Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2017/01504

 

Н.Б-нийнэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2017/01047 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1764 дугаар магадлалтай,

Н.Б-нийнэхэмжлэлтэй

“Т Б” ХХК-д холбогдох

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишигийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Б нь ““Т Б”” ХХК-д 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд Хамгаалалт аюулгүй байдлын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан. Энэ хугацаанд банкинд хамгаалалт аюулгүй байдлыг хангаж ажиллаж, Монгол банкны баярын бичиг, 2013 онд орон сууцны хөнгөлөлттэй зээлийн квот, Банк санхүүгийн 91 жилийн ойгоор банкны 2015 оны Манлайлагч ажилтнаар тус тус шагнуулж байсан. Н.Б нь ““Т Б”” ХХК-д ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, “Т Б”ны хөдөлмөрийн дотоод журам, “Т Б”тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан. Хариуцаж байсан ажил, албан тушаалдаа мэдлэг, ур чадварын хувьд өндөр түвшинд хийж гүйцэтгэж байсан учраас сүүлийн VIII улирлын турш ажлын гүйцэтгэлээ 90-ээс дээш хувиар үнэлүүлж, үндсэн цалингийн 15-40 хувиар шагнуулж байсан. “Т Б”ны гүйцэтгэх удирдлага солигдсонтой холбогдуулан “орон тоог цөөрүүлж, зардал бууруулах”-ын тулд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд ажилтнуудаас “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох” шалгалт авсан. Гэвч шалгалт авах тухай Н.Бд урьдчилан мэдэгдээгүй, шалгалт хамрах хүрээ, үнэлж, дүгнэх шалгуур үзүүлэлтийг танилцуулаагүй, зохих бэлтгэлийг хангуулах нөхцөл боломжоор хангаагүй болно. “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт”-ын зорилго нь ажилтан мэргэжил, ур чадварын хувьд хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх эсэхийг тогтоох байтал хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд огт хамааралгүй асуудлаар шалгалт авсан. Ажилтан Н.Б надаас авсан шалгалт нь Хөдөлмөрийн дотоод журам, “Т Б”тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг, ажлын байрны тодорхойлолтоор хүлээн эрх, үүрэгт холбогдолгүй, гүйцэтгэж байгаа ажил албан тушаалд огт хамааралгүй байсан. “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт”-ын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас шалгалтын материал, үнэлгээтэй танилцах хүсэлтийг “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-т удаа дараа тавьсан боловч хүлээж аваагүй. “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт”-ын үнэлгээ болон “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ын дүгнэлтийг надад танилцуулаагүй атлаа 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Т Б”ны Хамгаалалт аюулгүй байдлын мэргэжилтэн Н.Бат-Эрдэнийн ажлыг хүлээж авсан. Миний ажлыг ямар нэгэн ажлаас халсан, чөлөөлсөн тушаал, шийдвэргүйгээр хүлээж авсан бөгөөд ажил хүлээж авснаас хойш ажил, үүрэг гүйцэтгүүлээгүй. Гэтэл “Т Б”ны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1764 тоот “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн ажилтан ““Т Б”” ХХК-ийн ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын комиссын дүгнэлтээр мэргэжил, ур чадварын хувьд хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн хууль бус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт”-ын хамрах хүрээ, тодорхойгүй, үнэлж дүгнэх шалгуур үзүүлэлт байхгүй, ажлыг хийж гүйцэтгэсэн болон одоо хийж гүйцэтгэж байгаа, цаашид хийж гүйцэтгэх үйл ажиллагааг огт шалгаагүй. Хамгаалалт аюулгүй байдлын мэргэжилтэн Н.Бат-Эрдэнийн мэргэжил, ур чадварын түвшинг тогтоогоогүй атлаа “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ын дүгнэлтээр “Мэргэжил, ур чадварын хувьд хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байна. Иймд Н.Бат-Эрдэнийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулахаар нэхэмжилж байгаа. Ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг тооцсон. Н.Бат-Эрдэнийн дундаж цалин 1,017,552 төгрөгийн цалинтай. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 99 ажлын өдөр байгаа. Сарын дундаж ажлын өдөр болох 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 47,328 төгрөг гэж гарсан. Ажилгүй байсан хугацааны 4,685,472 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэжээ.

