Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 154

 

М.Б, Б.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

        Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

        Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаар магадлалтай, М.Б, Б.Б нарт холбогдох 2312000000151 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Алтанчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

        1.Монгол Улсын иргэн, Архангай аймгийн ..... .....д төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, урьд ял шийтгэлгүй, М.Б

        2.Монгол Улсын иргэн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Б.Б

        Шүүгдэгч М.Б, Б.Б нар бүлэглэн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн ..... сумын ..... багийн ..... ..... тоот хашааны гаднаас С.Б-ы хөх өнгийн “Dayun” загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Б, М.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, М.Б нар нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, мөн өөрсдийн оршин суух Архангай аймгийн ..... сумын нутаг дэвсгэрээс зорчин явахыг 6 сарын хугацаанд хориглож шийдвэрлэсэн байна.

        Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

        Шүүгдэгч Б.Б, М.Б нарын өмгөөлөгч М.Алтанчимэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй, хуулийг буруу хэрэглэсэн. М.Б, Б.Б нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг эргэлзээгүй нотолсон баримт хэрэгт бүрэн авагдаагүй байхад мөрдөн байцаалтын ажиллагаа хэт яллах талыг барьж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн. Үүнд:

        1.Хохирогч С.Б, насанд хүрээгүй гэрч Г.Г, гэрч Л.Б нар “...307 тоот хашааны гаднаас мотоциклийг унаад 414 тоот хаягтай хашаа руу явсан” талаар мэдүүлсээр байхад прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд ..... ..... тоот хашаанаас С.Б-ын хөх өнгийн мотоциклийг хулгайлсан байна гэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т заасан прокурорын яллах дүгнэлтэд нь яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг тусгахаар заасан. Гэтэл гэрч, хохирогч нар 307 тоот хашааны гадаа мотоциклоо тавьсан гэж мэдүүлсээр байхад уг мотоциклийг ..... тоот хашаанаас хулгайлсан гэж, хохирогчоор С.Б гэж хүн тогтоогдсон байхад С.Б гэгч өөр хүний мотоциклийг хулгайлж авсан гэж зөрүүтэй дүгнэсэн нь шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангахгүй байна.

        2.Б.Б, М.Б нар бага боловсролтой, уншиж бичиж чадахгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3-т зааснаар М.Б нь Монгол хэл, бичиг мэдэхгүй байхад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж, түүний эрхийг ноцтой зөрчсөн. Өмгөөлүүлэх эрхээр хангасан бол хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх байсан. Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэт яллах талыг барьсан. 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1356 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Бы мотоциклийг 350,000 төгрөгөөр үнэлсэн нь эргэлзээтэй. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “2009 онд 1,125,000 төгрөгөөр худалдаж авсан” гэжээ. 14 жил болсон, улсын дугааргүй, банкны буруу талд цөмөрсөн хонхортой, өрөөсөн толь байхгүй, зөв талын урд талын дохио байхгүй, суудлын бүрээс урагдаж бусад эд анги нь хуучирч өнгө будаг нь арилсан, ямар ч мотоциклийн түлхүүр таарахаар элэгдэлд орсон байдаг. Мөн мотоциклийг хүүхдээр унуулж 414 тоот хашаа руу явахад мотоциклийн дуунаар хохирогч, гэрчүүд мэдэж зэрэг шахуу очсон, дуудлага өгөхөд цагдаа Э.Б ирсэн. Б.Б, М.Б нар хоёр алхаад очсон байхад ..... сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд сэжигтнийг олохоор эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байгаа байдал, 307 тоот хашааны гадаа байсан мотоциклийг насанд хүрээгүй гэрч Г.Г унасан гэж мэдүүлсээр байхад ..... тоот хашаан дотроос унаж явсан мэтээр гэрч, хохирогч нарын мэдүүлгийг үл хайхарч байгаа байдал зэргээс тодорхой харагдана.

        М.Б, Б.Б нар мөрдөн байцаалтын шатанд гэрч, яллагдагчаар, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлэгтээ бид хоёр хулгай хийгээгүй гэдгээ хохирогч С.Б, насанд хүрээгүй гэрч Г.Г, дуудлагаар ирсэн цагдаа Э.Б нарт хэлсээр байтал согтуугаар хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэж шүүх дүгнэн зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн.

        Хулгайлах гэмт хэргийн бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагдах онцлог нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодог. Түүнчлэн эд хөрөнгийг хулгайлсан гэмт этгээд нь эзэмшилдээ авч өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс төгссөнд тооцно. Гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах зорилготой байдаг бол Б.Б, М.Б нарт тийм зорилго байхгүй, тухайн өдөр архи уусан, Амараа гэх хамаатныхаа айлын хашаанд мотоциклоо орхиод дахин архи уухаар тэр гудамжинд байх дэлгүүр рүү явсан боловч архи олдохгүй болохоор өөрсдийгөө мотоциклтой явсан гэж андуурч 307 тоот хашааны гадаа байсан мотоциклийг 2-3 хашаа алгасаад 200 метр ч хүрэхгүй газар буюу урагшаа харсан хаалгатай 414 тоот хашааны гадаа хүртэлх (хоёр гудамж нь бие бие рүүгээ харсан хаалгатай) зайд мотоциклийг хүүхдээр унуулж 1 минут ч хүрэхгүй хугацаанд уг газарт хүргүүлсэн үйл баримт байгаа.

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасныг журамлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

        Шүүгдэгч Б.Б, Б.Б нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал эргэлзээтэй. Хэрэв хулгайлсан гэж үзвэл өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна...

        Иймд зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, хамгийн бага торгууль оногдуулан, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийг шүүгдэгч нарт ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

        Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч нарыг бүлэглэн мотоцикл хулгайлж, 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцохдоо шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Шүүгдэгч нарт хулгайлах гэмт хэрэг үйлдэх субъектив санаа зорилго тогтоогдоогүй. Харин гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, хохирогчийн мотоциклийг завших зорилгогүй зөвшөөрөлгүйгээр авч явсан байх тул Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Иймд шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөх нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

        1.Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Алтанчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн М.Б, Б.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

        2.Шүүгдэгч М.Б, Б.Б нар нь 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр согтуурсан үедээ Архангай аймгийн ..... сумын ..... баг, ..... ..... тоот хашааны гаднаас хохирогч С.Бы 350,000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг насанд хүрээгүй Г.Гийг гуйж жолоодуулан авч явсан ба энэ үйл явдлыг хашаан дотроос харсан гэрийн эзэгтэй Л.Б хохирогчид мэдэгдсэнээр мотоциклийг 414 тоот хашаанд оруулсан даруйд нь буцаан авсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

        Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох боловч тухайн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээнээс хамаарч бодит хохирол, хор уршиг учраагүй бол гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үздэг болно.

        Шүүгдэгч М.Б, Б.Б нар нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар авсан үйлдлийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, гэмт хэрэг гарсан даруй хохирогч эд хөрөнгөө буцаан авсан зэрэг хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч нарын үйлдэл гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, нийгмийн аюулын хэр хэмжээ ялимгүй байх тул гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй байна.    

        Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Алтанчимэгийн гомдлыг хүлээн авч анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, М.Б, Б.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, тэднийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

        1.Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Архангай аймгийн прокуророос М.Б, Б.Б нарт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

ШҮҮГЧИД                                                       Б.АМАРБАЯСГАЛАН

    С.БАТДЭЛГЭР

    М.ПҮРЭВСҮРЭН

    С.СОЁМБО-ЭРДЭНЭ