /хх-73-76/

 Харин шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн монгол гэр худалдан авсан гэх зарлагын баримт, гэрч Ж.Оюунчимэгийн мэдүүлэг нь хариуцагч Ш.Энхтүвшинийг маргаж буй 3 монгол гэр авч явсныг нотлохгүй байна гэсэн дүгнэлт нь үндэслэл бүхий болжээ.

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Галцацрах “...нэхэмжлэгч Л.Н шүүхээр гэрлэлтээ цуцлуулахдаа 3 монгол гэрийн асуудлыг гэрлэлтийн дундын хөрөнгөд тооцуулж шийдвэрлүүлээгүй шийдвэр гаргуулсан байдаг..., дундын эд хөрөнгийн маргаан, гэрлэгч нас барсан гэж дүгнэн шийдвэрлэсэн байгаад гомдолтой байна, мөн нэхэмжлэгч өмгөөлөгч аваагүй, хууль эрх зүйн мэдлэг дутмаг байсны улмаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна, иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

8. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр  олгогдсон  эрхийг зөрчихгүйгээр өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй бөгөөд өөр этгээд өмчлөх эрхийг нь зөрчсөн гэж үзвэл  хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байдаг.

Гэтэл 15,400,000 төгрөгийн үнэ бүхий монгол 3 гэр нь нэхэмжлэгч Л.Нн өмчлөлд байсан, хариуцагч Ш.Энхтүвшин хууль бусаар өөрийн өмчлөлдөө авч захиран зарцуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй.

9.Иймд талийгаач Г.Шагдарсүрэнгийн өмчлөлийн монгол 3 гэрийг охин Ш.Энхтүвшин ачаад аваад явсан гэх нөхцөл байдал нь Иргэний хуулийн 108.1, 492 дугаар зүйлийн 492.1-т заасан шаардах эрхийг үүсэхгүй байхаас гадна Ш.Энхтүвшин үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үйл баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон гэж үзэж хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

10.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Галцацрахын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 235,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.4, 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 317/ШШ2025/01296 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,000 /хоёр зуун гучин таван мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511  дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар зохигч давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.