Хариуцагч ““Т Б”” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль шүүхэд хариу гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Т Б”” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 дугаар тушаалаар “Т Б”ны ажилтнуудын Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг явуулахаар тушаал гарсан. Энэхүү тушаалын 1 дүгээр хавсралтаар ““Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”, 2 дугаар хавсралтаар “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ыг, 3 дугаар хавсралтаар “Хөндлөнгийн шинжээчийн багийн бүрэлдэхүүн”-ийг тус тус баталсан. Гүйцэтгэх захирлын баталсан энэхүү ““Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-ын дагуу ажилтнуудын мэргэжил, ур чадварыг 3 арга хэмжээний үнэлгээгээр дүгнэхээр тогтоосон юм. Үүнд: Харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, Мэдлэг ур чадвар /сорилго даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль гэх мэт/-ийн үнэлгээ, Оролцоо, чанарын үнэлгээ гэсэн 3 арга хэмжээний нийлбэр дүнгээр нэгдсэн үнэлгээг гаргахаар заасан. Харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ гэдэг нь тухайн ажилтны харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээг авах ба уг үнэлгээнд ажлын байранд тавигдах шаардлага, гүйцэтгэлийн чанар, мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн сахилга, ачаалал даах чадвар, ажил хэрэгч идэвх санаачилга, хамт олонд хүлээн зөвшөөрөгдсөн байдал, зохион байгуулах тусгай чадвар, дүн шинжилгээ хийх тусгай чадвар зэргийг байдлаар дүгнэж, нийт 30 хувь, Мэдлэг ур чадвар /сорилго, даалгаврын гүйцэтгэл. үзүүлэх сургууль гэх мэт/-ийн үнэлгээ гэдэгт: шалгалтын комисс нь мэдлэг, ур чадварыг хөндлөнгийн шинжээчдийн бэлтгэсэн сорилын болон үзүүлэх сургууль, даалгаврын гүйцэтгэл шалгах болон ажлын байран дээрх үзлэг хийх байдлаар тухайн ажилтны мэргэжил, ажлын байрны онцлогийг тусгасан, нийт 30 хувь, Оролцоо, чанарын үнэлгээ нь гэдэгт тухайн ажилтны Ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүрэг, тавигдах шаардлага, ур чадвар зэрэг хүрээг багтаасан ярилцлага, даалгавар гүйцэтгүүлэх 40 хүртэлх хувь оноогоор үнэлэгдэхээр тус тус зохицуулагдсан Дээрх журмын 3 дугаар зүйлийн 3.4.2-т зааснаар тухайн мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамрагдсан ажилтнуудын арга хэмжээнд үнэлэгдсэн байдлыг харгалзан 60-аас дээш оноо авсан бол “Тэнцсэн”, 60 хүртэлх оноо авсан бол “Тэнцээгүй” гэсэн дүгнэлтийг “Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс гаргахаар зохицуулсан. Мөн “Тэнцсэн” дүгнэлт гарсан ажилтныг “Цалингийн шатлалыг ахиулан тогтоох, сургалтанд хамруулах, шилжүүлэн ажиллуулах”, “Тэнцээгүй” гэсэн дүгнэлт гарсан ажилтны “Хөдөлмөрийн гэрээ цуцлах” зэрэг үр дүн үзүүлэх байдлаар журамласан. Гүйцэтгэх захирлын баталсан дээрх журмын 2.1-д тус банкны ажилтны түвшин тогтоох ажиллагааг Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан комисс зохион байгуулахаар заасан тул “Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шийдвэрээр ““Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын хуралдааны дэг”, ““Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны Мэдлэг, ур чадварын болон Оролцоо, чанарын арга хэмжээнд мөрдөх журам”-ыг хавсралтаар баталж, 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр Түвшин тогтоох ажиллагааны тов /2016 оны 11 дүгээр сарын 10-15-ны өдрүүдэд/, болон арга хэмжээний судлах материал нь тухайн ажилтны Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, мөрдөх хууль тогтоомжийн хүрээнд хамрагдахыг зааж өгсөн. Мөн өдрийн комиссын 02/02 дугаар шийдвэрээр тухайн арга хэмжээний нэг хэлбэр болох Харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээний хуудасны загвар, үнэлэх аргачлал зэргийг баталж, батлагдсан үнэлгээний хуудас, аргачлалын хүрээнд 2016 оны 11 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд үнэлгээг хийж комисст ирүүлэхээр зохицуулсан. Дээрх байдлаар Гүйцэтгэх захирал болон Түвшин тогтоох ажиллагааны комисс нь олгогдсон эрх хэмжээний хүрээнд дүрэм, журам боловсруулан баталж ажилтнуудад мэдэгдэж ажилласан. Нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнийн нэхэмжлэлд дурдсан “надад урьдчилан мэдэгдээгүй, шалгалт хамрах хүрээ, үнэлж дүгнэх шалгуур үзүүлэлтийг танилцуулаагүй, хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд огт хамааралгүй асуудлаар шалгалт авсан “ гэх тухайд: Түвшинг тогтоох ажиллагааны талаар Гүйцэтгэх захирлын 2016 оны А/352 дугаар тушаал болон Комиссын 2016 оны 11 дүгээр сарын 01, 02, 02/02, 03 дугаар шийдвэрүүдийг ажилтнуудад тухай бүр нь мэдэгдэж Түвшин тогтоох ажиллагааны хүрээ нь тухайн ажилтны Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд байхыг зааж Түвшин тогтоох арга хэмжээнд оролцохыг урьдчилан мэдэгдсэн. Энэхүү мэдэгдэл болох 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Аюулгүй байдлын газрын Аюулгүй байдлын хэлтсийн ажилтны жагсаалтын 7 дугаарт нэхэмжлэгч Н.Б танилцаж гарын үсэг зурсан байдаг. Тухайн арга хэмжээг ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан үйл ажиллагаанд мөрдөж ажиллах эрх зүйн актуудыг тодорхой заасан бөгөөд банкинд мөрдөгдөж буй хууль тогтоомж, холбогдох журам зааврын хүрээнд ажилтан мэдвэл зохих энгийн асуултуудаар сорилгын даалгавар боловсруулагдсан байдаг. Тухайлбал Н.Бат-Эрдэнийн Мэдлэг, ур чадварыг шалгасан Сорилгын нийт 30 асуудлын 100 хувь түүний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт хамаарагдах буюу Харуул хамгаалалтын албаны стандарт, дүрэм, банкны дотоод үйл ажиллагаа, хамгаалалтын нэг бүрийн тусгай хэрэгсэл, болон ажлын байрны чиг үүрэгт хамаарагдах харуул хамгаалалтын албаны бүтэц зохион байгуулалт, банкны удирдлагын тогтолцоо зэргийг тусгасан байдаг. Мөн оролцоо чанарын үнэлгээний асуулт нь ““Т Б”ны байранд нэвтрэгсдийн ангилал, тэдгээрт хяналт тавих харуул хамгаалалтын онцлог, банкны ажилтан, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, ажлын бус багаар банкинд нэвтрэх талаарх дүрэм, журам, халдлагын болон сэжигтэй байдлын үед банкийг хэрхэн хамгаалах болон аюулгүй байдлыг авч хэрэгжүүлэх стандарт, мөнгөний зузаатгалын үеийн эрсдэлүүдийг хэрхэн тооцох, тусгай хэрэгсэл ашиглах стандарт болон ажлын байрны тодорхойлолтын дагуу хийж гүйцэтгэж буй ажил үүрэг” зэргийг багтаасан асуулт хариултыг харилцан ярилцаж үнэлсэн байдаг. Түвшин тогтоох ажиллагааны гол зорилго нь дан ганц мэдлэгийн үзүүлэлтээр сорилго авч дүгнэх бус тухайн ажилтныг олон талаас нь бодитойгоор дүгнэх үүднээс 3 үе шаттайгаар зохион байгуулсан болно. Нэхэмжлэгч Н.Б-ийн нэхэмжлэлд дурдсан “мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй учраас үнэлгээтэй танилцах хүсэлтийг түвшин тогтоох комисст удаа дараа тавьсан боловч танилцуулаагүй “ гэх тухайд: Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03 -ны өдрийн А/352 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ““Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т “ажилтан өөрийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд үнэлгээтэй танилцсан өдрөөс хойш 3 хоногийн дотор гомдлоо комисст гаргана.” гэж заасны дагуу Н.Бат-Эрдэнийн өөрийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тухай комисст хандан өргөдөл гаргаж байгаагүй болно. Нэхэмжлэгч Н.Б-ийн нэхэмжлэлд дурдсан “ажлаас халсан, чөлөөлсөн тушаалгүйгээр ажил хүлээн авсан, ажил хүлээн авснаас хойш ажил үүрэг гүйцэтгүүлээгүй, цалин хөлс олгоогүй “ гэх тухайд: Н.Бд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэл болгон 1 сарын дараа ажлаас чөлөөлөх болохыг мэдэгдэж, банкны үйл ажиллагааны онцлог, аюулгүй байдлыг хангах бодитой хэрэгцээ шаардлагын улмаас ажлыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр ажил хүлээлцсэн. Ажил хүлээлцэх актад Н.