Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 1447

 

 

 

 

 

  2019         09         17                                         2019/ШЦТ/1447

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

          Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

          Хохирогч Ц.Удвал,

          Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан /ҮД:0248/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох 1806 00062 0645 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд 1990 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжны 1-124 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2018 оны 01 сарын 19-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, хэрэг хариуцах чадвартай, М овогт Бы Б /РД:........../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Б нь:

1. 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр иргэн Ц.Удвалаас “тавилга хийж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансар үйлчилгээний төвийн ХААН банкны ATM-c 1.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Доржийн гудамж, Эрдэм хотхоны 10а-27 тоотод оршин суух гэрт нь иргэн Н.Хүнбишээс “тавилга хийж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 260.000 төгрөг авч залилсан,

          3. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутагт иргэн Б.Наранцэцэг, Л.Алтангэрэл нарыг “харанхуй өрөөнд тавилга хийж өгнө гэж” цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 430.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

          4. 2018 оны 01 дүгээр сарын 20-ноос 23-ны хооронд Дархан-Уул аймгийн онлайн зарын группт цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориуд бий болгон “тавилга хийж өгнө” гэж иргэн С.Энхтуяагаас 275.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын өгсөн: “Удвал болон Давааням гэх ахтай хамт ажиллаж байсан. Би Удвалд тавилга хийж өгнө гээд 1.500.000 төгрөгийг авсан. Би Удвалын тавилгыг хийгээд гэрт нь хүргэж өгсөн боловч угсарч өгөөгүй. Би үлдсэн 3 үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Удвалын өгсөн: “Шүүгдэгч нь манай нөхрийн ажил дээр ирээд “тавилга хийж өгнө” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр цалингийн зээл авч мөнгө өгсөн. 2017 оны 12 дугаар сард манай гэрт 4-5 ширхэг хавтан аваачиж тавьсан. Тэгээд алга болсон. 2018 онд манай нөхөр цалингийн зээл авч тавилга авсан. Шүүгдэгч угсрахад бэлэн бэлдэц авч ирж өгөөгүй. Мөнгөө цувуулахгүйгээр бүгдийг бэлнээр авмаар байна. Маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Удвалын өгсөн: “... интернет фэйсбүүк хаягаар “Арга билэг” нэртэй гэр ахуй тавилга хийдэг групп хараад ... 88205274 гэсэн дугаар луу тавилга хийх үү гэхэд захиалгаар хийнэ гэсэн... манай нөхөртэй хуучин ажиллаж байсан залуу байсан... 1.800.000 төгрөгөөр ханын шүүгээ, зурагтны тавиур, хувцасны шүүгээ, гал тогтооны тавилга, хувцасны өлгүүр хийлгэхээр болж Б дансны дугаараа өгөөд” эхний ээлжинд 1 сая төгрөг өгчих, материалаа аваад үлдэгдэл мөнгөө хийж дуусаад авъя” гэсэн... 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сансар үйлчилгээний төвийн ХААН банкны АТМ-с 1.000.000 төгрөг шилжүүлж, 09 дүгээр сарын 03-ны өдөр дахин Б яриад “300.000 төгрөг өгчих” гэхээр нь шилжүүлсэн, 09 дүгээр сарын 06-ны өдөр “гал тогооны тавилганы чулууг авна” гээд 200.000 төгрөг шилжүүлсэн, мөн дахин 50.000 төгрөгийн тавилганы 3 ширхэг зам, 14 ширхэг бариул, 11 ширхэг нугас авч өгсөн, тавилга хийж өгч байхыг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх.1.23-25/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Даваанямын өгсөн: “... эхнэр Ц.