Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2017/01506

 

М.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00844 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1765 дугаар магадлалтай,

М.Гийн нэхэмжлэлтэй

“Х Х З Х”нд холбогдох

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/138 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор, улирал тутмын урамшуулал гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэн, нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бүрэнжаргал, А.Эрдэнэбулаг, хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Би “Х Х З Х”нд 2013 оны 6 дугаар сараас эхлэн ажилласан. 2016 оны 8 дугаар сард Хорооны бүтэц, орон тоо шинэчлэгдэн батлагдсанаар Эрх зүй, мэдээлэл, захиргааны хэлтэст тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэнгээр ажиллаж байсан. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр надад “Х Х З Х”ны даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/138 дугаар тушаалыг танилцуулсан. Уг тушаалд намайг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлийг заасан байх бөгөөд үүнд намайг ямар алдаа гаргасан, ямар журам зөрчсөн талаар тодорхой бичээгүй. Намайг ажлаас халахын тулд үл ялих зүйлээр шалтаглан үндэслэлгүй зүйлийг бичсэн байна. Түүнчлэн тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтний хувьд хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ үнэнч шударгаар биелүүлж байсан тул Б/138 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, тушаалын заалтууд нь хоорондоо зөрчилтэй, миний эрхийг ноцтой зөрчсөн, хууль бус тушаал гэж үзэж байна. Иймд “Х Х З Х”ны даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/138 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор, улирал тутмын урамшуулал гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэн, нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х Х З Х”ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбат, Ц.Бүрэнжаргал нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: М.Г нь “Х Х З Х”нд тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд тус хорооны даргын 2016 оны 11 дүгээр сарын 14- ний өдрийн Б/138 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажил олгогч нь М.Гийг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа ажлаас чөлөөлж буй шалтгаанаа тодорхой дурдсан. Учир нь М.Г нь ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заагдсан чиг үүргээ удаа дараа хангалтгүй гүйцэтгэж, тусгай зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгжээс гаргасан аливаа хүсэлтүүдийг хугацаа хэтрүүлэх, материалыг нь үрэгдүүлэх, ажлын цагаас байнга хоцрох зэрэг зөрчлүүдийг гаргасан. 2016 оны 10 дугаар сарын 20, 27-ны өдрийн хоёр тэмдэглэлээр хавсралтад байгаа аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийн асуудлыг хэзээ шийдвэрлэх байсан, ямар шалтгаанаар шийдвэрлээгүй хугацаа хэтрүүлсэн байгааг харуулсан. Энэ нь М.Г хийх ёстой ажлаа хийгээгүй байсныг харуулж байна. Мөн М.Г нь ажилдаа идэвхи санаачлагагүй хандаж байсан тул тус хорооны даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/131 тоот тушаалаар сануулах, 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/181 тоот тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаатай 5 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулж байсан. “Х Х З Х”ны хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрэм, албан хэрэг хөтлөлтийн журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ажилдаа идэвхи санаачлагагүй хандаж, ажлын байрны чиг үүргийн дагуу өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн тул тус хорооны даргын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/135 тоот тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Ийнхүү сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа зөрчил дутагдлаа засаж ажиллаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00844 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар “Х Х З Х”ны даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/138 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Гийг “Х Х З Х”ны тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, “Х Х З Х”ноос 9 103 583 төгрөгийг гаргуулан, М.Гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “Х Х З Х”нд даалган, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Гийн “Х Х З Х”ноос ажилгүй байсан хугацааны урамшууллыг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч М.Г нь ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой гомдлын шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “Х Х З Х”ноос 160 607 төгрөгийг гаргуулан, Улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1765 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00844 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбат, Ц.Бүрэнжаргал нар хяналтын гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1765 тоот шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

