Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 1164

 

Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

хохирогч Ц.У,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/1447 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1806 00062 0645 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн Б-ны Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ......... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ............. тоотод оршин суух бүртгэлтэй,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, /РД: ........../;

Б.Б нь 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр иргэн Ц.У-с “Тавилга хийж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, “Сансар” үйлчилгээний төвийн ХААН банкны АТМ-с 1.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Доржийн гудамж, Эрдэм хотхоны 10а-27 тоотод оршин суух гэрт нь иргэн Н.Х-с “Тавилга хийж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 260.000 төгрөг авч залилсан,

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутагт иргэн Б.Н, Л.А нарыг “Харанхуй өрөөнд тавилга хийж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 430.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 1 дүгээр сарын 20-ноос 23-ны хооронд Дархан-Уул аймгийн онлайн зарын группэд цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон “Тавилга хийж өгнө” гэж иргэн С.Э-с 275.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б-г “хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-н урьд цагдан хоригдсон 153 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Б.Б нь хохирогч Б.Н, Л.А, С.Э нарын хохирлыг, мөн хохирогч Н.Х-д 180.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-с 1.500.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.У-д, 120.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Х-д тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө автомашины хальс наадаг компанид ажилладаг байсан. Миний эхнэр Ж.Батзул нь 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр амаржиж, 2 ихэр хүүхэдтэй болсон. Эхнэр маань саяхан амаржсан болохоор асран халамжлах хүнгүй байгаа. Миний том хүү 10 дугаар анги тул ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй. Миний ээж чихрийн шижин өвчтэй, хамгийн хүнд шатандаа явж байгаа ба аав маань 60 настай, ажил хийдэггүй, ээжийг асардаг. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд төлсөөр байгаа. Иймд миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч А.Мөнхсайхан тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Б.Б-н холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа.

Шүүхийн шийтгэх тогтоолд заасан хохирогч Н.Х-н хохирол 120.000 төгрөгийг төлсөн. Хохирогч Ц.У-н хохирол болох 1.500.000 төгрөгийг бүхэлд нь бүрэн авна гэсэн тул хохирлыг төлж чадаагүй. Учир нь Б.Б хорих ялаар шийтгэгдэж, цагдан хоригдсон бөгөөд ар гэрийн амьдрал нь үнэхээр хүнд, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Саяхан 2 ихэр хүүхэдтэй болсон, хүнд нөхцөлд амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг ганц хүн нь юм. Өөрөө ажил хийж байж бусдад учруулсан хохирлоо төлсөн.

Анхан шатны шүүх Б.Б-г гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг гүйцэд арилгаагүй, хохирол нөхөн төлөхөө бодитоор илэрхийлээгүй гэж дүгнэсэн. ...

Б.Б нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирогч С.Энхтуяа, Б.Н, Л.А, Н.Х нарын хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Ц.У-н мөнгийг бүрдүүлж өгч чадаагүй байгаа ч нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа. Хохирлыг нөхөн төлөхөө заавал бодитоор илэрхийлнэ гэсэн хуулийн шаардлага байхгүй.

Миний үйлчлүүлэгчийн хувьд давж заалдах гомдолдоо “Бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд төлсөөр байгаа” гэжээ. Хорих ялаар шийтгэгдсэнээс хойш хохирогч Н.Х-н хохирлыг төлсөн. Хохирогч Ц.У-н хохирлыг ч ажил хөдөлмөр эрхэлж байгаад төлнө гэдгээ илэрхийлсэн байна.

Дээрх нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзвэл түүнд хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах болох хорих ял оногдуулахыг тэнсэх боломжтой байна. Иймд өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Б.Эрдэнэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Б.Б-н гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш хохирогч Н.Х-н 120.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Хохирогч Ц.У-д учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Иймд шүүгдэгчийн ар гэрийн хүнд нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулах эсвэл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү ...” гэв.