Удвал фэйсбүүк хаягаар тавилга хийнэ гэсэн зарын дагуу тавилга хийлгүүлэхээр холбогдсон, өмнө нь хамт ажиллаж байсан Б гэдэг залуу байсан, нэг сая төгрөгийг эхнэр урьчилгаа болгож өгсөн, данс руу шилжүүлсэн, дахин үлдэгдэл мөнгө болох 200.000 төгрөг, 300.000 төгрөг, тавилга угсарахад ойр зуурын материал гээд 50.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх.1.28/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бын яллагдагчаар өгсөн: “... Б.Давааням ах “би гэртээ тавилга хийлгэж байгаа, чи хийх үү” гэхээр нь “тэгье” гэж хэлээд уулзсан оройгоо гэрт нь очиж хэмжээ авсан... гэрт нь гал тогооны шкаф хувцасны өлгүүр, гүйдэг хаалгатай шкаф, стинк заргийг нийлүүлээд 1.800.000 төгрөгөнд багтааж хийж өгөхөөр болсон... Даваанямын эхнэр Ц.Удвал миний ХААН банкны данс руу эхлээд 1 сая төгрөгийг миний данс руу шижлүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.66-67/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохироч Н.Хүнбишийн өгсөн: “... би 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр интернетээс тавилга захиалга гэсэн фэйсбүүх нэртэй хүнтэй чатаар холбогдон 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэрт материалаа сонгуулж, хэмжээ авч 460.000 төгрөгөөр хийхээр тохирсон. ХААН банкны 5721534191 дугаарын Б гэх данс руу урьдчилгаа 200.000 төгрөгийг интернет банк ашиглан шилжүүлсэн, уг хүн нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгнө гэж хэлсэн, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б нь над руу залгаад “та нэмж мөнгө өгөөч” гэхээр нь би 40.000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн... Бүрд нэртэй худалдааны төв дээр би бариулаа сонгочихоод нэмж 60.000 төгрөгийг бэлнээр өгсөн... би Быг надад тавилга хийж өгнө гэж хуурч байгааг мэдээд цагдаад өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг /хх.1.92-93/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Я.Янжинсүрэнгийн өгсөн: “... манай нөхөр тавилга хийлгэхээр ярилцаж тохирсон, уг хүн нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тавилга хэмжээг аваад үнэ хөлсөө надтай яриад явсан, “нийт зардал 460.000 төгрөг болно” гэж хэлсэн, өөрийнхөө данснаас уг хүний өгсөн данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн, дараа нь 40.000 төгрөг шилжүүлсэн, дараа нь Б.Бт 60.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх.1.94-95/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бын яллагдагчаар өгсөн: “... Би фэйсбүүк дээр тавилга хийнэ гэсэн зар тавьсан. Зарын дагуу 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр над руу нэг хүн залгаад тавилга хийлгэх гэсэн юм гэж хэлсэн... Шинжлэх Ухааны Их Сургуулийн КТМС-ийн хойно байрлах орон сууцанд очиход эхнэр нь байсан ба би хэмжээ авч үзсэн хүүхдийн ширээ, номын тавиур хийлгэх захиалга өгсөн. Би 460.000 төгрөгөөр хийхээр тохирсон. Нөхөр нь миний данс руу урьдчилгаа болгож 260.000 төгрөгийн 200.000 төгрөгийг шилжүүлсэн, дараа нь 40.000 төгрөг шилжүүлсэн, дараа нь уулзаад 60.000 төгрөг авсан. Захиалсан тавилгыг долоо хоногийн дотор хийж өгнө гэсэн боловч хугацаа хойшилсон...” гэх  мэдүүлэг /хх.1.143-145/,

          Хохирогч Ц.Удвалын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх.1.21/,

          Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.1.32-33/,

          Хохирогч Н.Хүнбишийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх.1.90/,

          Б.Бын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх.1.109-127/,

          Ял шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх.1.119, 128-133/,

          Эрэн сурвалжилсан цагдаагийн сүлжээнд тавигдсан баримтууд /хх.1.134-138/,

          Зөрчилд шалгагдсан баримт /хх.1.41-42/,

          Цагдан хоригдсон баримтууд /хх.1.68-72/,

          Б.Б фэйсбүүк хаягаар гэрч Я.Янжинсүрэнтэй чаталсан баримтууд /хх.1.96-101/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Наранцэцэгийн өгсөн: “... Манайх харанхуй өрөөндөө тавилга хийлгэх гэж байсан... Очироо гэх хүний Фейсбүүк дээр тавилга хийнэ гэсэн зараар холбогдсон. 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Б, Очироо гэх хоёр хүн манай гэрт ирээд тавилганы хэмжээ аваад нийт “650.000 төгрөг болно, урьдчилгаа 60 хувийг авна. 7 хоногийн дараа тавилга гарна” гэсэн. Тэгээд Төв аймагт ирсэн зардлын мөнгө гэж 20.000 төгрөг авсан юм. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 88205274 дугаарын утсаар Б нь над руу залгаад “тавилганы урьдчилгаа мөнгөө өгөөрөй” гэхээр нь нөхөр бид хоёр миний дансаар хүнээс мөнгө зээлээд Бын данс руу 370.000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өглөө эрт Б 88205274 дугаарын утсаараа залгаад “80.000 төгрөг яаралтай шилжүүл, тавилганд чинь юм авах гэсэн дутчихлаа, маргааш 100 айлын барилгын дэлгүүрүүд хаачихна” гэхээр нь өдөр 14 цагийн үед би хотод явж байх үедээ найзынхаа Цэрэнпүрэв Үүрийнтуяа гэсэн данснаас Бын данс руу 40.000 төгрөг шилжүүлсэн, түүнээс хойш Б луу утсаар нь залгахаар “машин олдохгүй байна, тавилга чинь бэлэн болчихсон” гэж хэлээд сүүлдээ бүр утас нь ч холбогдохгүй болсон. Очироо гэх хүнтэй нь утсаар ярьсан, мессенжерээр харьцсан чинь “би тэр газраас гарсан, сонин газар байна лээ” гэхээр нь манай нөхөр “чи өөрөө хамт ирж хэмжээ аваа биз дээ” гэсэн чинь утсаа авахаа больчихсон. Тавилга нь хийгдээгүй юм шиг байна...” гэх мэдүүлэг /хх.2.17-18, 241/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Энхтуяагийн өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дархан зарын группт зар хараад байж байсан чинь тухайн зар дээр тавилга захиалгаар хийнэ гэсэн зар явж байсан. Тэгээд би 88205274 гэсэн дугаарлуу залгаж “үүдний хаалга хийлгэх гэсэн юм, үнэ хөлс нь хэд болох бол” гэж асуусан. Тэгсэн нөгөө дугаараас 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр залгаад “Улаанбаатар хотод явж байна, нэг мөсөн хүмүүсийн захиалгыг аваад хийлгээд очъё” гэсэн, би тавилганыхаа хэмжээг аваад явуулсан. Ингээд би 275.000 төгрөг ХААН банкны дансаар шилжүүлсэн. Тэгээд надад “одоо гарах гэж байна, өглөө гарах гэж байна” гэж худлаа хэлдэг байсан...” гэх мэдүүлэг /хх.2.144-145, 241/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Батзулын өгсөн мэдүүлэг /хх.3.1/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Алтангэрэлийн өгсөн: “... Манайх гэртээ тавилга хийлгэх гээд судлаж үзсэн, тэгээд Фэйсбүүкээр “TomkoOchiro гэсэн хаягаар зураг тавиад тавилга хийнэ” гэчихсэн байхаар нь холбогдсон чинь “хаана хийлгэх вэ” гэсэн. “Төв аймагт” гэсэн, тэгээд “одоохондоо мөнгөгүй байна, 10 cap гаргаад хийлгэнээ” гээд орхисон юм. Тэгээд миний утасны дугаарыг аваад үлдсэн, тэгээд холбогдож байгаад 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Очироо, Б хоёр манай гэрт ирж хэмжилт хийгээд “20.000 төгрөг өгөөч, буцах бензингүй болчихлоо, танай тавилгыг хийж өгөх юм чинь суутгачихна” гэсэн тэгээд “2-3 хоноод тавилга чинь гарна, 650.000 төгрөгөөр тавилгаа хийнэ” гэж тохирсон, тэгээд маргааш нь “урьдчилгаа 60 хувиа өгчих, тэгэхгүй бол болохгүй” гэхээр нь манай эхнэр 370.000 төгрөг Бын данс руу шилжүүлсэн, түүнээс хойш 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “яаралтай мөнгө хэрэг болчихлоо” гээд 88205274 дугаарын утсаар мессеж бичиж 40.000 төгрөг авсан. Тавилгаа хийж өгөөгүй өдий хүрсэн, “өнөө маргаашгүй очно” гэх зэргээр ярьж алга болсон...” гэх мэдүүлэг /хх.2.19-20/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Төмөрийн өгсөн: “... манайх 2017 оны намрын сүүл сараар Улаанбаатар хот руу нүүж ороод би ажил олж хийх санаатай гэртээ байж байтал манай найз Б надад ажлын санал тавиад, би ямар ажил хийх талаар асуухад “Facebook дээр зар тавиад болоо” гэж хэлсэн. Тэгээд би группэд зараа байршуулаад 2-3 хонож байхад эхний захиалга ирсэн... Төв аймгаас Алтангэрэл гэх хүн холбогдоод “иж бүрэн тавилга хийлгэнэ” гээд Бтай холбогдсон. Тэгээд 2017 оны 10 дугаар cap орчим байх өрийг нь сайн санахгүй байна Алтангэрэл гэх хүнтэй холбогдон Б бид 2 Улаанбаатараас Төв аймаг явдаг унаанд сууж ирээд “Цагдаа-90 жил” гэсэн байранд ирээд захиалгаа аваад Б, Алтангэрэл гэх хүнээс 20.000 төгрөг авч буцаад Улаанбаатар хот орсон. Би Быг мэдэхгүй байна. 2018 оны 02 сарын 06-ны өдөр миний төрсөн өдрөөр уулзаад салсан тэрнээс хойш уулзалдаагүй байна...” гэх мэдүүлэг /хх.2.24/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Бы өгсөн мэдүүлэг /хх.2.25/,

          ХААН банкны дансны хуулга /хх.242-43/,

          Эд зүйл, бичиг баримт, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргасан баримтууд /хх.2.4-13/,

          Хохирогч Б.Наранцэцэгийн хохирлын мөнгө хүлээн авсан тухайн мэдэгдэл /хх.2.75/,

          Хохирогч Б.Наранцэцэгийн “гомдол саналгүй, хэргийг нааштайгаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх.2.76/,

          ХААН банкны дансны хуулга /хх.2.151-160/,

          Б.Бын 2 ихэр хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарын шинээр гаргаж өгсөн баримт зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          1. Б.Б нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр иргэн Ц.Удвалаас “тавилга хийж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансар үйлчилгээний төвийн ХААН банкны ATM-c 1.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Удвалын өгсөн: “... 1.800.000 төгрөгөөр ханын шүүгээ, зурагтны тавиур, хувцасны шүүгээ, гал тогтооны тавилга, хувцасны өлгүүр хийлгэхээр болж Б дансны дугаараа өгөөд эхний ээлжинд 1 сая төгрөг өгчих материалаа аваад үлдэгдэл мөнгөө хийж дуусаад авъя гэсэн... 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сансар үйлчилгээний төвийн ХААН банкны АТМ-с 1.000.000 төгрөг шилжүүлж, 09 дүгээр сарын 03-ны өдөр дахин Б яриад “300.000 төгрөг өгчих” гэхээр нь шилжүүлсэн, 09 дүгээр сарын 06-ны өдөр “гал тогооны тавилганы чулууг авна” гээд 200.000 төгрөг шилжүүлсэн, мөн дахин 50.000 төгрөгийн тавилганы 3 ширхэг зам, 14 ширхэг бариул, 11 ширхэг нугас авч өгсөн, тавилга хийж өгч байхыг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх.23-25/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Даваанямын өгсөн: “... эхнэр Ц.Удвал фэйсбүүк хаягаар тавилга хийнэ гэсэн зарын дагуу тавилга хийлгүүлэхээр холбогдсон, өмнө нь хамт ажиллаж байсан Б гэдэг залуу байсан, нэг сая төгрөгийг эхнэр урьчилгаа болгож өгсөн, данс руу шилжүүлсэн, дахин үлдэгдэл мөнгө болох 200.000 төгрөг, 300.000 төгрөг, тавилга угсарахад ойр зуурын материал гээд 50.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх.1.28/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бын яллагдагчаар өгсөн: “... гэрт нь гал тогооны шкаф хувцасны өлгүүр, гүйдэг хаалгатай шкаф, стинк заргийг нийлүүлээд 1.800.000 төгрөгөнд багтааж хийж өгөхөөр болсон... Даваанямын эхнэр Ц.Удвал миний ХААН банкны данс руу эхлээд 1 сая төгрөгийг миний данс руу шижлүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.66-67/,