Б гарын үсэг зурж, ажлаа хүлээлцсэн байдаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан 2006 оны 33 дугаартай Улсын дээд шүүхийн тогтоолын 15 дахь хэсэгт ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлээгүй бол тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч ажилтанд олгоно гэж заасны дагуу ажил олгогч ажил хүлээлцүүлсэн хэдий ч ажилд ирэх, явах цагийн бүртгэл хийхгүйгээр 2017 оны 12 дугаар сард ажилтанд урьд авч байсан цалин хөлсийг олгосон. Өөрөөр хэлбэл ажил үүрэг гүйцэтгүүлээгүй боловч түүний хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрх зүйн байдлыг дордуулаагүй юм. Банк дээрх байдлаар мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг мөрдлөг болгож, хэрэгжүүлж ажилласан болно. Нэхэмжлэгч Н.Б нь Харьяалах газрын захирлын үнэлгээ-21.00 Мэдлэг ур чадвар сорилго-12,00, Оролцоо, чанарын үнэлгээ 14.40 нийт 47,40 хувиар шалгагдаж ““Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-ын 3.4.2-т зааснаар ““Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар шийдвэр, 1329380373 тоот дүгнэлт гарч “Т Б”ны Хүний нөөцийн газарт хүргүүлсэн. Хүний нөөцийн газар тухайн шийдвэр, дүгнэлтийг Удирдлагын хороогоор хэлэлцүүлж тус хорооны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 34 тоот хурлаас Хүний нөөцийн хороогоор хэлэлцүүлэх тухай чиглэл өгсөн. Энэ чиглэлийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний нөөцийн хорооны хурлаар хэлэлцүүлж 74/01, 74/02 тоот шийдвэрүүд гарсан. Иймээс дээрх шийдвэрүүд, дүгнэлтийг үндэслэн тус банкны Гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дүгээр сарын 19-ний өдрийн Б/1764 дугаар тушаалаар Н.Б-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн. Гүйцэтгэх захирлын шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар комиссын дүгнэлтийг үндэслэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т заасны дагуу 1 сарын өмнө мэдэгдэл гардуулж, гарын үсэг зуруулж мэдэгдсэний дараа Ажил олгогчийн санаачлагаар Хөдөлмөрийн гэрээ цуцалсан хууль тогтоомжид нийцсэн шийдвэр байсан. Иймд Н.Б-нийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2017/01047 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “Урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болох 4,685,472 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай” хариуцагч ““Т Б”” ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1764 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2017/01047 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг хяналтын гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1464 дүгээр магадлалыг хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэг. Ажил олгогч “Т Б” ажилтан Н.Б-нийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах заалтыг үндэслэн “Мэргэжил ур, чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтээр мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Ажлаас халсан тушаалын үндэслэл болсон мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтийг 1. Харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, 2. Мэдлэг, ур чадвар /сорилго, даалгаварын гүйцэтгэл, үзүүлэх сургууль г.м/-ын үнэлгээ, 3. Оролцоо, чанарын үнэлгээ гэсэн 3 төрлийн үнэлгээг үндэслэн гаргасан. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтийн үндэслэл болсон харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, мэдлэг, ур чадварын үнэлгээ, оролцоо чанарын үнэлгээ үндэслэлгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалтгай нотлогдож тогтоогдсон, банкны зүгээс “Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмыг зөрчсөн ажиллагаа явуулсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх түүнийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна.

1.1 Харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ үндэслэлгүй хийгдсэн тухайд: А. Аюулгүй байдлын газрын захирал М.Батжаргал, Аюулгүй байдлын хэлтсийн захирал Т.Баттулга нар ажилтан ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэх талаар үнэлгээг өгөхдөө хавсралтаар өгөгдсөн материал, хувийн хэрэг, дотоод ажлын үр дүнг суурь мэдээлэл болгон ашигласан тухай хавтаст хэрэгт авагдсан үнэлгээний хуудаст дурдсан байдаг. Гэвч энэхүү үнэлгээний үндэслэл болсон хавсралтаар өгөгдсөн материал, хувийн хэрэг, дотоод ажлын үр дүнг хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Ажил олгогч нь ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол энэ тухай үндэслэлээ нотлох үүрэгтэй” гэж заасны дагуу нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгөөгүй. Аюулгүй байдлын газрын захирал М.Батжаргал, Аюулгүй байдлын хэлтсийн захирал Т.Баттулга нарын үнэлгээний үндэслэл баримтаар нотлогдоогүй байхад Давж заалдах шатны шүүх ерөнхий үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гайхан эргэлзэж байна. Б. “Т Б”ны Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар ““Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-ыг, “Т Б”ны ажилтны мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02/2 тоот “Үнэлгээний хуудсын загвар баталж, үнэлгээ хийлгүүлэх тухай” шийдвэрийн хавсралтаар журмын 1.2.1-д “харъяалах газар хэлтсийн захирлын үнэлгээ өгөх хуудас”-ын загварыг тус тус баталсан. Гэтэл Аюулгүй байдлын газрын захирал М.Батжаргал, Аюулгүй байдлын хэлтсийн захирал Т.Баттулга нар ажилтан ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхийг ““Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам” болон “Үнэлгээний хуудсын загвар” батлагдахаас өмнө буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үнэлсэн байсан. Үүнээс үзэхэд “Т Б” ажилтан Н.Б-нийг ажлаас халах шийдвэрийг урьдчилан гаргасан болох нь тодорхой харагдана. Давж заалдах шатны шүүх энэ талаар хянавал хэсэгтээ “..үнэлгээний загвар хуудсыг 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шалгалтын комиссын шийдвэрээр батлагдахын өмнө 11 дүгээр сарын 01-ний өдөр гарчихсан байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэжээ..” энэ талаар маргасан нэхэмжлэгчийн тайлбарыг ямар баримтыг үндэслэж үндэслэлгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, тодорхой тайлбарлаагүй байгаа нь давж заалдах шатны шүүх бодитой дүгнэлт хийж чадаагүй гэж үзэх бас нэгэн үндэслэл болох юм. В. ““Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3.1 -д “Комисс нь ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар харъяалах газар, хэлтсийн захирлаар ажилтан тус бүрийн үнэлгээг гаргуулан авна” гэж заасан байхад “харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээний хуудас”-аар “ажлын байранд тавигдах шаардлагын тохироц”, “гүйцэтгэлийн чанар”, “мэргэжлийн ур чадвар”, “хөдөлмөрийн сахилга бат /таслалт, хоцролт/”, “ачаалал даах чадвар”, “ажил хэрэгч, идэвхи санаачилгатай байдал”, “хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн байдал”, “тусгай чадвар” гэсэн асуудлаар үнэлгээ өгсөн байна. Гэтэл Н.Бат-Эрдэнийн ажлын байрны тодорхойлолтод ажилтанд тавигдах мэргэжил, туршлагын 14 төрлийн шаардлага, ур чадварын 7 төрлийн шаардлага, нийт 21 төрлийн шаардлага тавигдсан байна. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд “Аюулгүй байдлын газрын ажилтныг үнэлэх үнэлгээний хуудас”-аар өгсөн үнэлгээ нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод тавигдах 21 төрлийн шаардлагад огт хамааралгүй болохыг шүүх бүрэлдэхүүн анхааран үзэхийг хүсье. Г. Ажилтан ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхийг үнэн зөв, бодитой шалгаж тогтоохгүйгээр ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх эсэхийг дүгнэх боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д “ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж заасныг Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.2-т “ажилтан мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.2-т зааснаас үзэхэд ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсныг салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэрээр тогтоохоор зохицуулсан байна. Гэтэл “Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс нь ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх эсэхийг тогтоох гол шалгуур, үзүүлэлт болох ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхийг огт үнэлээгүй, энэ байдлыг тогтоогоогүй байна. Зүй нь ажилтан ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхийг мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс тогтоосон байх, үүнийгээ шалгуур үзүүлэлтээр баталгаажуулсан байх шаардлагатай. Ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагын талаар үнэлгээ өгсөн Аюулгүй байдлын газрын захирал М.Батжаргал, Аюулгүй байдлын хэлтсийн захирал Т.Баттулга нар журамд заасан үнэлгээг журам батлагдахаас өмнө өгсөн, үнэлгээний үндэслэл болсон хавсралтаар өгөгдсөн материал, хувийн хэрэг, дотоод ажлын үр дүнг нотлох баримтаар гаргаж өгөөгүй учраас энэхүү үнэлгээг үнэн зөв, бодитой хийгдсэн үнэлгээ гэж үзэх боломжгүй.