Хохирогч Ц.У тус шүүх хуралдаанд тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Б.Б-с хохирлын 1.500.000 төгрөгөө бүрэн авах хүсэлтэй байна. Мөн Б.Б нь надаас 50.000 төгрөг нэмж авсан. Б.Б-с хохирлоо хурдан гаргуулж авмаар байна ...” гэв.

Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Б.Б нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа нь харагдахгүй байна. Өмнө нь залилах гэмт хэрэг үйлдээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Үнээс хойш 1 хоногийн дараа дахин залилах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна ...” гэв.                                                                   

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр иргэн Ц.У-с “Тавилга хийж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансар үйлчилгээний төвийн ХААН банкны АТМ-р 1.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Доржийн гудамж, Эрдэм хотхоны 10а-27 тоотод оршин суух гэрт нь иргэн Н.Х-с “Тавилга хийж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 260.000 төгрөг авч залилсан,

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутагт иргэн Б.Н, Л.А нарыг “Өрөөнд тавилга хийж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 430.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 1 дүгээр сарын 20-ноос 23-ны хооронд Дархан-Уул аймгийн онлайн зарын группэд цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, “Тавилга хийж өгнө” гэж иргэн С.Э-с 275.000 төгрөгийг буюу бусдаас нийт 2.465.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Ц.У-н “... Би интернэт фэйсбүүк хаягаар “Арга билэг” гэсэн хаягтай гэр ахуйн тавилга хийдэг групп харсан. Ингээд уг хаяг дээрх утасны дугаар луу залгаад тавилга хийлгэхээр тохирч уулзахаар болсон. Тухайн хүнтэй уулзахад манай нөхөр Д-тай хуучин ажиллаж байсан Б гэдэг залуу байсан. Би 1.800.000 төгрөгөөр тавилга хийлгэхээр болсон ба Б нь дансны дугаараа өгөөд “эхний ээлжинд 1.000.000 төгрөг өгчих, үлдсэн мөнгөө хийж дуусаад авъя” гэж хэлсэн. Ингээд түүний өгсөн Хаан банкны данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл Б нь дахин яриад “ханын шүүгээнд шил авах мөнгө байдаггүй, 300.000 төгрөг өгчих” гэхээр нь уг мөнгийг дахин шилжүүлсэн. Дараа нь “гал тогооны тавилганы чулуу авна” гээд 200.000 төгрөг авсан. ...” /1 хх 24-25/,

хохирогч Н.Х-н “... Би интернэтээр “тавилга захиалга” гэсэн фэйсбүүк хаягтай хүнтэй чатаар холбогдож, харилцан утсаа солилцсон бөгөөд уг хүн тэр өдрөө манайд ирж хэмжээ аваад, 460.000 төгрөгөөр тавилга хийхээр тохирсон. ... Би орой нь Хаан банкны Б гэх хүний данс руу урьдчилгаа 200.000 төгрөгийг шилжүүлсэн. ... Би түүнд 3 удаа, нийт 300.000 төгрөг өгсөн. ...” /1 хх 93/,    

хохирогч Б.Н-н “... Б нь над руу залгаад “тавилганы урьдчилгаа мөнгөө өгөөрэй” гэхээр нь нөхөр бид хоёр миний дансаар Б-н данс руу 370.000 төгрөг шилжүүлсэн. ... Дараа нь бас залгаад “80.000 төгрөг яаралтай шилжүүл, тавилга хийхэд авах юм дутчихлаа” гэсэн. ... Би найз Ц.Ү-н данснаас Б-н данс руу 40.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш Б луу залгахад “машин олдохгүй байна, тавилга чинь бэлэн болсон болсон” гэж хэлээд сүүлдээ утас нь холбогдохгүй болсон. ...” /2 хх 17-18/,

хохирогч С.Э-н “... Би тавилганыхаа хэмжээ аваад явуулсан. Тухайн залуу 3-5 хоногийн дотор тавилга гарна, урьдчилгаа хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би 160.000 төгрөг эхлээд шилжүүлсэн. Удалгүй над руу залгаад “210.000 төгрөг болох юм байна” гэж хэлсэн. Тэгээд 50.000 төгрөг нэмж шилжүүлсэн. Тэр хүн надтай чатаар холбогдоод “Би Улаанбаатар хотоос гарч амжаагүй байна” гэхээр нь би “ариун цэврийн өрөөнд тавих жижиг хайрцаг нэмээд хийлгэж болох уу” гэж асуутал “болно, 65.000 төгрөг болох юм байна, та мөнгийг нь шилжүүлчих” гэж хэлсэн. Тэгээд би уг мөнгийг Батзул гэх хүний Хаан банкны данс руу шилжүүлсэн. Би нийт 275.000 төгрөг шилжүүлсэн. ...” /2 хх 144-145/,

гэрч Б.Д-н “... Надтай өмнө нь хамт ажиллаж байсан Б.Б гэх залуу байсан учраас итгээд мөн интернэтээс тавилгын зургийг нь харахад боломжийн байсан тул тавилга хийлгэхээр тохироод эхнэр маань 1.000.000 төгрөгийг урьдчилгаа болгож Б-н өгсөн данс руу хийсэн. Дараа нь 200.000 төгрөг болон 300.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /1 хх 28/,

гэрч Я.Я-н “... Манай нөхөр Х бид хоёр уг хүнээр хүүхдийн хичээлийн ком ширээ, тавиуртай нь 460.000 төгрөгөөр хийлгэхээр тохирсон. Нөхөр маань өөрийнхөө данснаас Б-н өгсөн данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 40.000 төгрөг шилжүүлсэн ба хэд хоногийн дараа Б гэгч залууд бэлнээр 60.000 төгрөг өгсөн. ...” /1 хх 94-95/,

гэрч Г.Т-н “... Манай найз Б.Б надад ажлын санал тавьсан ба би юу хийх талаар асуухад “фэйсбүүк хаяг дээр зар тавиад болоо” гэж хэлсэн. Би группэд зараа байршуулаад 2-3 хонож байхад Төв аймгаас А гэх хүн залгаад тавилга хийлгэнэ гээд Б-тай холбогдсон. ... Тухайн үед би Б-г худлаа ярьж байна гэж мэдээгүй, намайг хамт явъя гэхээр нь зөвшөөрөөд Төв аймаг орсон. ...” /2 хх 23-24/,

гэрч Ж.Б-н “... Би Б-тай 2015 оноос хойш хамт амьдарч байна. ... Би өөрийн нэр дээр Хаан банкны данс нээлгэсэн юм. Тэгтэл уг дансаар С.Э гэх хүнээс мөнгө шилжүүлж авсан байсан. Тухайн үед би мэдээгүй. Тэгж байтал манай нөхөр Б.Б нь “чиний дансаар би хүнээс мөнгө шилжүүлж авсан шүү” гэж хэлсэн. ... Би хэнээс хэдэн төгрөг авсныг мэдэхгүй. ...” /3 хх 1/ гэх мэдүүлгүүд,   

Б.Д-н Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 32-33/, Б.Н-н Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 42/, Ж.Б-н Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 24-29/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-г хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 4 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Харин шүүхээс шүүгдэгч Б.Б-д энэ хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэсэн заалттай тохирохгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Б нь уг гэмт хэргийн улмаас хохирогч Н.Х, Б.Н, С.Э нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Ц.У-д учруулсан хохирол болох 1.500.000 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө бүрэн илэрхийлсэн байх тул анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой, энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “... шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн түүний байдал, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь түүний гэм буруутай үйлдэлд тохирно гэж үзсэн болно.

Нөгөөтэйгүүр, давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид Б.Б-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх нь хохирогч Ц.У-д учирсан хохирлыг богино хугацаанд барагдуулахыг хүссэн хохирогчийн эрх ашигт нийцсэн үр дагавар бий болгох учиртайг тэмдэглэж байна.

Иймд шүүгдэгч Б.Б-н “... ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Б-н цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон байгааг энэхүү магадлалаар зөвтгөсөн болно.