Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 0022

 

Д.Амартайваны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч Д.Амартайван, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 807 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Амартайваны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Эрдэнэчимэг, Б.Мөнхсайхан нарт холбогдох

Үндсэн зээлийн төлбөр, хүү, алданги нийт 28.000.000 /хорин найман сая/ төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ч.Эрдэнэчимэг, Б.Мөнхсайхан нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Амартайван шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Эрдэнэчимэг, Б.Мөнхсайхан нарт 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 1 сарын хугацаатай 18.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлсэн. ... 2015 оны 10 дугаар сарын 08-нд зээлийн гэрээ байгуулан сумруугаа буцаж явсан. Тэгээд сумандаа байж байтал цагдаагаас болон нотариатаас ярьж байна гээд таны Ч.Эрдэнэчимэгтэй байгуулсан гэрээг хүчингүй болгосон гэхээр нь яагаад гэхэд Мөнхсайхантай хамт зээлийн гэрээ байгуулах ёстой байсан юм байна гэж хэлээд өмнө нь Эрдэнэчимэгтэй байгуулсан зээлийн гэрээтэй яг адилхан харин нэмж Мөнхсайханы гарын үсэг зурсан, мөн өмнөх зээлийн гэрээг яагаад хүчингүй болгосон талаараа гэрээндээ тодорхой бичсэн байхаар нь би уг гэрээнд зөвшөөрч гарын үсгээ зурж 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулсан юм. Ч.Эрдэнэчимэг, Б.Мөнхсайхан нар нь надад зээлсэн төлбөрөөс хүү  гэж нийт 2.200.000 төгрөг л өгсөн.

Иймд би шүүхэд үндсэн зээлийн төлбөр 18.000.000 төгрөг, хүү, алданги нийлээд нийт 10.000.000 төгрөг, бүгд 28.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хүү, алданги 10.000.000 төгрөг гаргуулахаас өөртөө авсан 2.200.000 төгрөгөө алдангиас хасч тооцоод одоо үлдэгдэл зээлийн төлбөр 18.000.000 төгрөг, хүү 5.800.000 төгрөг, алдангид 2.000.000 төгрөг, нийт 25.800.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Эрдэнэчимэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д.Амартайвантай ямар ч мөнгө, төгрөгийн хохирол байхгүй. Охин Б.Мөнхсайхан өөрөө ахтайгаа утсаар ярьж холбогдоод мөнгө авсан нь үнэн. Энэ мөнгө төгрөгийг Б.Мөнхсайхан хариуцна. Би энэ мөнгө төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Б.Мөнхсайхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Би анх 2015 оны 3 дугаар сарын 09-нд Д.Амартайван ахтай утсаар ярьж тохироод миний Хаан банкны данс руу тус өдрөө 18.000.000 төгрөгийг шилжүүлснээр хүлээн авсан. Тухайн үед Д.Амартайван бид хоёрын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулсан зүйл огт байхгүй тул Иргэний хуулийн 282.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь үндсэн зээлээс гадна хүү нэмж нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Би Д.Амартайваны хүүгийн хамт нэхэмжилсэн 28.000.000 төгрөгийн 12.000.000 төгрөгийг төлөхөөс татгалзаж, анх 18.000.000 төгрөг зээлснээс 2.000.000 төгрөгийг нь төлж үлдэгдэл 16.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.

Хариуцагч Ч.Эрдэнэчимэг, Б.Мөнхсайхан нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ... Зээлийн гэрээ 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан байтал дараа нь буюу 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ээж Ч.Эрдэнэчимэгтэй хүчээр зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Дараа нь би Хөвсгөл аймагт очиж 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан нь анх 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг баталгаажуулах гэсэн дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул дээрх 2 зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Амартайван сөрөг нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ч.Эрдэнэчимэг болон түүний охин Б.Мөнхсайхан нар нь намайг болон эхнэрийг минь бодохгүй, банканд намайг хүү төлж байгааг ойлгохгүй зээлийн гэрээ хүчингүй болгох нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна. Олон дахин зээлийн гэрээг цаг алдаж сүүлд байгуулж байгаагаас болж би хүү, алданги авах төлбөрийн хэмжээ маань буурч байна гэж үзэж байна.

Иймд хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь өөрсдөө гуйж зээлийн гэрээ байгуулсан. Тэрнээс би шахалт болон хүчээр зээлийн гэрээ байгуулаагүй тул хүчингүй болгох үндэслэлгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 807 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1-д зааснаар хариуцагч Ч.Эрдэнэчимэг, хамтран хариуцагч Б.Мөнхсайхан нараас 20.960.000 /хорин сая есөн зуун жаран мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Амартайванд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.840.000 / дөрвөн сая найман зуун дөчин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар хариуцагч Ч.Эрдэнэчимэг, хамтран хариуцагч Б.Мөнхсайхан нарын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Амартайваны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 216.750 / хоёр зуун арван зургаан мянга долоон зуун тавь/ төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагч Ч.Эрдэнэчимэг, Б.Мөнхсайхан нараас улсын тэмдэгтийн хураамжид 262.750 /хоёр зуун жаран хоёр мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Амартайванд олгож, хариуцагч Ч.Эрдэнэчимэг, Б.Мөнхсайхан нарын сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тус тус шийдвэрлэжээ.  

Хариуцагч Б.Мөнхсайхан Ч.Эрдэнэчимэг нар давж заалдах гомдолдоо: ... Зээлийн гэрээ анх 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр амаар харилцан тохирч байгуулагдсан нь тодорхой байхад цагдаагийн шахалтаар 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байхад хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн нь огт үндэслэлгүй, хууль буруу хэрэглэсэн байна. Тус гэрээг байгуулахад 2 талын хүсэл зориг тусгагдаагүй бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 12-нд зээлийн гэрээг байгуулж байхад Амартайван өөрийн биеэр нотариат дээр байгаагүй гэдгээ хэлдэг. Мөн тэр өдөр зээлдэгч, зээлдүүлэгч хоёрын хооронд Иргэний хуулийн 281.1-т зааснаар мөнгө шилжүүлсэн, хүлээн авсан зүйл огт байхгүй зээлийн гэрээний нөхцөлийг хангаагүй байхад зээлийн гэрээ гэж үзсэн нь буруу юм.

Шүүх 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үздэг боловч 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээтэй харьцуулж Амартайваны гарын үсгийг тодруулаагүй. Шүүх хуралдаанд өөрсдийн биеэр оролцох хүсэлтэй байгаа боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй байсан талаараа шүүгчийн туслах Түвшинтөгсөд 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс хойш утсаар хэлсэн боловч “амарсан байгаа хурлаас өмнө  хүсэлтээ явуулчих” гэсэн боловч хурал 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр буюу нэг дэх өдрийн 9 цагт эхлэх байснаас өмнө нь утастаж яаж хүсэлтээ явуулах вэ? гэхэд факс байхгүй дарга амарсан өрөөнд нь байдаг миний мэйл хаяг руу явуул гэсэн боловч дахин залгаж мэйл хаягийг нь авах гэтэл утсаа авахгүй байсаар байгаад хурал эхэлсэнд маш их гомдолтой байна. ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийг минь хангаагүй, хэргийг үнэн зөв, хуулийн дагуу шийдвэрлэж чадаагүй тул Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 807 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, 20.960.000 төгрөгөөс 5.160.000 төгрөгийг хасч, нэхэмжлэгчид 15.800.000 төгрөг төлөхөөр хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: ...Д.Амартайван нь Б.Мөнхсайхан, Ч.Эрдэнэчимэг нарт 18.000.000 төгрөгийг зээлдүүлэхдээ хүү, алданги тооцохоор 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан юм. Б.Мөнхсайхан, Ч.Эрдэнэчимэг нар өөрсдөө гэрээ байгуулъя гэж хүсэж гэрээ байгуулсан атлаа Д.Амартайванг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. ... Хариуцагч нар нь зээл авсан мөнгөө төлөхөө зөвшөөрдөг ч зээлийн хүү, алданги төлөх үндэслэлгүй гэж давж заалдах гомдол гаргажээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээн дээр хариуцагч Б.Мөнхсайхан, Ч.Эрдэнэчимэг нар төлбөрийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурцгаасан байдаг. Төлбөрийг хамтран хариуцах үндэслэлтэй юм гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэлсэн, зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааны талаар зөв үнэлэлт дүгнэлт өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Амартайван нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 28.000.000 төгрөг, хариуцагч  Б.Мөнхсайхан нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан байх ба шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Зохигч нь 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээг амаар байгуулж, зээлдэгч нь 18.000.000 төгрөгийг хариуцагч Б.Мөнхсайханы эзэмшлийн Хаан банкны 5031110171 тоот дансанд шилжүүлжээ. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцогддог. Зохигч нь зээлийн гэрээ байгуулж, 18.000.000 төгрөг шилжүүлэн өгч, авсан талаар маргаагүй байна.

Харин хариуцагч нар нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээгээр хүү, алданги тооцохоор тохиролцсоныг эс зөвшөөрч уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан бөгөөд зохигч нь зээлийн гэрээний нөхцлөө өөрсдөө тодорхойлж, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээндээ хүү тогтоосон гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэсэн шаардлагад нийцсэн, шүүх  бичгээр гэрээ байгуулснаас хойшхи хугацааны хүү, алданги гаргуулсан нь үндэслэлтэй байна.

Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх, уг хүүгээс анз тооцохгүйгээр заасан Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 222.6-дахь хэсэгт шүүхийн шийдвэрийн дүгнэлт нийцсэн байна.

Хариуцагч нь ”...хүү тогтоосон  гэрээг хүчээр байгуулсан, ...дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэсэн үндэслэлээр зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан байх боловч холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байх тул  сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж дүгнэв.

Зээлийн гэрээний төлбөр, гэрээний нөхцөл, хүү тооцох үндэслэл, сөрөг нэхэмжлэлийн талаар  хийсэн шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байх тул  хариуцагч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх хариуцагч нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдэж  хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэсэн,  хариуцагч нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүйгээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй   байх тул хариуцагч нарын “шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хариуцагч Б.Мөнхсайхан, Ч.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 807 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч Ч.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97.510 /ерэн долоон мянга таван зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.СОСОРБАРАМ

                  ШҮҮГЧИД                                 М.ХҮРЭЛБААТАР

                                                                                      Т.ГАНБАТ