Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 161

 

“Капитал маркет” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00662/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 960 дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч “Капитал маркет” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч Сутай овогт Ч-ийн Б-д холбогдох 

          “21.311.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг

          Хариуцагч Ч.Б-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Балжинсүрэн,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч “Капитал маркет” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Саулегүль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь АНУ-ын мах, махан бүтээгдэхүүний экспортоор дэлхийд тэргүүлэгч “Tyson Foods”-ийн албан ёсны борлуулагч, “McCain Foods”-ийн хагас боловсруулсан бүтээгдэхүүний борлуулагчаар тус тус ажиллан зах зээлд тахианы мах болон хагас боловсруулсан төмс нийлүүлэн үйл ажиллагаа явуулдаг болно. Ч.Б- нь тус байгууллагаас тахианы мах, махан бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авч төлбөрийг дараа тооцоогоор төлдөг харилцагч юм. Ч.Б- нь 2015 онд 63.744.000 төгрөгийн үлдэгдэл тооцоотой эхэлж үүн дээр нэмж 298.620.000 төгрөгийн барааны татан авалт хийж 341.053.000 төгрөгийг төлсөн бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 21.311.000 төгрөгийн үлдэгдэл тооцоотой үлдсэн. Манай компаний нягтлан бодогч С.Отгондулам, Ч.Б- нар 2015-2016 онд нийт 3 удаа тооцоо нийлж тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн юм. Үүнд:

           1.   2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 47.304.000 төгрөгт,

           2.   2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 26.158.000 төгрөгт,        

 3.  2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр 21.311.000 төгрөгт тус тус тооцоо нийлсэн. 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Ч.Б- нь манай компанид хандан 21.311.000 төгрөгийн тооцоог 2016 оны 01 дүгээр сарын 30-наас  эхлэн 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдөр 2.000.000 төгрөгөөр хувааж төлөхөөр хүсэлт гаргаж компани хүсэлтийг хүлээн авч хугацаа олгосон боловч тохиролцсон хугацаанд төлбөрийг төлөхгүй төлбөр тооцоотой үргэлжилж бидэнд бараа, бүтээгдэхүүн борлуулсны орлогыг хүлээн авахад саад учруулж үйл ажиллагаанд сөрөг үр дагавар үүсэж байна. Иймд Ч.Б-гээс 21.311.000 төгрөгийг гаргуулж “Капитал маркет” ХХК-д олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Б- шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Капитал Маркет” ХХК-аас тахианы цээж, гуя, мөч зээлээр худалдан авдаг байсан. Тахианы цээж мах,гуя, мөч нь өөр өөр үнэтэй байдаг бөгөөд 1 хайрцагандаа цэвэр жингээр 15 кг байх ёстой бөгөөд хайрцаг нь өөрөө 600-700 гр байдаг. Гэтэл “Капитал Маркет” ХХК манайд тахианы махаа нийлүүлэхдээ дараах байдлаар дутуу нийлүүлдэг байсан. Энэ дутагдлыг тухай бүр нь мэдэгддэг байсан боловч нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцоогүй байх тул дараах үнийг дүнг зөвшөөрөхгүй. Үүнд: 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр -75 кг- 412.500 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр -20 кг- 80.000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр - 50 кг- 225.000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр - 80 кг- 350.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр - 32 кг-147.500 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр -114 кг- 571.500 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр - 44 кг- 381.800 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр - 72 кг- 360.000 төгрөг нийт 2.527.300 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. гэжээ.

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 960 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ч.Б-гээс 21.311.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Капитал маркет” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264.500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б-гээс улсын тэмдэгтийн хураамж 264.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Капитал маркет” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.  

Хариуцагч Ч.Б- давж заалдсан гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 960 дугаар шийдвэрийн зарим хэсэг болох 2.527.300 төгрөгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. “Капитал маркет” ХХК-аас тахианы цээж, гуя, мөч зээлээр худалдан авдаг байсан. Тахианы цээж мах, гуя, мөч нь өөр өөр үнэтэй байдаг бөгөөд 1 хайрцагандаа цэвэр жингээр 15 кг байх ёстой бөгөөд хайрцаг нь өөрөө 600-700 гр байдаг. Гэтэл “Капитал Маркет” ХХК манайд тахианы махаа нийлүүлэхдээ дараах байдлаар дутуу нийлүүлдэг байсан. Энэ дутагдлыг тухай бүр нь мэдэгддэг байсан боловч нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцоогүй байх тул дараах үнийг дүнг зөвшөөрөхгүй. Үүнд: 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр -75 кг- 412.500 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр -20 кг- 80.000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр - 50 кг- 225.000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр - 80 кг- 350.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр - 32 кг-147.500 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр -114 кг- 571.500 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр - 44 кг- 381.800 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр - 72 кг- 360.000 төгрөг нийт 2.527.300 төгрөг. Энэ талаар тухай бүр нь нийлүүлэгч компани болох “Капитал маркет” ХХК-д мэдэгддэг байсан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаас дутуу нийлүүлсэн тахианы махныхаа үнийг нийлүүлсэн мэтээр тооцож нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх үүнийг анхаарч үзэлгүйгээр шийдвэр гаргаж миний эрх ашгийг хохироон,  үндэслэлгүй хөрөнгөжих боломжоор хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн надаас 21.311.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс 2.527.300 төгрөг нь үндэслэлгүйгээр гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул 2.527.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Капитал маркет” ХХК Ч.Б-д холбогдуулж бүтээгдэхүүн нийлүүлсний төлбөр 21.311.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч Ч.Б- нэхэмжлэлийн шаардлагаас 2.527.300 төгрөгийг төлөхөөс татгалзаж маргасан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ч.Б-гээс 21.311.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Капитал маркет” ХХК-нд олгож шийдвэрлэсэн байна. 

Энэ шийдвэрийг хариуцагч Ч.Б- эс зөвшөөрч давж заалдсан гомдолдоо: нэхэмжлэгч нь 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх 8 удаагийн нийлүүлэлтээр нийт 487 кг буюу 2.527.300 төгрөгийн тахианы мах дутуу нийлүүлж байсан. Энэ талаар тухай бүрд нэхэмжлэгч талд мэдэгдэж байсан.

Нэхэмжлэгч дутуу нийлүүлсэн тахианы махаа бүрэн нийлүүлсэн мэтээр тооцож нэхэмжлэл гаргасан байхад шүүх үүнийг анхаарч үзэлгүй шийдвэр гаргаж, миний эрх ашгийг хохироон, нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломжоор хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байх тул 2.527.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүхээс болсон үйл баримт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг судлан үзэж, хэргийг бүхэлд нь хянаад  дараах дүгнэлтийг хийлээ.

Зохигчид 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн харилцаж, 2015 оны 09 дүгээр сарын 25 хүртэл нийт 78 удаагийн үйлдлээр 362.364.000 төгрөгийн тахианы мах, махан бүтээгдэхүүн нийлүүлсэн болох нь хэргийн 5, 6 дугаар талд авагдсан “Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ” гэсэн баримтаар нотлогдоно.

Хариуцагч нь талуудын хооронд Иргэний хуулийн 263 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах харилцаа үүссэн, мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1.1-д зааснаар гэрээг бичгээр хийх хуулийн шаардлага хангаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуульд заасан хэлбэрийг зөрчсөн учир хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна гэж маргасан байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйл буюу зээлээр худалдан авах гэрээ нь худалдах худалдан авах гэрээний нэг төрөл бөгөөд худалдан авсан эд зүйлийн үнийг нэг дор биш, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх учраас талуудын хооронд хүү тохирсноор гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ нь эд хөрөнгийн үнийг  төлөх тухайн үеийн үнээс нэмэгдсэн шинжтэй байдаг.

           Худалдах, худалдан авах гэрээнд худалдсан эд зүйлийн үнийг хэсэгчлэн буюу дараа төлөх хугацааг тохирч болдог, ингэж тохирсноор эд хөрөнгийн үнэ нэмэгдээгүй  байдгаараа зээлээр худалдах-худалдан авах гэрээний үндсэн шинжээс ялгаатай бөгөөд хэргийн 5-14 дүгээр талд авагдсан баримтуудаас үзвэл  гэрээний эд зүйлийн үнэ нэмэгдээгүй, хүү тооцоогүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

           Хэргийн 11,12,13 дугаар талд авагдсан “Тооцоо үлдэгдлийн баталгаа” гэх баримтаас  үзвэл хариуцагч Ч.Б- 2015 оны 05 дугаар сарын 07, 08 дугаар сарын 08, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрүүдэд нэхэмжлэгч байгууллагатай харилцан тооцоо нийлж, тухай бүр төлбөрийн үлдэгдлийг харилцан баталж, гарын үсгээ зурж баталгаажуулж байжээ.

           Түүнчлэн хэргийн 14 дүгээр талд авагдсан “Хүсэлт гаргах нь” гэсэн баримтаас үзвэл нэхэмжлэгч талд төлөх 21.311.000 төгрөгийн төлбөрийг бүрэн хүлээн зөвшөөрч, хэсэгчлэн төлөхөө илэрхийлсэн байна.

           Нэхэмжлэгч нь 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд 8 удаагийн нийлүүлэлтээр нийт 487 кг буюу 2.527.300 төгрөгийн тахианы мах дутуу нийлүүлж, тухай бүрд нь нэхэмжлэгч талд мэдэгдэж байсан гэж маргаж байгаа боловч, энэ талаар хэрэгт бичгийн нотлох баримт авагдаагүй энэ талаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

           Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж зааснаар хариуцагч нь эд зүйлийн доголдлын талаар шаардлага гаргах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргана” гэж зааснаар хариуцагч Ч.Б- эд зүйлийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан буюу шаардлага гаргаж байсан гэдгээ нотолж чадаагүй болно.

            Иймд хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч Ч.Б-гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 960 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Ч.Б-гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55.390 /тавин таван мянга гурван зуун ерэн/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.  

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.НАРАНГЭРЭЛ 

                             ШҮҮГЧИД                                                  С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                Л.АМАРСАНАА