1.2 Мэдлэг, ур чадвар /сорилго, даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль г.м/-ын үнэлгээ үндэслэлгүй хийгдсэн тухайд;

“Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 1 дүгээр зүйлийн 1.2.2-д “мэдлэг, ур чадварын үнэлгээ гэдэгт сорилго, даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль г.м хамаарна” гэж заажээ. Гэтэл нэхэмжлэгчээс зөвхөн сорилгын шалгалт авсан. Даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль г.м шалгалт аваагүй. Зөвхөн сорилгын шалгалтын дүнг үндэслэн мэргэжил, ур чадварын үнэлгээ өгсөн нь журмыг зөрчсөн. “Т Б”ны Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр баталсан Төв банкны ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны удирдамжийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар сорилго нь тухайн ажлын байрны ажил, үүрэгтэй холбоотой хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг хамарсан байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч Н.Бэс авсан 30 асуулт бүхий сорилгоос зөвхөн 5,6,7,8,10,11,27 дугаар асуултууд нь тухайн ажлын байрны ажил, үүрэгтэй холбоотой хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг хамарсан байсан. Бусад Аюулгүй байдлын мэргэжилтний ажлын байрны гүйцэтгэх ажил, үүрэгтэй огт хамааралгүй болох нь ажилтан Н.Б-ийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, 30 асуулт бүхий сорилгын шалгалтын баримтаар нотлогдсон. Мөн ажилтан Н.Б-ийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэргээс харахад банкны өдөр дутмын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн ажлууд болон учирч болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх таслан зогсоох, аюулгүй байдлыг хангаж ажиллах онцлогтой ажлын байр байдаг. Гэтэл банк ажилтнаас зөвхөн сорилгын тестээр л шалгалт авч үзүүлэх сургууль, даалгаврын гүйцэтгэл зэргээр шалгалт аваагүй нь Н.Б-нийг мэргэжил ур, чадварын хувьд ажил, албан тушаалдаа тэнцэх эсэхийг дүгнэж, чадахгүй болно.

1.3 Оролцоо чанарын, үнэлгээ үндэслэлгүй хийгдсэн тухайд;

Төв банкны ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны удирдамжийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Оролцоо, чанарын үнэлгээг комиссын төлөөлөл ярилцлага болон комиссоос тогтоосон бусад арга хэлбэрийн дагуу хийж гүйцэтгэнэ” гэсний дагуу оролцоо, чанарын үнэлгээг ярилцлагын арга хэлбэрийн дагуу хийж гүйцэтгэсэн. Хавтаст хэрэгт авагдсан Н.Б-нийг ярилцлагын үнэлгээний хуудаснаас үзэхэд үнэлгээ өгсөн этгээд тодорхойгүй, үнэлгээ өгсөн он, сар, өдөр тавиагүй, асуусан асуулт нь ойлгомжгүй, батлагдсан үнэлгээний хуудасны дагуу бүх асуултыг асуугаагүй буюу үнэлгээг бүрэн гүйцэд явуулаагүй, асуултанд ажилтан хэрхэн хариулсан талаар үнэлгээг дэмжих, бодитой болсон эсэхийг нотлох тэмдэглэгээ баримт байхгүй нөхцөлд давж заалдах шатны шүүх энэхүү нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

Хоёр. Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг зөв тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг ноцтой зөрчиж, хууль бус шийдвэр гаргасан байна. Ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасан үндэслэлээр ажлаас халахын тулд ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон байх шаардлагатай. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар ажилтан Н.Бэс мэргэжил, ур чадварын түвшинг үнэн зөв, бодитой тогтоогдоогүй, мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс ажилтан Н.Б-ийн гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх эсэхийг тогтоогоогүй, банкны зүгээс “Т Б”ны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмыг зөрчсөн ажиллагаа явуулж, үндэслэлгүй шийдвэр гаргасан байхад анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг зөв тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1764 дүгээр магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв сонгож, хэрэглэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн анхаараагүй, нэхэмжлэлийг зарим хэсгийг хангах үндэслэлийг орхигдуулсан байна.

Иймд шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч Н.Б, “Т Б”инд холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч “Т Б” зөвшөөрөөгүй байна. 

Нэхэмжлэлд ажилгүй байсан хугацааг тушаал гарсан өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 19-нөөс 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл тодорхойлсон боловч нэхэмжлэгч нь ажил олгогч 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажлыг хүлээж авч, ажил үүрэг гүйцэтгүүлээгүй талаар эрх зөрчигдснөө тайлбарласнаас үзэхэд ажилгүй байсан хугацааг энэ үеэс эхлэн тооцох агуулгатай шаардлага гаргасан гэж үзэхээр байна.

“Т Б”ны гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1764 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл хугацаанд ажилтныг ажил үүргээ гүйцэтгэх нөхцөлөөр хангаагүй нь тогтоогдсон ба хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг зөрчсөн байна. Иймд нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд цалин хөлсөө авах эрхтэй гэж үзэж, энэ хугацааны олговор 1 372 512 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Нэхэмжлэгчийн сарын дундаж цалин 1 017 552 төгрөг, нэг өдрийн цалин 47328 төгрөг, ажлын 29 хоногийн хугацаанд олговрыг тооцоход 1 372 512 төгрөг байна. 

Хоёр шатны шүүх хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаалын талаар хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Тухайлбал, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Т Б”ны гүйцэтгэх захирлын А/352 тоот тушаал болон түүний хавсралтаар банкны ажилтны түвшин ур чадварыг тогтоох журам, түвшин тогтоох комисс, шинжээчийн багийн бүрэлдэхүүнийг баталсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, нэхэмжлэгч нь шалгалт өгч, мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтээр 47,4 оноо авч тэнцээгүй, хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар ажилтанд нэг сарын өмнө буюу 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мэдэгдсэн /хх-96/, хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг зөрчөөгүй байна. Шүүх шалгалт авах журам, шалгалтын тов, мэдэгдсэн байдал, шалгалтын асуулга албан тушаалын хүрээнд хамаарах эсэх асуудлаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж шийдвэр, магадлалд тусгажээ.

“Т Б”ны стратеги төлөвлөгөөнд тусгагдсанаар орон тоог хасах, оновчтой болгох, ажилтнуудын ур чадварыг дүгнэж, анхаарах шаардлагатай болсон тул мэргэжил ур чадварын шалгалт авахаар болсон гэх нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл түвшин тогтоох шалгалтын ажиллагааг байгууллагын дотоод, бүрэн эрх хэмжээний үйл ажиллагаа гэж үзэв.

Иймд ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй бөгөөд харин олговор гаргуулах нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1764 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2017/01047 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсгийг баримтлан хариуцагч “Т Б” ХХКомпаниас 1 372 512 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгож, нэхэмжлэлээс ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговороос үлдэх 3 312 960 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, магадлал, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурьдсугай.

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.УНДРАХ                                   

 ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА