Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 203/МА2025/00046

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 12 өдөр Дугаар 203/МА2025/00046 Даланзадгад сум

 

 

 

С.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 144/ШШ2025/00196 дугаар шийдвэртэй, С.*******ийн нэхэмжлэлтэй, *******-д холбогдох

 

2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/51 дугаартай "Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулж хуучин эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 170,844,756 төгрөг, цалингийн 30 хувийн нэмэгдэл 53,522,698 төгрөг, 2022, 2023, 2024 оны үр дүнгийн шагналт цалин 102,213,396 төгрөг 2023, 2024, 2025 оны ээлжийн амралтын цалин 25,229,420 төгрөг, бүгд 351,810,271 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******ий гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, Н.Энхтөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* /цахимаар/, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 

С.******* миний бие *******-д тооцооны нягтлан бодогч ажилтай байсан. Гэтэл намайг Захиргаа, удирдлагын газрын захирал Б.******* нь согтууруулах ундаа хэрэглэчихсэн 2023 оны 02 дугаар сарын 03-ны орой 2 цагдаа дагуулан орж ирээд хүчээр ажлаас маань хөөн гаргаж санхүүгийн тайлан, компьютер хураан авч ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байсаар 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг өгсөн бөгөөд хэрхэн ямар зөрчил гаргасан талаар тайлбар өгч, шалгаж ч тогтоолгүй гэнэт халсанд гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл миний бие өнөөдрийг хүртэл намайг яагаад ажлаас халсан талаар тодорхой тайлбарыг удирдлагаасаа огт аваагүй бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/51 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалд дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэг, Засгийн газрын 2022 оны 450 дугаар тогтоолын 3 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 114 дүгээр зүйлийн 114.13.1 В, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3 Удирдлагад урьдчилан мэдэгдэж албан ёсоор чөлөө авалгүй нэг сарын дотор 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, орхиж явсан, ажил тасалсан цагууд нийлбэрээр нэг сард 24 цаг, түүнээс дээш гарсан, чөлөөний хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн, 6.2.6 Ажлын байранд компанийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулахуйц нөхцөл байдлыг үүсгэн танхайрсан, хамт олны эвсэг байдалд сөргөөр нөлөөлөхүйц харилцааны зүй бус үйлдэл гаргасан, бусад хууль бус үйлдэл /хов жив тараах, бусдыг доромжлох, нэр хүндэд нь халдах, компанийн эсрэг сурталчилгаа хийж бусдыг өдөөн турхирах, хамт олныг хагалган бутаргах, үйл ажиллагаа явуулах, зодолдох, маргалдах, танхайрах гэх мэт/ гаргасан, 6.2.7 Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг даалгасан хугацаанд зохих ёсоор гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан, энэ зөрчлийг удаа дараа гаргасан, 6.2.9 "Хөдөлмөрийн дотоод журамд заасан ёс зүйн хэм хэмжээг ноцтой эсхүл удаа дараа зөрчсөн"-т заасан үндэслэлүүдийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.

Намайг ажлаас чөлөөлсөн тус тушаалыг хууль зүйн үндэслэлгүй, хууль бус гэж үзэж байгаа учраас Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч П.*******ийн гаргасан 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/51 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулж хуучин эрхэлж байсан тооцооны нягтлан бодогч-ийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалаа нөхөж төлүүлэх, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт ажиллавал зохих 614 хоногийн цалин 170,844,756 төгрөг, үндсэн цалингийн 30 хувийн нэмэгдэл 53,522,698 төгрөг, 2022, 2023, 2024 оны үр дүнгийн шагналт цалин 102,213,396 төгрөг, 2023, 2024, 2025 оны ээлжийн амралтын цалин 25,229,420 төгрөг, бүгд нийлээд 351,810,271 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******ий тайлбар, татгалзлын агуулга: 

Манай компанийн хувьд С.*******ийн нэхэмжлэлийн шаардлагад 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр албан ёсоор хариу тайлбар өгсөн. Компанийн хэвийн үйл ажиллагаанд саад болохуйц нөхцөл байдал үүсгэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг даалгасан хугацаанд зохих ёсоор гүйцэтгээгүй, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл оногдуулсан атлаа энэ талаарх холбогдох нотлох баримтуудаа огтхон ч гаргаж өгөөгүй мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй.

1-р хавтаст хэргийн 44, 46, 50-р хуудсанд С.*******ийн гаргасан алдаа дутагдалтай холбоотойгоор С.*******ээс өөрөөс нь тайлбар авсан, гаргасан зөрчлийг нь баталгаажуулах зорилгоор бусад ажилтнуудаас тайлбар авах зэрэг ажиллагаанууд хийгдсэн. Тухайн үед ямар ямар ааш авир гаргаж, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн талаар гэрчийн мэдүүлгүүд авагдсан. Жишээлбэл хавтаст хэргийн 46-р талд С.*******ийн өөрийнх нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан тайлбарыг хэрхэн, яаж үгүйсгэх юм. Хавтаст хэргийн 50-р талд авагдсан Э.*******ын гаргасан баталгаажуулалтын хуудас дээр дурдагдсан асуудлуудыг хэрхэн, яаж үгүйсгэж байгаа нь тодорхойгүй байна.

Хууль бусаар халагдсан гэж үзээд ажилгүй байсан хугацааны цалин, үр дүнгийн урамшуулал, ээлжийн амралтын цалин гэх зэргээр нийт 351,810,271 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тооцоолол байна.

Хөдөлмөрийн тухай хуульд шаардах эрхийг хэрэв ажилд эгүүлэн тогтоолгох С.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлд заасны дагуу ажил хөдөлмөрөө гүйцэтгэж эхлэх хүртэлх хугацааны өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгох үүрэг хүлээсэн болохоос биш үр дүнгийн урамшуулал, ээлжийн амралтын цалин гэх мэт асуудлуудыг хариуцах үүргийг хуулиар зохицуулаагүй.

Тухайн үед болсон процессыг тодруулах зорилгоор ******* гэдэг албан тушаалтан 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тооцооны нягтлан бодогч С.*******ээс тайлбар авсан. С.******* тайлбар өгөхдөө 2023 оны 02 дугаар сарын 02-ны шөнөөс эхлээд ямар ямар үйл явдал болсон талаар нэг нэгэнгүй тайлбар өгсөн. 4-5 хуудас тайлбар байгаа бөгөөд хамгийн сүүлд нь тайлбар бичсэн С.******* гээд гарын үсгээ зурчихсан байгаа. Түүний дараа *******,******* нараас тайлбар авсан. Санхүүгийн программд мэдээллээ хурдан оруулж дуусгах хэрэгтэй байгаа талаар хурал дээр болон удаа дараа хэлж байсан гэх мэтчилэн тайлбар өгсөн байдаг.

Гэрчүүдэд худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээнэ гэдгийг сануулж мэдүүлэг авсан. Гэрч нар худал мэдүүлэг өгсөн гээд хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан зүйл байхгүй. ******* гэж хүн тухайн үед байгаагүй гэж ярьж байна. Гэтэл ******* нь мэдүүлэг өгөхдөө 2022 оноос 2023 оны 04 сар хүртэл ажилласан гэдэг. Мөн Ганболдыг болохоор миний ажлыг авсан гэж нэхэмжлэгч тайлбарладаг. Гэтэл Ганболд нь би С.*******ийн ажлыг хүлээж авсан, ажил хүлээж авахад 2022 оны 09 дүгээр сараас хойших тайлангууд шивэгдээгүй байсан гэх мэдүүлэг өгсөн байгаа нь нотлох баримт шинжлэн судлахаар гарч ирэх байх.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд дуусгавар болгохоор ноцтой зөрчил гаргасан ажилтанд тушаал шийдвэр гаргахаасаа өмнө мэдэгдэх үүргийг ажил олгогчид үүрэг болгосон хуулийн зүйл заалт нь хаана байгаа юм. Харин эсрэгээрээ тайлбар, мэдүүлэг авна, нотолно, холбогдох баримтуудаа үндэслээд тушаал шийдвэр гаргана гэж байгаа. 02 дугаар сарын 06-ны өдрөөс хойш хийгдсэн ажиллагаанууд, 02 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд өгсөн үүрэг даалгаврууд нь ямар ажиллагаа болж хувираад байгаа юм. 

Эцэст нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан бөгөөд ажил олгогчийн зүгээс мэдэгдэх, тайлбар авах, удирдах албан тушаалтны санал авах зэрэг ажиллагаанууд хийгдээд эцэст нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчлүүдийг гаргасан гэж үзээд ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэлийг ногдуулж шийдвэрлэсэн. Энэ тушаал шийдвэр нь хүчин төгөлдөр хууль ёсны гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

  

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/51 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Хонгор овгийн Сугирын *******ийг *******-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын тооцооны нягтлан бодогчоор эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч *******-аас нэхэмжлэгч С.*******ийн ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 337,461,370 /гурван зуун гучин долоон сая дөрвөн зуун жаран нэгэн мянга гурван зуун дал/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагч *******-д нэхэмжлэгч С.*******ийн ажилгүй байсан хугацаанд төлөгдвөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,845,607.85 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******ий давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх гэрчээр мэдүүлэг өгсөн Э., Ш.******* нарын мэдүүлгийг дүгнэсэн боловч гэрч нарын мэдүүлгийг хангалттай баталсан бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд С.*******ийн гаргасан зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу өөрөөс нь тайлбар, мэдүүлэг авах замаар баримтжуулсан, мөн тухайн цаг хугацаанд хамтран ажиллаж байсан ажилтнуудаас мэдүүлэг авах замаар сахилгын ноцтой зөрчил гаргасан гэдэг нь дараах нотлох баримтуудаар тогтоогддог. Үүнд:

Хавтаст хэргийн 118 дугаар талд Нягтлан бодогч С.*******тэй уулзалт хийсэн тэмдэглэл авагдсан байх бөгөөд тэмдэглэлд 2023.02.03-д болсон үйл явдлын талаар тэмдэглэл бичиж ирүүлнэ үү. Мөн холбогдох арга хэмжээг хууль журмын хүрээнд авах байх гэж дурдсан байдаг,

Хавтаст хэргийн 119 дүгээр талд Ц.Болормаа, С.*******, Д., Б., А., Э.нарын гаргасан илтгэх хуудас,

Хавтаст хэргийн 123 дугаар талд тооцооны нягтлан бодогч С.*******ийн 2023 оны 02-р сарын 06-ны өдөр гаргасан тайлбар хуудас зэрэг болно.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 450 дугаартай *******-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 1 дэх хэсэгт тус компанийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон, 3.1 дэх хэсэгт компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч П.*******т даалгаж байсан.

Энэ цаг хугацаанд нэхэмжлэгч С.******* нь 2023 оны 02-р сарын 03-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг эсэргүүцэж, эмх замбараагүй байдал үүсгэн, компанийн санхүүгийн үйл ажиллагаа болон ажилчдын ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд саад учруулж, хэрүүл маргаан үүсгэсэн, өөрийн хариуцаж байсан ажлыг хийгээгүй гэх зэрэг хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчлийг гаргасан байгааг хариуцагч талаас дээр дурдсан болон бусад нотлох баримтуудаар тайлбарлаж байхад анхан шатны шүүх үүнийг няцааж чадаагүй.

*******-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 02-р сарын 07-ны өдрийн Б/51 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, Засгийн газрын 2022 оны 450 дугаар тогтоолын дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 114-р зүйлийн 114.13.1 В дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3, 6.2.6, 6.2.7, 6.2.9 дэх заалтыг тус тус үндэслэж байсан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 80-р зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан хэмээн үзэж С.*******ийг ажлаас чөлөөлсөн байдаг.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 80-р зүйлийн 80.4-т заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30 хоногийн дотор мэдэгдээгүй хэмээн үзэж байгаа үндэслэлгүй бөгөөд тус хуулийн заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 80-р зүйлийн 80.1.4 дэх заалт хамаарахгүй юм.

Мөн маргаан бүхий тушаал нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлд Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль, тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 cap хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай гэж заасан байх бөгөөд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн онцгой бүрэн эрх, Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд шуурхай авч хэрэгжүүлсэн арга хэмжээ юм.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 144/ШШ2025/00196 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн давж заалдах гомдолд өгсөн хариу тайлбартаа:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох тохиолдлыг, 120.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацааны талаар тодорхой хуульчилсан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуульд заасан гомдол гаргах хугацаагаа хэтрүүлж, шүүх хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гомдол гаргах хугацааг нь сэргээж 144/ШЗ2025/01198 дугаартай захирамжийг гаргасан байдаг.

Ийнхүү давж заалдах гомдол гаргах хугацааг нь шүүхээс сэргээсэн тул хариуцагчийн гомдол гаргах хугацааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар дахин тоолоход энэхүү хугацаа нь 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дуусаж байх хэдий ч хариуцагч дахин хугацаа хэтрүүлж 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гомдлоо гаргадаг боловч анхан шатны шүүх тус гомдлыг нь хүлээн авч буй нь хуульд үл нийцэж байна.

