Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 223/МА2025/00036

 

 

 

 

 

 2025            10                17                                                    223/МА2025/000036                                        

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

И н-ийн е г ТӨААТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 317/ШШ2025/00851 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: У хот, Х.............. дүүргийн ........дүгээр хороо, ..................ИНЕГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т...... аймгийн Б............... сум, ........дүгээр баг ................. тоотод оршин суух, Б............ овогт Ч............... ын Н.........,

Хариуцагч: Т.............  аймгийн Б...............  сум, ....... дүгээр баг ........... тоотод оршин суух, Х............  овогт Ж...............  Ц....................  нарт холбогдох

Гэрээний үүрэгт 102,601,343 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Урангоогийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С............  

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Э. ,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газар ТӨААТҮГ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Урангоогийн гаргасан тайлбарын агуулга “...Иргэний нисэхийн ерөнхий газар нь Ч.Н Ж.Цнартай 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Оросын Холбооны Улсын Иргэний нисэхийн техникийн улсын их сургуульд агаарын хөлгийн хөдөлгүүрийн инженер мэргэжлээр 6.5 жил суралцуулах гэрээг байгуулсан. Иргэний нисэхийн ерөнхий газар нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж холбогдох бүх зардал 30,346 ам.долларыг төлж суралцуулсан. Ч.Н нь 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр сургуулиа төгссөнөөс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ буюу сургалтын гэрээний 3.6-т “сургууль төсгөөд тухайн эзэмшсэн мэргэжлээрээ томилогдсон ажлын байранд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллана, энэ заалтыг биелүүлээгүй нөхцөлд суралцсан хугацааны нийт зардлыг валютаар тооцон буцаан төлж байгууллагыг хохиролгүй болгоно” гэж заасны дагуу гэрээний үүргийг хангуулж, суралцсан хугацааны нийт зардлыг хариуцагч Ч.Н, Ж.Цнараас буцаан төлүүлж өгнө үү” гэжээ.   

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цолмон шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарын агуулга: “...Иргэний нисэхийн ерөнхий газрын газрын зардлаар Оросын Холбооны Улсын Иргэний нисэхийн техникийн улсын их сургуульд "агаарын хөлгийн хөдөлгүүрийн инженер мэргэжлээр тухайн үед зарласан сонгон шалгаруулалтад оролцож хэлний бэлтгэлийн хамт 6.5 жил суралцсан. Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар гадаадад суралцах хугацаандаа суралцагчийн үүргийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй, сайн суралцан 2017 онд сургуулиа төгссөн. Иргэний нисэхийн ерөнхий газар ажлын байраар хангах, томилсон ажлын байранд 5-аас доошгүй жил мэргэжлээр ажиллах байсан ч ажилд томилоогүй, ажлын байранд томилсон шийдвэр гаргаагүй.

2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тухайн үеийн Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга А.Бямбасүрэнд хандаж сургуулиа төгссөн тул ажлын байраар хангаж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан ч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Мөн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газарт хандаж үүссэн нөхцөл байдлын талаар мөн өргөдөл гаргасан боловч хариу өгөөгүй. Иргэний нисэхийн ерөнхий газар нь Авлигатай тэмцэх газрын 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 01/7902 тоот албан бичигтэй холбоотойгоор гэрээний үүргээ биелүүлээгүй 7 жил өнгөрсний дараа “ажлын ярилцлагад ор" үгүй бол мөнгө төл гэсэн нь хүний эрхийг ноцтой зөрчиж, өөрсдийн хууль, гэрээ зөрчсөн үйлдлээ Авлигатай тэмцэх газрын өмнө зөвтгөх гэсэн үйлдэл гэж үзэж байна... Хариуцагч нар нь үүргээ зөрчсөн нэг удаагийн үйлдэл байхгүй, түүнийг нотолсон ямар ч нотлох баримтгүй тул шаардлага үндэслэлгүй. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж хуульчилсан ба нэхэмжлэгчийн хувьд 2017 онд шаардах эрх үүссэн байгаа нь хариуцагчийн сургуулиа төгссөн гэрээний дагуу ажлын байранд томилж өгөхийг хүссэн өргөдлөөр нотлогдоно. Хариуцагч Ж.Цэрмаагийн хувьд тухайн үед гэрээний нэг тал болж оролцсон гэх боловч гэрээнд ямар нэгэн үүрэг хүлээсэн, эрх эдлэхээр тодорхой зохицуулалт байхгүй тул хариуцагч биш тул Ж.Цнь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Иймд гэрээний үүргээ зөрчсөн нэхэмжлэлийн шаардлага нь хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргээ хоцроосонтой холбоотой хариуцагч нар үүргээ биелүүлэх боломжгүй болсон зэрэг илэрхий нэхэмжлэгч талын гэрээ, хууль зөрчсөн буруутай үйлдэл байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