1.Анхан шатны болон Давж заалдах шатны шүүхээс М.Гийг сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэжээ. М.Г нь: -2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/135 тоот “Х Х З Х”ны даргын тушаалаар “үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувь бууруулах” сахилгын шийтгэл ногдуулах, -2016 оны 10 дугаар сарын 10 өдрийн 7 хоногийн тайлан мэдээний хурлын тэмдэглэл дээр анхааруулж, хариуцсан ажлуудаа цаг хугацаанд нь шийдвэрлэж, цэгцлэх үүрэг даалгавруудыг авсан. -2016 оны 10 дугаар сарын 27 өдрийн 7 хоногийн тайлан мэдээний хурлын тэмдэглэл “Сануулах” арга хэмжээг удаа дараа шат дараалан авсан боловч хүлээснээс хойш ажлын үр дүн сайжрахгүй, тусгай зөвшөөрөл хүссэн иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэхгүй хугацаа хэтрүүлсээр байсан. Энэхүү асуудал нь 7 хоног бүрийн шуурхай хуралд танилцуулагдаж байсан бөгөөд дээрх байдал зөрчил арилгаагүй байсан тул -2016 оны 11 дүгээр сарын 14 өдрийн Б/138 тоот тушаалаар ажлаас халсан. Дээрхээс үзэхэд М.Г нь тусгай зөвшөөрлийн хүсэлт материалыг хугацаа хожимдуулдаг, ажлын цагаас байнга хоцорч идэвхи санаачлага, үр бүтээлгүй ажилладаг зөрчлүүд гаргаж байсан нь тогтоогдож байгаа. /Хугацаа хэтрүүлсэн хүсэлтүүдийн жагсаалтыг хурлын тэмдэглэлд хавсаргасан байдаг/. Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолд зааснаар “...зөрчил бүр тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй” гэжээ. Тиймээс М.Г нь сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг нь тогтоогдсоор байтал анхан шатны шүүх “...сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “...М.Гийн “Х Х З Х”ноос ажилгүй байсан хугацааны урамшууллыг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн хэдий ч М.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ М.Гт олгож байсан урамшууллыг тооцож олгосон нь үндэслэлгүй байна. Учир нь М.Гийн ажилгүй байх хугацаанд “Х Х З Х” түүнд урамшуулал олгох эсэх нь тодорхойгүй байхад урамшуулал заавал олгох байсан мэтээр тооцож шийдвэрлэсэн нь буруу байна. “Х Х З Х” нь улирал тутам ажилчдын ажлыг дүгнэж, урамшуулалт цалин олгодог бөгөөд хэрэв ажилтнууд хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн тохиолдолд урамшуулалт цалин олгодоггүй. М.Г нь улирал тутам байгууллагын ажилчдаас бага урамшуулал авч байсан бөгөөд цаашид үргэлжлүүлэн ажилласан тохиолдолд урамшуулалт цалин олгохгүй байхаар байсан. Тиймээс Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00844 тоот шүүхийн шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1765 тоот шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

Нэхэмжлэгч М.Гийн хариуцагч “Х Х З Х” холбогдох 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/138 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан зохицуулалтад нийцсэн байна.

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/138 дугаар тушаалд  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг баримталж, нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ удаа дараа хангалтгүй гүйцэтгэж, тусгай зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгжээс гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн, удаа дараа сахилгын арга хэмжээ авагдаж байсан” гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгчид 2015 онд 2 удаа сахилгын шийтгэл ногдуулсан, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/135 дугаар тушаалаар ....үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ тус тус авсан байх ба үүнээс хойш дахин зөрчил гаргасан гэж үзэж 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/138 дугаар тушаалаар ажлаас халсан байна.

2015 онд 2 удаа сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жил өнгөрсөн тул тухайн зөрчлийн хувьд сахилгын шийтгэлгүйд тооцогдсон байна. Харин 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр сахилгын арга хэмжээ авагдсанаас хойш нэг жилийн дотор, дахин зөрчил гаргасан гэх байдал хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй талаар шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцжээ. Ажил олгогч ямар үүрэг даалгаврыг, ямар хугацаанд гүйцэтгүүлэхээр ажилтанд өгсөн талаар баримт байхгүй бөгөөд Харилцаа холбооны зохицуулах газрын ЗУХАГазрын 2016 оны 10 дугаар сарын 20, 27-ны өдрийн хурлын тэмдэглэлээр ажилтны гаргасан зөрчил тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00844 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1765 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

 

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

     ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА