| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 151/2019/01031/И |
| Дугаар | 223/МА2025/00035 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 223/МА2025/00035
2025 10 01 223/МА2025/00035
Д.С-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 317/ШШ2025/00869 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: У............... хот, С......... дүүрэг, ........ дугаар хороо, ............ тоотод оршин суух, С........... овогт Д.......... С........... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т............ аймгийн За............ сум, ............. дүгээр баг, ............. дугаар хэсэг, ............. тоотод оршин суух, Ж......... овогт Ж....... Б... ,
Хариуцагч Т............ аймаг, З............... сум....... дүгээр баг, ...... тоотод оршин суух, Х............. овогт Ч.............. О.............. нарт холбогдох,
“Өвийн зүйл болох тээврийн хэрэгсэл гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй, “Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ж.Б, Ч.О нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулуун,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарын талаар шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулууны гаргасан тайлбарын агуулга: “...Л.Сүхбаатар 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нас барж, үр хүүхдүүд бидэнд нөхөж баршгүй уй гашуу тохиолдсон. Талийгаач нөхөр маань сүүлийн жилүүдэд Төв аймагт газар тариалангийн ажил эрхэлж, үр хүүхдүүдээ тэжээн тэтгэдэг байсан. Д.С миний бие 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өвлөх эрхийн 0124 дугаар гэрчилгээгээр 61-57 УНК улсын дугаартай "Subary Forester-S11" маркийн автомашиныг, 33-02 УНГ улсын дугаартай "Subary Forester-S12" маркийн автомашиныг өвлөн авч, 05344128, 05344131 дугаартай гэрчилгээг гаргуулан авсан. Энэхүү тээврийн хэрэгслүүдийг өөрсдийн хүчээр Төв аймгийн нутаг дэвсгэрт хайж сурагласан боловч олдоогүй. Иймд цагдаагийн байгууллагад хандан, тээврийн хэрэгслүүдийг хаана байгааг олж тогтоосон. Иймд Ж.Баас өвийн зүйл болох 33-02 УНГ улсын дугаартай "Subary Forester-S12" маркийн автомашиныг, хариуцагч Ч.Оаас 61-57 УНК улсын дугаартай “Subary Forester-S11" маркийн автомашиныг тус тус гаргуулж өгнө үү. Харин хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй." гэжээ.
2.Хариуцагч Ж.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон түүний төлөөлөгч М.Өлзийцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Д.С нь талийгаач Л.Сүхбаатараас салж, тусдаа амьдраад 10 орчим жил болж байгаа. Талийгаач Л.Сүхбаатар ах сүүлийн 9 жил Заамар суманд Зулаа гэх эмэгтэйтэй хамтран амьдарч байгаад зүрхний өвчний улмаас нас барсан. Нэхэмжлэлд дурдсан "Subary Forester" маркийн 27-95 ТӨВ дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөгөөр Улаанбаатар хотоос худалдан авсан. Дээрх машинаа унаж байгаад Л.Сүхбаатар ах надад хандан ахдаа зарчих гэсэн учраас түүнд 17,000,000 төгрөгөөр зарахаар болж 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Төлбөрийг 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр төлнө гэсэн боловч төлж чадаагүй. Машин худалдаж авсны дараа гэнэт бие нь өвдөж эмчилгээ хийлгэхээр болсон учраас машиныг маань худалдан авахаа больсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би Л.Сүхбаатар ахыг Зул гэх эхнэртэй байсныг мэднэ, Зулаа гэх эмэгтэйтэй 10 жил гаруй хугацаанд хамт амьдарч байсан. Талийгаачийг эмнэлэгт үзүүлэх, хагалгаанд орох гээд бүхий л хүнд хэцүү цаг үед Зулаа эгч манай ах, бид нар л байдаг байсан. Гэтэл нас барснаас нь хойш гэнэт гарч ирээд миний машиныг өөртөө шилжүүлж авна гэж байгаад үнэхээр их гайхаж байна. Талийгаач худалдаж авна гээд мөнгөө төлж чадаагүй байж байгаад гэнэт бие нь өвдөөд авахаа болилоо гэж хэлсэн. Тэгээд нэрээ буцааж шилжүүлж чадаагүй байж байтал тэрээр нас барсан. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд өгсөн авснаа бодитоор харилцан буцаах, анхны байдалд оруулах үр дагавар үүсдэг. Иймд 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөр болох 17,000,000 төгрөгийг талийгаач Л.Сүхбаатар, түүний хууль ёсны өвлөгч Д.С нь төлөөгүй, гэрээний 4.2-т заасан үүргээ биелүүлээгүй байх тул “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ээс татгалзаж, Subaru Forester маркийн 27-95 ТӨВ дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулахаар нэхэмжилж байна.” гэжээ.