3.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 218 дугаар зүйлийн 218.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Ч.Н, Ж.Цнараас 102,601,343 төгрөгийг гаргуулахыг хүссэн Иргэний нисэхийн ерөнхий газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Урангоогийн давж заалдах гомдолд болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга “Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Талуудын хооронд 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр "Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээ"-г байгуулсан бөгөөд тус гэрээний 3.6-т "Сургууль төгсөөд тухайн эзэмшсэн мэргэжлээрээ томилогдсон ажлын байранд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллана. Энэ заалтыг биелүүлээгүй нөхцөлд суралцсан хугацааны нийт зардлыг Иргэний нисэхийн ерөнхий газарт буцаан төлж байгууллагыг хохиролгүй болгоно." гэж заасан. Дээрх заалтын дагуу Ч.Нн сургуулиа төгссөн хугацаа буюу 2017 оны 02 дугаар сараас хойш 5-аас доошгүй жил гэрээний хугацаа үргэлжлэх бөгөөд энэ хугацаа 2022 оны 02 дугаар сар юм. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил" гэж заасан тул 2022 оны 02 дугаар сараас хойш хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дуусаагүй байх үед буюу 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 222 дугаар зүйлийн 222.1.1, 227 дугаар зүйлийн 227.1-т тус тус заасан нэхэмжлэгчийн шаардах эрхийг зөрчиж байна. Нэхэмжлэлийн дүнг "Монгол банкны 2024 оны 2 дугаар улирлын хаалтын ханш 3,381.05-аар хөрвүүлж тооцов." гэж дурдсан бөгөөд Монгол банкны албан ханш нь нийтэд нээлттэй мэдээлэл юм. Иймд ханш тооцох асуудал дээр нотлох баримт гаргаж ирүүлээгүй гэж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нь мөн үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь өөрчилж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

5.Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Гэрээний 3.6-т заасан “томилогдсон ажлын байр” гэдэг агуулгыг тэд өөрөөр тайлбарлаад байна. Тэдний үзэж байгаагаар “томилогдсон” гэдэг нь тухайн байгууллага ажлын байранд сонгон шалгаруулалт зарласны дараа ирж ажилд орох ёстой гэсэн утгатай гэж байгаа. Харин Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т “Гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан байдаг. Бидний үзэж байгаагаар Иргэний нисэхийн ерөнхий газар нь суралцагчийг өөрийн зардлаар сургасан учраас тухайн байгууллагын томилсон ажилд ямар нэгэн маргаангүйгээр ажиллана шүү гэсэн хэлцэл хийсэн. Гэтэл “ажлын байр байхгүй байсан, сонгон шалгаруулалт зарлагдаагүй байсан” гэж тайлбарлаж байна. Гэвч хүний нөөцийн бодлого, ажлын байр бий болгох асуудал бол нэхэмжлэгч байгууллагын үүрэг юм. Ч.Н нь сургуульдаа амжилттай суралцаад, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр сургууль төгссөнөө нотолж, ажилд орох хүсэлтээ албан ёсоор гаргасан. Гэвч уг хүсэлтэд өнөөдрийг хүртэл тодорхой хариу ирүүлээгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасан хугацааг нэхэмжлэгч тал юу гэж ойлгоод байгааг мэдэхгүй байна. Гэрээний дагуу шаардах эрх нь гэрээ дуусгавар болсон буюу үүрэг үүссэн үеэс эхлэн тооцогдоно. Түүнээс биш ажиллах, ажиллахгүй хугацаагаар шаардах эрх үүсэхгүй. Нэхэмжлэгч нь үүргээ биелүүлээгүй буюу хариуцагчийг ажилд томилоогүй байгаа нь Ч.Н үүргээ зөрчсөн гэсэн утга биш. Хөөн хэлэлцэх хугацаа 2022 оноос эхэлнэ гээд байгаа. 2017 оноос 2022 он хүртэл ажиллах юм бол Ч.Нн төлбөр төлөхгүй байх эрх нь үүсэх юм. Ч.Н сургуулиа төгсөөд 7 хоногийн дараа ажилд орох хүсэлтээ өгсөн бөгөөд энэ нь нотлох баримтаар нотлогддог. Мөн шүүхээс долларын ханшийн мэдээлэлтэй холбоотой нотлох баримтаа нотлох баримтаар өгөөгүй гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэл бүхий юм. Өөрөөр хэлбэл, шаардлагаа нотлох нь нэхэмжлэгчийн, татгалзлаа нотлох нь хариуцагчийн үүрэг юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Урангоогийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй ч талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг тодорхойлолгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газар “...Ч.Н, Ж.Цнартай 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Оросын Холбооны Улсын Иргэний нисэхийн техникийн улсын их сургуульд агаарын хөлгийн хөдөлгүүрийн инженер мэргэжлээр 6.5 жил суралцуулах гэрээг байгуулсан. Иргэний нисэхийн ерөнхий газар нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж холбогдох бүх зардал 30,346 ам.долларыг төлж суралцуулсан. Ч.Н нь 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр сургуулиа төгссөнөөс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул суралцсан хугацааны нийт зардлыг төгрөгөөр тооцож 102,601,343.3 төгрөг гаргуулна...” гэж шаардлагаа тодорхойлж тайлбарласан.

Хариуцагч Ч.Н, Ж.Цнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цолмон “Иргэний нисэхийн ерөнхий газар нь хариуцагч Намхайг ажлын байраар хангах үүргийг гэрээгээр хүлээсэн. Намхай 2017 оны 02 дугаар сарын 14-нд сургуулиа амжилттай төгсөж ирээд ажилд орох хүсэлт гаргасан боловч ажлын байраар хангаагүй, ажилд томилоогүй. Авлигатай тэмцэх газраас энэ байгууллагад албан бичиг өгсний дагуу 7 жилийн дараа Намхайтай холбогдож ажлын ярилцлагад ор гэж мэдэгдсэн. ...Хариуцагч нар нь үүргээ зөрчсөн нэг удаагийн үйлдэл байхгүй. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж хуульчилсан. Нэхэмжлэгчийн хувьд шаардах эрх 2017 онд үүссэн. Хариуцагч сургуулиа төгссөн гэрээний дагуу ажлын байранд томилж өгөхийг хүссэн өргөдлөөр нотлогдоно...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцсэн.

3.Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтаас дүгнэвэл Иргэний нисэхийн ерөнхий газар нь Ч.Нтай 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар гадаадад суралцагчтай байгуулах гурван талт гэрээ байгуулахад Ж.Цнь батлан даагчийн үүрэг хүлээсэн байна. Нэхэмжлэгч тал хариуцагч Ч.Нг Оросын Холбооны Улсын Иргэний нисэхийн техникийн  улсын их сургуульд “агаарын хөлгийн хөдөлгүүр инженер” мэргэжлээр 6.5 жилийн хугацаагаар суралцуулах төлбөрт 30,346 ам.доллар төлсөн, хариуцагч сургуулиа амжилттай төгсөж ирээд ажилд орох өргөдөл 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өгсөн. Хариуцагч Ч.Нд 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ажлын ярилцлагад орох санал тавьсан үйл баримтын талаар маргаагүй байна.

3.1.Иргэний хуулийн зорилго нь эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахад оршдог бөгөөд иргэний эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүсдэг бөгөөд шүүх талуудын хооронд үүссэн харилцаа нь ямар эрх зүйн харилцааны төрөл болохыг тогтоох, хэрхэн шаардах эрх үүсэж байгааг тодорхойлох, материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдах юм.

3.3.Гэтэл анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар “...11. Үүргийн харилцаа нь хүлээсэн үүргээ зөрчсөн байхыг шаарддаг ба хариуцагч Ч.Н нь гэрээнд заасан ямар үүргийг зөрчсөнөөс нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газарт хохирол учруулсан, учруулсан хохирол нь хэрхэн 102,601,343 төгрөг гэж үзсэн нь баримтаар нотлогдон тогтоогдсонгүй.

12.Үүргийг 2024 онд үүссэн, 102,601,343 төгрөг гэж үзсэн, хариуцагч Ж.Цнь нэхэмжлэлийн шаардлагаас хэдэн төгрөгийг хариуцах эсэх нь тодорхойгүй байна.

13.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т "Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан.

14.Зохигчдын хувьд 39,000 ам.долларын зардалтайгаар суралцаж төгссөн эсэх талаар маргаагүй, хариуцагч Ч.Н сургуулиа төгсөж ирээд 5 жил ажиллах түүнийг нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газар мэргэжлийн дагуу хэрэгцээ, шаардлагатай төв, орон нутгийн болон агаарын тээвэрлэгч нисэх компаниудад ажиллуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, албан тушаалд томилж шийдвэрлээгүйн улмаас хариуцагчийг гэрээгээр хүлээх үүргээ биелүүлээгүй нөхцөл үүссэн гэж үзлээ.

15.Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 218 дугаар зүйлийн 218.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар хариуцагч Ч.Н, Ж.Цнарыг хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газар "гэрээний үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр шаардах эрхгүй байх тул хариуцагч Ч.Н, Ж.Цнараас 102,601,343 төгрөгийг гаргуулахыг хүссэн Иргэний нисэхийн ерөнхий газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна...” гэсэн дүгнэлт хийсэн байгаа ч талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн талаар хууль эрх зүйн дүгнэлт хийгээгүй, зөвхөн гэрээнд заасан эрх үүргийг үндэслэн Иргэний хуульд заасан үүргийн талаарх зохицуулалтыг шийдвэрийн үндэслэл болгосон нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлд хамаарна.

Иймд давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг залруулан зөвтгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

4. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Урангоогийн гаргасан гомдолд дурдсанаас бусад үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 970,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 317/ШШ2025/00851 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Урангоогийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 670,960 /зургаан зуун далан мянга есөн зуун жар/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь  хяналтын  журмаар  гомдол  гаргах хугацааг тоолоход саад  болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   З.ТҮВШИНТӨГС

                                         ШҮҮГЧИД                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                                      А.ЦЭРЭНХАНД