          Хохирогч Ц.Удвалын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх.21/,

          Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.32-33/,

2. Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Доржийн гудамж, Эрдэм хотхоны 10а-27 тоотод оршин суух гэрт нь иргэн Н.Хүнбишээс “тавилга хийж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан хуурч 260.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохироч Н.Хүнбишийн өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэрт материалаа сонгуулж, хэмжээ авч 460.000 төгрөгөөр хийхээр тохирсон. ХААН банкны 5721534191 дугаарын Б гэх данс руу урьдчилгаа 200.000 төгрөгийг интернет банк ашиглан шилжүүлсэн, уг хүн нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгнө гэж хэлсэн, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б нь над руу залгаад “та нэмж мөнгө өгөөч” гэхээр нь би 40.000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн... Бүрд нэртэй худалдааны төв дээр би бариулаа сонгочихоод нэмж 60.000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх.92-93/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Я.Янжинсүрэнгийн “... манай нөхөр тавилга хийлгэхээр ярилцаж тохирсон, уг хүн нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тавилга хэмжээг аваад үнэ хөлсөө надтай яриад явсан, нийт зардал 460.000 төгрөг болно гэж хэлсэн, өөрийнхөө данснаас уг хүний өгсөн данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн, дараа нь 40.000 төгрөг шилжүүлсэн, дараа нь Б.Бт 60.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх.94-95/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бын яллагдагчаар өгсөн: “... Би 460.000 төгрөгөөр хийхээр тохирсон. Нөхөр нь миний данс руу урьдчилгаа болгож 260.000 төгрөгийн 200.000 төгрөгийг шилжүүлсэн, дараа нь 40.000 төгрөг шилжүүлсэн, дараа нь уулзаад 60.000 төгрөг авсан...” гэх  мэдүүлэг /хх.143-145/,

          Хохирогч Н.Хүнбишийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх.90/,

          Б.Б фэйсбүүк хаягаар гэрч Я.Янжинсүрэнтэй чаталсан баримтууд /хх.96-101/,

          3. Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутагт иргэн Б.Наранцэцэг, Л.Алтангэрэл нарыг “харанхуй өрөөнд тавилга хийж өгнө гэж” цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 430.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Наранцэцэгийн өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Б, Очироо гэх хоёр хүн манай гэрт ирээд тавилганы хэмжээ аваад нийт “650.000 төгрөг болно, урьдчилгаа 60 хувийг авна. 7 хоногийн дараа тавилга гарна” гэсэн. Тэгээд Төв аймагт ирсэн зардлын мөнгө гэж 20.000 төгрөг авсан юм. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 88205274 дугаарын утсаар Б нь над руу залгаад “тавилганы урьдчилгаа мөнгөө өгөөрөй” гэхээр нь нөхөр бид хоёр миний дансаар хүнээс мөнгө зээлээд Бын данс руу 370.000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өглөө эрт Б 88205274 дугаарын утсаараа залгаад “80.000 төгрөг яаралтай шилжүүл, тавилганд чинь юм авах гэсэн дутчихлаа, маргааш 100 айлын барилгын дэлгүүрүүд хаачихна” гэхээр нь өдөр 14 цагийн үед би хотод явж байх үедээ найзынхаа Цэрэнпүрэв Үүрийнтуяа гэсэн данснаас Бын данс руу 40.000 төгрөг шилжүүлсэн, түүнээс хойш Б луу утсаар нь залгахаар “машин олдохгүй байна, тавилга чинь бэлэн болчихсон” гэж хэлээд сүүлдээ бүр утас нь ч холбогдохгүй болсон...” гэх мэдүүлэг /хх.2.17-18/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Алтангэрэлийн өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Очироо, Б хоёр манай гэрт ирж хэмжилт хийгээд “20.000 төгрөг өгөөч, буцах бензингүй болчихлоо, танай тавилгыг хийж өгөх юм чинь суутгачихна” гэсэн тэгээд “2-3 хоноод тавилга чинь гарна, 650.000 төгрөгөөр тавилгаа хийнэ” гэж тохирсон, тэгээд маргааш нь “урьдчилгаа 60 хувиа өгчих, тэгэхгүй бол болохгүй” гэхээр нь манай эхнэр 370.000 төгрөг Бын данс руу шилжүүлсэн, түүнээс хойш 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “яаралтай мөнгө хэрэг болчихлоо” гээд 88205274 дугаарын утсаар мессеж бичиж 40.000 төгрөг авсан. Тавилгаа хийж өгөөгүй өдий хүрсэн, “өнөө маргаашгүй очно” гэх зэргээр ярьж алга болсон...” гэх мэдүүлэг /хх.19-20/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Төмөрийн өгсөн: “... Б надад ажлын санал тавиад, би ямар ажил хийх талаар асуухад “Facebook дээр зар тавиад болоо” гэж хэлсэн. Тэгээд би группэд зараа байршуулаад 2-3 хонож байхад эхний захиалга ирсэн... Төв аймгаас Алтангэрэл гэх хүн холбогдоод “иж бүрэн тавилга хийлгэнэ” гээд Бтай холбогдсон. Тэгээд 2017 оны 10 дугаар cap орчим байх өрийг нь сайн санахгүй байна Алтангэрэл гэх хүнтэй холбогдон Б бид 2 Улаанбаатараас Төв аймаг явдаг унаанд сууж ирээд “Цагдаа-90 жил” гэсэн байранд ирээд захиалгаа аваад Б, Алтангэрэл гэх хүнээс 20.000 төгрөг авч буцаад Улаанбаатар хот орсон...” гэх мэдүүлэг /хх.2.24/,

