Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 1102

 

 

Хэргийн индекс: 135/2016/00662/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *** дугаар хороолол, **г байрны *** тоотод оршин суух, Х*** овогтой М*** Б*** /регистрийн дугаар ШД ***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** газар,
Хариуцагч: *** сургууль нарт холбогдох ,

 “21,906,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч *** сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М***, *** газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.

                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Б*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Би одоо 57 настай 1975 оны 09 дүгээр сарын 01-нээс 1979 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 4 жил Улаанбаатар хотын Багшийн сургуульд сурч бага ангийн багшаар төгссөн. 1979 оны 08 дугаар сарын 14-нөөс 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Нийслэлийн 10 жилийн бага ангийн багшаар 1 жил 0 сар 7 өдөр, 1980 оны 08 дугаар сарын 27-нөөс 1991 оны 08 дугаар сарын 22-ны хооронд Нийслэлийн найрамдлын районы 33 дугаар сургуульд бага ангийн багшаар нийт 10 жил 11 сар 25 хоног, 1991 оны 08 дугаар сарын 23-наас 1995 оны 10 сарын 25-ны хооронд Нийслэлийн Октябрийн районы 81 дүгээр сургуульд бага ангийн багшаар нийт 3 жил 6 сар 04 хоног ажилласан. Энэ үед хөдөлмөрийн дэвтэр хаагдаж 425311 тоот нийслэлийн даатгалын дэвтэрээр солигдсон 2002 онд хөдөлмөрийн дэвтэр баталгааны 15 жил 3 сар 25 хоног нийслэлийн сургуулиад бага ангийн багшаар ажилласан 1994 оны 11 дүгээр сарын 18-наас 2001 оны 08 дугаар сарын 21-ны өдрийг хүртэл Нийслэлийн Сонгино Хайрхан дүүргийн 4 дүгээр сургуулийн хичээлийн эрхлэгчээр 6 жил 09 сар 05 хоног 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2003 оны 08 дугаар сарын 26-ны хооронд нийслэлийн Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн бага ангийн багшаар 1 жил 10 сар 25 хоног, 2003 оны 09 дүгээр сарын 23-наас 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Сонгино хайрхан дүүргийн 9 дүгээр сургуульд сургалтын ахлах менежерээр 11 сар 25 өдөр, 2006 оны 08 дугаар сарын 22-ноос 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн *** сургуульд сургалтын менежерээр 9 сар 19 хоног нийт 25 жил 09 сар 09 хоног улсад ажилласан юм. 
Боловсролын тухай хуульд заасны дагуу 43 дугаар зүйлийн 43.1.4-т зааснаар өндөр настны тэтгэвэрт гарсан, мөн 25 жил орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль ажилласан бол буцалтгүй тэтгэмж авна гэсэн заалтыг удирдлага болгон 608,500 төгрөгөөр сарын цалинг тооцож нийт 36 сарын цалин болох 21,906,000 төгрөгийн холбогдох хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч *** сургууль нь шүүхэд ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Мэндбаяр овогтой Б*** нь тус сургуульд 2006-2007 оны хичээлийн жилд 9 сар ажиллаад ажлаас чөлөөлөгдсөн. 2014 онд тэтгэвэрт гарахдаа манай байгууллагад ажиллаж байгаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ” гэв.

Хариуцагч *** газар нь шүүхэд ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
“... М.Б*** нь “Од” цогцолбор сургуульд 2006 оны 08 дугаар сарын 22-ноос эхлэн 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ажилласан. М.Б*** нь 2015 онд өндөр настны тэтгэвэрт гарахаар тэтгэмжийн мөнгө авах өргөдөл гаргасан байна. Тухайн байгууллагын нягтлан бодогч 2015 оны төсвийн төлөвлөгөөнд нэрийг оруулсан байна. 
Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-д төрийн болон орон нутгийн өмчийн ***, ЕБС, Цэцэрлэгт 43,1,2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр настаны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгоно гэсэн заалттай нийцэхгүй байна. 
Иймд өндөр настан тэтгэвэрт гарах үед *** сургуульд ажиллаж байгаагүй тул уг мөнгөн тэтгэмжийг олгох боломжгүй гэж үзэж байна.” гэв.
    
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Б*** нь “ ... ерөнхий боловсролын сургуульд багшаар 25 жил 9 сар 9 хоног  жил ажилласан бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг олгохоор Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-д заасны дагуу үндсэн цалин 608,500 төгрөгийг 36 сараар тооцож 21,906,000 төгрөгийг хариуцагч *** газар, *** сургууль нараас гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч *** газар болон *** сургууль нар нь “...Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-д “...өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухай жилийн төсөвт тусгахаар...” гэж заасан. Гэвч М.Б*** нь тэтгэвэрт гарахдаа тус сургуульд багшаар ажиллаж байгаагүй, уг мөнгийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгоно гэж хуульд заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэж маргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “...М.Б*** нь ажиллаж байх хугацаандаа 101,200 төгрөгийн үндсэн цалинтай байсан. Түүнийг тэтгэвэрт гарах үед багшийн авдаг үндсэн цалин 608,500 төгрөг болсон байсан учир 608,500 төгрөгийг хуульд заасан 36 сараар тооцон нэхэмжилж байна” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан болно.

Хэрэгт авагдсан баримтаар 
Нэхэмжлэгч М.Б*** нь 1959 оны 04 дүгээр сарын 28-нд төрсөн бөгөөд тэрээр Нийслэлийн 10 дугаар сургуульд бага ангийн багшаар 1979 оны 08 дугаар сарын 14-нөөс 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, Нийслэлийн найрамдал районы 33 дугаар сургуульд бага ангийн багшаар 1980 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл, Нийслэлийн Октябрийн районы 81 дүгээр сургуульд бага ангийн багшаар 1991 оны 08 дугаар сарын 23-наас 1994 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуульд хичээлийн эрхлэгчээр 1994 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2001 оны 08 дугаар сарын 21-ны өдөр хүртэл, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуульд бага ангийн багшаар 2001 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 2003 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуульд сургалтын ахлах менежерээр 2003 оны 09 дүгээр сарын 23-наас 2004 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл , Дархан-Уул аймгийн *** сургуульд сургалтын менежерээр 2006 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болох нь  хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтэр, 425311 тоот нийгмийн даатгалын дэвтэр, Дархан-Уул аймгийн *** сургуулийн 2006 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 45 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, 2007 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч М.Б*** нь Дархан-Уул аймгийн *** сургуульд ажиллаж байх хугацаа буюу 2006 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 06 дугаар сарын 19-ны өдөр хүртэлх хугацаанд тэрээр хуульд заасан өндөр насны тэтгэвэрийн насанд хүрээгүй байсан ба 2014 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн болох нь иргэний үнэмлэхний хуулбар, зохигчдын тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна. 
Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т “төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгах”,  43 дугаар зүйлийн 43.7-д “Энэ хуулийн 43.1.4, 43.5-д заасан нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан журмыг баримтлан тогтооно”, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас нь ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална”, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаартай тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 1-т “Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө”  гэж тус тус заасан байна. 
Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т “Тэтгэвэрт тогтоолгох насанд хүрсэн”, 24.1.2-т “төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн” үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход үндсэн цалингийн дунджаас нь ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүсэхээр дээрх хуулиар зохицуулагдсан байна.
Нэхэмжлэгч М.Б*** нь Төрийн албан тухай хуулийн 24 дүгээр зүлийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөөгүй болох нь хэрэгт авагдсан *** 
сургуулийн захирлын 2006 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 45 тоот “...М.Б***г сургалтын менежерээр 2006 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг жилийн гэрээтэй ажиллуулах тухай” тушаал, тус сургуулийн захирлын 2007 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 35 тоот “...Сургалтын менежер М.Б***г 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай” тушаал зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. 
Иймд М.Б***д Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т заасан нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгох үндэслэл тогтоогдохгүй байх тул М.Б***гийн гаргасан нэг удаагийн буцалтгүй тэтгэмж 21,906,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 43.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б***гийн гаргасан хариуцагч *** газар, *** сургууль нарт холбогдох нэг удаагийн буцалтгүй тэтгэмж 21,906,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч М.Б*** нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх учир нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд төлсөн  267,480 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцааж гаргуулж, нэхэмжлэгч М.Б***д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
 

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                З.ТУНГАЛАГМАА