Иймээс шүүх хууль дээдлэх, хуульд захирагдах зарчмын хүрээнд хуулийг нэг мөр ойлгон хэрэглэж, талуудын шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******ий давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч *******-д холбогдуулан 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/51 дугаартай "Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 170844756 төгрөг, цалингийн 30 хувийн нэмэгдэл 53,522,698 төгрөг, 2022, 2023, 2024 оны үр дүнгийн шагналт цалин 102,213,396 төгрөг 2023, 2024, 2025 оны ээлжийн амралтын цалин 25,229,420 төгрөг, бүгд 351,810,271 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс талуудын маргааны зүйл болох хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлийн талаар нэхэмжлэгч С.*******ийг компанийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулахуйц нөхцөл байдлыг үүсгэн, ажилтны ёс зүйг ноцтой зөрчиж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг даалгасан хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан зөрчлийг удаа дараа гаргасан гэх тайлбарыг гаргадаг боловч дээрх үйл баримтыг хариуцагч *******-ийн холбогдох дотоод дүрэм, журамд заасны дагуу шалган тогтоогоогүй, нотлоогүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 114 дүгээр зүйлийн 114.13.1 В дэх заалтын, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3, 6.2.6, 6.2.7, 6.2.9 дэх заалтыг зөрчсөнөөр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болсон тул *******-ийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны Б/51 дугаартай "Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар С.*******т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ноогдуулжээ.

 

Нэхэмжлэгч С.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасны дагуу уг маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан болох нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1-155 тоот албан бичгээр тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай гомдол гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор хандах эрхтэй гэж заасантай нийцжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.3, 6.2.6, 6.2.7, 6.2.9 дэх заалтуудыг тус тус баримтлан С.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу өөрөөс нь тайлбар, мэдүүлэг авах замаар баримтжуулсан, мөн тухайн цаг хугацаанд хамтран ажиллаж байсан ажилтнуудаас мэдүүлэг авах замаар сахилгын ноцтой зөрчил гаргасан гэдэг нь нотлогддог. Нэхэмжлэгч С.*******ийг сахилгын ноцтой зөрчил гаргасныг батлах гэрчүүд болох Э., Ш.******* нарын мэдүүлгийг шүүх нотлох баримтаар дүгнэсэн боловч хангалттай баталсан бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч С.******* дээрх тайлбарыг гэрчүүд гэх Э.,******* нар нь тухайн цаг хугацаанд надтай хамт ажиллаж байгаагүй гэж няцааж байна.

 

Нэхэмжлэгч нь ажлаас халагдсанаас хойших хугацаанд биеэр ажил хөдөлмөр эрхлээгүй атлаа цалингийн нэмэгдэл, ээлжийн амралт, урамшууллын мөнгө зэргийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн 158.2.2-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж тус тус хуульчилсан.

Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн 30 хувийн нэмэгдэл 53,522,698 төгрөг, 2022, 2023, 2024 оны үр дүнгийн шагналт цалин 102,213,396 төгрөг 2023, 2024, 2025 оны ээлжийн амралтын цалин 25,229,420 төгрөг, анхан шатны шүүхээс дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцохдоо нотлох баримтад үндэслээгүй илүү тооцсон 59,451,649, бүгд 240,417,163 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хавтас хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн цалин хөлсийг бодож олгосон санхүүгийн анхан шатны баримтаас дүгнэхэд /1 дүгээр хавтас хэргийн 184 дүгээр хуудас/ С.******* нь 2022 оны 11, 12 дугаар сарууд болон 2023 оны 1 дүгээр сард нийт 59 хоног ажиллаж, 10,703,909 төгрөгийн цалин авсан гэж тодорхойлсон ба нэг өдөрт ногдох цалингийн хэмжээ нь /10,703,909:59=181,422/ 181,422 төгрөг байх ба нэхэмжлэгчийн тодорхойлсон ажилгүй байсан хугацаа болох 614 хоногоор үржүүлэхэд 111,393,108 төгрөг гарсан ба дээрх төгрөгийг ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гэж шүүх бүрэлдэхүүн дүгнээд, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч С.*******ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон тул түүний цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас 111,393,108 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай гомдлыг хангахгүй орхисон тул хариуцагчаас гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 144/ШШ2025/00196 дугаар шийдвэрийн 2 дахь заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч *******-аас нэхэмжлэгч С.*******ийн ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 337,461,370 /гурван зуун гучин долоон сая дөрвөн зуун жаран нэгэн мянга гурван зуун дал/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******т олгосугай. гэснийг, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч *******-аас нэхэмжлэгч С.*******ийн ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 111,393,108 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 240,417,163 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

Шийдвэрийн 4 дэх заалтын хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,845,607.85 төгрөгийг гаргуулж, гэснийг хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 714,915 төгрөгийг гаргуулж, гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******ий гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар *******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,845,608 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА

 

ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР

 

Х.ГЭРЭЛМАА