          ХААН банкны дансны хуулга /хх.242-43/,

          Эд зүйл, бичиг баримт, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргасан баримтууд /хх.2.4-13/,

          4. Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ноос 23-ны хооронд Дархан-Уул аймгийн онлайн зарын группт цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориуд бий болгон “тавилга хийж өгнө” гэж иргэн С.Энхтуяагаас 275.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Энхтуяагийн өгсөн: “... Тэгсэн нөгөө дугаараас 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр залгаад “Улаанбаатар хотод явж байна, нэг мөсөн хүмүүсийн захиалгыг аваад хийлгээд очъё” гэсэн, би тавилганыхаа хэмжээг аваад явуулсан. Ингээд би 275.000 төгрөг ХААН банкны дансаар шилжүүлсэн. Тэгээд надад “одоо гарах гэж байна, өглөө гарах гэж байна” гэж худлаа хэлдэг байсан...” гэх мэдүүлэг /хх.2.144-145, 241/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Батзулын өгсөн мэдүүлэг /хх.3.1/,

          ХААН банкны дансны хуулга /хх.2.151-160/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Удвалын өгсөн: “Шүүгдэгч нь манай нөхрийн ажил дээр ирээд “тавилга хийж өгнө” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр цалингийн зээл авч мөнгө өгсөн. 2017 оны 12 дугаар сард манай гэрт 4-5 ширхэг хавтан аваачиж тавьсан. Тэгээд алга болсон. 2018 онд манай нөхөр цалингийн зээл авч тавилга авсан. Шүүгдэгч угсрахад бэлэн бэлдэц авч ирж өгөөгүй...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч Б.Бын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Б.Б нь хохирогч Б.Наранцэцэг, Л.Алтангэрэл, С.Энхтуяа нарын хохирлыг, мөн хохирогч Н.Хүнбишэд 180.000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгчээс 1.500.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Удвалд, 120.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Хүнбишэд тус тус олгох нь зүйтэй.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Б.Бт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүсч байх боловч гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг гүйцэд арилгаагүй, хохирол нөхөн төлөхөө бодитоор илэрхийлээгүй учир тус хүсэлтийг хангах үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Б.Бын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 153 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. М овогт Бы Быг “Хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3. 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Бт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Бын урьд нь цагдан хоригдсон 153 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

          5. Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          6. Б.Б нь хохирогч Б.Наранцэцэг, Л.Алтангэрэл, С.Энхтуяа нарын хохирлыг, мөн хохирогч Н.Хүнбишэд 180.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Баас 1.500.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Удвалд, 120.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Хүнбишэд тус тус олгосугай.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                         С.ӨСӨХБАЯР