3.Хариуцагч Ч.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон түүний төлөөлөгч М.Өлзийцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын "Да хүрээ" зах дээрээс зарын дагуу машин худалдан авахаар болсон. Тэгээд миний бие өөрөө тэр өдөр хот орох боломжгүй байсан тул Л.Сүхбаатар ахыг та "Да хүрээ” ороод миний өмнөөс машин худалдаж аваад ирээч, би мөнгө төгрөгийг нь шилжүүлье гэсэн. Ингээд миний бие Л.Сүхбаатар ахын 5029963736 тоот данс руу эхнэр н.Алтанцэцэгээр 11,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ авах, бензин түлшний мөнгө гээд 250,000 төгрөгийг мөн шилжүүлсэн. Ингээд уг машинд 61-57 УНК улсын дугаар аваад Д.Мөнх-Очир гэх хүнээр жолоодуулаад Заамар суманд авчирсан. Талийгаачийн өөрийнх нь худалдан авсан тээврийн хэрэгсэл мөн байсан бол тэрээр өөрөө унаж, ашиглах байсан. Заамар суманд авто тээврийн газар байхгүй учраас уг машинаа дараа бусдад зарах болбол шууд Л.Сүхбаатар ахаас шилжүүлчихье гэж бодоод машинаа өөрийн нэр дээрээ шилжүүлээгүй байж байтал талийгаач нас барсан. Нэхэмжлэгч Д.Сгийн нэхэмжилж буй тээврийн хэрэгслийн үнийг Ч.О миний бие төлж худалдан авсан бөгөөд 2021 оны 8 дугаар сарын 18-аас хойш өнөөдрийг хүртэл машины эзэмшиж үзлэг, татварыг төлж, эзэмшиж ашиглаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож Ч.О намайг 61-57 УНК улсын дугаар "Subaru forester" маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү.” гэжээ.
4.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 182 дугаар зүйлийн 182.2, 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар хариуцагч Ч.Оаас 61-57 УНК улсын дугаартай “Subaru Forester-S11” маркийн автомашиныг хариуцагч Ж.Баас 33-02 УНГ улсын дугаартай “Subaru Forester-S12” маркийн автомашиныг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгож, хариуцагч Ч.Оын худалдан авсан, өөрөө эзэмшиж ашиглаж байгаа 61-57 УНК улсын дугаар “Subaru Forester” маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоох, хариуцагч Ж.Бийн “тээврийн хэрэгслийн худалдах, худалдан авах гэрээ”-ээс татгалзаж, “Subaru Forester” маркийн 27-95 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулах сөрөг нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287,950 төгрөгийг, хариуцагч Ч.Оын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198,950 төгрөгийг, хариуцагч Ж.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.О, Ж.Б нараас 287,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгож шийдвэрлэжээ.
5.Хариуцагч Ж.Бийн гаргасан давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэгийн тайлбарын агуулга: “...Нэхэмжлэлд дурдсан “Subaru Forester” маркийн 27-95 ТӨВ дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөгөөр Улаанбаатар хотоос худалдан авсан. Дээрх машинаа унаж байгаад зарахаар болсон бөгөөд тухайн үед Л.Сүхбаатар нь ахдаа зарчих гэсэн учраас түүнд 17,000,000 төгрөгөөр зарахаар болж 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр "Худалдах худалдан авах гэрээ” байгуулсан. Төлбөрийг 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр төлнө гэсэн боловч төлж чадаагүй. Машин худалдан авсны дараа гэнэт бие нь өвдөж эмчилгээ хийлгэхээр болсон учраас машиныг маань худалдан авахаа болилоо гэсэн. Ингээд уг машинаа одоог хүртэл унаж, ашиглаж байгаа юм. Тээврийн хэрэгслийн үнэ 17,000,000 төгрөгийг талийгаач Л.Сүхбаатар, түүний хууль ёсны өвлөгч Д.С нь төлөөгүй, гэрээний 4.2-т заасан үүргээ биелүүлээгүй байх тул “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ээс татгалзаж, “Subaru Forester” маркийн 27-95 ТӨВ дугаартай тээврийн хэрэгслийг Ж.Бийн нэр дээр гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.
2. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т “аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ" гэсний дагуу талийгаач мөнгөө төлж чадахгүй гэдгээ ч хэлсэн, би ч мөнгөө төлөөгүй учраас машинаа өөрийн нэр дээрээ шилжүүлэн авна гэж ярьж байтал талийгаачийн бие өвдсөн. Мөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх” үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд өгсөн авснаа бодитоор харилцан буцаах, анхны байдалд оруулах үр дагавар үүссэн байтал анхан шатны шүүх 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ"-г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлээгүй. Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 869 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
6.Хариуцагч Ч.Оын гаргасан давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэгийн тайлбарын агуулга: “...Д.Сгийн нэхэмжилж буй тээврийн хэрэгслийн үнийг Ч.О миний бие төлж худалдан авсан бөгөөд одоог хүртэл өөрөө эзэмшиж ашиглаж байгаа юм. Энэ талаар шүүхэд гэрч асуулгасан боловч шүүх яагаад үнэлээгүй нь ойлгомжгүй байна. Мөн иргэн Д.Сг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар маргаан бүхий тээврийн хэрэгслийн өмчлөгч гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч хэрхэн өмчилж авсан болохоо нотлоогүй. Би 11,500,000 төгрөгийг эхнэрийн н.Алтанцэцэгийн данс руу шилжүүлж худалдан авсан талаарх баримтаа шүүхэд өгсөн. Гэтэл тухайн тээврийн хэрэгслийг өөрийнхөө эд хөрөнгөөр худалдан авснаа нотолж чадаагүй байхад өмчлөгч гэж үзэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар шаардах эрхтэй гэж үзсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 869 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Өвлөх эрхийн гэрчилгээнүүд хүчин төгөлдөр бөгөөд хариуцагч нар маргаагүй. Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолж чадаагүй. Шүүхэд гаргасан гэрчийн мэдүүлгүүд нь зөвхөн нэг хүний гараар бичигдсэн, нэг хүний хүсэл зоригийг илэрхийлсэн байгаа бөгөөд бүгд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гарын үсэгтэй ижил байдаг. Тухайлбал гэрч н.Алтанцэцэг нь хариуцагч Ч.Оын эхнэр, гэрч н.Зул нь хариуцагч нартай хуурай ах дүүсийн холбоотой гэж тайлбар гаргасан байдаг тул эдгээр гэрчийн мэдүүлгийг шууд үнэлэх эрх зүйн үндэслэл байхгүй. Гэрчийн мэдүүлэг нь өөрөө заавал давхар нотлох баримтаар нотлогдох ёстой бөгөөд давхар баримтаар нотлогдоогүй тул үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Мөн гэрчүүдийн тайлбар болон шүүхэд гаргасан мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй. Гэрч н.Зул нь Ч.Оыг автомашины өмчлөгч гэдэг боловч мөнгө шилжүүлэх үед хамт байгаагүй, машин худалдан авсны дараа хамт байсан гэж мэдүүлсэн байдаг. Энэ нь тухайн гэрчийн мэдүүлгээр төлбөрийг Ч.О шилжүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байгааг харуулж байна. Түүнчлэн төлбөр шилжүүлсэн баримт нь автомашины үнэлгээтэй тохирч байгаа эсэх нь тогтоогдоогүй, шилжүүлгийн баримтаар нотлогдоогүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эргэлзээгүй нотлох баримтаар нотлох ёстой байсан боловч нотлоогүй.
Нэхэмжлэгч талд улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээ байгаа. Ч.Болдхуягийн хувьд гэрээнээс татгалзсан гэх боловч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаагүй, зөвхөн гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлаар татгалзсан. Худалдах, худалдан авах гэрээний заалтад төлбөрийг бүрэн төлсөн гэж тодорхой заасан байгаа. Төлбөр бүрэн төлөгдөөгүй гэсэн үндэслэлээр гэрээнээс татгалзаагүй учраас уг гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр хэвээр байна гэж үзэж байна. Мөн 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ хийснээс хойш талийгаач 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нас барах хүртэл 6 сар гаруй хугацаа өнгөрсөн байхад энэ хугацаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Энэ нь хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэлцэл учраас шаардлагыг тухайн үед нь тавих боломжтой байсан. Авто тээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-т “Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ” гэж заасан. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагч Ж.Б, Ч.Ганзориг нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.
1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байгаа тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
2. Нэхэмжлэгч Д.Уранчимэг нь “...талийгаач нөхөр Л.Сүхбаатарын эзэмшлийн автомашинуудыг 0124 дугаар гэрчилгээгээр өвлөн авсан. 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 0124 дугаар өвлөх эрхийн гэрчилгээний дагуу 61-57 УНК улсын дугаартай "Subary Forester-S11" маркийн автомашиныг хариуцагч Ч.Оаас, 33-02 УНГ улсын дугаартай "Subary Forester-S12" маркийн автомашиныг Ж.Баас тус тус гаргуулна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй..." гэж тайлбарлан маргасан.
Хариуцагч Ж.Б үндсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан ба "худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, автомашиныг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжсэн үндэслэлээ "...Л.Сүхбаатар ах машинаа зарчих гэсэн учраас түүнд 17,000,000 төгрөгөөр зарахаар болж 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Төлбөрийг 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр төлнө гэсэн боловч төлж чадаагүй гэнэт бие нь өвдөөд авахаа болилоо гэж хэлсэн. Тэгээд нэрээ буцааж шилжүүлж чадаагүй байж байхад нас барсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж “Subaru Forester” маркийн 27-95 ТӨВ дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулахаар нэхэмжилж байна...” гэж тайлбарлан мэтгэлцсэн,
Хариуцагч Ч.О үндсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан ба "автомашины хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжсэн үндэслэлээ "...61-57 УНК дугаартай “Subaru Forester” маркийн машиныг авахдаа Л.Сүхбаатар ахын ХААН банкны 5029963736 данс руу 11,500,000 төгрөгийг эхнэр н.Алтанцэцэгийн нэрээр шилжүүлж авхуулсан бөгөөд одоог хүртэл өөрөө эзэмшиж ашиглаж байна. Иймд Ч.О намайг 61-57 УНК улсын дугаар "Subaru forester" маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү...” гэж тайлбарлан мэтгэлцсэн байна.
3. Талууд тухайн тээврийн хэрэгслүүдийг хариуцагч Ж.Б, Ч.О нар эзэмшин ашиглаж байгаа үйл баримтын талаар маргаагүй болно.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:
Иргэний хуулийн зорилт нь эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахад оршдог ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулснаар тэднийг хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг хангах юм.
Шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3-т зааснаар хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т заасан ажиллагааг буюу хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэх бөгөөд ингэхдээ шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 317/ТМ/2025/00350 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг “...61-57 УНК улсын дугаартай "Subaru forester" маркийн тээврийн хэрэгслийг хэзээ худалдан авсан талаар тодруулахын тулд иргэн Н.Зул болон Ч.Оын эхнэр Т.Алтанцэцэг нарыг гэрчээр асуулгах...” гэх агуулга бүхий хүсэлт гаргасан байх ба тухайн хүсэлтийг шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх ч энэ талаарх эрхийн акт хэрэгт авагдаагүй байна.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т “Анхан шат, хяналтын шатны шүүх хуралдаанд тэмдэглэл үйлдэнэ. Хэргийн оролцогч оролцож байгаа бол давж заалдах шатны шүүх хуралдаанд тэмдэглэл үйлдэнэ”, 51.5-т “Тэмдэглэлд ямар ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, түүний эхэлсэн ба дууссан цаг, ажиллагаанд оролцсон буюу хүн нэг бүрийн овог эцгийн нэр, нэр, уг ажиллагааны дараалал явц, илэрсэн нөхцөл байдлыг бичнэ” гэж заасан байх ба шүүх хуралдааны тэмдэглэлд Н.Зул, Т.Алтанцэцэг нар шүүх хуралдаанд оролцсон эсэх талаар бичигдээгүй байна.
5.Шүүхээс гаргасан дээрх алдаа, зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөх хууль зүйн боломжгүй ба эдгээр нь цаашид шүүхээс гаргах шийдвэрт нөлөөлж болохуйц байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хариуцагч Ж.Бийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243,950 төгрөг, хариуцагч Ч.Оын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198,950 төгрөг зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасны дагуу улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 317/ШШ2025/00869 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ж.Бийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243,950 /хоёр зуун дөчин гурван мянга есөн зуун тавь/ төгрөг, хариуцагч Ч.Оын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198,950 /нэг зуун ерэн найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС
ШҮҮГЧИД М.МӨНХДАВАА
А.ЦЭРЭНХАНД